С.Солонго: Би амьдралдаа “Бүү ай, яг одоо л хий” гэдэг зарчмыг баримталдаг

   Эрдэнэтийн бүсгүйчүүдийг эерэг бүхэнд уриалсан С.Солонгоог энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. Орон нутагтаа “Solosafe” компанийг байгуулж, мебель тавилгын үйлдвэрлэл эхлүүлсэн тэрээр бусдаас хямд бөгөөд чанартай, шуурхай, өвөрмөц байхыг эрмэлзжээ. Бизнесийн салбарт өнгөлж яваа түүнийг “Эрдэнэтийн сайхан бүсгүй” группын админ гэдгээр эрхэм та андахгүй таних биз ээ.  

Танд өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа, та бүхэндээ мэнд хүргэе. Намайг Суваагийн Солонгоо гэдэг. Эцэг эхээс   дөрвүүлээ, айлын бага охин. Өөрийгөө эгэл жирийн ээж, бизнес эрхлэгч эмэгтэй, халамжит хань гэж боддог.Би унаган Эрдэнэтийн хүүхэд учраас хотдоо үнэхээр их хайртай.

-Сурагч, оюутан байсан үеэ эргэн дурсвал?

-Би Орхон аймгийн 5 дугаар сургуульд арван жилийн боловсрол эзэмшиж, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг уул уурхайн ашиглалт, технологийн инженер мэргэжлээр төгссөн. Ээж аавынхаа саналыг хүлээн авч, энэ мэргэжлийг сонгосон ч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Харин оюутан байхдаа бизнесийн салбарт илүү сонирхолтой гэдгээ мэдэж авсан.

-“Solosafe”-ийн Солонгоо гэдэг нэр бүсгүйчүүдэд илүүтэй танил, дотно сонсдох байх. Компаниа яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

-Одоогоос 5 жилийн өмнө нэг зүүд зүүдлэхдээ маш өндөр барилгын дээрээс цацарсан үзэсгэлэнтэй гэрлийг олж харсан. Яагаад ч юм, зүүд байсан болохоор тэр гэрлийн араас цацарч байгаа үгийг унштал “Solosafe” гэдэг үг байсан. Өглөө сэрээд тэр нэрээ интернетээс хайж үзтэл ашиглагдсан тохиолдол байгаагүй. Тэр явдлаас хойш сошиал нэрээ Solosafe Soko болгон өөрчилж, удалгүй улсын бүртгэлээс компанийн нэр шүүлгэхэд энэ нэр мөн л гараад ирсэн. Нэр өгсөн түүх ийм л байна.

-Тэгэхээр зүүдэнд ирсэн нэр гэсэн үг үү?

-Тийм ээ.Маш гоё өндөр барилга дээрээс нүд гялбатал гялалзаад л. Өглөө сэрээд маш хурдан дэвтэр дээрээ тэмдэглэж авсан. Тухайн үедээ орчуулж, интернетээс хайх зэргээр янз бүрээр оролдож үзсэн. Энэ нэрэндээ маш их хайртай.

-“Эрдэнэтийн сайхан бүсгүй” групп нээгдээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Чамгүй олон хандивын аян зохион байгууллаа. Анхных нь сэтгэлд тод үлддэг дээ?

-Нөхөр бид хоёр хорооллоос уруудаж явтал хүүхдээ тэвэрсэн залуу зам дээр зогсож байхтай таарсан. Бид хоёр арын суудалдаа суулгаж, замдаа жаахан яриа өдсөн хэрэг л дээ. Багахан зүйл асуутал хүнд нөхцөлд амьдардаг, хэцүү амьдралтай байж таарсан.  

Анхны хандивын аянаа хийгээд 5 жил боллоо. Тухайн үед 2 хүүхдийг нь иж бүрэн хувцаслаж, түлээ нүүрс зэрэг хэрэгцээний зүйлсээр өөрийнхөө хэмжээнд тусалсан. Хүн юу тарина, түүнийгээ хурааж авдаг учраас би буян үйлдэхийг хичээсээр ирсэн. Бид орлогынхоо 10 хувийг нийгмийн сайн үйлсэд зориулахаар шийдвэрлэн, сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудаа ихэвчлэн компанийнхаа нэр дээр хийж байна. Үндсэндээ манай компанийн тогтмол ажлын нэг болсон гэхэд болно. Хүмүүс анхандаа хориглож байсан ч бүгд хүлээн зөвшөөрсөн. Би ч хувь хүн талаасаа хориглох тусам хийхийг эрмэлзэж, “хийгээд алдах бол алдаад үзье” гэж шийдсэн. Энэ буянлаг ажил хэзээ ч зогсохгүй. Яг одоогоор Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эргэлтийн хаалгыг тохижуулахаар ажиллаж байна.

