ОНЦЛОХ ЗОЧИН: З.Болормаа:  Бэлгийн идэвхтэй харилцаа амьдралын чанарыг бий болгодог

 

Энэ удаагийн “Онцлох зочин”-той бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн онцлог, гэр бүлийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээний талаар ярилцана гэж төсөөлсөн боловч бидний ярилцлага маш өргөн хүрээг хамарч, хүн бүр анхааран уншиж, тусгаж ойлгох сэдэв болох гэр бүлийн эрүүл харилцаа, ихэнхдээ хаалттай хаалганы цаана ярилцдаг бэлгийн амьдрал, түүнийг тойрсон асуудлын хүрээнд өрнөсөн юм.

Хэдийгээр ярилцахад ичиж улайдаг, зөвхөн найз нөхдийн хүрээнд л нээлттэй ярилцдаг мэт сэтгэдэг ч үнэн хэрэгтээ энэ сэдэв бидэнд ямар ач холбогдолтой, үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар нийгмийг бүрдүүлэгч бат бөх эрүүл гэр бүлийг бий болгоход чухам ямар нөлөөтэй болохыг магад энэ ярилцлагаас олж хараасай гэж хүслээ.

Ингээд “La Sante” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатай ярилцсанаа хүргэе.

Онцлох ишлэлүүд:

  • Хүн хэдий зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг  ёроолын булчин юм.
  • Эцэг эхчүүд бид үр хүүхдээ эрүүл мэндийн боловсролтой зөв хэвшилтэй өсгөж хүмүүжүүлснээр эх орныхоо удмын санд оруулж үнэт хөрөнгө оруулалт юм
  • Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа алдагдвал хүний амьдралын чанар үгүй болно.
  • Хүн 60 насандаа хань төвтэй, хайр төвтэй жаргаж амьдарч байх учиртай шүү дээ.
  • Эмэгтэй хүн хярзангаа хайчлуулна гэдэг нь амьдралын аз жаргалаа хайчлуулсантай ижил зүйл. Франц улсад эмэгтэйчүүдийн хярзан хайчлахыг эмэгтэйчүүдийн эрүүл, элэг бүтэн, аз жаргалтай амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг.
  • Өчнөөн жил ханилсан ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг.

-“La Sante” эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Хэрхэн юунаас үүдэж, энэ салбарт бизнесээ эхлэх санаа төрсөн бэ?

-Хэдийгээр би хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч эмнэлгээ бизнес гэж харж ажиллаж байгаагүй. Яагаад гэхээр энэ салбарт би өөрийгөө маш их бэлдэж олон судалгаа хийж өөр зорилготойгоор хөл тавьсан. Би сайхан монгол эр хүний хань, хоёр хөөрхөн үрийн ээж. Зургаан хүүхэдтэй айлын ганц отгон охин. Манай аав, ээж хоёр багш. Багшийн гэр бүлд өсч, хүмүүжин багаасаа л их ном уншдаг, сониуч зантай, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, өөртөө итгэлтэй охин байлаа. Уншиж, сурсан зүйлээ илүү их мэдэхийн тулд судалж, “Яагаад, яагаад” гэдэг асуултад хариулт олохын төлөө их ч туршилт хийдэг байв. Бас бясалгал, энерги, далд ухамсар, үйлийн үр гэдэг зүйлийг нэлээд сонирхдог хүүхэд байлаа.  Багын хүмүүжил ийм. Гэхдээ эмэгтэй хүний хувьд хоёр зурааснаас л амьдрал нь эхэлж, хорвоог өөрөөр хардаг болдог юм билээ.

