ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Сэтгүүл зүй бол олон нийтийн "Сайн хөрш" нь байх ёстой

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр маргааш тохионо.

Энэхүү өдрийг угтан Хэвлэл Мэдээллийн Зөвлөл(ХМЗ)-өөс өнөөдөр "Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая" сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг уулзалтаар сэтгүүлч, редакторууд, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл оролцон хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцсан юм.

ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэл мэдээлэл нь олон нийтэд үйлчлэх болон хяналт тавих гэсэн үндсэн хоёр үндсэн үүргийг хэрэгжүүлж байгаа. Үүнээс олон нийтэд үйлчлэх үүргээ маш ухамсартайгаар бодолцох ёстой. Сэтгүүл зүй бол олон нийтийн "Сайн хөрш" нь байх ёстой. 

Монголд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаг цагийн аясаар гарч ирээд зах зээлийн жамаараа ялгаран үлдэж байна. Харамсалтай нь энэ явцдаа олон нийтийн итгэлийг алдлаа. Иймээс бид бүгд ёс зүйгээ баримталж ажиллах нэн шаардлагатай байна" гэж байв.

Мөн тэрбээр сэтгүүл зүйн салбар нь өөрийн зохицуулалтын тогтолцоогоо улам сайжруулж чанаржуулах хэрэгтэйг ч онцолсон юм. 

Хэвлэл мэдээллийн байгууллага нь төр ба олон нийтийг хооронд нь холбогч болж, иргэдийн үг, үзэл бодол, байр суурийг нийгэм, төрд хүргэх, төрийн алдаа оноог олон нийтээр дэнслүүлэх, шүүн тунгаах нөхцөлийг нь бүрдүүлэх онцгой талбар юм. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллага нь аливаа улс төрийн нам эвсэл, бизнесийн холбоодоос хараат бусаар бие даан ажиллах ёстой гэдэгтэй санал нэгдэх хүн олон. Харин ингэхэд санхүү чухал байна. 

Хэвлэл мэдээллийн байгууллага нь иргэдийн мэдэх эрхийг хангах гол байгууллага мөн болов ч нөгөө талаар бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч тул орлогын олон тулгууртай байх, төлбөрт мэдээлэл, сурталчилгааг хүлээн авагчдадаа ойлгомжтойгоор тодотгох зэрэг санал уулзалтын үеэр дурдагдаж байв. 

Уулзалтын төгсгөлд сэтгүүл зүйн салбарт гарч буй шинэ чиг хандлагуудын талаар санал бодлоо солилцож, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ёс зүйгээ баримталснаар үзэгч, уншигч, сонсогчдынхоо итгэлийг хүлээж, тэр хэрээрээ үнэлэмжээ өсгөн, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулна хэмээн санал нэгдэцгээсэн юм.

Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн бүтээлдээ

  • бодитой байх
  • баримттай мэдээлэх
  • хүнлэг байх
  • хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй
  • гутаан доромжлохгүй
  • жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй байхаа илэрхийлцгээж байна. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.