Тодруулга:Орлого нь тасалдаж, зээлээ төлөх боломжгүй болсноо нотолсноор ББСБ, ХЗХ-ныхоо зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гараг(2020 оны гуравдугаар сарын 18)-ийн хуралдааны дараа шинэ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор Зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснээ мэдээлсэн. Үүнд арилжааны банкууд болон ББСБ, ХЗХ багтаж байгааг хэлж байв.

Ингэснээр зээлийн ангилал тус бүрийг хойшлуулах нөхцөл үүссэн. Товчхондоо иргэд, аж ахуйн нэгжүүдийн үндсэн зээл болон хүүгийн төлөлөлтийг гурван сараар хойшлуулахаар болсон. 

Гэтэл ББСБ зээл төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэнгээс тодрууллаа. 

-Зээл төлөлттэй холбоотой шинэ гарсан журмаар иргэд тухайн зээл авсан байгууллагатайгаа холбогдоод гэрээндээ өөрчлөлт оруулж, гурван сараар төлөлтөө хойшлуулах боломжтой гэж ойлгоод буй. Гэтэл ББСБ тийм зүйл байхгүй гэсэн тайлбар өгсөн байна. Энэ талаар СЗХ хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө журам нь ямар учиртай талаар тайлбар хэлье. “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-д өөрчлөлт орж байгаа. Ингэснээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ хугацаандаа төлөхгүй нэг хоногоор хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн ангилалд ордог байсан бол 120 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй байхаар, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийг 181 хоногоос дээш хугацаагаар тооцохоор болж байгаа юм.

Энэ нь орлого нь тасалдсан буюу зээлээ төлөх боломжгүй болсон иргэд Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдэх эрсдлээс хамгаалах шийдвэр. 

-Зээлээ төлөх боломжгүй, орлого нь тасалдсан иргэд гэж та хэллээ. Энэ талаар илүү тодруулахгүй юу?

-Халдварт өвчний үеийн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дэмжлэг болох зорилготой энэ шийдвэрээр далимдуулж боломжтой хэрнээ зээлээ төлөхгүй байвал санхүүгийн зах зээлээ татаж унагах эрсдэлтэй. Ийм учраас тухайн зээлдэгч орлого нь тасалдсан гэдгээ нотлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ББСБ судлаад таны орлого тасарсан, үнэхээр зээлээ төлөх боломжгүй байвал харилцан тохироод зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулна гэсэн үг. Өмнө нь хоёр удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, төлөлтийн хугацааг хойшлуулсан бол тухайн зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилждэг байсан бол журамд түр өөрчлөлт оруулснаар заасан хугацаанд хэдэн ч удаа өөрчлөх боломжтой болж байгаа. 

Харин төрийн албан хаагчид ч юм уу, хүнсний дэлгүүр ажиллуулдаг ч юм уу, цалин, орлогоо хэвийн олоод явж байгаа хүмүүс зээлээ төлөөд явна. Яагаад гэвэл орлого нь тасалдаагүй тул зээл төлөлтийн хугацааг өөрчлөх үндэслэлгүй байна гэсэн үг. Тиймээс харилцагч бүрийн нөхцөл байдлыг судлах шаардлагатай болно гэлээ. 

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.