Гурван сарын хугацаанд тогтмол хичээллэсэн бол 60 мянган төгрөгийг ЭМД-аас авах эрх үүснэ


БСШУСЯ, ЭМЯ-наас гаргасан журмын дагуу иргэд ЭМД-аа ашиглан жилд 240 мянган төгрөгийн урамшуулал хүртэх боломж нээгдэж байна. Тус журмыг 2019 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч магадлан итгэмжилсэн спорт клуб байгаагүй учир хойшлогдсон. Харин энэ оноос эхлэн иргэд спортын 30 гаруй төрлөөр хичээллэж, ЭМД-ын сангаас мөнгөн урамшуулал авах боломж бүрдлээ. 

Энэ талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагаас тодрууллаа.


-Иргэд ЭМД-аа ашиглан хэдэн төгрөгийн урамшуулал авах боломжтой вэ?

- Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2019 оноос ЭМД-аа ашиглан урамшуулал хүртэх боломжийг нээсэн. Түүгээр иргэн тодорхой нэг спортын төрлөөр гурван сарын хугацаанд тогтмол хичээллэвэл 60 мянган төгрөг олгох юм. Жилийн турш тогтмол хичээллэвэл 240 мянган төгрөгийг ЭМДС-гаас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.

-Иргэд хүссэн спорт клуб, фитнестээ хичээллэх боломжтой юу?

-Биеийн тамир спортын тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан журмын дагуу иргэд магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэвэл урамшуулалд хамрагдана. Эхний ээлжинд боломж нөхцөлөөс шалтгаалж манай улсад өргөн дэлгэрсэн спортын 30 төрөлд урамшуулал олгох боломжтой гэж үзсэн.

-Урамшуулалд хамрагдах иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-ЭМД-аа төлсөн, тогтмол хичээллэсэн байх шаардлага тавина. Тогтмол хичээллэсэн байдлыг спорт клуб болон ЭМД-ын сангийн сүлжээнд тогтмол бүртгүүлснээр баталгаажуулна. Магадлан итгэмжлэгдсэн спорт клуб нь ЭМД-ын нэгдсэн сүлжээнд холбогдох учраас тогтмол хичээллэж байгааг хурууны хээгээр тогтооход хялбар.

-Өнгөрсөн онд журам яагаад хэрэгжээгүй вэ?

-2019 оноос иргэдэд урамшуулал олгохоор журамд тусгасан ч магадлан итгэмжлэгдсэн спорт клуб байгаагүй учир хэрэгжээгүй. 2019 онд 30 гаруй спорт клуб хүсэлтээ ирүүлж, шаардлага хангасан 13 байгууллагад эрх олгоод байна. Журамд зааснаар тухай спорт клуб мэргэжлийн дасгалжуулагч, эмчтэй, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй байхаар тусгасан. Үүний дагуу нийслэлд найм, орон нутагт таван байгуул лага эрхээ аваад байгаа. Цаашид энэ тоо өсөх байх.

-Магадлан итгэмжилсэн клубүүд ихэвчлэн фитнес чиглэлээр эрх авсан байна. Харин бусад спортын төрлөөр хичээллэх сонирхолтой иргэдийн хүсэлтийг яаж хангах вэ?

-Хүсэлтээ ирүүлсэн спортын байгууллагын дийлэнх нь фитнес чиглэлийнх байгаа. Гэхдээ үүнд иог, бялдаржуулах, аэробик, суурин дугуй зэрэг олон төрөл багтана. Үүн шиг бусад спортын клубүүд сайн дураар магадлан итгэмжлэх хүсэлтээ гаргах ёстой. Журмын шаардлага хангасан спорт клуб олон бий. Гэвч тэд магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтээ гаргахгүй байгаа. Журамд сайн дураар магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргана гээд заачихсан учраас хүчээр хамруулах боломжгүй. Бусад спортын төрлөөс Сүхбаатар аймгийн усан спортын клуб эрхээ авсан. 

-Орон нутгийн иргэд энэ урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

-Журамд улсын, хувийн гэсэн хязгаарлалт тавиагүй учир иргэд хүсвэл орон нутгийнхаа Биеийн тамир спортын газар болон хичээллэдэг спорт клубээ магадлан итгэмжлэлд оруулж болно. Хамгийн гол нь мэргэжлийн эмч, дасгалжуулагчтай байх ёстой. Хүний эрүүл мэндийг хариуцаж ажиллах байгууллага ийм шаардлага хангасан байх ёстой. Наад зах нь тухайн иргэн хөдөлгөөний дутагдлаас таргалсан уу, өвчний шалтгаанаар таргалсан уу гэдгийг мэргэжлийн хүн тодорхойлж, түүнд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зааж сургах учраас мэргэжлийн эмч, дасгалжуулагчтай байх шаардлага тавина.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.