Д.ҮҮРИЙНТУЯА: Яагаад ч юм, эцэг эхийнхээ үрээ гэсэн агуу сэтгэлээр бахархах мэдрэмж төрж, нулимсаа залгиж билээ

 Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа “Хэн нь хэн бэ” нэвтрүүлгийн хойморт уригдаж, зочноор оролцлоо. Олон Улсын Эмэгтэйчүүдийн   эрхийг хамгаалах өдөрт зориулсан шинэхэн ярилцлагаа уншигч танд хүргэж байна.

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та бодлоор Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн утга учир нь юу вэ? Энэ баярыг тэмдэглэж байсан өөрийн дурсамжаас хуваалцахгүй юу?

-Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ныг манайхан сайн мэднэ. Миний хувьд энэ баярыг бүтээлчээр тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэсэн өдөр тод томруун санагддаг юм. Би Эрдэнэт хотод ирж ажиллаж амьдрах хугацаандаа Монголын Залуучуудын холбооны Орхон аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллах боломж олдсон. Энд ажиллахдаа Залуучуудын холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүдийн клубыг байгуулан ажиллаж байлаа. 2016 оны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийн дуу хоолой, тэдний санал санаачилгыг төр засгийн  бодлого, шийдвэрт хэрэгжүүлж ажиллаасай гэдэг үүднээс Найрамдлын өндөрлөгөөс Хүүхдийн ордон хүртэл тайван жагсаал хийсэн. Мөн 400 гаруй хүний гарын үсэг цуглуулж, жагсаал хийх явцад яригдсан, тулгамдсан асуудлаа нэгтгэн, тухайн үеийн аймгийн удирдлагуудад гардуулж байсан баяр сэтгэлд тод үлджээ.

Би энэ өдрийг эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэхээс илүүтэй ээжтэйгээ ойр байхыг хичээдэг. Хамгийн түрүүнд ээжийгээ зориод очдог байсан бол одоо хүссэний зоргоор очих боломж бага байна. Эрдэнэтэд амьдрах болсон цагаасаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, эмэгтэйчүүдийг нэгдмэл байлгахын төлөөх ажилд цаг заваа зарцуулах юмсан гэж бодох болсон.

-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллах хугацаандаа та ямар ажлууд амжуулав?

-2018 оны 10 дугаар сард Монголын Эмэгтэйчүүдийн холбооны шинэ бүрэлдэхүүнийг батлахад миний бие тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Орон нутаг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх үедээ “Аймгийнхаа эмэгтэйчүүдийн байгууллагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэсэн үүрэг даалгавар авч,  Эмэгтэйчүүдийн зөвлөлийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Ингээд 2019 оны 2 дугаар сард Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл шинэчлэн байгуулагдаж, өнөөгийн бүтэц бүрэлдэхүүнийг сонгон, надад Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллах итгэл хүлээлгэсэн. Бүтэн нэг жилийн хугацаанд 15 тэргүүлэгчийнхээ хамтаар багагүй ажил амжууллаа.

Юуны өмнө эмэгтэйчүүдийн чуулганыг хэд хэдэн сургалтын хамтаар зохион байгуулсан. “Айл” төслийн хүрээнд Дэлхийн Зөн ОУБ, “ Номин” ТВ-тэй хамтран хүүхдүүдийн дунд захидлын уралдаан явуулж, 2000 орчим захианаас 200-аад захиаг нэгтгэж, “Аав ээжээ намайг сонсооч” номыг эмхэтгэн гаргасан. Энэ жилийн баярын тухайд номоо олон хувь хэвлэж, хүүхдээр дамжуулан эцэг эхчүүдэд нөлөөлөх бодолтой байсан ч дэлхий нийтэд гарсан шинэ төрлийн халдварт өвчний улмаас харамсалтай нь чадсангүй.

-Таныг хэвлэл мэдээлийн хэрэгслээр гараад байдаггүйг Эрдэнэтчүүд мэдэх байх. Тиймдээ ч танилцъя гэж бодлоо. Уугуул, суугуул нутгийн тань яриагаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хүн ер нь аавынхаа нутгаар овоглодог шүү дээ. Аавыг минь Д.Доржсүрэн, ээжийг Ч.Нямхүү гэдэг. Миний аав Өвөрхангай аймгийн Уянга сум, ээж Баянхонгор аймгийн Эрдэнэцогтынх. Аав ээж минь цэргийн хүмүүс байсан болохоор би Төв аймгийн Лүн суманд мэндэлсэн. Би өөрийгөө төв халхын монгол бүсгүй гэж боддог. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж үг бий. Намайг ой гарантай байхад аав ээж хоёр минь Говьсүмбэр аймаг руу шилжиж, миний бага нас Чойрт өнгөрсөн байдаг юм. Ингэж л Говьсүмбэр аймагтаа 10 жилийн сургуулиа төгсөж, өсөж өндийсөн хүн дээ. Их сургуулиа төгсөөд 10 аймагтаа 10 жил ажилласан. Миний ажил, амьдрал Чойртой салшгүй холбоотой болохоор “Би Говьсүмбэрийнх” гэж хэлэх дуртай.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би дээрээ 2 ах, 3 эгчтэй, айлын отгон охин.

