Чехийн хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” компанийн -“Евро-Эко төгөл” хороолол дахь барилгыг явц үе шатны талаар болон  цэцэрлэг сургуулийн барилга тойрсон асуудалд  

Тус компанийн гүйцэтгэх захирал Н.Сүхбаатарыг зочноор урьж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дараах тодруулга асуултанд хариулт авлаа  

-“Евро-Эко төгөл”хороололд хичнээн өрх айл  амьдарч байна вэ? Хүүхдийн цэцэрлэг, сургуулийг тойрсон маргаанд та оршин суугчиддаа хариулт өгөөч 

-7А хорооллын нэг хэсэгт бид “Евро-Эко төгөл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эхний ээлжинд 270, хоёр дахь ээлжинд 240 айлын орон сууцыг ашиглатанд оруулсан. Нийт оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 190 орчим хүүхэд манай хороололд амьдарч байна.

Бид 2015 оноос хойш цэцэрлэгийн асуудлаар хөөцөлдөж, холбогдох яамдууд болон Орхон аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж, албан тоот өгсний дагуу 2017 онд 280 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг экспертизээр оруулж батлуулсан.

Төсвийг нь давхар батлуулж, 2017 оны 6 дугаар сард цэцэрлэгийн зураг төсвийг Орхон аймагт хүлээлгэн өгсөн.

Түүнээс хойш удаа дараа цэцэрлэгийн асуудлыг хөндөж байгаа ч орон нутгийн засаг захиргаанаас “Бид хөөцөлдөж байгаа” гэхээс өөр тоймтой хариу өгөөгүй.

Оршин суугчдад цэцэрлэг хэрэгтэй байна.

Биднийг шууд утгаар буруутгадаг үнэндээ бол хувийн хэвшил өөрсдөө барьж байгуулах юм бол төсөв хэмнээд чанартай барилга барих нөөц бололцоо бол бий ялангуяа манай компани бол гүйцэтгэл талдаа хэзээ ч чанаргүй зүйл хийхгүй

-“Евро-Эко төгөл” хорооллын гэрээг яагаад шинэчлэв гэдэг сонин байна. Ер нь Засаг дарга солигдох бүрт  гэрээнд байнга  шинэчлэлт явагддаг ямар учиртай юм бэ?

-Үе үеийн Засаг даргын фракц, багийн ажилтай л холбоотой гэж боддог.

-“Их хаадын цуваа” компани анх төслийг эхлүүлэхдээ л  өөрөө  цэцэрлэг, сургууль  барина гэж газар авсан гэдэг. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төслийг анх хэрэгжүүлэхдээ улсын төсвөөр цэцэрлэг, сургууль баригдана гэж гэрээнд заасан байсан. Мөн тус гэрээнд “Хэрэгжүүлнэ” гэсэн нэг заалт бий. Энэ нь “Их хаадын цуваа” компани нь “Евро-Эко төгөл” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт болохоос биш цэцэрлэг, сургууль барина гэсэн үг биш юм. Тиймээс гэрээнд өөрчлөлт оруулж, концесс зарлана гэсний дагуу гэрээг шинэчилсэн.  

-“Хэрвээ цэцэрлэгийн газрыг өгөөд улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг бариулах юм бол та бүхнийг  тендер сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж барилга барих  гээд байна”  гэсэн хардлага байна. Та тайлбар өгөх үү?

-Цэцэрлэг хуулиараа тендер сонгон шалгаруулалт явуулна. Оршин суугчид “Их хаадын цуваа” компанийг буруугаар ойлгоод байгаа нэг зүйл нь цэцэрлэг, сургуулийг нь давхар барих ёстой гэж үздэг.

Хуулиараа цэцэрлэг сургуулийн барилгын ажилд тендер зарлана, “Их хаадын цуваа” компани тендер шалгаруулалтанд материалаа өгнө гэж ойлговол зохистой байх.

Түүнээс шууд тендергүй улсаас мөнгө аваал дураараа цэцэрлэг барина гэж юу байхав дээ

-Хотхон дотроо хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай компанийн хувьд орон сууцаа ашиглалтад оруулсны дараа тоглоомын талбайгаа давхар шийдэж байгаа. Энэ төсөл маань 2033 он хүртэл хэрэгжинэ. Тиймээс ашиглалтанд орсон байр бүрт тоглоомын талбай барина гэж төлөвлөсөн. Орон сууц нь ашиглалтад ороогүй байгаа нөхцөлд тоглоомын талбай барина гэсэн ойлголт байхгүй.

-Автомашины зогсоолын тухайд?