Жирэмсэн болсноо мэдээд ээж болохдоо юуг бэлдэх ёстой юм, хүүхдээ хэрхэн яаж эрүүл, зөв тээх ёстой вэ гэх зэргээр дэлхийн хэмжээний олон орны ном зохиол уншиж туршилт судалгаанууд хийж эхэлсэн. Хүний анатомийн бүтцийн тухай олон судалгаа, ном, товхимлууд ч уншиж, мөн төрсний дараа яах ёстой вэ гэдгийг ч нэлээд судалсан. Хүүхдийн хувьд хоёр нас хүртэлх хүмүүжил нь цаашдын хэн байхыг нь тодорхойлдог гэдэг. Энэ мэтчилэн сэтгэлзүйн шинжлэх ухааны номууд ихээр уншдаг байв. Би хүний нөөц, систем хамгаалал мэргэжлүүдийг эзэмшсэнээс гадна оюутан болоод арьс, гоо заслын талаар нэлээд сонирхож суралцаж нэгдүгээр курст сурч байхдаа салон нээж байв. Улмаар арьс, гоо заслын чиглэлээр суралцаж, мэргэжлийн зэрэглэлээ ахиулж, нэгдүгээр зэрэглэл ч эзэмшсэн. Ер нь өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, олон зүйлд сорьж, туршиж үзэхийг хүсдэг зантай.

Энэ бүх зан чанар болон уншиж, судалсан зүйлс маань намайг энэ салбартай ойртуулсан. Бас нэг зүйл нь, миний хувьд ажлын талбар дээр гараад 10 орчим жил ажиллахдаа эмэгтэйчүүдтэй илүү их ажиллаж, тэднийг сонссон явдал байв. Ингэж эмэгтэйчүүдтэй ажиллаж байх үедээ би ихэнх эмэгтэйчүүдэд байдаг сөрөг бодол буюу эрэгтэйчүүд угаасаа араар тавьдаг, тэд тийм гэх миний боддогоос эсрэгээр маш сөрөг, гутранги байдлыг өөрчлөхийг хүссэн. Угтаа эмэгтэй хүн бүр гуравдагч харилцааг бий болгохгүй, нөхөртэйгөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг шүү дээ. Эндээс тэгэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн.

Ингэж л миний ажлын эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Яг ажил хэрэг болоод эмнэлгээ байгуулсан түүх гэвэл, 2016 онд манай “хуурай” эгч надад аарцаг ёроолын булчин сэргээн заслын дэлхийд хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа оруулж ирэх санал тавьснаас эхэлсэн. Ингээд манай “Ла Сантэ” эмнэлэг маань шилдэг эмч баг хамт олноо бүрдүүлэн Монгол Улсдаа анх удаа европын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмэгтэйчүүдийн эрүүл элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхийг бий болгоход туслах дэлхийн стандартын төхөөрөмжөө эмнэлэгтээ суурилуулсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид дөчин жил ажилласан мэт туршлага олж авсан бөгөөд 2018 онд дэлхийн хэмжээний доктор профессорууд маань манай эмнэлэгт зочлоход Франц улсын “Вивалтис” факультетын захирал  Жорж Биллиард гарыг минь атгаад баярлаад уйлж байсан юм.

Энэ хугацаанд би ашиг, бизнес гэхээс илүүтэй нэг ч гэсэн эмэгтэйд нөхөн үржихүйн зөв хэвшил, бэлгийн боловсрол олгож алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж, сэргээн засах эмчилгээг амжилттай хийж, гэр бүлд нь аз жаргал авч ирэх юмсан гэсэн сэтгэлээр л ажиллаж ирсэн дээ. Хэдийгээр би үр хүүхдээ сайн сайхан эрүүл өсгөж хүмүүжүүллээ ч үрсийн минь ажиллаж амьдрах нийгэм өөрөө эрүүл бус байвал миний амьдралын утга учир, хийсэн бүтээсэн өөрөө хий хоосон болно шүү дээ.

-Аливаа зүйлийн анхдагч болж, шинээр нэвтрүүлэхэд хэрэглэгчдэд таниулах гэсэн том ажил байдаг. Монголчуудын хувьд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдэвт нэлээд хаалттай ханддаг шүү дээ. Хэрхэн яаж таниулсан бэ?

-Эхэндээ маш хүндрэлтэй байсан. Таны хэлсэнчлэн Монголчуудын дунд нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсролын талаарх ойлголт, мэдлэг дутмаг байдаг. Монголд энэ төрлийн мэдээлэл хаалттай, дутмаг байснаар иргэдийн эмчилгээ, үйлчилгээгээ зөв сонгох эрх нь зөрчигдөж байгаа юм. Бид өөрсдийн биеийн анатоми бүтэц болон эмчилгээний төрлүүдийн талаар мэдлэгтэй байснаар мэс ажилбар, лазер, филлер тарилгуудын эрсдэл сөрөг нөлөөний талаар ч  мэддэг, хэзээ хэрхэн яаж хийлгэвэл зохистой вэ гэдгийг ялгах боломжтой болно. Мөн өөрийнхөө биеийн онцлогийг мэдэрч, аль нь надад илүү тохирох вэ гэдгийг ч мэдэж, сонголт зөв хийх эрхээ эдэлж, эрүүл мэндээ ч хамгаална.

