“Орхон аймгийн Химичдийн холбоо”-ны тэргүүн Р.УЛААНХҮҮ: Химийн салбартаа манлайлж, нийгэмд таниулж, үр шимийг нь Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна

Орон нутагтаа химийн шинжлэх ухааныг таниулах, энэ салбарыг хөгжүүлэхэд тууштай зүтгэж яваа хүн бол Рэнчээгийн Улаанхүү. Эрдэнэтчүүдийн эчнээ танил энэ эрхэм салбарынхаа олимпиадыг өөрийн нэрэмжит болгон, өндөр хэмжээнд зохион байгуулж, өсвөрийн химичдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж явааг дурьдахад таатай байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чансааг тодорхойлж, авьяасыг хурцалдаг ээлжит олимпиад өнгөрсөн Ням гарагт амжилттай зохиогдлоо. Олимпиадын үеэр Р.Улаанхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын салбарынхан таныг “Химийн салбарын хүн” гэдгээр илүүтэй таних болов уу. Өнөөдрийг хүртэл энэ салбартаа хайртай байгаагийн нууц юунд байна вэ? 

-Миний бага нас Увс аймагтай салшгүй холбоотой. Сумын сургуульд байхдаа, аймгийн төвд сурагч болоод очихдоо ч тэр, математик, физик, химийн олимпиадад оролцсоор ирсэн. 10 жилийн сурагч байхаасаа тоонд сонирхолтой хүүхэд байсан гэх үү дээ. 1990 онд Улсын химийн анхдугаар олимпиад зохиогдсон юм. Би тухайн үед Увс аймгийн 2-р арван жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурагч байлаа. Маш олон хүүхэд математик, хими, физиктээ сайн байсан учраас би хамгийн мундаг нь байсан гэж хэлэхгүй. Гэхдээ тэр жил химийн олимпиадад оролцож, “Аймгийн аварга”, “Улсын аварга” болж чадсан. Өнөөдрийг хүртэл химийн шинжлэх ухаантай нөхөрлөж, энэ салбарыг бусдаас илүү авч явах үүрэг хариуцлага, хувь төөрөг тэр цаг үеэс л надад ирсэн гэж боддог.

-Химийн шинжлэх ухааныг хүүхэд байхаасаа таньж мэдсэн нь өнөөдрийн таныг бүтээсэн гэж ойлгож болох уу?

-1990 оноос өмнө Монголчуудын сэтгэлгээнд “химийн тухай ойлголт” нь багш, эсвэл эмч  гэсэн ухагдахуунтай байлаа. Учир нь манай улсад химийн шинжлэх ухаан их хожуу хөгжсөн. Тэр цагаас өнөөг хүртэл 33 жил өнгөрч, энэ бүх хугацаанд миний бие химийн шинжлэх ухааныг дагаж явсан гэж хэлэхгүй. Амьдралын, нийгмийн, цаг үеийн олон шалтгаанаар би бизнес хийж, улс төрд зүтгэж явлаа. Харин багаасаа энэ шинжлэх ухаанд дуртай байсан уу гэвэл, тийм. 2015 оныг хүртэл “Анхны олимпиадын аварга” гэдэг нэрнээс цааш зүрхэндээ, сэтгэлдээ, амьдралдаа химийг багтааж яваагүй юм байна гэдгээ олж харсан. Ингээд ямар нэг зүйл хийж чадах уу гэдэг дээр өөртөө асуулт тавьж байлаа.

-Зүрхэндээ, сэтгэлдээ, амьдралдаа химийг багтаана гэдэг үг их сонин байна. Тодруулбал?

-1990 оноос хойшхи Монголын нийгэм, улс төрийн байдал тогтворгүй, шилжилтийн байсан болоод ч тэр үү, боловсрол, эрүүл мэндийн салбар уналтад ороход химийн салбар дагаад унасан гэж би хувьдаа ойлгодог. Одоо ч бүрэн сэргэж чадаагүй л байна. Хөгжингүй улс оронд байдаг гол ойлголт нь хүн эрүүл, боловсролтой байж гэмээнэ тухайн улс орныг хөгжүүлнэ. Тэгэхээр манай улсын энэ хоёр чухал салбар өнгөрсөн хугацаанд хөгжил байсангүй гэж огт үгүйсгэхгүй ч сул дорой байгааг нь хэлж байгаа юм шүү. Зайлшгүй анхаарах ёстой салбар л гэж хэлмээр байна. Зүрхэндээ, сэтгэлдээ, амьдралдаа химийг багтаана гэдэг маань өнөөгийн улсын хөгжлийн чиг шугам юм.

-Химийн салбарын хөгжлийг бид хэрхэн харах ёстой юм бол?

