Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

 

Тус судалгааны төв уг тайланг найм дахь жилдээ гаргаж буй юм.

2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, 97.85 оноогоор Өмнөговь аймаг хоёрдугаарт орсон бол хамгийн бага буюу 37.35 оноотойгоор Булган аймаг сүүл мушгижээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн. Ийнхүү судалгааг хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой" гэв.

Судалгааг хийсэн хугацаанаас дүгнэн харвал, 

  • Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна
  • Хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай байна
  • Харин эсрэгээрээ хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байгааг судалгааны багийнхан мэдээллийн үеэр онцоллоо. 
"21 АЙМГААС НАЙМ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА САЙЖРУУЛСАН"

 

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И. Одончимэг "Бид аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

График 1.Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ /2019 он/

Энэ удаагийн дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн. 

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн тоо өссөн байгаа нь судалгаагаар харагдлаа. 

Үр дүнг нэгтгэн харвал 21 аймгаас найман аймаг өрсөлдөх чадвараа сайжруулжээ. Өөрөөр хэлбэл, удаан ч гэсэн аймгууд хөгжил дэвшилтэй явж байна гэж харж байгаа ба хамгийн их өөрчлөлт гарсан аймгууд нь Дорноговь, Ховд, Дорнод аймаг байлаа" гэв.

"Сүүлийн жилүүдэд тайлантай холбоотойгоор өрсөлдөх чадвараа яаж сайжруулах талаар орон нутгуудаас асууж байгаа. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй байсан нь нэгээс хоёр жилийн дараа харагдана. Энэ жилийн хувьд төсвийг аймгуудад харилцан адилгүй хуваарилсан байсан. Тухайлбал Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв байхад Дундговьд маш бага хэмжээний төсөв хуваарилагдсан. Ямар зарчмаар хуваарилагдсан нь тодорхой бус байгаа" хэмээн тус төвийн ерөнхий захирал Б.Лакшми мэдээллийн төгсгөлд хэлэв. 

Эх сурвалж: Ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.