ЭМГЭНЭЛ

                                                                       Эмгэнэл

                                                              Нямын ЗУЛБААТАР

/1958-2019/

Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүн, Монголын Бадминтоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орхон аймгийн “Атланта олимп судлал”-ын төвийн тэргүүн, волейболын спортын мастер, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Нямын Зулбаатар 2019-12-10-ны өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            Нямын Зулбаатар нь 1958 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Улмаар 1966-1976 онуудад Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1976-1980 онуудад Улаанбаатар хотод УБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

1980-1988 онуудад Эрдэнэт хотын Хялганатын Ойн техникумд биеийн тамирын багш, 1988-1994 онуудад Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын хороонд  волейболын дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, 1994-2013 онуудад аймгийн Биеийн тамир, спортын хорооны  дарга, 2013-2015 онуудад БТСХ-ны волейбол, бадминтоны дасгалжуулагч, 2016 оноос Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байлаа.

Монголын боловсрол, биеийн тамир, спортын салбарт тасралтгүй 39 жил ажиллахдаа хүүхэд, залуучуудад эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, спортын шинэ төрлүүдийг Монгол орондоо болон орон нутагтаа бий болгож нутагшуулах, нэр хүндтэй алдар цуутай тамирчдыг олноор төрүүлэн, эгнээг нь байнга өргөтгөх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, Олимпизмын үзэл санааг нийтийн хүртээл болгож, түгээн дэлгэрүүлэхэд чухал санал, санаачилгууд гарган, бүтээлчээр хэрэгжүүлэн идэвхи зүтгэлтэй ажиллаж, тодорхой хувь нэмэр оруулан, үр дүнд хүргэсэн биеийн тамир, спортын салбарын томоохон зүтгэлтэн байлаа.

1995 оноос Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, 1998 оноос Монголын бадминтоны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001 оноос Монгол улсын Спортын цол зэргийн улсын комиссын гишүүн зэрэг сонгуульт ажлуудад сонгогдон өнөөг хүртэл хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн тэргүүний төрийн албан хаагч байв.

Түүнийг Орхон аймгийн Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан он жилүүдэд удирдсан байгууллага нь спортын амжилт болон Монгол улсын Засгийн газраас зарласан уралдаануудад 3 удаа тэргүүн байр эзэлж, цом болон бусад шагналаар шагнуулж, 2004 онд биеийн тамир спортын салбарын “Шилдэг спорт хороо”, 2005 онд “Шилдгийн шилдэг спорт хороо”-оор тус тус шалгарч, өөрөө Биеийн тамир, спортын салбарын “Шилдгийн шилдэг  менежер” цолоор шагнагдаж Монголын Бүх ард түмний 11, 12, 13, 14 дүгээр их наадмуудад дараалан тэргүүн байр эзэлж байлаа.

Н.Зулбаатар нь Монгол оронд болон өөрийн аймагтаа урьд өмнө хөгжөөгүй дэлхийн спортын шинэ төрлийг туршин бий болгох, улмаар нутагшуулан, өөрийн гэсэн баг, тамирчидтай болох талаар санаачилгатай ажиллаж ирсэн биеийн тамир спортын салбарын тэргүүний удирдагч байлаа.  

Тэрээр олимпийн спортын төрөл болох Бадминтоны спортыг Монгол оронд хөгжүүлэх ажлыг 1998 оноос гардан эхлүүлж, Монголын Бадминтоны холбоог үүсгэн байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж, бадминтоны спортыг сурталчилан таниулах, багш, дасгалжуулагчдыг гадаад дотоодод сургаж бэлтгэх, нийтийн сургалт явуулах, материаллаг баазыг бий болгон бэхжүүлэх талаар байнга санаа тавин ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр бадминтоны холбоо 9 аймагт салбар зөвлөлтэй болж, Монгол оронд бадминтоны улсын аврага шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдож байгаагийн зэрэгцээ жил бүр уламжлан болгон 2005 оноос бадминтоны олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв.

Н.Зулбаатар нь аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол улсын Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан”-ыг 1997 оноос санаачлан 2 жилд нэг удаа Орхон аймагтаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 12 дахь удаагийн барилдаан хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт зохион байгуулагдсан билээ.

Н.Зулбаатар нь өөрийн ухамсарт бүх амьдралаа нийтийн биеийн тамир спорт болон их спортыг хөгжүүлэхийн төлөө зориулж ирсэн бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Монголын үндэсний Олимпийн хорооны “Алтан очир” медаль,  “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”-оор тус тус шагнагдаж байв.

Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч,  хүнлэг сайхан зан чанар, спортын төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, спортын салбарт оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

                                                                                    

 

                                                                              ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

                                                                              ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.