-Монгол Улсад 2015 оноос химийн салбар, химийн шинжлэх ухаан хөгжиж байгааг би өөрөө харж, мэдэрч байна. Бидний уламжлалт аж ахуй нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, өв соёл нь мөн л мал аж ахуй, хөдөө аж ахуй, дээрээс нь манай улс маш их баялагтай. Харин энэ бүгд “хими” юм байна. Дээрх бүгд дээр химийг нэмчихвэл манай улс хөгжих юм байна гэж харсан. Мах сүү, ноос ноолуур, арьс шир гээд боловсруулж болох бүх зүйлсээ химийн аргаар боловсруулаад экспортод гаргах нь бидний хөгжих зам мөр юм байна. Мөнгөний урсгалыг Монгол руу татна гэсэн үг.  Европт нэг хонины нэхий 160 евро буюу 500 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь тансаг болоод баячуудын хэрэглээнд тооцогддог юм байна. Гэтэл бид хонины нэхийгээ хогон дээр хаячихаад байна шүү дээ. Үнэндээ түүхий эдээ хаяж байгаа түмэн олноо хараад өр өвдөж байна. Эртнээс нааш Монголчууд эдгээр түүхий эдээ өөрсдөө гар аргаар боловсруулж ирсэн уламжлалтай. Германы дэлгүүрт байгаа 160 еврогийн нэхийг хөдөө орон нутагт суугаа ээжүүд элдчихсэн л байдаг. Тэгэхээр бидний хөгжил тодорхой, ойр байгаа юм. Үндсэндээ хөгжлийг холоос хайх хэрэг алга.

-Зарим их дээд сургуульд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын тоо цөөрсөн. Үүний харахад, өсвөр насны хүүхдүүдийг энэ чиглэлийн хичээлд дуртай болгох, сургах ажил нь Ерөнхий боловсролын сургуулиудад оногдож байна уу даа гэж харж байна. Орон нутагтаа энэ салбарыг дэмнэж, урам өгч, хөгжүүлэхээр зорьж байгааг тань олон хүн сайшаадаг. Магадгүй нэг талаас, таны зохион байгуулж байгаа олимпиад илүү боломжийг хүүхдүүдэд нээж өгдөг юм шиг?

-Чухал үг байна. Олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулах нь зүйн хэрэг. Ер нь олимпиадууд өргөмжлөл, медаль өгдөг л дөө. Гэтэл “Олимпиадад оролцох” гэдэг нь 2-3 сараар хичээлээсээ чөлөөлөгдөж, нойр хоолгүй бэлтгэдэг чухал ажил шүү. Миний санахын, би улсын олимпиадад нэг сар нойргүй хонож бэлтгэж байсан. Тэгэхээр энэ бүхэн зөвхөн сурагчийн бус багшийн асар их хөдөлмөрийн үр дүн гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Аливаа зүйлийг урамшуулахад үр дүн заавал гардаг. Тиймээс бусад олимппиадаас ялгардаг онцлог нь энэ. Улаанхүү миний бие, Орхон аймгийн Химичдийн холбоо, Гавьяат багш нар, “Ачит Ихт” ХК, “Эрдмин” ХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-иуд бүгд тал бүрээсээ сэтгэл нэгтэйгээр дэмжиж ажиллалаа. Хими, биологи, физикийн шинжлэх ухаан бол улс орны хөгжлийн үндсэн салбар. Гэтэл энэ салбар маань унаад байвал би яаж бүтэн нойртой хонох юм бэ. Тэр утгаараа энэ олимпиадыг маш өндөр хэмжээнд зохион байгуулахыг эрмэлзэж ирсэн. 2017 оноос нийгэмд, сурагчдад, эцэг эхчүүдэд таниулах ажлыг хийхийн тулд нэрэмжит олимпиадыг тасралтгүй зохион байгуулъя гэж зорьсон. Энэ бол миний салбартаа хийж байгаа хөрөнгө оруулалт. Химийн салбараа манлайлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

-Орхон аймгийн онцлогийн тухайд юу хэлэх вэ?

-Манай аймаг салбартаа Батнасан, Төмөрчөдөр, Мэнджаргал, Дэлгэрмаа гээд дөрвөн гавьяат багштай. Энэ бол бусад аймагт байдаггүй өндөр үзүүлэлт, өндөр жишиг. Орхон аймгийн үе үеийн төгсөгчид улс төдийгүй олон улсын химийн олимпиадад байр эзэлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар дээрх олимпиадад оролцсон 50-иад хүүхэд байна. Мөн Монгол Улсын химийн салбарын хамгийн том үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэр манай аймагт байна. Дээрээс нь Эрдмин, Ачит Ихт, Зэс эрдлэнийн хувь, Хөх ган гэсэн зэс, металлургийн үйлдвэрүүд байна. Ингээд бодохоор Орхон аймгийг “Химийн аймаг, химийн хот” гэж нэрлэж болохоор байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас Орхон аймагт дахин 5 химийн үйлдвэр барих бодлогын баримт бичиг баталсан. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн барих эдгээр үйлдвэрт зэс хайлах, металлург, фосфоритын бордоо, хүхрийн хүчил, тэсрэх бодисын үйлдвэр багтаж байгаа. Ийм их нөөц, сайн багш нар, боловсон хүчин байхад яагаад Орхон аймгийг “Химийн аймаг” гэж нэрлэж болохгүй гэж. Зарим хөдөө орон нутагт химийн багш дутагдалтай, физик, биологийн хичээлийг сонгон суралцаж байгаа хүүхэд алга. Төр засаг тухайн салбаруудад дэмжлэг үзүүлэхээс аргагүй байна. Бид хүүхдүүдээ сайн бэлдээд амжилттай оролцвол урамшуулалтай гэж зарлаж гэмээнэ хүүхдүүдээ бэлтгэнэ, орж ирсэн хүүхдүүд маань шинжлэх ухаанд дуртай болно, мэргэжлээ сонгоно, цаашлаад мэргэжилтэй боловсон хүчин бий болсноор улс орон хөгжих учиртай. Үүний төлөө хандив цуглуулж, олимпиадаа амжилттай зохион байгууллаа. Үндсэндээ 5 ангийн 30 хүүхдийг шагнаж урамшуулсан.