2016 онд анх эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын эмчилгээ гэхэд хэн ч ойлгодоггүй байсан. Эмч нар ч зарим нь ойлгодоггүй байсан. Дараа нь бид хүмүүсийн арай илүү мэдэх болов уу гэдэг нэрийдлээр үтрээний булчингийн сэргээн засал гэж таниулахыг зорьсон. Гэтэл бас л сэргээн засал гэдэг ухагдахууныг төдийлөн мэдэхгүй байсан.

Үтрээ гэхээр мэдээд байгаа боловч үтрээнд тарьж хийх юм уу яах юм гээд л мөн л мэдэхгүй. Ингээд сүүлд нь “Үтрээний булчин чангалах эмчилгээ” гэдгээр нь таниулсан. Энэ нь зэрэглэл багатай нэршил хэдий ч хүмүүс ойлгож, маш ихээр хандаж эхэлсэн. Эндээс л хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ямар байгаа нь харагдсан. Аарцаг ёроолын булчин гэж хаана байдаг, энэ булчин нь хүнд ямар үүрэгтэй гэдгийг тэр бүр мэдэхгүй байна гэсэн үг. Мөн үтрээний булчин бариудаа эрүүл биш уян хатан, агшилт, базалт хүчтэй цусан хангамж хангалттай, халуухан, эрүүл орчинтой эмэгтэйчүүд бидэнд бүрэн удирдагддаг чанараараа эрүүл бөгөөд сэрэл мэдрэмж өндөр байна гэдгийг ч мэдэхгүй байна гэсэн үг.

-Мэдээж сэтгэл хангалуун, өөртөө кайфтай амьдрах нь илүү чухал байх...

-Яг үнэн. Хэвтрийн 60 настай эмэгтэй бэрээрээ шээсээ зөөлгөөд ингэж амьдрахаас залхаж байна хэмээн үхлийг мөрөөдөн уйлж байсан. Уг нь бидний давсагны хэвийн үйл ажиллагаа насжилт, төрөлттэй тийм ч их хамааралтай биш шүү дээ. Бидний буруу хэвшил, эрүүл мэндийн боловсролгүй байдал л аарцгийн булчингийн сулралтай хамгийн их хамааралтай байгаа юм. 70 жил амьдарсан ч сэтгэл ханамжтай, аз жаргалтай, харамсахааргүй байх нь л чухал шүү дээ. Урт амьдрахдаа бус утга учиртай амьдрахдаа чухал гэдэг шиг. Хүний амьдрал 40 наснаас жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлдэг.

Гэтэл Монголчууд яг энэ ид насандаа өөрсдийгөө өтөлчихлөө гэж боддог. Чухам яагаад ийм бодолтой болдог вэ гэхээр өнөөх л сэтгэл хангалуун бус амьдралаас үүдэлтэй байдаг. 40-өөс дээш насны Монголчуудын дунд аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааны алдагдал болоод үүнтэй холбоотой үүссэн өвчлөлүүд маш их байдаг. Европын ч юм уу өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн боловсрол сайн олгодог орны иргэдийн хувьд 40 насанд ийм өвчин ярьж суухгүй ш дээ. Эсрэгээрээ амьдрал нь ид дэлгэрч, жинхэнэ утгаараа аз жаргалтай амьдарч байхад Монголчуудын амьдрал 40 наснаасаа эхлээд “үхэж” байх жишээтэй. Бүр хэзээний өөрсдийгөө эмээ, өвөө болчихлоо гээд л зөнд нь хаячих тал байдаг. Ингэж явсаар 60 хүрээд хүний асаргаанд орж, шээс дусагнах өвчинд нэрвэгдчихнэ. Гэтэл үүнийг аль эрт сэргээн засаж, эмчлээд, урьдчилан сэргийлээд хань төвтэй, хайр төвтэй, аз жаргал төвтэй сайхан амьдрах боломж байна шүү дээ. Энэ насанд уг нь тийм л байх ёстой юм. Үүнийг л мэдэхгүй байна.Ханиаж найтаах, хүнд юм өргөхдөө, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ хүртэл доош дүлж булчингаа сулладаг. Хүн их сонин. Машин байсан бол доголдож байгаа зүйлийг нь чагнаад л мэдчихдэг. Тэгээд засуулна.Урьдчилан сэргийлж тос маслаа цагт нь солиулна. Гэтэл бие эрхтэн нь доголдоод дохио өгөөд байхад тоохгүй шүү дээ. Эцсийн шатанд оруулж байж л эмнэлэг бараадна.