-Эмэгтэйчүүд нийтээрээ ямар нэг зүйл хийж, орлогын эх үүсвэртэй болохыг эрмэлздэг болжээ. Гэвч нийгэм тэднийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ асрахыг шаардаж байна. Та ээж хүнийхээ хувьд энэ байдал дээр юу хэлэх вэ? 

-Монголчуудын эмэгтэйчүүдийн ген байна уу даа гэж хардаг. Эртнээс нүүдэлчин удамтай манай ард түмэн эмэгтэйчүүд нь гэр орноо өөд татаж, эр хүн ан гөрөө хийж амьдралаа авч явдаг уламжлалт соёлтой. Ахуй амьдралынхаа хувьд оролцоотой байдаг нь удмынх учраас манайхан илүү хөдөлмөрч байдаг болов уу. 2019 оны 3 дугаар сарын 5-нд зохион багуулсан арга хэмжээний хүрээнд Монголын боловсролыг дэлхийн хэмжээнд гаргахаар амжилттай яваа Монгол бүсгүйг урьж лекц уншуулсан юм. Тэрээр, Монгол бүсгүйчүүдийн өөрийнхөө үүргийг ухамсарлан ойлгож, тэр хэмжээгээр өрх гэртээ нэмэр болж явдаг зан чанар нь дэлхийн хаана ч байхгүй болохыг илтгэлдээ онцолсон. Энэ чанараас бид холдож чадахгүй. АНУ-ын эмэгтэйчүүд “Би эрчүүдээс юугаараа дутах юм” гэсэн хүйсийн адил тэгш хандлага гаргадаг. Гэтэл үр хүүхдэдээ үлгэр дууриал болж, Монгол өрх гэр болж явахын онцлог нь эмэгтэйчүүд чадах зүйлээ хийж, чадах байсан ч зарим зүйлийг эр хүнээр хийлгэдэг онцлогтой. Аливааг хамтарч хийх нь гэр бүлийн бат бөх харилцааг бүрдүүлэхэд чухал оролцоотой учраас Монгол гэр бүл гэр бүлийн үнэ цэн дээр оршин тогтдог. Эмэгтэй хүн ямар байхаас тухайн айлын өнгө харагддаг гэж үг бий. Тэр утгаараа Монгол бүсгүйчүүдээ гадныхантай харьцуулахад давуу тал олон. Энэ мөн чанараа бид хадгалж явах ёстой.

-Хэдэн хүүхэдтэй вэ? Таны хүмүүжлийн арга барил юу вэ?

-Манайх 3 хүүхэдтэй. Том нь охин, хоёр бага нь хүү. Надад их сайн хань заяасан. Магадгүй, ээж, эзэгтэй хүнийхээ хувьд хангалттай сайн байж чаддаггүй байх. Хоногийн 24 цагийн хэд нь албаных, хэд нь аминых болохыг ялгаж чадахаа байгаад удаж байна. Гэртээ зарцуулах цаг бага байгаа ч гаргасан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг боддог. Хүүхдийн хүмүүжлийг өөрөөр харах цаг нь болсон. Би аль болох өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Ханийн минь гаргасан дүрэм гэрт мөрдөгдөж, манайхан оройн 21.00 цагт бүгд утсаа хураалгадаг байх жишээтэй. Гэрийн дүрэм хийе гээд хүүхдээсээ санал авах нь оновчтой.

-Өмнөх төрийн албан хаагч Д.Үүрийнтуяа, өнөөгийн Д.Үүрийнтуяагийн хооронд хэр ялгаа оршиж байна. Зорилго мөрөөдөл хэрхэн өөрчлөгдөв.

-Би Говьсүмбэр аймагт 10 жил ажиллахдаа мэргэжлийн хяналтын салбарт ажилласан. Санхүүгийн хяналтын байцаагчаас тасгийн дарга, хэлтсийн даргын ажлыг хийсэн. 2011 онд Мэргэжлийн хяналтын газрын дарга болж байсан. Аав минь тэр үед “Гэрийн эзэгтэй Үүрийнтуяа биш, төрийн эзэгтэй Үүрийнтуяа боллоо. Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залсан хүнд хар цагаан хэл ам хүрдэггүй гэдэг. Аав ээж хоёр нь тэр л зарчмаар явж ирсэн. Миний охин төрийн сүлдээ өрөөндөө залчихаад залбирч явахад ажил нь бүтэх болно” гэж хэлж билээ. Төрийн эзэгтэй гэдэг үг намайг хурцалж, аливаа зүйлийг илүү томоор харах ёстойг ухааруулсан. Тэр хэмжээнд хичээн ажиллаж, аймагтаа тодорхой үр дүн гаргаж ажилласан гэж боддог. Тэр үед авсан эрч хүч өнөөдөр ч намайг хөглөсөөр яваа байх.