-Олон нийтийн ажил хийхэд бэрхшээлтэй зүйл гардаг уу?

-Олон нийтийн ажлын үр өгөөжийг эргэн харахад тухайн тусламж очиж байгаа иргэнд багахан ч болов тус болж байгаа гэж бодохоор мэдээж сайхан. Гэвч иргэдээс хардалт, сөрөг хандалт маш их ирдэг учраас орлого, зарлагаа ил тодоор тайлагнаж явдаг. Иргэдийн эсэргүүцэлтэй ч тулгардаг болохоор дараа дараагийн сайн үйлсийн аянаа зөвхөн “Solosafe” компаний нэрийн өмнөөс явуулах болно.

-Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт ойролцоогоор 2 жилийн өмнө 20-иод сая төгрөгөөр засварын ажил хийж байсныг санаж байна. Зарим иргэд маань энэ талаар ойлголт муу байх шиг санагдсан?

-Маш гоё асуулт байна. Бид 2 жилийн өмнө хаалгыг янзлаад хүлээлгэж өгсөн.  Би БОЭТ-ийн эргэлтийн хаалгаар ороогүй маш их удсан байсан. Аяныг эхлүүлэхээс 10-аад хоногийн өмнө найзыгаа эргэхээр эргэлтийн хаалгаар ороод маш их даарсан. Бас “Даарчих вий” гэж найздаа санаа зовоод, тухтай ч уулзаж чадаагүй.  Эрдэнэт хотод амьдарч байгаа хосууд шинэ төрсөн үрээ тийм орчинд хүлээж авна гэдэг таагүй шүү дээ. Эрдэнэт бол баялаг үйлдвэрлэгч хот. Гэтэл шинэ иргэнээ хүлээн авч байгаа орчныг хараад урам хугарч, энэ ажлыг эхлүүлэх нь зөв юм байна, би хийхгүй бол хэн санаачлах вэ гэж бодсон. Одоогийн байдлаар “Эрдэнэтийн сайхан бүсгүй” бүлгэмээс 7 сая 200 мянган төгрөг төвлөрүүлээд байна. Үүнээс 4 сая 200 мянган төгрөгөөр 1-4 дүгээр давхар хүртлэх шатанд хаалт хийж, 6 том цонхыг вакум болгосон. Мөн шатны бариул, вакум цонхны хаалт хийхээр ажиллаж байна. Дулаан татах, дотор заслын ажлууд дутуу байгаа.

-Ээжүүд энэ санаачилгыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээжүүд маань их дэмжсэн. Энэ дашрамд аянд нэгдсэн бүх бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлье.

-Хувь хүний харилцаа, хандлага чухал болсон өнөө үед харилцааны сургалт “нүдээ олсон” ажил  болох нь харагдаж байна. Хэдэн удаагийн сургалт явуулсан бэ?

-“Эрдэнэтийн сайхан бүсгүй” бүлгэм байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бүсгүйчүүдтэйгээ илүү тулж ажиллахыг эрмэлзсээр ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд “make up”-ын, сэтгэлзүйч Наранбаатартай хамтарсан гэр бүлийн болон хосуудад зориулсан 3 чиглэлээр, мөн Б.Бат-Эрдэнэ ахтай хамтарч Oogii flower-ийн гарааны биенесийн тухай сургалт явуулсан.

-Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн талаар их ярьдаг ч тэдэнд цаг гаргах нь багасч, хүүхэд гадаад орчин, нийгэм, найз нөхдөөсөө хүмүүжил авдаг болсон юм шиг ээ. Энэ асуудлыг ээж хүний хувьд яаж шийддэг вэ?

