Хутагт ламын Ганданшадүвлин хийдийн хамба лам Ж.Ширнэн: Орхон аймаг төв хийд рүүгээ чиглэсэн дэмжлэг байдаггүй

Орхон аймгийн Бурхан шашинтны төв Хутагт ламын Ганданшадүвлин хийдийн хамба лам Ж.Ширнэнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна

-Сүсэгтэн олны сэтгэлийг номын дуугаар баясгаж, цаглашгүй буяныг хураахад чиглүүлэгч болсон Ганданшадүвлин хийдийн үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе гэж бодож байна?

-Бид өнгөрсөн онд Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг анх удаа орон нутагтаа зохион байгууллаа. Тэргүүн лам нарын зөвлөл нь 21 аймгийн төв хийдүүдийн хамба нар, Улаанбаатар хотын 9 дүүргийн төв хийдүүдийн хамба нар, Амарбаясгалан, Дамбадаржаа, Эрдэнэзуу, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хамба лам, Да лам гэсэн 35 хүнээс бүрэлддэг юм. Үндсэндээ тус зөвлөлийг шашны дээд удирдах байгууллага гэж үздэг. Хурлыг 1992 оноос хойш төв Гандан дээр хавар, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 2017 оноос намрын хурлыг аль нэг аймгийн хийдэд зохион байгуулдаг уламжлал тогтсон. Улмаар 2017 онд Өвөрхангай, 2018 онд Сүхбаатар, 2019 онд Орхон аймагт зохион байгууллаа. Энэ том арга хэмжээг өөрийн хийдэд зохион байгуулах нь бидний хувьд чухал үйл явдал болсон.

Сүсэгтэн олон лам хүнийг зүгээр нэг ном уншаад суудаг гэж боддог байх. Гэтэл тэр хүний дотоодод олон нууц бий. Олон нийтийн хандлага цаг үеэ даган өөрчлөгдөж, лам нарыг зөвхөн ном унших, сан тавих, засал ном хийдэг хүн гэдгээр харж байна. Гэтэл лам хүн бурханы шашны суурь онол нь юу байх вэ, үйлийн үрийн болон шүтэн барилдлагын онолын талаар мэдлэгээ тэлж суудаг. Бид өнөөдөр юу тарина, түүнийгээ хурааж авдаг шүү дээ. Тэр утгаараа буддын шашинтай хүн өнөөдрөөс илүү маргааш яаж сайн хүн болох вэ, бусдад тус хүргэхгүй юмаа гэхэд яаж гэм хүргэхгүй байх вэ зэрэг өөрийн алдаа дутагдал дээр ихээхэн ажилласан. Өнөө цагт хийд нь зовох цагтаа ирж ном уншуулдаг газар л болчихоод байх шиг санагддаг.

Бид 2019 онд иргэд, олон нийт рүү чиглэсэн “Сүсэгтний холбоо”-г байгуулсан.  Тус холбооны шугамаар хийддээ өрөө гаргаж, хавар, намрын улиралд шашны танин мэдэхүйн хичээл орж байна. Мөн Технологийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад зориулан сүүлийн хоёр жилийн турш зөв амьдрах ухааны хичээл орж эхэлсэн.

-Өнөөдрийн байдлаар хичнээн лам хуваргатай вэ? Лам нарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Энэ зууны эхэнд буддын шашны лам нарын тоо 110 мянга байсан гэх тэмдэглэл бий. Гэтэл хэлмэгдэлтийн шуурганд олон лам нараа алдсаныг түүхийн шаргал хуудас бидэнд сануулдаг. 1990 оны эхээр шашин нээлттэй болж, буддын шашныг дахин сэргээсэн гэж үздэг. 2008 оны судалгаанд дурьдсанаар улсын хэмжээнд 2500 орчим лам байсан бол 2018 оны судалгаагаар 1300 лам тоологдсон. Магадгүй нэг талаас лам болох хүүхдийн тоо буурсантай холбон тайлбарлаж болох ч тэдний нийгмийн асуудал хүнд, шашны тухай ойлголт багассантай холбож болох юм. Ямартаа ч ирсэн хүүхдүүдийн 50 хувь нь лам болж чаддаггүй. Лам болох хүүхдүүд шашны номоо үзэж байгаад нэг хэсэг нь Энэтхэг улс руу, нөгөө хэсэг нь Улаанбаатарт шашны сургуульд сурдаг.