Энэ хандлагаа л өөрчилмөөр байгаа юм. Бид энэ хандлагыг өөрчлөхийн төлөө эрүүл мэндийн зөв дадал, боловсрол олгох сургалтуудыг хийж байна. Зарим бизнесийн байгууллагууд хувь хүмүүс сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд сурталчилж, иргэдийн тархийг нь угаагаад, буруу мэдээллээр цэнэглэж, элдэв косметик оёдол хийж байна. Бас зарим эмч нар, үтрээний булчин гэмтээдэг лазер аппаратынхан, филлер дүүргэлт хийдэг гоо сайхны газрууд, эмийн зарим компаниуд мэдлэг мэдээллээ гаднын эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнууд руу явж хөгжүүлмээр байна. Хаа хаанаа хүн чанартай үйлчилгээ үзүүлдэг болмоор байгаа юм.

-Аарцаг ёроолын булчин сулралаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал гэвэл хэтэрхий өрөөсгөл байх. Тийм үү?Эрчүүдэд бас хамаатай чухал сэдэв

-Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд маш чухал үүрэгтэй булчин. Тиймээс аарцаг ёроолын булчин ямар үүрэгтэй юм бэ гэдгийг хүн бүр өнөөдөр мэддэг байх ёстой. Ээжүүд бид ирээдүйд өсөх хүүхдэдээ багаас нь ойлгуулж, өсгөж хүмүүжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэж болзошгүй хүчин зүйлийг мэддэг байснаар гэрийнхээ бие засах өрөөний суултуурыг хүртэл ямар стандарттай байлгах, хүүхдээ хэрхэн зөв суулгаж сургах, цаашлаад оффис сандал ямар стандарттай, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байх вэ гэдгийг тооцоолж, эхнээс нь зохицуулдаг байх хэрэгтэй. Аарцаг ёроолын булчин дан ганц хүүхэд тээлт, өтгөн хаталт, хэвлийн таргалалт хэт их ханиалга зэргээс үүдэлтэй сулардаг булчин биш. Саяны хэлсэнчлэн амьдралын дадал хэвшлүүд, орчин тойрны хүчин зүйлийн нөлөөгөөр хэвийн ажиллагаа нь алдагддаг.

Эрэгтэйчүүдийн хувьд мөн л дан ганц бэлгийн сулралын болон шээс дусагнах асуудал биш юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт, амьдралын зөв хэвшил маш чухал байгаа биз. Бидний нэг алдаа нь хүүхдийг хүүхдээр нь л хараад байдаг явдал. Охин хүүхэд бол ирээдүйд ээж болж, хүү бол аав болох нь тодорхой. Тиймээс тэгж харж эрүүл мэндэд нь анхаарч, аливаа үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж, амьдралын зөв хэвшилтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.

Наад зах нь бага насны хүүхдээ орондоо шээхэд тоохгүй, өтгөн нь хатаж байхад хүртэл түүнийг нь эмчлэхгүй орхиж болохгүй. Өнөөдөр хүүхдээ олон хэлтэй, мундаг боловсролтой болгож бэлдэж байгаа  нь дан ганц хийх ёстой ажил биш болчихоод байна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зөв боловсрол, дадал хандлагатай болгож сургах нь ирээдүйд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл мэндийн зөв дадлыг эмчээр зөвлүүлж ойлгодог ч эцсийн эцэст эцэг эх л үлгэрлэн хэвшүүлнэ. Энэ нь таны баталгаатай, чанартай Монгол үр удмаа үлдээх эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.