-Би аль болох хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх юмсан гэж мөрөөддөг. Ажлын ачаалал ихтэй байдаг учраас байнга хамт байж чаддаггүй, завгүй ээж нарын нэг л дээ. Энэ асуудлаа шийдэхийн тулд хүүхэд асрагч авсан. Миний хүүг маш их итгэл хүлээсэн сайн хүн хардаг учраас  санаа зовдоггүй. Өөрийн зүгээс хийж чадах бүхнээ зориулахыг хичээдэг. Гэхдээ хүүхдийн хүмүүжил өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болсон уу гэвэл болсон шүү 

-Нийгмийн стресст яаж хандаж байна вэ?

-Хүчтэй нь хүчгүйгээ, алдартай нь жирийн нэгнийг дээрэлхэхийг би тэвчдэггүй. Ер нь бусад асуудалд оролцолгүйгээр өөрийгөө стрессээс ангид байлгахыг хичээдэг.

-Хамгийн сүүлд уулга алдтал баярлуулсан хүн бий юу?

-Өдөр бүр л баярладаг. Нөхрөөс гадна манай бүлгэмийн бүсгүйчүүд маш их баярлуулдаг.

-Ээжтэйгээ өнгөрүүлсэн нандин дурсамжийг бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ээж минь бурханы оронд залраад 10 гаруй жил болж байна. Ээжтэйгээ байхдаа би үнэхээр омголон, юуг ч дэнсэлж боддоггүй байснаа ухаарсан. Ээжийнхээ нэрийг муу зүйлээр огт гаргаагүй болохоор тэнгэрийн орноос охиноо хараад баярладаг гэдэгт итгэлтэй байдаг.Хүн ээжтэйгээ байхдаа хамгийн баян хүн байдаг юм шиг санагддаг.

 Эргэн тойрондоо гэлтгүй сошиал орчинд хүмүүс хоорондын итгэлцлийн асуудал маш их байгаа нь харагддаг. Хүнд их сэтгэл гаргавал эргэж түүн шигээ ирдэггүй гэдэг үг "Хит" болж байх шиг таны бодол?

-Би өчигдөрхөн “Хүнд маш их сэтгэл гаргадаг” өөрийн нэг том дутагдлыг олж харсан. Тухайн хүн миний бодож төсөөлсөн тэр их сэтгэлийг аваагүй юм шиг зан гаргахад урам маш их хугардгийг мэдсэн гэх үү дээ. Энэ зангаа засах хэрэгтэй юм байна. 2012 онд хувийн цэцэрлэг нээж байлаа. Нэг жил орчим хугацаа өнгөрсний дараа “Би маш хэцүү амьдралтай болохоор охиноо харангаа багш, мөн тогоочийн ажил давхар хийе” гэсэн санал хүлээн авсан. Саналыг нь ч хүлээж аваад ажиллуулж үзсэн. Гэтэл хоолны амт чанар дээр асуудал гарч, би зүй ёсны шаардлага тавихад Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл бичээд өгчихсөн байж билээ. Хамгийн гомдмоор зүйл нь өргөдөлдөө намайг маш муухайгаар хэлж, хийгээгүй үйлдлийг минь хийсэн болгож бичсэн байсан. Энэ явдлаас болж цэцэрлэг маань хаагдаж, мөнгөн торгууль тавигдсан. Гэвч би хашраагүй. Одоог хүртэл ажилчдадаа чин сэтгэл гаргадаг хэвээрээ. Итгэл сэтгэлийг минь дааж яваа олон ч хүн бий. Юман чинээ боддоггүй хүмүүс ч бий. Тиймээс энэ байдлаа жаахан өөрчилье гэж бодсон.

-Жүжигчин Ундармаа эмнэлгүүдийг тохижуулах ажлыг маш их хийсэн. Тийм ч учраас хүмүүс таныг “Эрдэнэтийн Ундармаа” гэж ярьдаг юм билээ?

-Ямар гоё юм бэ (инээв). Одоогоор хотынхоо хэмжээнд 11 сайн үйл хийсэн. Хамгийн том нь одоо явагдаж байгаа БОЭТ-ийн эргэлтийн тасгийн ажил юм. Үүнээс хойшхи ажлыг зөвхөн компаниасаа мөнгө гаргаж явуулахаар шийдсэн.

-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ? Хэзээ хамгийн сүүлд өөртэйгөө ярилцав?

