Систем инженерчлэл Монгол” компанийн гүйцэтгэх захирал “E-pass” буюу Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төслийн удирдагч Г.Тулгатай ярилцлаа.


–Нийтийн тээврийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар өөрийн бодлоо манай уншигчидтай хуваалцана уу?

-Нийтийн тээврээр зорчигчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь төлбөр төлөлт, хяналтын систем. Зорчигчид ч технологид суурилсан хялбар, хурдан аргаар төлбөр төлөхийг хүсэх болсон. Тасалбар худалдан авах дараалал, цалинжуулсан тасалбар таслагч, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг асуудлууд аль хэдийн ард хоцорч, зүгээр л карт эсвэл гар утсаа уншуулж байна. Энэ бэлэн бус мөнгөний систем буюу нийтийн тээвэрт цахим хэрэглээг бүрэн нэвтрүүлсэн дэлхийн 100 гаруй хот байна. Энэ шийдлүүд хотуудад дагалдах давуу талуудыг ч бий болгож байна. Жишээ нь өдөрт 8.5 сая хүн зорчдог Лондонд хэрэгжүүлэхэд картын технологи, төлөвлөлт, техникийн болон худалдаалах асуудлуудыг шийдвэрлэх төвөгтэй байдал үүссэн бөгөөд эдгээрийг мастер картаар шийдсэн нь сайн хэрэгжиж, олон хотууд загвар болгоод явж байна. Нью Йоркд уг системийг энэ онд бүрэн хэрэгжүүлж дуусах бөгөөд дэлхийн түвшний хотыг дэлхийн түвшний системтэй болгоно гэж үзэж байхад Мексикт нийтийн тээвэрт төлбөрийг банкны картаар хийдэг болгосноор эдийн засгийн эерэг нөлөөллийг авчирсан гэж онцолж байгаа. Үүний жишгээр Монгол улс цахимжуулсан картаар нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлээд явж байна.  Хэрэгжилтийн эхний үед хуучин дүрмээ ашиглан тасалбар авахыг хүсдэг, карт худалдан авдаггүй, цэнэглэдэггүй, хөнгөлөлт-чөлөөлөлтийг шийдвэрлэх, санхүүжилтийг зохицуулах зэрэг олон бэрхшээл саад гарч байсан ч өнөөдөр үйл ажиллагаа тогтворжиж, тодорхой үр өгөөжийг өгч байгаа.

–Эрдэнэт хотод энэ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан, нөхцөл юу вэ?

-Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 2016-2020 онд Эрдэнэт хотыг “Ухаалаг хот” болгон хөгжүүлэх ажлыг эхэлж, дижитал технологийг эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, оршин суугчдын үйлчилгээ зэрэг салбарт нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа. Мөн аймгийн нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд хэмжих хэрэгсэл суурилуулан бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу манай компани 2018 онд тус аймагт үйлчилгээ ү
зүүлж байгаа автобуснуудад GPS системийг нэвтрүүлсэн. Одоо системийн үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-аас гарааны бизнес, инновацийн байгууллагуудыг дэмжих бодлогыг бүрдүүлж ажиллаж байгаа, өмнө нь хамтран гүйцэтгэсэн ажил амжилттай хэрэгжсэн зэрэг давуу талууд бидэнд байгаа. Ингээд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн төв, төсөлд хамрагдах 3 автобус компанитай 2019 оны 6 сарын 27-нд гэрээ хийж төслөө хэрэгжүүлж байна. Төслийн нөхцлийн хувьд бид орон нутгийн автобус компаниудын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр 100% өөрсдөө шийдэх үүрэг хүлээсэн. Энэ төслийн эхний шатанд 600 орчим сая төгрөгийн санхүүжилт орох бөгөөд онцлох зүйл бол монгол залуусын бүтээсэн программ хангамж, угсралт, суурилуулалтаар энэ ондоо багтаан хийгдэнэ.

Төслийн давуу талыг гэрээлэгч талуудын хувьд яаж харж байна вэ?

