1970 оны сүүл 80-аад оны эхээр Эрдэнэт гэдэг нэр залуусын дунд итгэл найдвар, их амьдралын эхлэл, ажил хөдөлмөрийн дуудлага болж Монгол орны өнцөг булан бүрээс залуус цуглаж залуусын хот хэмээн нэрлэгдэж байсан.Тийм ч учраас 1986 онд Монгол зөвлөлтийн залуучууд их наадмаа хийж тэр үеийн ЗХУ -ын урлаг соёлын одууд ирж дуу хуураа өргөж, Драмын театр байгуулагдан УГЖ Лхасүрэн тэргүүтэй драмын сургуулийн төгсөгчид ирж бужигнуулж дэлхийн сонгодгууд болон шилдэг бүтээлүүд туурвин, КУМО хэмээх амьд хөгжмийн хамтлаг хүчээ авч, Хүүхэлдэйн ардын театр Монгол даяар шагшигдаж байсан гэх мэт үнэхээр Эрдэнэт хот урлаг соёлоор халгиж цалгиж байсан цаг үе бий.

              Ардчилсан хувьсгал гарсанаас хойш буюу 1990-2000 оны их шилжилтийн үед ч гэсэн рок поп хөгжмийн Нисванис, Сүнс, Улаан сарнай зэрэг хамтлагууд гарч, Эрдэнэт дуу бүжгийн чуулгын Чулуунчимэг, Ганчимэг гээд уран бүтээлчид мандаж байсан. Тэр үед буюу 1992 онд Эрдэнэт хотын драмын театр шатаж, 1995 оны үеэс Хүүхэлдэйн театрын харьяанд драмын театр нэгдэн орж байсан.

Тиймээ.Эрдэнэт хот буюу Орхон аймаг эхний 35 жилийн түүхэндээ урлаг соёлоор буцалж байсан үе бий.

             Гэвч....Сүүлийн 10 жилийн түүхийг үзвэл томоохон бүтээлүүд гэхээсээ илүүтэйгээр ойн баярын концерт,уран сайхны тэмцээн уралдаан зэргээс хэтрэхгүй болжээ.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотод 5-6 соёлын төвүүд ажиллаж байгаа ч нөгөө л 80-аад оны үеэс л зохиогдож ирсэн дууны тэмцээн, нийтийн бүжиг явуулахаас өөр ажилгүй....

             Харин хамгийн боломжтой гэх Уурхайчин соёлын ордны /одоогийн Урлаг соёлын цогцолбор/ “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хэмээх том гуншинтай байгууллага үйлдвэрийн ажилтан ажиллагсадын төрөл бүрийн аст, уралдаан тэмцээнүүдийг хариуцан явуулдаг, дугуйлан хичээллүүлдэг , хэрэгцээ гарвал ямар нэг байгууллагын томоохон ойн концерт хэмээх өмнө нь хийснийхээ байрыг солиод тоглочихдог жижүүрийн хэдэн ноймероос өөр зүйлгүй өдөр хоногийг өнгөрөөх болж....Уг нь энэ чуулгад авьяастай, чадалтай олон уран бүтээлчид байдаг ч үйлдвэрээс өгөх цалингаасаа цааш гарч чадахгүй, уран бүтээл хийх боломжоо гаргаж чадахгүй, хэн юу гэнэ тэрийг хийсэн болоод л сууж байдаг хэдэн моделууд л байгаа гэхэд хилсдэхгүй....

Дэлхийн хэмжээнд хүрэхээр тэр л авьяаслаг уран бүтээлчид цех хэлтсийн аль нэгэн даргын хүүхдийн үсний найр,байрны угаалга дээр л дуулдаг, хуурддаг уран сайханчид болж хувирсан... Сүүлийн 10 жилд л гэхэд энэ чуулгаас гавьяат төрсөнгүй.Уран бүтээлчид нь чадалгүйдээ биш харин удирдлагын тогтолцоо, уран бүтээлийн бодлого муутайгаас болсон гэхэд болно. Дарга тогтдоггүй, босоо тогтолцоотой, уран бүтээл, уран бүтээлчдийг тэргүүн эгнээнд биш дарга суурьтай үйлдвэрлэлийн бодлогоор явагдсаны нэг гай...Олон сайхан уран бүтээлчид энэхүү нэр нь томдсон чуулгадаа хөгцөрч, зэвэрч байна.Харамсалтай....