-Химийн салбарыг бодлогоор хэрхэн дэмжиж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Төр засгаас “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Монгол Улсад Химичдын анхдугаар чуулга уулзалтыг ШУА-иас зохион байгуулж, яамдууд, ТӨҮГ-ууд, их дээд сургуулиуд, химийн хувийн хэвшлийн компаниуд, оролцож, маш өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон нь Монгол Улсад химийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Монголд химийн үйлдвэр олон бий. Тухайлбал, нефть, уран, Оюутолгой, Тавантолгой, жонш, барилгын материалын үйлдвэрүүд, эм болон хүнсний үйлдвэрүүдийг нэрлэх нь зөв байх. Гэвч эдгээр үйлдвэрт боловсон хүчний, хүний нөөцийн дутагдал их. Бид сайн химийн мэргэжилтэнг олноор бэлтгэж, химийн үйлдвэр олноор барьж байгуулж, импорт орлох бүтэгдээхүүн үйлдвэрлэн, экспортлох, эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгцээ байгаа юм.

-Энэ жилийн олимпиадын ялгарах онцлог юу байв?

-Олимпиадын бас нэг давуу тал нь гэвэл, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Химинй хүрээлэнгийн доктор н.Отгонжаргалыг урьж оролцууллаа. Энэ нь нэг талаас сурагчдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас багш нарт хамтын ажиллагааны арга зүйн зөвлөгөө авахад олон талын ач холбогдолтой байлаа. Бидний зохион байгуулсан үйл ажиллагааг хараад сэтгэгдлээ илэрхийлэхдээ, Орхон аймгийн Боловсролын газар, Химичдийн холбоо, Гавьяат багш нар, хамтран ажилласан химийн үйлдвэрүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, 271 оролцогчоор бахархаж байгаагаа тодотгосон.

-Жилээс жилд оролцогчийн тоо өсч байна уу?

-Олимпиадад оролцогч хүүхдүүдийн хувьд тоо жилээс жилд өсөлтэй гарч байгаад бид сэтгэл хангалуун байна. Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улсын даяар “Химийн өдөр” буюу “Химичдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Улсын химийн 32 дугаар олимпиадын 2-ын даваа 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг зохиогдож байгаагийн Орхон аймгийн салбар олимпиад ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Улсынхаа болоод салбарынхаа хөгжлийн төлөө “Анхны аварга” гэсэн эрхэм хүндтэй шагналыг хүртсэний учир сэтгэл зүтгэл бүхий л зүйлсээ зориулан, Гавьяат багш нар, химийн үйлдвэрүүдтэй хамтран олимпиадыг амжилттай зохион байгуулсандаа сэтгэл өндөр байна. 

-Химийн салбартай холбоотой сонирхолтой баримтыг манай уншигчидтай хуваалцвал?

-Дэлхийн найман их гүрний гурвынх нь буюу Англи, Герман, БНХАУ-ын удирдагчид манай салбараас төрөн гарсан байдаг. Энэ бол химич бидний бахархал. Өнөөгийн нийгэмд химигүй салбар гэж алга. Дэлхий өөрөө хими. Нэрт химич Дмитрий Менделеев гэхэд Монгол гаралтай хүн байсан, энэ бол химич бидний төдийгүй Монголчуудын зүй ёсны бахархал. Харин Эрдэнэтчүүд бидний тухайд, Орхон аймгийн анхны дарга Цэвээн гуай мөн л химич хүн байсныг онцолмоор байна. Мөн Эрдэнэт үйлдвэр химийн үйлдвэр. Ингээд бодохоор бид бүгд “Химичдийн баяр”-аа маш оюунлагаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

-Сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Санаж бодсон бүхэн тань биелэх болтугай.

-Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье. Эрдэнэтийн химичид мандтугай.

 

Т.АТАРБАЯР

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

amjilt husey

unshigch

2023-03-21 11:13 | 112.72.8.158

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.