“Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаагаар хүмүүс өвчилж нас баралт өндөр байна

Уушигны хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2019 оны стасистик мэдээллээр уушигны хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн юм.

Тиймээс уушигны хатгалгаа болон БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдварын  талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга,  анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.  Тэрбээр уушиг судлалын чиглэлээр мэргэшин 26 дахь жилдээ тус эмнэлэгт ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд уушигны хатгалгаа тусч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Хатгалгаагаар өвдсөн хүмүүсийг насны хувьд ангилвал?

-Ер нь уушигны үрэвсэл хүндэрч, нас барж буй иргэдийн статистик тоо мэдээллийг  жил бүр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг. Монгол Улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь амьсгалын эрхтний эмгэг юм. Өнгөрөгч 2019 онд 400 гаруй хүн уушигны үрэвслээр нас барсан. Ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн улиралд томуугийн өвчлөл зайлшгүй дэгддэг онцлогтой. Тиймээс энэ үед дархлааны тогтолцоо нь хараахан тогтворжоогүй бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, төрсний дараах ээжүүд болон хавсарсан архаг өвчтэй хүмүүст уушигны хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр байдаг. Энэ нь практик дээр ч нотлогдож байгаа юм. Монголчуудын дунд шинэ коронавирусийн халдвараас илүүтэй уушгины хатгалгаа газар авч байна.

Насанд хүрэгчдийн хувьд бактер, вирусийн гаралтай уушигны хатгалгаа болон мэргэжлээс шалтгаалах чиглэлийн уушигны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна. Мөн сүүлийн 10-15 жилд уушигны завсрын эдийн хатгаа улам нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь зам тээвэр, барилга, хотжилт, уур уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа. Уушигны хавдар нь манай улсын нийт хавдрын тохиолдлын гуравдугаарт бичигдэж байна.

-Шинэ коронавирус нь уушигны хатгалгаатай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Чухам ямар шинж тэмдгээр нь энэ хоёр өвчлөлийг ялгаж болох вэ?

-Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн онцлог нь нууц хугацаа нь 7-14 хоног байна. Эхний 7-8 дахь хоногт амьсгаадах, ханиалгах, цэр гарах, цөөн тохиолдолд цустай цэр гарах шинж илэрч байгаа юм байна. Өвчний эхний 9-10 хоногт амьсгалын дутагдалд орж, хүндрэх шинж тэмдэг илэрч байна гэдгийг ДЭМБ болоод олон улсын нотолгоо бүхий албан ёсны эрүүл мэндийн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байгаа.

Нийтлэг хэлбэрээр томуугийн үед илэрдэг толгой өвдөх, бага зэрэг халуурах шинж тэмдэг харьцангуй бага байгаа юм. Хамгийн гол нь өндөр халуурах, амьсгаадах, амьсгалын дутагдалд орох шинж тэмдэг давамгайлж байна гэсэн нотолгоотой мэдээллүүдийг өгч байгаа. Мөн амьсгалын маш хүнд дутагдалд орж, амин чухал эрхтний хурц дутагдлаар нас барах тохиолдол гарсан байгаа. БНХАУ-д халдвар авсан хүмүүсийн ихэнх хувийг эрэгтэй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэнх нь 40-өөс дээш насныхан байгааг судлаачид мэдээлсэн.

-Манай улсад уушиг судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэн хэр бэлтгэгдсэн байдаг вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт үндэсний хэмжээний лавлагаа тусламжийг үзүүлж байна.  Жилээс жилд уушигны чиглэлээр бэлтгэгдэж буй эмч нар нэмэгдэх хандлагатай байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихтэй, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас энэ салбарыг сонирхож буй эмч мэргэжилтнүүд нэмэгдэх болсон.

Гэхдээ энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэх асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага байна. Уушиг судлалын оношлогоо, эмчилгээг орчин үеийн түвшинд хүргэх, амьсгалын замын цочмог хам шинжээр хүндрэх болон томуу төст өвчлөлийн үед хэв шинжит бус хатгалгаагаар хүндэрч буй энэ тохиолдлуудыг оношлох, эмчлэх хамгийн сүүлийн үеийн арга технологиудыг нэвтрүүлэн сайжруулах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаа.