-Хийдийг зорин холоос гийчин ирдэг үү?

-2006 оноос жил бүр зочин хүлээн авч, Энэтхэгийн гэвш багшаар ном айлдуулдаг болсон.  2020 онд заавал ирнэ гэдгээ хэлсэн. Ямартаа ч олон улсын түвшинд ном айлддаг хувилгаан хүн бий.

-Сүсэгтэн олны нэгдсэн тоо гэж бий юу?

-Манай хийдэд сүсэгтэн олны тоон судалгаа байхгүй ч буддын шашныг нийт Монголын ард түмний 67 хувь нь шүтдэг гэж үздэг.  Хулгай гэдэг зүйл байхгүй байсан бол манай улс нилээн сайхан хөгжчих байлаа.

-Хийдийн тэргүүнээр залуусын төлөөлөл ажиллаж байна. Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоос хуваалцахгүй юу?

-Өөрийн оршин байгаа цаг хугацаандаа шашныг таниулж, Эрдэнэт хотдоо шашныг хөгжүүлэхээр зорьж байна. 

-Анх хэрхэн энэ замд хөл тавьсан бэ?

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт байрлах Амарбаясгалан хийдэд 10 настайдаа лам болж байсан. Өндөр гэгээнд зориулж Манжийн хаанаас барьж өгч байсан тэр хийдэд өөрийн хүсэл зоригоор хөл тавьсан даа. Харин Эрдэнэт хотынхоо төв ганданд хорь гаруй жилийг үдлээ.

-Сөрөг тал нь давамгайлсан өнөөгийн нийгмийг яавал өөрчилж чадах вэ? 

-Бурхан багш өөрийн сургаал номыг дөрвөн шадаар тайлбарлаж, аливаа хилэнцийг өчүүхэн ч гэсэн үл үйлддэг байх тухай заасан байдаг.

-Лам хуваргууд номыг дутуу уншиж болохгүй байх. Тогтсон ямар дэг ёс байдаг вэ?

-Сүсэгтэн хүн буян хийж, түүнийгээ хураадаг. Тиймээс ч ойлгож байгаа лам нарт  ном дутуу унших асуудал байхгүй.Сүсэгтэн олон буруу ойлгодог талтай-Ямар ном уншлага тогтмол хийж байна вэ?-Чогчин уншлагыг Төвд хэл дээр өдөр бүр уншдаг. Арван хангал зэрэг ном судрыг нилээн олон жил цээжилдэг ч нэг сурсан зүйл мартагдана гэж үгүй. Ер нь цээжлээд л байвал цээжлэх ном гарч ирсээр л байдаг. Шашны номыг сурч дуусахгүй.

-Та шавьтай юу, чансаатай шавь нар төрүүлэх бодол бий юу?

-Шавь нар бий. Сайн шавь төрүүлье гэсэн бодол байсан ч одоогийн хүүхдүүд хүссэнээр болохгүй юм даа.

-Аймаг, орон нутгийн засаг захиргаанд шинэ дугантай болох талаар санал хүсэлтээ өгж байсан уу?

-Төв хийд рүү чиглэсэн дэмжлэг манайд байхгүй .Дорноговь аймагт сайхан дуган баригдлаа. Сүхбаатар, Увс аймагт дотроо лифттэй 6 давхар дуган барьж, Улсын төсвийн 6 тэрбум төгрөгийг зарцуулсан.Манай аймаг ганцаараа шахуу шинэ дуган байхгүй  шүү дээ Би энэ ажлыг хүлээж авахад надад Чойжамц хамба ээ дээ хүү минь шинэ дугантай болдог юм шүү гэж хэлсэн  Аймгийн удирдлагуудад хандаж үзсэн ахиад хандан гэж бодож байгаа.

-Сайхан жил ирж байна. Хулгана жилд хүн бүрийн буян заяа дэлгэрэх болтугай?

-Эрдэнэчүүддээ юу санасан есөн цагаан хүсэл нь номын үйлсээр сэтгэгчлэн бүтэж байх болтугай гэж ерөөе.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%