-Шийдвэрлэх асуудлууд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд ч байна. Аж ахуй нэгжүүдийн алдагдал, рейстэй холбоотой асуудал, төрөөс олгох санхүүжилт, төсвийн ачаалал гэх мэт асуудлыг хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Асуудлуудаа тодруулаад, шийдвэрлэх боломжуудыг судлаад, шийдлүүдийг оруулаад явж байна. Үүний зэрэгцээ технологийн шинэ чиг хандлагуудаа ч орхигдуулж болохгүй. Хамгийн ашигтай, хэрэглэгчдэд хялбар, зөв шийдлүүд байх ёстой. Ер нь гэрээлэгч талуудад аль алинд нь ашигтай байдлаар шийдэх, цаашдын хамтын ажиллагаанд нь тусламж дэмжлэг үзүүлнэ. Ямартаа ч төсөл хэрэгжээд бүгд үр ашиг хүртэж, сэтгэл ханамжтай байна.

–Төсөл хэрэгжүүлэх явцад “Start Up” компанийн хувьд бэрхшээл тулгарч байна уу?

-Залуу компанийн хувьд бэрхшээл олон байгаа. Бидний хувьд төрийн болон аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан, санхүүжилтээ өөрсдөө босгон ажиллаж байгаа анхны төсөл. Гэрээлэгч талуудтайгаа гэрээгээ хүндэтгэн ажиллах, мэдээлэл солилцох, харилцаа хамтын ажиллагаа чухал. Ер нь төслийн менежменттэй холбоотой асуудлуудыг талууддаа ойлгуулах, мөн компанийнхаа залуусын ур чадвар, чадамжийг сайжруулах, нутагшуулах гээд нэлээд олон талт ажлыг өрнүүлж байна. Компанийн хувьд асуудлыг дэвшлүүд ирнэ гэж харж байгаа. Төсөл удирдсан  залуу хүний хувьд ч гэсэн давхар суралцаад явж байна.

–Төслийг орон нутаг болон автобус компаниудаас зардал гаргахгүй өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх нь эрсдэлтэй санагдаж байна. Энэ талаар тодруулна уу?

-Бид “Start Up” залуу компани. Том зорилготой бас эрсдэл үүрч байж амжилтад хүрнэ. Хувийн байгууллага санхүүжилтээ өөрсдөө гарган, олон нийт, улс орондоо хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх туршлага дэлхий дахинд  бий. Жишээ нь БНХАУ-д хувийн компаниуд зам барьж хураамжийн орлогоороо зардлаа нөхдөг. Ингэж хувийн байгууллага өөрсдөө зардлаа гаргаж нийгэмд тулгарсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх нь зөв гарц. Ялангуяа улсын төсөв хязгаарлалттай үед, боломжтой ажлуудыг хувийн компаниудад хариуцуулж хийлгэвэл хариуцлага, чанар дагалдана. Учир нь тухайн компани гаргасан зардлаа хөрөнгө оруулалт хийсэн зүйлийнхээ үйл ажиллагаанаас нөхдөг тул баталгаат хугацааны асуудлыг гүйцэтгэгч бүрэн хариуцдаг. Компани ч өсөж дэвжих, туршлагажих боломжтой.

 -Цаашдын хэрэгжүүлэхээр зорьсон ажлаасаа танилцуулна уу?

-Бидний хамгийн эхний зорилт энэ төслөө амжилттай хэрэгжүүлж нэвтрүүлэх явдал.  Хэрэгжүүлээд зогсохгүй дараагийн шатуудаа зураглан, төлөвлөөд явж байна. Цаашид үйлчилгээний стандарт тохирсон UBCAB онлайн такси үйлчилгээг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр болон такси үйлчилгээний стандартыг ахиулж, төлбөр тооцооны нэгдсэн систем оруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаас нь ажиллана даа. Ер нь Эрдэнэт хотыг шинжлэх ухаан, инновацын суурь жишиг хот болгох концепцийг улс даяар харуулах том зорилготой. Ингэснээр үндэсний  компаниуд, залуучууд нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг харуулмаар байна.

Эх сурвалж: News.mn

 

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