-Улсын эмнэлгээс гадна хувийн хэвшлийн эмнэлэгт өвчнийг оношилдог ч бүрэн хэмжээнд эмчилж чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Одоогийн байдлаар хувийн эмнэлгүүдэд уушиг судлалын чиглэлээр өндөр түвшинд тусгайлан ажиллаж байгаа эмнэлэг байхгүй байна. Улаанбаатар хот болон үндэсний хэмжээний лавлагаа тусламжийн ачааллыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгүүд үүрч, ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 458 дугаар лавлагаа тусламж үзүүлэх тушаалын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэл, уушигны чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх үүргийг хүлээн ажиллаж байна. Энэ үүргийнхээ хүрээнд Уушиг судлалын нийгэмлэгтэй хамтран жилдээ олон удаагийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг мэргэжлийн эмч мэргэжилтнүүдэд төдийгүй ард иргэдэд зохион байгуулан ажилладаг.

-Замбараагүй эмийн хэрэглээ уушигны хатгалгааг хүндрүүлэх шалтгааны нэг болж байна. Өөр ямар шалтгаанаар уушигны хатгалгаа хүндэрч байна вэ?

-Уушигны үрэвсэл хүндэрч ирж байгаагийн шалтгаан нь агаарын бохирдол, хүнс тэжээлийн хомсдол, дархлааны түвшин сул байдал, хавсарсан өвчнөөс шалтгаалахаас гадна антибиотикийн замбараагүй хэрэглээ ихээр нөлөөлж байна. Энэ аюул ганц уушигны өвчлөлд ч бус бусад өвчний эх суурь болж байна. Эмчийн заавар зөвлөмжгүйгээр хэдий чинээ эм хэрэглэнэ төдий чинээ өвчлөл үүсэх, хүндрэх шалтгаан нь болдог. Замбраагүй антибиотик дур мэдэн өөрөө хэрэглээд эмнэлэгт ирсэн өвчтөнд тухайн өвчнийг нь эмчлэхэд маш хүндрэлтэй болдог. Гэрээсээ өвчин нь хүндрээд ирж буй хүмүүс маш олон төрлийн эм хэрэглэчихсэн, зарим нь зөвхөн эмнэлгийн нөхцөлд үүсдэг бактери халдвараар өвдсөн байх жишээтэй.

Эмийн замбараагүй хэрэглээ дархлаа сулруулдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж сануулсаар байна. Хэрвээ ямар нэг өвчин туссан л бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эм, тариаг хэрэглэх ёстой.

-Монгол хүний дархлаа эрс тэс уур амьсгал, хоол хүнснээс шалтгаалан сайн байдаг уу. Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас ард иргэд хүйтэн, сэрүүний улиралд хоол хүнсэндээ махыг түлхүү хэрэглэдэг. Ер нь тухайн улс үндэстний газар зүйн байршил, цаг агаар, нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, хоол хүнсний хэрэглээ гээд маш олон хүчин зүйлстэй холбоотойгоор тухайн үндэстний дархлааны онцлог шинж чанар байж болно.

-Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байгаа. Таны хувьд ямар зөвлөгөөг өгөх вэ? 

-Одоогоор Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илэрч, бүртгэгдээгүй байгаа. Өнгөрөгч 2019 оны шинэ коронавирусийн халдварын үед нийт өвчлөгсдийн 98 хувьд 38 хэмээс дээш халуурах шинж тэмдэг илэрсэн. Ханиалгах хам шинж 76 хувьд илэрсэн бол цөөн тооны хүмүүст цус, цэртэй ханиалгах хэв шинж илэрч байна. Нийт өвчлөгсдийн 50-аас дээш хувьд амьсгаадах шинж тэмдэг илэрч, мөн булчингаар өвдөх, тамирдаж сульдах, ядрах, толгой өвдөх дагалдах хам шинжүүд илэрч байна гэсэн албан мэдээл өгсөн байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний ид дэгдэлт явж байгаа энэ цаг үед хамгийн гол нь томуугийн халдвараас өөрийгээ болон хайртай хүмүүсээ, гэр бүлээ, хамт ажиллаж буй хүмүүсээ урьдчилан сэргийлэх аргад зөв суралцах, элдэв цуу яриа, нотолгоо баталгаагүй мэдээлэлд автахгүй байх, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдөх, шаардлагатай бол өөрт ойр байгаа эмнэлгийн байгууллагад хандан эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө,тусламж авах хэрэгтэй. Мөн амны хаалтаа зүүж, гараа тотмол угааж, ариутгах нь зүйтэй. Халуун хоол ундаа сайн хэрэглэх, манай уламжлалт хэвшсэн олон аргууд бий. Тухайлбал, аньс чацаргана, сүү цагаан идээ, сонгино, сармисаа түлхүү хэрэглэх нь зөв юм.