-Өглөө бүр тухайн өдрийн ажлаа дүгнэхдээ өөртэйгөө ярилцдаг. Үргэлж өөртөө хэлдэг ганц зүйл бий. Амьдралдаа “Бүү ай, яг одоо л хий” гэдэг зарчмыг баримталж явдаг. Хамт олондоо ч энэ үгийг байнга хэлдэг.

-Нийгэм дэх залуу гэр бүлийн салалтад эмэгтэйчүүдийг буруутгах хандлага их гардаг. Таны бодлоор?

-Би нөхөртэйгөө арван жилийн сургуульд сурагч байх үеэсээ үерхэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 16 жил хамт амьдарч байна. Салалтыг юу гэж хардаг вэ гэхээр, хүнээ сайн таних хэрэгтэй л гэж боддог. Хүүхэдгүй байгаа дээрээ хэрэлдэж, муудалцаж, хосуудын давах асуудлуудыг хамтдаа давах гээд үз. Тэгээд л болохгүй бол үерхлийн шатнаасаа буцах хэрэгтэй. Бид хоёр танилцаад 7 жилийн дараа хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд маш олон зүйлийг хамтдаа давж, надад нөхрөөс минь ирэх бүхий л зан аашийг үзээд, хамгийн сүүлд нь “Энэ хүн бол миний заяаны хань мөн” гэж бодсон. Залуустаа ч захимаар санагдаад байдаг юм. Үерхэж байх хугацаандаа бүхнийг үз, нэгнээ тань, хамгийн сүүлийн шийдвэр чинь хүүхэд байвал зөв юм шүү. Бас нэг зүйлийг залуу хосуудаас олж хардаг. Тэр нь дундаа маш том хана босгочихсон байдаг. Нэвтрэхийн аргагүй хана босгочихоод хоорондоо огт ярилцдаггүй. Бид хоёрын баримталдаг гол зарчим бол илэн далангүй ярилцах. Хоорондоо ярилцах хамгийн чухал шүү. Ярилцана гэдэг нь ид шидтэй арга, эм л гэсэн үг.

-Эмэгтэй, эрэгтэй хүн байгалиасаа өөр өгөгдөлтэй, зан ааш нь ч эрс тэс. Гэтэл эрүүл мэндийн асуудалд дээрх хүчин зүйлс чухал нөлөөлөөд байх шиг?   

-Эр хүн яг л хүүхэд шиг санагддаг. Манай нөхрийн хувьд баргийн зүйлийг тоодоггүй, их борог хүн л дээ. Тиймээс эхнэрүүд маань нөхөртөө маш их анхаарал тавих ёстой гэж боддог. Миний нүүр номын хамгийн дээд хэсэгт “Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг үг бий. 

Хэн хэн нь эрүүл мэнддээ анхаарч явахгүй бол залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөж яав ч болохгүй л гэж боддог.

-Таны амжилтын нууц юу вэ?

-Миний хамгийн том давуу чанар бол 1,2 насаар ч хамаагүй ахмад хүн үг хэлсэн л бол өөртөө маш сайн тусгаж, шүүмжлэлийг эерэг талаас нь хүлээн авдаг. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээж, амжилтын минь эх үндэс болсон юм болов уу.

-Эмэгтэйчүүдийн карьерт тээглэдэг зүйл нь юу байдаг юм бол?

-Наад захын жишээ гэхэд, хүүхэд харах хүнгүй байгаа нь асуудал. Миний ард маш том баг байдаг учраас би их санаа амар ажилладаг. Нарийн бичиг бүх ажлыг төлөвлөж, асрагч 2 хүүхдийг маань маш сайн харж өгдөг. Энэ бүх л хүмүүстээ талархахгүй байхын аргагүй л дээ.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. “Хүсэл тэмүүлэлд тань хязгаар гэж бүү байг” гэсэн ерөөлийн үгээр энэ удаагийн ярилцлагаа өндөрлье?

-Баярлалаа. Намайг таньдаг бүх хүмүүстээ маш их баярлаж явдгаа илэрхийлье. Маргаашийн гэрэлт нарыг хамтдаа угтан, Эрдэнэтчүүддээ олон сайхан зүйлээр бэлэг барьж, хэн нэгний сэтгэлд гэрэл асаахдаа үргэлж баяртай байх болно. 

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

uneheer daichin caihan cetgeltei ogoomoor chadaltai busgui shu.goe yriltslaga boljee

bolor

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.