Хүн нийгмийн идэвхитэй байх ёстой гэж би хувьдаа үздэг. Тиймээс ч “Нийгэмд юу хийж чадах юм бэ” гэж өөрөөсөө асууж, ажиллахыг хичээж явна. Хүн тасралтгүй хөгжих ёстой гэсэн зорилго надад бий. Энэ чиглэлээр эрдмийн ажил ч бичсэн. Удахгүй хамгаална. Энэ оны эхний хагаст докторын зэргээ хамгаалахаар зорилго тавиад байна. Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэр гэдэг том айлын санхүү, эдийн засаг, экспорт, импорттой холбоотой асуудал, мөн Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа хэрхэн харагдах вэ гэсэн маркетингтай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд цаг нараа ажилдаа зориулах ёстой гэж ойлгодог. Гэр бүл, хань ижил, үр хүүхэд маань үүнийг ойлгодог. Үйлдвэрийн Ерөнхий захирал болоод бусад орлогч захирлуудын түвшинд маш сайн хамтарч, уурхайчин хамт олон маань дэмжиж байхад бүх хүч чадлаа дайчлан ажиллах юмсан гэж боддог.

-Зорилго гэдэг зүйл хүнийг хүсэл тэмүүлэлтэй болгодог юм шиг санагддаг?

-Миний хувьд тавьсан зорилго маш олон бий. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд санаж сэдэж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг гаргах, тодорхой хэмжээнд үйлдвэрийн үйл ажиллагаа сайжирч байж цаашид урт хугацаанд ажиллах нөхцөл бүрдэх учраас энэ цаг хугацаанд санхүүгийн нөөц боломжийг зөв ашиглаж, тодорхой үр дүн гаргаж ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр, нийгмийн хүрээнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн байгууллагыг хөл дээр нь босгож, үйл ажиллагааг нь тогтворжуулах хэрэгтэй байна. Ирэх онд чуулганаа хийнэ. Дараагийн тэргүүн, тэргүүлэгчийг сонгон ажиллах эрхийг аймгийн эмэгтэйчүүддээ олгоно. Хэн ч ажилласан бай ажил нь жигдрээд явчих хэмжээнд хүргэх нь миний нэг зорилго.

-Таны хүндэлж явдаг, үлгэр дуурайл авдаг эмэгтэй хэн бэ?

-Олон сайхан бүсгүйчүүд байна. Би муухай эмэгтэй хүн байдаг гэж боддоггүй. Харин ч нэгдвэл асар их хүч тэднээс гарна. Гол нь атаархлаа цагаахан байлгаасай гэж боддог. Би МЭХ-ны тэргүүн асан Мөнхөө гуайг их хүндэлж, дуурайл болгон явахыг эрхэмлэдэг. Тэр хүний энд хүрдэггүй юмаа гэхэд тэр хүнээс авах ёстой зүйлийг өвлөж, сурах ёстой зүйлийг сурах юмсан гэж боддог. Олон удаа уулзаж байсан. Эмэгтэйчүүдийн асуудлаар их ярилцсан. Үгний цаана үг байгаа санагддаг.

-Эмэгтэйчүүдийн цагаан атаа, нэгэндээ гомдож тунисан байдал нийгэмд  их харагддаг болсон. Ажил, амьдрал дээр үүнийг яаж зохицуулах ёстой юм бол?

-Ардчиллын суурь зарчим болох нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэх зарчмыг л барих байх даа. Би хувь хүнийхээ талаасаа харахад амьдрал дээр цагаан атаа байж болно, гэхдээ зөв байх ёстой. Атаархал хүнд урам зориг өгдөг байх ёстой. Хэн нэгнийг өөрөөсөө илүү гэж бодож байвал тэр хэмжээнд хүртэл өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хүний амжилт юунд байна вэ гэдгийг олж харах л хамгийн зөв атаархал байх. Хүн байна гэдэг хүний амжилтаар бахархаж, баярлаж, дэмждэг байх ёстой болов уу.