БНХАУ-д шинэ халдвар гарлаа гэхэд нийгмээрээ айдаст автаж, уушигны өвчлөлөөр өвдсөн хүнийг халдвар авсан мэтээр дэвэргэж ярих хандлага ажиглагдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн дур мэдэн нотолгоо, баримтгүй буруу мэдээллийн дагуу иргэд хэт туйлширч байгаа нь маш ноцтой юм. Хэрвээ Монгол Улсад шинэ вирусийн халдвар гарч бүртгэгдсэн тохиолдолд манай улс ДЭМБ-ын гишүүн орон учраас Эрүүл мэндийн яамнаас хариуцлагатайгаар шууд мэдээлэх үүрэгтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл зарим иргэд коронавирусийн мэдээллийг нуугаад байна гэх хардлагыг төрүүлж байгаа нь туйлын буруу явдал. Тиймээс иргэд зөв, баталгаа, нотолгоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас авч үнэхээр тэгж их мэдээлэл түгээх сонирхол байгаа юм бол үнэн зөв, нотолгоо баримттай мэдээллийг өгч болох байх. Энэ зохисгүй үйлдлээрээ тухайн хүн өөрийнхээ ухамсаргүй байдлаа харуулахаас гадна олон олон үйл ажиллагаанд ноцтой саад тотгор учруулж байгаагаа ойлгох хэрэгтэй юм. Салбар яамны цахим сайтад үнэн бодит, нотолгоотой тоо баримт мэдээллүүдийг цаг тухайд нь өгч байгаа.

-Тэгвэл хүмүүс уушигаа хэрхэн эрүүл байлгах вэ?

-Улаанбаатар хотын хувьд энэ өвөл харьцангуй агаарын бохирдол буурсан. Гадуур явахдаа аль болох амны хаалт хэрэглэх, бага насны хүүхэд, жирэмсэн ээжүүд олон нийтийн газар явахгүй байх, нөгөө талаар уушигаа эрүүл байлгахын тулд иргэд хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Ялангуа улсын хэмжээнд тамхидалт маш их байна. Аль болох агаар салхинд гарч, томуу төст өвчнөөр өвдөхгүйн тулд дархлаагаа дэмжих нь чухал. Уламжлалт арга болох аньс, чацаргана жимс ,сүү цагаан идээ, сонгино сармис хоолондоо хэрэглэхээс гадна хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах хэрэгтэй.

Эх сурвалж: News.mn    А.Цээсүрэн 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Намайг РОГАР УОЛКЕР гэдэг бөгөөд АНУ-ын Нэгдсэн Улсын (Техас) ганц бие ААВ, би ХДХВ-ийн халдвар авсан байсан, бас хорт хавдартай байсан болохоор би өөрийгөө алах юмсан гэж бодоод дараа нь хуучин коллежийн найзтайгаа таарч, дараа нь би хүүрнэдэг байсан. Миний түүх түүнд нулимс дуслуулан намайг тайвшруулсны дараа надад өвс, үндэс өгдөг эдгээр агуу хүн байдаг гэж хэлээд тэр надад доктор Баба олибиумаас өвс авахад л хэдэн мөнгө шаардагдах болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би түүнтэй холбоо барьж, өвсөө авч, өдөр бүр яаж хэрэглэхээ надад хэлээд 1 сарын турш өвсөө хэрэглэх гэж байна, дараа нь 1 сарын дараа эмнэлэгт үзлэг хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. 1 сар болсон бөгөөд би дахин эргэж ирэв. Баба олибиуми эмч (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, тэр танд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, баяртай байна. Түүнтэй .... (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105) Рогар Волкерийг адислаж байгаарай. Тэрээр эмчлэх талаар онцгой юм1. (ХДХВ / ДОХ) 2. (HERPES) 3. (ХАВДАР) 4. (ALS)5. (Гепатит В) 6. (ЧШХ)7. ХҮНИЙ Папилломавирусын өвчин (ХПВ)8. (ALZHEIMER) 9. LUPUS (Lupus Vulgaris эсвэл Lupus Erythematosus)Мөн бусад10. (Олон склероз) 11. (Шизофрени) 12. (Сүрьеэ) 13. (Нефрит ба нефроз) 14. Бүх халдваруудбусад бүх эдгэршгүй өвчин (dr.baba.olubunmi@gmail.com) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105)

Rogar Walker

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.