М.ТҮМЭНЖАРГАЛ: Энэ онд авто замтай холбоотой олон асуудлыг Орхон аймаг шийдвэрлэнэ

   Жил бүр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд урин дулааны улиралтай зэрэгцэн өрнөдөг. Орхон аймгийн инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн талбай, хогны асуудлыг хариуцдаг  Хотын захирагчийн албанаас энэ жилийн ажлын онцлог хийгдэх ажлын талаар ХЗА албаны дарга М.Түмэнжаргалтай ярилцлаа.

 

- Аймгийн хэмжээнд Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Хотын захирагчийн алба гэсэн хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дээрх байгууллагуудын үндсэн чиг үүргийг хэрхэн ойлговол зохистой вэ?

-Хотын захирагчийн алба нь Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагчийн шууд удирдлага дор ажилладаг, Засаг даргын Тамгын газарт харьяалалгүй байгууллага гэж ойлгож болно. Үндсэндээ орон нутгийн Өмчийн газар, Аудитын газар, Хотын захирагчийн алба нь нэг ижил статустай.

Харин чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨК, Хот тохижуулах болон Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, СӨХ-дыг удирдлагаар хангаж, Орхон аймгийн инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн талбай, хогны асуудлыг хариуцан ажилладаг. Ингэхдээ СӨХ-дын удирдлагуудыг сольж томилох эрхгүй ч, асуудлыг хамтран шийдвэрлэх тал дээр зөвлөн туслах зарчмаар явж байна.

Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан суваг, инженерийн байгууламжтай холбоотой зураг төсвийг хянах үүрэгтэй. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, тэдгээрийн зураг төсөвт хяналт тавьж ажилладгаараа ялгаатай.

-Энэ онд бүтээн байгуулалтын ямар ажлууд голчлон хийгдэх бэ? 

-Манай алба өмнө дурьдсан үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хийх ажлын саналаа гарган, аймгийн ИТХ-д танилцуулж, батлуулдаг. 2020 онд Хотын захирагчийн алба 102 ажлын санал батлуулж, төлөвлөгөөний дагуу ажлаа эхлүүлсэн. Юуны өмнө хотын автозамтай холбоотой асуудлыг ярья гэж бодож байна. Даац муутай замын ус зайлуулагчийг өнгөрсөн жилээс сольж, энэ онд 97 ширхэгийг хийхээр үндсэн ажилдаа тусгасан.

Мөн аймгийн Замын Цагдаагийн хэлтэстэй зөвшилцөн, осол аваар гарч байгаа зам дээр хаалт хашлага суурилуулах ажил хийгдсэн. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Зам засварын ажлын тухайд бид хоёр жилийн өмнөөс хүйтэн аспальтаар нөхөөс хийх шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ ажлыг хүйтний улиралд, цасгүй үед хийх боломжтой тул өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлээд байна.  

-Иргэдийг хамгийн их бухимдуулдаг сэдвийн нэг нь орон сууцны хороолол дундах авто зогсоол байдаг шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Зогсоолын хувьд 4-р хорооллын 14-20-р байрны замын хөдөлгөөнийг чөлөөлөх зорилгоор зогсоолыг нь өргөтгөхөөр болсон. 1-р хорооллын 1, 2, 3, 5, 6-р байр, 4-р хорооллын 27-р байрны болон 14-р сургуулийн өмнөх авто машины зогсоолыг шинэчлэнэ. Мөн Ханддоржийн гудамж буюу аймгийн ЗДТГ-аас Оросын консул явах авто зам дагуу хоёр тийш 1.5 метрээр тэлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жил багуудад хэмжилт хийж, баг тус бүрт 4-5 гудамжны шороон замын засварыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд үргэжлүүлэхээр төсөвт тусгасан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр Эрдэнэт хивсээс гэр хороолол руу явах замыг шинээр тавихаар шийдвэрлэсэн.

-Орон сууцны дээвэр засвартай холбоотой “Женекон” компанийн тавьсан чанаргүй дээвэр өнөө хэр яригддаг шүү дээ. Энэ ажлыг иргэдийн санал, гомдлоос хэзээ бүрэн салгах вэ?