              Тэгвэл Шатсан барилгыг өөд нь татаж, өнөөг хүртэл ажиллаж байгаа мэргэжлийн ганц театр гэгдэх тухайн үеийн Хүүхэлдэйн театр өнөөгийн Хүүхэд залуучуудын театрын хувьд хийсэн томоохон уран бүтээлүүд гэхээсээ илүүтэйгээр өдөр хоногоо өнгөрөөсөн чанаргүй, мэргэжлийн гэхэд гомдмоор жүжгүүд, цэцэрлэгийн багш нар ч хийчихмээр хүүхэлдэйн жүжиг, аль 80-аад онд л тоглогдож байсан кварцын хэдэн ноймероос өөр гавьсан зүйлгүй цагаа нөхцөөсөн хэдэн жүжигчид л байх болж...Харин хамгийн олон жилийн даргаар ажиллаж байгаа буюу 27 жил нэг местэндээ ажиллаж байгаа дарга, найруулагч нартайгаараа Монгол улсын хэмжээнд нилээд дээгүүр давхих байх.  Театрын хувьд ойрын хэдэн жил засвар үйлчилгээ хийгдээгүй, шатсан үеэс үлдсэн хэдэн тайзны төмөр, цагаан хааны үеийн том том гэрлүүдтэй. Хүнд үйлчлэх нь битгий хэл олон хүн цуглавал бүгчимдэж үхмээр ямар ч агааржуулалтгүй том заалнаас өөр зүйлгүй болжээ...

Нэг талаас удирдлагын хөгцөрсөн бодлого, уран бүтээлийн нэгдсэн төлөвлөлтгүй ажилладгийн гай, нөгөө талаас Орхон аймгийн удирдлагын зүгээс урлаг соёлдоо хэрхэн ханддагийн хамгийн том үлгэр жишээ энэ...

              Аливаа уран бүтээл, уран бүтээлчдийн хийсэн бүтээсэн бүхнийг ард түмэн сонсож, таашаан, үнэлж цэгнэдэг байх ёстой.Гэтэл Хүүхэд залуучуудын театр байдаг эсэхийг, ямар бүтээл хийдгийг мэдэхгүй хүн Эрдэнэтэд олон байдаг.Уран бүтээлээ сурталчилж, үзэгчид үзэх сонирхолтой, тэдний таашаалд нийцсэн бүтээлийг хийх гэхээсээ илүүтэйгээр улиг болсон хүүхэлдэйн концерт, чанаргүй хэдэн жүжгүүдээ сургуулиар явж шахааны журмаар үзүүлсэн болдог ийм л хөөрхийлэлтэй, хөгцөрсөн менежменттэй Эрдэнэтийн мэргэжлийн хэмээх театрын өнгө төрх харагдаж байна.

             Эрдэнэтчүүд уг нь Монгол орны өнцөг булан хуран цугласан олон үндэстний яс цус холилдсон хүмүүс байдаг ч гэсэн нийгмийг тэргүүлэгч, гэгээрүүлэгч урлаг соёлын хувьд хөшүүн, хөгцөрсөн шинжтэй байгаа нь Эрдэнэт маань хот болоход бэлэн үү гэдэгт эргэлзээтэй л байна. Соёл урлагийн хөгжлийн дорвиотой бодлого, менежментийн томоохон шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол хот гэдэг нэрнээс өөр зүйлгүй роботуудын цуглуулга бий болж мэдэхнээ...

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 6

  • Шинэ мэдээ