-Та түрүүн манайд ирдэг эмэгтэйчүүд нөхрөө араар нь тавиад байна гэсэн асуудлыг их ярьдаг гэж байсан. Тэгэхээр энэ асуудлыг зогсоохын тулд тэд өөрийгөө өөрчлөх ёстой, үүнд үтрээний булчин сэргээх эмчилгээ чухал гэж үзсэн бололтой?

-Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа нь бэлгийн үйл ажиллагааны алдагдал хөрөлтөөс үүсдэг. Гайхалтай эмэгтэй бол өөрийнхөө дотоод гоо сайхныг гэрэлтүүлэх ёстой. Өнөөдөр хосууд хоорондоо таарахгүй, харилцаанд асуудал үүсээд ирмэгц хамгийн түрүүнд салалтыг сонгоод байна. Гэтэл салалт тухайн хоёр хүнд маш их сэтгэлзүйн гэмтлийг өгдөг. Тиймээс салалт их битгий байгаасай. Гэр бүлийн харилцаа, бэлгийн харилцааны хувьд ч олон хамтрагчтай битгий байгаасай. Би таван жилийн өмнө ингэж боддог байлаа. Энэ гоё эгчийг энэ ах яагаад орхив гэж. Юу дутагдсан гэж тэд салдаг байна аа гэж. Зарим эмэгтэйчүүд мундаг, өндөр боловсролтой хэдий ч эмэгтэйлэг байдал, байгалиас заяасан секси чанараа гээчихсэн байдаг. Хүн мэдээж гаднаасаа гоё байж болно.

Гэхдээ эмэгтэй хүн өөрт нь байгалиас заяасан өгөгдөл, эмэгтэйлэг сэрэл мэдрэмжээ алдахгүй байх нь чухал юм байна гэдгийг өнгөрсөн таван жил дэх олон судалгааны үр дүн баталсан даа. Энэ мөн чанараа гээж, хэтэрхий ажил карьер төвтэй эсвэл хүүхэд төвтэй болоод ирэхээр эрчүүд өөр зүйлд татагдаж эхэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд хэлдэг л дээ. Бэлгийн идэвхтэй харилцаатай байх ёстой гэхээр ажил амжихгүй, завгүй, хүүхэд хараад, ядраад юун дотно харилцаа гэдэг. Тэгээд завтай үедээ л бэлгийн ажил хийдэг гэх ч юм уу. Ингэж явсаар эр нөхрөө бас асуудалтай болгочихдог.

Эр хүний хувьд энэ зүйл бүх л амьдрал нь. Эрүүл сэтгэл хангалуун амьдрах нь эхнэрээс хамааралтай. Маш олон манлайлагч эмэгтэйчүүд өөрийн гэр бүлийг тэргүүнд тавихгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, эерэг зөв харилцаа ярьдаг. Эхлээд өөрийн гэр бүлээ эрүүл болгоогүй байж, өөр олон гэр бүлийг өөрчилж, эрүүл болгоно гэвэл утгагүй шүү дээ. Нийгэм таны гэр бүлээс бүрдэж байгааг бас санах хэрэгтэй.

-Идэвхтэй бэлгийн амьдрал, жинхэнэ дур тавилт гэдэг нь?

-Бэлгийн амьдрал идэвхтэй байна гэдэг нь олон хавьтагчтай байхыг хэлж байгаа үг огтоос биш. Дур тавилтын жинхэнэ мэдрэмж нь гэр бүлийн тогтвортой дассан, ууссан, мэдэрсэн харилцаанаас, үнэнч нэг хамтрагчаасаа л авч чаддаг зүйл. Дур тавилт гэдэг маань тархи, бие, сэтгэлийн хүчтэй нэгдэл. Амар амгалан тайван өөртөө сэтгэл хангалуунаар хайртыгаа хараад, хайрлаад, хүрээд, тэврээд, үнсээд, биеийн хэлээр, дотоод сэтгэлийн нэгдлээр хүчтэй дур тавьдаг. Энэ мэдрэмждээ хүрч чадахгүй, жаахан бэрхшээлийг хамтдаа туулж чадахгүй, хэсэгхэн зуурын хоосон сэтгэл ханамжтай бус эрсдэлтэй алхмаар ирээдүйн 50 жилийн таашаал мэдрэмжээ бүү устгаарай гэж хэлмээр байна Долоо хоногийн таван өдөр тогтмол бэлгийн харилцаатай байдаг гэр бүлийн гишүүн бүрийн харц нь гэрэлтсэн эрүүл байдаг. Франц, Итали залуучууд эхнэрээ дур тавилтаар жаргааж чаддагаараа бахархаж, бүсгүйчүүд нь хамгийн их азгүйдлээ долоо хоног дур тавиагүйтэй зүйрлэдэг.