-Орон сууцны гадна талбайд зогсоол хангалттай бий. Дулаан зогсоол буюу зоорийн давхарт зарагдаагүй зогсоол ч олон байна. Өвөлдөө дулаан гараж автомашингүй байгаа. Учир нь бид түрээсээр автомашин оруулчихаар гаражаа зарж борлуулахад хүндрэлтэй болчихно.

-Сүүлийн үеийн хотхон, хорооллууд үйлчилгээний газраа шийддэг болсон. Танай орон сууц энэ хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ?

-“Их хаадын цуваа” компанийн хэрэгжүүлж байгаа “Евро-Эко төгөл” төсөл нь Европ стандартад нийцсэн шүдний эмнэлэг, дэлгүүртэй.

Бид ирэх онд фитнесс, спорт заал ашиглалтанд оуулахаар төлөвлөж байна. Энэ онд 55 айлын орон сууц, Чех хоолны рестораныг ашиглалтанд оруулна.

Хотхоны урдуур явсан төв зам дагуу нийтийн тээврийн автобусны зогсоолыг шийдвэрлэсэн. Харин зогсоол дээр нийтийн тээврийн унаа зогсох эсэхийг орон нутгийн холбогдох байгууллагаас шийдэж өгөх ёстой.

-Цэцэрлэг, сургуулийн асуудлаа хэзээ бүрэн шийдэж өгөх бэ? Оршин суугчид цэцэрлэг нэхэж та нарт хүсэлт хүртэл гаргасан байгаа 

-Аймгаас тендер шалгаруулахаар шийдвэрлэж, тендер шалгаруулалтад манайх тэнцчихвэл 9-10 сарын хугацаанд хөрөнгө санхүүгээ өөрсдөө гаргаад барилгаа барих боломжтой.

Улсын комисс хүлээж авсны дараа мөнгөө авч болно.Ийм зохицуулалт  хийчихвэл уг нь цаг хугацаа хэмнэнэ.

-“Их хаадын цуваа” бол Чехийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа томоохон төсөл гэж иргэд ойлгодог.

Энэ төслийн метр.кв нь 2 сая хүртэл өсгөчихөөр иргэдийн хүлээлттэй зөрчилдөөд байх шиг. Зах зээлийн үнэ нь яагаад өндөр байна вэ?

-Төсөл маань 2013 онд эхэлсэн. Анх эхлэхдээ ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж байх үед байрны метр.кв-ын үнийг 1 сая 452 мянган төгрөгөөр үнэлж байсан. Өнөөдрийн байдлаар  ам.доллар 2760 төгрөгтэй тэнцэж байгаагаас хамаарч барилгын түүхий эд, арматур, бетон, бензин шатахууны үнэ өсчихлөө. Гэвч төслөө цааш явуулахын тулд талбайн үнээ өсгөхөөс аргагүй байна. Хэт өндөр үнэ гэж ойлгож болохгүй байх. Цаг үеэ дагаад бүх л барилгын компани энэ өөрчлөлтийг хийж байна.Манай төсөл харьцангуй чанартай стандартын дагуу хийгдэж оршин суугчид сэтгэл хангалуун байдаг.

-Чехээс санхүүжсэн энэ төслийн давуу болон ашигтай тал нь юу вэ?

-Чехийн хөрөнгө оруулалт ямар учиртайг товч тайлбарлая. Ихэнх барилгын компани барилгаа барихаас өмнө захиалагчаас захиалга, урьдчилгаа төлбөрөө авч эхэлдэг бол манайх хөрөнгө оруулалтаа шууд барилгадаа зарцуулж, орон сууцны 70 хувьд оршин суугчид орсон нөхцөлд гэрээгээ хийдгээрээ онцлогтой. Тэгэхээр цаг хугацаа алдахгүй ашиглалтанд орно.

Хоёрт, барилгаа Европ стандартаар нь барьж байна. Чехийн Праг хотод баригдаж байгаа барилгатай ижил стандарттай, Чехийн инженерүүд хяналтаа тавьдаг. Манайх замаа хүртэл Европ стандартаар тавьсан.

-Замыг тендергүй барьсан гэж үзэж буруутгасан шүү дээ?  Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Чех, Монголын Засгийн газар хоорондын 3 удаагийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Монгол Улс болон Прагт уг хурлууд болсон.

Тухайн үед Орхон аймгийн Засаг даргаар Зоригт, БХБЯ-ны сайдаар Баярсайхан ажиллаж байсан. Бүгд протоколдоо оруулж энэ замыг барьсан.

Ямар нэг хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй гэх асуудал байхгүйг албан ёсоор хэлье.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 3

  • Шинэ мэдээ