Г.Сайн-Итгэл: Багийн Засаг даргын ажил нь 2 эзний 1 зарц мэт ажиллахыг шаарддаг

Хүрэнбулаг багийн Засаг дарга Г.Сайн-Итгэлтэй төрийн анхан шатны нэгж багийн үйл ажилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар яриа өрнүүллээ.

-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

. Би 2011-2015 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг Уул Уурхайн Цахилгаан Тоног Төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Одоо Засагт хан дээд сургуульд Төрийн захиргаа удирдлага мэргэжлээр магистраа төгсөх гэж байна. Анх 2016 оны 11-р сарын 11-ний өдөр Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тухайн үед 23 настай багийн Засаг дарга болж байлаа. Саяхан Монголын Нутгийн удирдлагын Холбооноос Монгол улсын бүх багийн Засаг дарга нарыг аймаг аймгаар нь хамруулсан сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдсан энэ үеэр өөрөөсөө залуу багийн Засаг дарга байгаа үгүйг сонирхож асуухад олдоогүй. Тэгхээр Монгол улсын хамгийн залуу засаг дарга юм билээ. /инээв/

- Залуу хүн улс төрийн албан тушаалтан тэр дундаа багийн Засаг даргаар ажиллана гэдэг амаргүй байх. Энэ ажлыг хийх шалтгаан байв уу?

 Төрд залуу хүний оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Тэр ч үүднээс төрийн анхан шатны нэгж болох баг хороонд ажиллаж, бусад залуусаа уриалж, дуу хоолойгоо хүргэх, хийж бүтээх, залуусын санал санаачилга оролцоог нэмэгдүүлэхээр зориглон энэ ажлыг сонгосон. Ер нь л оюутан байхаасаа олон нийтийн ажилд их идэвхитэй оролцдог, сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга, Орхон аймгийн оюутны холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймийн Улаан Загалмайн хорооны Залуучуудын салбар зөвлөлийн ахлах, сургагч багш гээд нийгмийн идэвхи оролцоо сайтай оюутан байсан.

Сургуулиа төгсөөд ч энэ маань орхигдоогүй. Өөрийгөө улам хурцалж дайчилж явах ёстой гэж боддог. Тухайн үед ажлын олон санал ирж байсан ч төрийн анхан шатнаас нь ажлыг хийж үзэх нь зөв гэж энэ шийдвэрийг гаргасан.

-Багийн Засаг даргаар ажиллаад 4 дэхь жилдээ орж байна. Энэ хугацаанд багийн ажлын албанд ямар өөрчлөлт гарсан бэ?

Нэг талаасаа багийн Засаг дарга нь төрийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэхээр төрийг төлөөлж, нөгөө талаасаа иргэдээс сонгогдсон учир иргэдийг мөн төлөөлдөг. Ингэхээр багийн Засаг даргын ажил гэдэг 2 эзний нэг зарц мэт ажиллахыг шаарддаг. Төрийн байгууллагын ажлын стандарт, үйлчилгээ, харилцаа хандлага, ёс зүй гэж чухал зүйлс байх ёстой гэж боддог. Анх ажил авч байхад энэ зүйлс алдагдсан юм шиг санагдсан.

Ингээд ажлын албаны ажиллах орчин нөхцлийг сайжруулах, иргэдэд ая тухтай хурдан шуурхай үйлчилгээг хүргэх, төрийн албаны архив бичиг хэргийг эмхэлж стандартад оруулах, иргэдийг хотын соёлд уриалах, соён гэгээрлийн ажлуудыг түлхүү хийх, орчин үеийн “цахим баг” болох гэх мэт ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрээд байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй ажлын албанд тодорхой нэг стандартийг мөрдлөг болгуулахын төлөө хамт олноо сургаж дадлагажуулах нь хамгийн эхний ажил болсон. Бид өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй шүү дээ. Үйлчилгээний стандарт гэдэг зүйлийг л мөрдлөг болгохыг зорьж байна.

- Анх ажлаа хүлээж аваад сэтгэгдэл ямар байсан бэ?

