​Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг дэлхийн зарим улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр энэ сарын 8 ны өдөр  тохионо. Энэ өдрийг энэ жил Монгол улс албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэхгүй билээ. Угтаа энэ өдрийг  НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог байна.

Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью Йорк хотод 15.000 орчим эмэгтэйчүүд бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагсаал хийсэн байна. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн байна.

Харин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ. Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна.Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ.Дэлхийн зарим оронд тус өдрийг хэрхэн тэмдэглэдэг бэ?

ОРОС

Манай хойд хөрш ОХУ энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч баярын үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжилж бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг байна.

ХЯТАД

Хятадын Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан байдаг аж. Гэхдээ ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг байна.

ИТАЛИ

Итали улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэмдэглэж эхэлжээ. Тэд энэ өдрийг “la Festa della Donna” гэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “mimosa” цэцэг бэлэглэдэг байна.

АНУ

Харин АНУ-д зөвхөн энэ өдрийг бус гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг аж. Жил бүрийн гуравдугаар сарын найманд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг байна.

Сүүлийн нэг жил хагасын хугацаанд олон сая эмэгтэйчүүд “#metoo”-г ашиглан цахим сүлжээнд өөрийн үзэл боодлоо илэрхийлэх болсон юм. Эмэгтэйчүүд тус үгийг ашиглан өөртөө тохиолдсон хүчирхийлэл, ажлын байрны дарамтад өртөж байсан талаараа хуваалцаж эхэлсэн нь хэний ч төсөөлөөгүй өргөн цар хүрээтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн болж өргөжсөн байна. Тус хөдөлгөөн ч бодит үр дүнгээ өгч байгааг Франц, Хятад болон Хойд Солонгосын жишээнүүдээс харж болох юм. Мөн АНУ-ын дунд шатны сонгуулиар түүхэнд байгаагүй олон эмэгтэй хүн Конгресст сонгогдсон байна.

Өөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд олон улсын эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байдаг бөгөөд энэ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тохиодог байна. Анх 1990 оноос эхлэн дэлхийн 60 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн ч НҮБ-ын зүгээс албан ёсны баярт тооцдоггүй байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.