-Аймгийн хэмжээнд нийт 317 блок дээвэр байдаг. Би ажлаа хүлээн аваад хамгийн эхэнд дээвэр засварын ажлыг шийдвэрлэж байсан. Ингэхдээ 2010 оноос хойш огт засвар хийгдээгүй байруудыг сонгон, өнөөдрийн байдлаар 100 хувь засварлалаа. “Женекон”-ы гэх тодотголтой 21 дээвэр байсан. Аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс энэ асуудлаар шүүхэд хандсан байсан. Иймд маргаантай объектод төрөөс мөнгө гаргаж засвар хийх хориотой учраас өнөөдрийг хүрсэн юм.

Энэ онд “Женекон” компани засварын мөнгийг төлнө гэсэн шүүхийн шийдвэр гарсан тул уг 21 дээврийн засварын ажлыг хийхээр боллоо. Нийт 45 блок дээвэрт засвар хийгдэнэ. Эдгээр засвар дуусахад аймгийн хэмжээнд дээврийн асуудал дахин сөхөгдөхгүй гэж ойлгож болно.  

-Замын нөхөөс хийгээд байдаг хэрнээ чанаргүй болоод байгаагийн шалтгаан нь юу вэ? Мэргэжлийн боловсон хүчний асуудал байна уу, аль эсвэл гүйцэтгэгч талд тавьсан гэрээ нь хэтэрхий сул байгаа хэрэг үү?

-Миний харж байгаагаар олон хүчин зүйл нөлөөлж байна. Юун түрүүнд бид замын стандартаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Олон Улсын дагаж мөрдөж байгаа стандартыг хангасан зузаан зам тавина гэж зураг төсвөө хийдэг. Техник хөгжсөн өнөө үед томоохон даацын авто машинууд явдаг болсон нь нэг талаар нөлөөлдөг байх. Мөн материал чухал байна. Барилгын компаниудын хувьд тоног төхөөрөмж, ажиллах хүчний асуудал ч бий. Ажиллах хүнгүй болчихлоо гэсэн компаниуд байгааг харахад боловсон хүчин дутагдалтай байгааг харуулдаг. Орхон аймагт аспальтны нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн компаниас замын ажил гүйцэтгэгч бүх байгууллага аспальтаа худалдан авч байна. гэтэл нийлүүлэгч компанийн хүчин чадалтай харьцуулахаар хугацаа алдах, хүлээхээс аргагүй байдалд ордог тал бий. Түүхий эд нь байхгүй учраас ийм асуудал гараад байгаа хэрэг л дээ. Мөн Орхон аймаг хайрга, дайрганы нөөцгүй, байгаа нь шаардлагад нийцдэггүй сул талтай. Явган хүний замын ажил дээр орон нутгийнхаа түүхий эдийг ашиглаад хийхэд бутарч унаад байгааг иргэд харж байгаа байх.

Технологи нь бусад газартай ижил ч түүхий эд нь гологдож, чанарт нөлөөлөөд байна. тиймээс гүйцэтгэгч компанийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас хайрга, дайргаа авна шүү гээд төсөвт нь замын зардлыг нь суулгаад өгөх жишээтэй. Гүйцэтгэгч болоод захиалагч хаа хаанаа хариуцлагатай байх үүднээс боломжтой бүх талыг нь харгалзан дээрх маягаар шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын тухайд хяналтаа сайн тавьж байгаа.  

-Чанаргүй гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан ажлын хэсэгтэй хариуцлага тооцох тухай ярьж байсан?

-Барилга байгууламж, объектын засварын ажил дээр мэргэжлийн байгууллагуудыг төлөөлсөн ажлын хэсэг томилогдон ажилладаг. 2012-2016 онд ашиглалтад орсон өрхийн эмнэлгүүд эхнээсээ нурж унахад хүрлээ. 40 жилийн насжилттай барилгууд олон байхад 5 жил болоогүй хэрнээ нурахад ойр болсон нь ажлын хэсгийн хяналттай л холбоотой. “Унага” цэцэрлэгийг 900 сая төгрөгөөр засварлаж, хүүхэд хүлээн авах боломжтой болгосон. Гэтэл энэ өвөл халаалт муу байна гэсэн гомдол их гарлаа. Очиж үзээд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад системийн буруу холболттой гэсэн хариу өгсөн. Говил багийн “Эрх бүжин” цэцэрлэгт паарны радиатор нь буудсан тохиолдол гарсан. Хүүхэд байгаад өртсөн бол яах вэ гэдэг ноцтой асуудал. Бид зураг төсөвт хямд материал оруулаагүй ч гүйцэтгэгч нь хамгийн муу материалыг сонгосон учраас ийм зүйл болсон.