Багийн ажлын албаны ажлыг хаанаас хэрхэн яаж эхлэвэл болох, би яг юуг хийж гүйцэтгэх ёстой, иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой талаар анх ажил авсаныхаа дараа өрөөндөө яг 7 хоног нам сууж танилцаж байснаа санаж байна. Манай ажилчид ч гайхаж байснаа дараа нь ярьдаг юм. Ажлаа мэдэхгүй өрөөндөө суугаад байна л гэж бодсон гэсэн.

-Багийн иргэд залуу хүн багийн Засаг даргаар ажиллах болсоныг хэрхэн хүлээж авсан бол?

Анх өрөөндөө иргэн хүлээж авах, гадуур гарч айл өрхүүдтэй уулзах үед иргэдийн хандлага хэтэрхий залуу хүн гэхээр хэр байх бол гэсэн бодол эмээлт хааяа буудаг байсан. Гэхдээ орж ирсэн, уулзсан иргэд маань харин ч одоо цагт залуу хүмүүсийн оролцоо төрд хэрэгтэй, ахмад буурлуудаас суралцаж, хийж хэрэгжүүлж явсан зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, шинэ, шинэлэг зүйлсийг санаж сэдэх хэрэгтэй залуу хүний эрч хүчээр ажлаа урагшлуулаарай олон сайхан урмын үгээр ажлаа улам илүү урам зоригтойгоор гүйцэтгэх болсон.

-"Баян-Өндөр" сум 22 багийн 7 нь хотын төвдөө  Танай багийн тухайд эдгээрээс онцлог нь юу вэ?

Монгол улсын хэмжээнд 1 багт 553 өрх, 1985 хүн ам ноогдож байхаар заасан байдаг. Манай багийн хувьд 2019 оны жилийн эцсийн байдлаар 1640 өрхийн 5591 хүн ам амьдарч байна. Ингэхээр улсын дунджаас даруй 2,1 дахин их ачаалалтай ажилладаг гэсэн үг. Зарим алслагдсан сумдын хүн амыг 2-3 нийлүүлсэнтэй тэнцэхүйц байдалд багийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа юм. Манай багийн ажлын алба нь Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан гэсэн 3 үндсэн орон тоотой, гэрээт 5 хэсгийн ахлагчтай үйл ажиллагаа явуулж байна. Мөн багийн дэргэдэх ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, анхны тусламжийн нөхөрлөл, хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн холбоодууд зэрэг иргэний байгууллагуудтай хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

-Багийн төвд Эрдэнэт хотын түүх дурсгалын гол өвүүд байдаг байхаа?

Тиймээ. Хотын гол түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалууд, амралт чөлөөт цагийг өнгөрөөх анхдагчдын хөшөө, Цэдэнбал агсны хөшөө, Хүрэнбулаг рашаан, усан оргилуур, хүрхрээ, гэрэлт гудамж зэрэг газрууд болон Ниймгийн даатал, Татварын хэлтэс, Эрдэнэт-Ус, Эрдэнэт үйлдвэрийн захиргааны төв байр зэрэг томоохон байгууллагууд байрладаг. Аймгийн төв хийд Гандан Шаддүвлин болон бусад 3 хийд сүсэгтэн олонд үйлчилэхээс гадна Эрдэнэт хотын худалдаа, үйчилгээ, банк санхүүгийн байгууллага төвлөрсөн, нийтийн орон сууцны 4-р хороолол, хувийн орон сууцны 11-р хорооллоос бүрддэг. Сонирхуулж хэлэхэд хамгийн олон алдар гавьяатнууд хөдөлмөрийн баатрууд амьдардаг, хамгийн олон дарга нар амьдардаг, сэхээтнүүд олонтой, харьцангуй тайван амгалан баг гэж болно.

-Тайван амгалан багийн оршин суугчдаас ирдэг санал хүсэлт, гомдолын зонхилох хувь нь юу байдаг бол?