-Та хамгийн сүүлд хэзээ ээжтэйгээ  халуун яриа өрнүүлж суусан бэ?Ээжийнхээ гарын хоолыг идээд хууч хөөрөх бас сайхан шүү дээ

-Өнгөрсөн 4 дүгээр сард энэ албанд томилогдож, Улаанбаатар хотод томилолттой явж байхад аав ээж хоёр минь надтай уулзахаар зорьж ирсэн. Бид гурав Төлөөлөгчийн газрын хажууханд хамт сууж хоол идсэн дээ. “Аав ээжийнхээ буянаар, та хоёрынхоо өгсөн хүмүүжлээр охин нь сайн сайхан, өдий зэрэгтэй явж, энэ том үйлдвэрийн хариуцлагатай албанд томилогдлоо” гээд би зориж очиж уулзах ёстой байсан юмаа гэж хэлэхэд, “Аав ээж хоёр нь охиноо мэдэж байгаа болохоор хүрээд ирлээ” гээд надтай уулзаж, аяга хоол идээд таксинд суугаад гэр лүүгээ буцсан. Яагаад ч юм, тэр үед эцэг эхийнхээ үрээ гэсэн сэтгэлээр бахархах мэдрэмж төрж, нулимсаа залгиж билээ.

-Аав ээждээ цаг гаргаж чадахгүй байгаа гэж бодохоор хатуу санагддаг уу?

-Би чинь айлын отгон хүүхэд шүү дээ. Хоёр хөгшнөө бодохоор уйлах гээд байдаг юм. Цаг гаргаж чадахгүй байгаадаа гэмших сэтгэл төрдөг шүү. Манайхыг зорьж ирсэн ч би өглөө ажилдаа гараад явчихна. Нэг ирээд 2 хоноход нь өглөө унтаж байхад нь гараад орой унтсан үед нь гэртээ ирэх жишээтэй.. Цагаан сарыг манайхан их өргөн тэмдэглэдэг. Энэ жилийн баяр хорио цээр тогтоосны улмаас очиж золгож чадаагүй л байна. Утсаар аль болох ярихыг хичээдэг ч заримдаа долоо хоног утсаар огт ярих зав гараагүй сууж байх үе ч бий

-Та айлын бэр хүн эмэгтэйчүүд бид бүгд л айлын бэр болдог. Бэр хүн ямар байх ёстой гэж та боддог бэ?

-Айлын бага хүүтэй суусан болохоор бага бэр нь. Манай хадамууд төрсөн аав ээжээс минь өөрцгүй сайхан хүмүүс бий. Тэдэндээ бага цаг гаргадаг ч ажлыг минь ойлгодог. Өөрийн охиноос дутуугүй хайрлаж байгаа хүмүүсийг би аав ээж шигээ хүндэлж хайрлах учиртай. Эрдэнэ шиг сайхан үр нь миний дэргэд байгаа шүү дээ.Тиймээс хүндлэл их байх ёстой гэж дотроо бодож явдаг. Төрд ажилладаг байхдаа хадам аав ээж дээрээ  амралтаараа  заавал очиж 10 хонодог байсан ч одоохондоо амжихгүй л байна. Хааяа даа эмэгтэйчүүд бид  зэмлэл хүртэх юмуу үг сонсох тал дээр алддаг байж магад. Гомдох туних зүйл хүний л хорвоо болсон хойно байж л таараа гол нь тэрхэн зуурын зэмлэл гомдол хоёрыг тэсээд ууч сэтгэлээр хүлээгээд авчих юм бол сэтгэл тайван ойлголцоход ямар ч саад гарахгүй байх.

-Сэтгэл итгэлээр дутсан тэр нэгэн эмэгтэйд дэм өгөх хэрэгтэй юм байна гэдгийг та бидний ярилцлагаар дамжуулан ойлгож суулаа. Ээждээ цэцэг бариад очихоос гадна сэтгэлийг үгийн сонсож  эргэн тойрондоо байгаа найз нөхөд, хамт олон эгчийгээ, дүүгээ хараад нэг  үзээрэй. Тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй бол заавал зориг гарган чин сэтгэлээсээ энэ өдөр ярилцаарай гэж захиад сүүлийн асуултыг танд үлдээе?

-Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг угтан ярилцсанд баярлалаа. Эмэгтэй хүн бол хайр түгээгч. Эргэн тойрондоо байгаа бүх зүйлд хайр түгээгээсэй. Энэ жилийн баярын өдөр нүүр нүүрээ харан уулзаж, ярилцаж чадахгүй байгаа хэдий ч бүсгүйчүүд маань цахим ертөнцөөр нэгэндээ сэтгэлийн дэм өгч, хайр түгээж, эерэг хандлага түгээж чадна. Та бүхнийгээ эерэг бүхэнд уриалъя.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

ёстой дажгүй хүүхэн байна мэдлэгтэй

сонин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Баярлалаа сайхан ярилцлага бна тийм шүү гэж хэлчий амжилт итгэж найдаж явдаг Мөнхөө гуай шиг олон эмэгтэйн амьдрал бас хандлагаар өөрчлөх маш их ажил хийгээрэй дэмжиж бна

Ж.Өлзийбүрэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.