-Та Рашаант багаас аймгийн ИТХ-д сонгогдсон. Тус багийг инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах боломжтой гэж ярьдаг. Таны гол анхаарч байгаа зүйл юу вэ?

-Миний бие 2012 оноос хойш Рашаант багийн иргэдийн төлөөллөөр аймгийн ИТХ-д ажиллаж байна. Рашаант бол хуучны бөгөөд дэд бүтцийн хувьд боломжтой баг. Гэхдээ бүрэн боломжтой эсэхийг энэ онд шийдвэрлэнэ. Цагаанчулуут, Наран багт ус, дулаан дамжуулах дэд бүтэц нь хийгдсэн учраас юун түрүүнд ажлууд хийгдэнэ. Асуудлын гол нь шугам хоолой татах нь тийм ч амар хийгддэг ажил биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Би гэр хорооллыг дулаанаас илүү цэвэр ус, бохирын системээр нь холбож өгөх юмсан гэж бодож явдаг. Ямартаа ч өнгөрсөн жил багийнхаа хоёр гудамжинд цэвэр усны шугам хоолой холбосон. Энэ онд ажлаа үргэжлүүлнэ. Даралт бууруулагч тавьснаар Рашаант багийн 1, 2 дугаар гудамжнаас бусад гудамж шугам татах боломжтой юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын төсөл байгаа. Үүнээс 3 сая ам.долларыг хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд зарцуулахаар болсон. Ингэхдээ Рашаант, Наран, Цагаанчулуут багуудыг хамруулна. Рашаантын “Отгонтэнгэр” дэлгүүрээс урагшаа гудамжинд инженерийн хос таван шугам тавих тул цааш өргөтгөөд явах боломж бүрдэх юм.

Уг төслийн бусад санхүүжилтийг аймгийн үерийн далан сувгийг шинэчлэхэд зарцуулна. Рашаант багт үерийн далан барьсан. Хэзээ ч болзошгүй эрсдлээс хамгаалах нь бидний хийх ажлын нэг гэж боддог. Мөн манай багт энэ онд явган замын ажлууд, худаг шинээр, 250 хүүхдийн дунд сургуулийн барилгын ажил үргэлжлэн хийгдэнэ.

-Гэр хорооллын хог ачилт улиралдаа нэг удаа л арай гэж  хийгддэг. Ийм байхад хотын хогны менежмент гэх том зүйл ярих болоогүй юм шиг санагддаг. 

Манай аймаг хогны асуудлаа шийдэх гарцыг хайж олон улсын төсөв татсан. Энэ бол том дэвшил үнэндээ бол гэр хорооллын хог ачилт 2 сардаа нэг удаа  бүрэн дүүрэн хийгдэж байгаа ч энэ ажлыг хангалттай гэж хэлэхгүй ээ.Польш улсын засгийн газрын төсөл энэ ондоо хэрэгжинэ.Техникийн шинэчлэл бүрэн хийгдээд ирэхээр дагаад хөрөнгө мөнгө,  боловсон хүчин, цаг хугацаа зэргийг хэмнэнэ.Одоо явагдаж байгаа хог ачилтын арга барил бүрэн өөрчлөгдөөд ирнэ.Энэ үед харин иргэдийн ухамсар давхар дээшилсэн байх ёстой.Гэрээсээ гаргаад гудамжиндаа тавьчихдаг зуршил байсаар байх уу гэдгийг бас бид өөрчлөх цаг үе ирсэн байна.Хөрш зэргэлдээх Булган,Дархан зэрэг аймгууд хог ачилт нэг өрх айлаас 2500-3500 төгрөгөөр тооцож  хураамж авдаг Орхон аймаг 1000 төгрөг хэвээрээ л байгаа энэ мэтчилэн зүйлүүд бий. Гэхдээ ахиц дэвшил гарах цаг ойрхон ирсэн гэдэгт итгэж болно оо.

 

  Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Говилоос ар булаг руу 2 эгнээ автозам тавь

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.