Ихэнх гомдол саналыг СӨХ-той хамааралтай гомдол санал эзлээд байгаа. Орцны цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал гэх зэрэг гомдлууд юм. Гэхдээ үүнийг зөвхөн СӨХ-ны асуудал гэж болохгүй юм. Иргэд оршин суугчид бид өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэр цэмцгэр, аятай тухтай байлгахын тулд хичээх хэрэгтэй. СӨХ л цэвэрлэх ёстой мэтээр бодож орцондоо хогоо хаядаг, орчноо бохирдуулдаг байж болохгүй.

-ИТХ-ын төлөөлөгчидтөй хамтран ажиллаж байж багийн ажил гүйцэтгэл сайн байх нь гарцаагүй. Төлөөлөгчидтэй хэр ойрхон ажилладаг вэ?

Хүрэнбулаг багийн хувьд хүн амын тоогоороо аймгийн 2 төлөөлөгч, сумын 2 төлөөлөгч сонгогдсон байдаг. Төлөөлөгчид маань багийн ажлын албаны ажлыг байнга дэмжиж, уялдаа холбоо сайтай ажилладаг. Ийм ч учраас багт тулгамдсан асуудлууд орон нутгийн хэмжээнд хурдан шуурхай шийдвэрлэгдэж явдаг гэж болно.

-Засаг дарга болсоноос хойш багт хийсэн хөрөнгө оруулалтын ажлууд бий байх. Гол тулгамдаж байсан, нэн түрүүнд хийх шаардлагатай ажлууд байв уу?

Улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд байдаг. 2016 оноос хойш манай багт улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд байхгүй. Улсын төсөв гэдэг маань өөрөө томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд л даа. Манай багийн хувьд нэн шаардлагатай хөрөнгө мөнгө ихээр зарцуулагдах бүтээн байгуулалтын ажил байхгүй. Иймээс зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу хийгдэж байгаа ажлууд голлож байна.

-Тухайлбал?

Хамгийн гол ажлуудын нэг нь бол багийн нутаг дэвсгэрт хамаарах бүх орон сууцны дээвэр засварын ажлыг чанартай сайн гүйцэтгэж дууслаа. Энэ онд нэг блок байрны дээвэр засварын ажлыг гүйцэтгэхээр тусгагдсан байгаа уг ажил хийгдчихвэл багийн хувьд дээвэр засварын асуудалгүй болж байна. Мөн аймаг орон нутгийн зүгээс хүүхэд багачуудын тоглож наадах орчин нөхцөл, ахмад буурлууд салхилаад суух тохилог орчныг бүрдүүлж өгөхөөр Амралт чөлөөт цагийн талбай дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Тус дэд хөтөлбөр манай багийн хувьд амжилттай хэрэгжиж тоглоомын талбай шинээр байгуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

Энэ дунд элэгдэл хорогдон хугацаа нь дууссан болон эвдрэл гэмтэлтэй талбай бий. Үүнийг бид бүгд шинэчлэн сайжруулах ажлыг төлөвлөн ажиллаж байна. Мөн хүн амын төвлөрөл ихтэй орон сууцны хороолол учир авто машины зогсоолын асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг бид өөрсдийн боломж бололцоогоор шийдвэрлээд явж байна. Зарим газруудад зогсоол нэмж хийе гэхэд ногоон байгууламж эвдэж сүйтгэх болдог гээд асуудал их учир тэр бүр иргэдийн хүссэн газар зогсоолын асуудлыг шийдвэрлэж чадахгүй тохиолдлууд байна.

-Та иргэдтэйгээ хэр ойр ажилладаг Засаг дарга вэ?

Багийн ажлын албаны ажил бол дан ганц өрөөнд суугаад иргэд хүлээж авч уулзаад суух ажил биш. Ихэнх тохиолдолд багийн нутаг дэвсгэрээр явж хаана ямар болохгүй, бэрхшээлтэй  болоод болж бүтэж буй зүйлс байна. Хаана хэнд асуудал тулгарсан байна, аль газарт маань засвар үйлчилгээ шаардлагатай байна гэх зэргийг өөрийн биеэр үзэж, дээд шатны удирдлагуудад мэдээлэх, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй ажил юм.

Эх сурвалж: Баян-өндөр сум цахим хуудас

Ярилцсан: В.Цэнд

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.