Өнгөрөгч долоо хоногт  Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XV хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XV хуралдааныг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Эрдэнэт хот маань улсын зэрэглэлтэй хот болсон түүхэн цаг үед ээлжит хуралдаан болж байгааг тэмдэглэе. Улсын эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч эдийн засаг сайжирч байгаа хэдий ч  2020 оны Улсын төсвийн тухай хуульд манай аймгаас тэгшитгэж төвлөрүүлэх орлогыг 16 тэрбумаас 29 тэрбум хүртэл өсгөн баталсан, аймгийн төсвийн хүндхэн нөхцөлд ирэх оныхоо төсвийг хэлэлцэн батлах гэж байна” хэмээн онцоллоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн. 

     Хуралдаанаар: 

1. Аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай 

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

3. Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 

4. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2019 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2020 онд баримтлах чиглэл батлах тухай

5. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2019 онд хийсэн ажлын тайлан

6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ. 

 Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хуралдаанд танилцуулсан. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 155 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 117 арга хэмжээ нь 100 хувь,  30 арга хэмжээ нь 70 хувь,  7 арга хэмжээ нь 40 хувийн гүйцэтгэлтэй гарч жилийн эцсийн байдлаар 90.8 хувийн биелэлттэй байгааг мэдээллээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэнээр аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулж, хэрэгжилтийн явц байдлыг хагас, бүтэн жилээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг аймгийн Засаг даргад даалган Ээлжит XV хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

 Аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн 2020 оны төсөв батлах тухай асуудлыг аймгийн Засаг дарга хуралдаанд танилцуулсан. Аймгийн 2020 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлтийг Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх Аудитор Ц.Нармандах,  Аймгийн 2020 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг аймгийн ИТХ-ын төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат нар танилцуулсан.  Аймгийн 2020 оны төсвийн орлого,  2020 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх төсөв, аймгийн 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрийн зардал гэгчлэн аймгийн 2020 оны төсөв батлах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд аймгийн 2020 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зардлын хэмжээг 131.6 тэрбум төгрөгөөр баталлаа. Манай аймаг 2020 онд орон нутгийн төсвөөс 29.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