-Мэдээж гэр бүлийн харилцаагаа үргэлж халуун дулаан байхын тулд эхнэр гэлтгүй нөхрийн үүрэг, харилцаа ч чухал байх?

-Тийм ээ. Эр нь эрэгтэйлэг, эм нь эмэгтэйлэг байгалиас заяасан өгөгдөл чанараа алдахгүй байж, энэ харилцааны гол түлхүүр болсон мэдрэмж өгдөг нөхөн үржихүйн эрхтэн системээ хайрлаж, хамгаалах нь чухал. Эрэгтэй хүний хувьд бол бэлгийн амьдрал, сэрэл мэдрэмж бүхэл бүтэн ертөнц нь байдаг. Түүгээр амжилт, карьер, аз жаргалын индекс нь хэмжигдэж байдаг. Тогтмол бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүдийн хувьд ажил, амьдралдаа амжилттай байдаг нь нэгэнт судалгаагаар батлагдаж, нотлогдсон шүү дээ. Тиймээс эхнэрүүд, эзэгтэй нар маань үүнийг ойлгож, үргэлж эрүүл байх хэрэгтэй. Эмэгтэй хүний хувьд хүүхэд тээж төрүүлдэг учраас бэлгийн харилцааны хувьд өөрчлөгдөж, эрхтэн системийн ажиллагаанд өөрчлөлт орж байдаг. Гэсэн хэдий ч бие биенээсээ уйдахгүй, улам л гал халуун харилцаатай байх боломж олон байна.

Өчнөөн жил болсон ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг ш дээ. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг. Бас нэг утгагүй, манайхны дунд байдаг буруу ойлголт бол залуу хүнтэй унтвал залуужиж, гоё болно гэх. Гэтэл үүнийг шинжлэх ухаан батлаагүй шүү дээ. Ийм зүйл байдаггүй юм. Бэлгийн харилцаа чинь зүгээр л мэдрэмж, таашаалын асуудал. Секс мэдрэмжийн оргил цэг бол чин хайртай хүнтэйгээ олон жилийг хамт туулж, бие биеэсээ таашаал авах юм. Тэгтэл буруу мэдээлэл, батлагдаагүй зүйлд итгэж олон хавьтагчтай болж, улмаар бэлгийн замын өвчлөлийн үүр болж, өөрийгөө гэмтээх явдал их байна. Сэтгэл ханамжгүй, гэнэтийн бэлгийн харилцаанд орсноор хүн сэтгэлзүйн асар их гэмтлийг авч байдаг. Үүнийг бас анзаарах л хэрэгтэй. Дахин хэлэхэд, хосуудын харилцаа бол мэдрэмжийн асуудал. Тухайлбал, манай нөхрийн, эхнэрийн мэдрэмж нь хаанаа байдаг билээ гэдгийг аль аль нь мэддэг, ярилцдаг байх хэрэгтэй. Тэр мэдрэмжийг нь орхигдуулж огт болохгүй. Зарим хүн үнсэлтээс ч маш гоё мэдрэмж авдаг байж болно.

Тэгвэл тэр мэдрэмжийг илүү өдөөж өгөх хэрэгтэй. Мэдээж бэлгийн амьдралд хөрөлт гэж байдаг. Үүнийг л бий болгохгүйн тулд хосууд ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Амьдрах тусмаа хөрөлтийг биш улам л халуухан болгохын төлөө л аль аль нь хичээх хэрэгтэй. Хүний амьдрал чинь тэр чигтээ мэдрэмж дээр л тулгуурлаж үүсдэг шүү дээ.

- Хөрөлт юунаас болж бий болдог юм бэ?

