Ц.Ойдов: Орхончууд жилд нэг сая төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй

Эрдэнэт хотын хөгжлийн талаар “Эрдэнэтийн хөгжлийн гурвалжин” ТББ-ын тэргүүн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэвээний Ойдовтой ярилцлаа

Сур: Таны яриад дэвшүүлээд байгаа цагаан тоосны нөхөн олговор нэлээд сонирхол татлаа л даа. Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжвэл Эрдэнэт хотын иргэн бүр 1000000 сая төгрөгний нөхөн олговор 1 айл өрх гэхэд жилд дундажаар 5-8 сая төгрөгний нөхөн олговор авчихаар харагдаж байна. Ийм хэмжээний мөнгө авах үндэслэл байх ёстой. Энэ өнцөгөөс яриагаа эхлэх үү ?

Ц.Ойдов: Орхончууд  Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны сөрөг нөлөөгөөр хүнд өвчнөөр өвчилж эрүүл мэндээрээ чимээгүй хохирсоор байна. Солонгосын хөрөнгө оруулалттай “Тод эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг нь 2018 онд цагаан тоосны нөлөөлөлд өртөж буй суурьшлын бүсийн цэцэрлэгийн насны 20 хүүхдийн үснээс дээж авч Солонгос улсад шинжлүүлэхэд 5 хувиас хэтрэхгүй байх ёстой хүнд металлийн хэмжээ 21-32 хувьтай гарчээ. Төрөөд удаагүй нэг настай хүүхдээс шинжилгээ авахад хар тугалгын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэд дахин их байгааг бас тогтоосон байна. Энэ нэг настай хүүхдийн тухайд, хар тугалгын хэмжээ өндөртэй эцэг эхээс урагт дамжсан байх магадлалтай байдаг юм байна. Говил багт амьдардаг залуу өөр газраас эхнэр авч гэр бүл болоход төрөөд удаагүй хүүхдийнх нь шинжилгээний хариу ингэж гарчээ.  Одоогоор уг хүүхэд амьсгалын аппараттай байнга эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг гэж Говил багийн иргэн Д.Баасансүрэн ярьж байна. Мөн цацраг цусанд, маханд, ясанд шингэдэг гэдгийг мэргэжлийн эмч хэлсэн байдаг. Тухайлбал, үзлэгт хамрагдсан 6 настай Д -д цусан дахь хар тугалгын хэмжээ 8.0 байхад Ш-д 22, Э-д 21.6 хувь байсныг “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ  баримт болгон хадгалж байна. Мөн 2017 онд шинжилгээнд хамрагдсан 447 хүнээс 99.3 хувь нь хорт хүнд металийн хордлоготой  гарч байна.  Жаргалант сумын 600 хүнд цагаан тоосноос үүдэлтэйгээр зүрх өвдөх, хоолой аргах, уушигны бронхит, астам, ургийн гажиг, толгой өвдөх, толгой эргэх, арьсан дээр төрөл бүрийн экзем, харшил, тууралт, үлд, яр гарч шархлах зэрэг шинж тэмдэг илэрсэн байдаг. Чонон хөрвөс гэсэн оноштой олон хүн энэ нөлөөллийн бүсэд амьдардаг гэж хүмүүс ярьж байна.  Хүнд металлийн хор, хоол хүнс, ундны ус зэргээр дамжин нөлөөлдөг юм байна.

Сур: За ингээд ярихаар баримт нотолгоо л шаардах байх даа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эмнэлэг сувилалын албаныхан цагаан тоосны хор нөлөө одоогоор мэдэгдсэн юм байхгүй гээд л тайлан гаргадаг шүү дээ

