Ахмадууд ганцаардаж байна

 Өнөөдрийн нийгэм тэтгэвэрт гарсан ахмадуудад хэрхэн ханддаг бэ? Хөдөлмөрийн нас нь дуусч "ТЭТГЭВРТ" гарсан бол л хатуухан хэлэхэд хүний тооноос хасч байна. Тэтгэврийнхэн гэдэг нэршилээс гарч амжаагүй байхад гэр бүлийн хүнээ нэг ёсондоо хань нь бурхан болчихдог.

Ганцаараа үлдсэн нэг нь сэтгэл санааны хямрал, эдийн засгийн хямрал, ганцаардлын хямралд автаж байна. Үр хүүхдээ хүлээн утас чагнан суух тэтгэврийнхэн тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар үндсэндээ байдаггүй. Байгаа ганц нэг нь байрны хонгилд тамхины утаа суунагласан газрын хаа нэг шатар нүүнэ. Хааяа бүжигт очно. Зундаа сувилалд амрана гэхдээ тэр бүр сувилалд явж амарч чаддаггүй.

 Ингээд өвөө, эмээ нар юу хийдэг вэ. Улстөржинө, шүүмжилнэ. Ач, зээгээ харж, сургууль, цэцэрлэгт нь зөөнө хоол хийж хувцас угаана. Авхаалж самбай сайтай нэг нь таксинд явж манаач хийнэ олдож л байвал өөрт тохирох бүхнийг багахан цалингаар хийхээс тэд хэтэрдэггүй.Энэ бүхний цаана хөшигны ард хөврөх ахмадуудын амьдралд олон өнгө сүлэгдэж буй.

Монголчуудын хувьд эцэг эхээрээ үр хүүхдээ харуулах гэр орны ажилд оролцуулахдаа үүрэг мэт ханддаг Иймээс ахмадууд хүүхдийнхээ ар гэрийн авч явах үүргийг хүссэн хүсээгүй хүлээдэг. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд үнэнд нийцсэн нь хэд вэ? Өнөөх л тэтгэвэр нэмэгдүүлнэ гэхээс өөрөөр шийдэл гарцууд таг чиг. Сэтгэл зүйн хямралд байнга өртөж ганцаардаж сэтгэлдээ өч төчнөөн бухимдал гомдол тээж суугаа ахмадуудыг “ГАНЦААРДАЛ” гэх том айдас үргэлж дагаж явдаг. Тэтгэврийн өмнөх насныханд “Та нар ийм нөхцөл байдалтай тулгарна шүү” гэдэг сэтгэлзүйн нөхцөлийг ойлгуулахгүйгээр орхигдуулснаас сэтгэл санааны асар их хямралд өртөж байна шүү дээ.

Нэг л өдөр ажилдаа явахгүй болонгуут ганцаардаж эхэлдэг. Ийм үед ахмад настны хөгжлийн төвүүд олноор бий болсон байх ёстой. Настнуудын онцлогт тохирсон уялдаа холбоотой бодлогогүй таг дүлий төртэй баймааргүй байна.  Ахмадуудын сэтгэлзүйг хэн ч хайхардаггүй гэвэл хилсдэхгүй бизээ. Ахмадуудын эрх яах аргагүй зөрчигдөж байна. Хамгийн наад зах нь ахмадууд өөрөө мэдэж, сонголт хийх эрхгүй байх. Өөрт нь тулгамдсан асуудлаар хэн нэгний нөлөөгүйгээр шийдвэрээ гаргаад явах эрх мэдэл алга. Авдаг хэдэн төгрөгийг нь хүүхдүүд нь /тэтгэвэр/ нэг, хоёр жилээр нь зээлүүлээд авчихдаг.

Гартаа бариад гадуур гарч “үрэх” мөнгөгүй тэд сэтгэлзүй болоод санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд аж төрж байна. Хоёр, гурван үеэрээ хамт амьдрах харилцаанаас болж ахмадууд хүнд ачаа үүрч явдаг. Үхтэл үр харам гэгчээр хүүдээ, бэрдээ, ачдаа, хамаатан садандаа зээдээ тэтгэврээ зээлээд аваад өгчихдөг. Зарим айлд тэтгэвэр гэр бүлийнх нь орлого болж байна. Гэхдээ тэтгэврийн зээл орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл болж чаддаггүй.

Үр хүүхдийнх нь хэрэгцээнд “явдаг” учраас ахмадууд мөнгөний мэдэлгүй болдог. Мэдэлтэй байх нь өөрөө эрх чөлөө юм. Тэр эрх чөлөөг олгох боломжийг бий болгосон бодлоготой байх ёстой. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад нийт 408 мянга гаруй иргэн /үүнд ахмад настан болон хөнгөлөлттэй нөхцлөөр эрт тэтгэвэрт гарсан иргэд хамаарна/ өндөр настны тэтгэвэр авч байна.

Эдгээр иргэд сард дунджаар 372.5 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Ахмадуудын тэтгэвэр маш бага хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбоотой ч хорвоод хүн болж төрөөд үр хүүхдээ өсгөхийн хажуугаар энэ нийгэмдээ ажилласан тэд насныхаа эцэст амар тайван амьдарч байгаад хорвоог дуусгах боломжийг бүх талаар бүрдүүлж өгмөөр байна.

Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж дэлхий насжилтын хяналтын индексээр авч үзвэл /2015 оны байдлаар/60 аас дээш насны 901 сая ахмад настан амьдарч байна Энэ нь дэлхийн нийт хүн амын 12.3% хувийг эзлэж байна. Харин энэ тоо 2030 он гэхэд 1.4 тэрбумд хүрч өснө гэж тооцоолоод байна. Монгол улсын хувьд 2040 он гэхэд манай улсын хүн амын 16 хувь нь ахмадууд байх судалгаа байна. Товчхондоо, 2010 онд 10:1 байсан настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байна

 

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.