-Дээр хэлсэнчлэн байгалиас заяасан эрэгтэйлэг, эмэгтэйлэг мэдрэмжээ гээх нь хөрөлтийг бий болгодог. Хүмүүс анхнаасаа хайрлаж, дурлаж мэдрэмжээрээ татагдаж нийлдэг учраас хосуудын харилцаа эргэж сэргээд, халуухан болдог зүйл. Мэдрэмж өөрөө хүний сэтгэлийн гүнд байдаг зүйл учраас маш амархан сэргэдэг гэдгийг мартаж болохгүй. Тэгээд мэдээж хөрөлтөөс урьдчилан сэргийлэх мөн алдсан алдаанаасаа суралцаж нэг алдсан зүйл дээрээ дахин алдахгүй байхыг хичээж ариун нандин харилцаа, бие биедээ итгэх итгэл хүндлэлээ гээхгүй халамжаар цангаахгүй байх өөрөө чухал шүү.

-Төрсний дараа эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлээ бага багаар алддаг гэдэг. Энэ магадгүй бэлгийн амьдралд нь нөлөөлдөг байх.

- Янз бүр байдаг. Ялангуяа өөрөөрөө эрүүл төрсөн эмэгтэйчүүдийн хувьд энэ нь огтоос санаа зовох асуудал биш. Харин ч өөрөөрөө зөв төрөхөд булчин агших процесс сайн явагдана. Төрөлт бус хүүхэд тээх 10 сард булчин сулардаг учраас хөгжилтэй орнууд төрсний дараах сэргээн заслыг эрүүл мэндийн даатгалаар шийдэж өгдөг. Ер нь хүний бэлэг эрхтний хэмжээ ямар байх нь ч сексд төдийлөн нөлөөтэй зүйл биш. Монголчуудын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ төгс зохицохоор бүтээгдсэн бие организмын онцлогтой. Тэрнээс биш эрэгтэй нь жижиг эрхтэнтэй байх, эмэгтэй нь төрөөд суналаа гэх асуудал бэлгийн харилцаанаас таашаал авахад нөлөөтэй зүйл биш. Хэрвээ бид төрөөд л үтрээ нь сунаж, томроод утгаа алдчихдаг юм бол анхнаасаа үтрээгээр төрөхгүйгээр зохицуулагдах биеийн бүтэцтэй байх байсан. Үтрээний булчин бол агшиж, сунаж хэвийн ажиллагаандаа орж байдаг.

Магадгүй буруу хэвшлээс үүдэж, хэвийн ажиллагаа нь алдагдсан бол нөхөн сэргээх эмчилгээ хийгээд болчихно. Энэ бол санаа зовох асуудал биш. Нэгэнт асуудал үүсээд удсан байвал энэ нь буруу рефлекс тогтсон  хосын харилцаа учраас дан ганц эмэгтэйг гэлтгүй нөхрийг нь бас эмчлэх хэрэгтэй болдог.

-Танай эмнэлэг дахин эрүүл мэндийн хувьсал хийж Монгол эрчүүдэд зориулсан цоо шинэ эмнэлэг нээж Итали чанар стандартын Нобелийн шагналт төхөөрөмж эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар?

-Эмэгтэйчүүд сэргээгдээд ирэхээр тэд нөхрөө маш хайрладаг. Ингээд “Ла Сантэ” эмнэлэгт үйлчлүүлсэн мянга мянган эр нөхөртөө хайртай бүсгүйчүүдийн хүсэлтээр олон жилийн судалгаа хайгуулын үр дүнд “Сор Глобал” компанитай хамтын ажиллагааны хүрээнд “Ла Салютэ” эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх сэргээн заслын эмнэлэг маань 2019 оны 11 дүгээр сард албан ёсны үүдээ нээж байгаа. “Ла Салютэ” эмнэлэг нь Итали улсын чанар стандартын баталгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн евро стандартаас гадна Нобелийн шагнал хүртсэн эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлыг бүрэн төгс эмчлэх, бэлэг эрхтний хялгасан судас шинээр ургуулах хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон Монголд анх удаа нээгдэж буй эмнэлэг юм. Төхөөрөмжийг бид олон туршилт судалгаа хийсний үр дүнд Монголд зургаан сард оруулж ирсэн. Үүний зэрэгцээ “Салютэ” сэргээн заслын эмнэлэг маань Монгол эрчүүддээ сэргээн заслын цогц эмчилгээг хийх болно. Үүнд, нуруу нугасны сэргээн засал, тархи мэдрэл, архаг ядаргаа, нүүрний сэргээн засал, гемморой буюу цагаан мах эргэх өвчлөл, түрүү булчирхай, аарцаг ёроолын булчин сэргээн засал гээд цогц эмчилгээнүүдээс гадна Итали, Франц, Японы чанар стандартын баталгаа болсон шилдэг төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон юм. Энэ хүрээндээ бид “Ла Салютэ” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээ 10,11 дүгээр сард Итали, Франц улсад эцсийн шатны сургалтад хамруулж, албан ёсны батламжуудаа ч гардан авсан байгаа.