Ц.Ойдов:  Эрдэнэт үйлдвэрээс үзлэг, шинжилгээний талаархи 62 хуудас бүхий материал бүрдүүлсэн гэж “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ-ынхан хэлж байна. Гэхдээ сая чи ч хэллээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмнэлэг сувилалын алба гэж. Энэ чинь хөндлөнгийн хяналт биш шүү дээ. Үйлдвэрээс цалинжиж, ажил амьдрал нь шалтгаалж байгаа учраас ийм тайлбар өгч байж ч болно. Гэтэл “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийнхөн шууд эсрэг баримт ярьдаг. Тэд хүнд металлд хордсон эмчлүүлэх шаардлагатай 12 мянган иргэдийн  252  хуудас бүхий баримтийг нэгтгэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандаж нөхөн олговор олгохыг шаардсан ч хордож нас барсан хүн байхгүй тул боломжгүй гэсэн хариуг өгөөд байна гэж байна.  Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад болон ХЭҮКомисст  зэрэгт нөхөн олговор олгох талаар шаардлагыг олон удаа хүргүүлсэн ч тусыг эс олжээ энэ хүмүүс. . Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 1-ний дотор эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, байгаль орчны нөлөөллийн судалгааг хийхийг шаарджээ.Бас л сураг чимээ алга. Энэ жил Аймгаас Эрдэнэт үйлдвэртэй хамтран 470 орчим хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэх боловч хариу нь гараагүй байгаа гэж албаныхан хэлж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор  сүүлийн жилүүдэд цагаан тоосны хаягдлын  талбай нэмэгдсэн. Боловсруулж буй хүдрийн 98 хувь нь Хаягдлын аж ахуйд хуримтлагдаж хоёр хувь нь баяжмал болон гадагш зарагддаг.  Хаягдлын аж ахуйн  далангийн түвшин өндөрсөж 20 метрт хүрэхээр байгаа нь  цагаан тоосны дэгдэлтийг улам ихэсгэж байна. Одоогоор 800-1000 мянган га талбайг хамарч цагаан тоос босч байна. Үүний 560 мянган га талбайг усаар шүршиж  норгодогч  ч үргүй зардал болсоор байна гэж хэлэхэд хилсдэхгүй. 2 белаз машин хаягдлын талбайг өдөр бүр 320 тонн усаар норгож их хэмжээний усаар цагаан тоос дарж буй ч  технологиос үүдэж тоостой талбай  үлдэж байна. Хятад улсын технологи болох  өтгөрүүлсэн хаягдал хаях секционний хаягдлын аж ахуй бий болгох гэх мэтчилэн тоос дарах, саармагжуулах олон туршилтыг сүүлийн жилүүдэд хийсэн. Үүний зардалд нь  1 тэрбум 300 мянган төгрөг зарцуулсан байна. Цагаан тоосны нөлөөллийн  бүсэд амьдарч  буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт 2006 оноос хойш 12 удаа оруулжээ. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд энэ бүсэд амьдраад дээд тал 30 орчим жил болсон байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдээс уушиг тоосжих өвчин илрээгүй гэх боловч үзлэгт хамрагдсан иргэдийн 70 орчим хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттой, арьсны төрөл бүрийн харшилтай гэсэн оноштой гарчээ. Мөн ургамлын бүтцэд цагаан тоос нөлөөлж буй эсэхийг судалсан ч гамшигийн хэмжээнд хүрээгүй гэдэг. Гэхдээ шинжилгээг хийж буй  лабортари нь үйлдвэрийн өөрийнх нь сувилалынх тул дүгнэлт нь туйлын үнэн гэж итэгэхэд бас бэрх.  Хөндлөнгийн шинжилгээний газраар нэг ч удаа шинжлүүлээгүй хирнээ хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн нөлөөлөл байхгүй гэж дүгнэдэг нь харамсалтай.  Ийм учраас Эрдэнэт хотын иргэд энэ бүсэд амьдарч эрүүл мэндээрээ хохирч байгаагийн хувьд нөхөн төлбөр “ЗААВАЛ” авах учиртай.

Сур: За тэгвэл ийм хэмжээний нөхөн олговор олгох чадал нөгөө ганц “саалийн үнээ” үйлдвэрт маань байгаа юмуу?

Ц.Ойдов: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Жастын Ш.Батхүүгийн өрийг 40 сая ам.доллар гаргаж төлсөн юм чинь иргэдийн нөхөн олговорт 37.4 сая ам.доллар гаргах чадал Эрдэнэт үйлдвэрт бий.Монголын татварын орлогыг бүрдүүлдэг ганц саалийн үнээ гэсэн нэрэн доор иргэдийн эрүүл мэндийг хохироох эрх “Эрдэнэт үйлдвэр”-т байхгүй.   Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр тоос дарах тухай ярьсаар байгаа ч иргэдийг хамгаалах тухай нэг удаа ч ярихгүй байна хэмээн Жаргалант сумын иргэн Батдорж, Цэцэгмаа хэлж байна.   Тоос дарах технологио сайжруулж,  нэвтрүүлдэг л юм байгаа биз. Харин 20-30 жилээр хордсон иргэдээ юугаар харж үзэж гийгүүлсэн юм бэ . Улсын төсвийг бүрдүүлэхийн тулд   100 гаруй мянган хүнийг эрүүл мэнд, эдийн засгаар  нь хохироох эрх  Эрдэнэт үйлдвэр болоод Монголын төрд байх ёсгүй. Тиймээс Эрдэнэтчүүд  жил бүр нөхөн олговор авах эрхтэй. 100 мянган хүнд жилд 1 хүнд 1 сая төгрөгийн нөхөн олговор олгоход нийтдээ 100 тэрбум төгрөг буюу 37.4 сая ам доллар л шаардлагатай. Эрдэнэт үйлдвэр энэ мөнгийг гаргах чадалтай гэдгээ аль хэдийн нотолчихсон. Монголын төр мөнгөгүй гэсэн хирнээ л У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Жастын Ш.Батхүүгийн өрийг нь төлж, бууж өгсөн. Үйлдвэрт болоод төрд ийм хэмжээний зардал гаргах боломж маш их байгаа. Тэгвэл 1 айл дундажаар 5-6 ам бүлтэй гэж бодох юм бол жилд үйлдвэрийн нөхөн олговор гэж 5-6 сая төгрөг авах нь. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, ажилладаггүй гээд хүн бүхэн хүртвэл ямар их санхүүгийн дэмжлэг болж чадах вэ. Жастын Батхүүгийн өртэй  дүйцхүйц хэмжээний мөнгийг жил бүр  гаргаж Орхончуудад нөхөн олговор олгож яагаад болохгүй гэж. Энэхүү уриалгыг маань Эрдэнэтчүүд дэмжинэ гэдэгт итгэж байна.

Сур: За бидний урилгыг хүлээн авч чухал сэдвээр ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье

Ц.Ойдов: Танай сайтын хамт олонд ч бас баярлалаа.  Энэ завшааныг ашиглаад нийт Эрдэнэтчүүддээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж санасан бүхэн нь сэтгэлчилэн бүтэж  амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй сайхан  ерөөлийг дэвшүүлье

Сур: За танд баярлалаа. Амжилт хүсье

Эх сурвалжETCITY.MN

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.