-Эцэст нь гэр бүлүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Сайхан гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдрах нь хүний амьдралын эцсийн чин зорилго юм. Мянга санхүүгийн эрх чөлөөнд хүрлээ гээд амьдралаасаа таашаал авч чадахаа больсон гэр бүл өнөөдөр Монголд маш олон байна. Заавал том хаусанд амьдралаа гээд жаргалтай болчихдог юм биш. Том хаустай, бүх зүйл нь бүрдсэн гаднаасаа сайхан харагдаж буй гэр бүлд ч өнөөдөр асуудал их байна.

Нарны тусгалыг ч гэрэл гэж хүлээж авч чадахгүй болчихсон, тийм гунигтай амьдрал байна шүү дээ. Тэгэхээр асуудал үүссэн бол эхлээд эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж байгаарай. Нарийн нандин юмаа гаднын хүмүүс, найздаа биш эхлээд бие биедээ уудалж яриад дараагийн шийдлээ хамтдаа олж байгаарай. Учир нь та хоёрын үүсгэсэн, авч явах ёстой л амьдрал шүү дээ гэж хэлмээр байна. Мөн эмэгтэйчүүдийг болж өгвөл өөрөөрөө төрөөрэй. Төрөлтдөө зөв бэлдэж байгаарай гэж захья. Эрэгтэйчүүдийн хувьд заавал гэр бүлээс гадуур харилцаа хайж, гуравдагч нэгнийг оруулалгүй эхнэрийнхээ мэдрэмжийг өдөөж, харилцаагаа халуухан байлгахыг хичээгээрэй. Хэрвээ үнэхээр асуудал үүсээд, бие организмд чинь доголдол үүссэн бол эмчид хандаад эрүүл, эрсдэлгүй зөв эмчилгээгээ хийлгээд, зөвлөгөө аваад гэр бүлийн харилцаагаа сэргээж байгаарай гэж зөвлөе дөө.

-Эрдэнэт хотын салбар эмнэлэгтээ зөвхөн зориулсан урамшуулалын талаарх мэдээллээсээ хуваалцаач.

Эрдэнэт хотын салбар эмнэлэг байгууллагдаад багагүй хугацаа үдлээ маш өндөр сэтгэгдэлтэй үр дүнгээ өгсөн үйлчилгээг үзүүлж байгаадаа бид баярладаг.Энэ удаа маш олон гэр бүлүүд эмэгтэйчүүд бас эрчүүдийн санал хүсэлтийг үндэслэн 

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан бид ердөө "АРВАН ХОСОД" гэнэтийн урамшуулал зарласан.Бэлгийн идвэхитэй амьдралын  маш таатай бэлгийг бид ийнхүү хосууддаа олгож байгаа юм.Тодруулах юм бол гэр бүлээрээ эмчилгээ үйлчилгээнд нэгийн үнээр хоёулаа орж эмчлүүлэх боломж гэсэн үг. Маш өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж ашигладаг учраас бид хөнгөлөлт зарлах боломж хомс байдаг. Энэ бол манай эмнэлэгийн зүгээс  гэр бүлүүдэд өгч буй нандин бэлэг гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа. Хосуудад, гэр бүлүүдэд их хэрэгтэй мэдээлэл бүхий ярилцлага байсан болов уу гэж бодож байна. Танд болон танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

 

Ярилцсан П.Мөнхжаргал

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

neg iim heregtei yriltslaga tavij bgarai bayrlalaa

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.