Д.Өсөхбаяр: "ЭРДЭНЭТ ЖИЖИГХЭН" худлаа ярих арга байхгүй "БҮХ ЮМ НҮДЭН ДЭЭР БОЛДОГ"

             Энэ удаагийн онцлох зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын жудо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ны дарга, “Орхон -Чандмань” ХХК-ийн захирал Дорлигийн Өсөхбаяр уригдлаа. Тэрбээр эцгийнхээ нутгаар хэлэлцвэл Булган аймгийн Сайхан сумын хүн. Эрдэнэтийн бүтээн байгуулалттай мөр зэрэгцэн, өсөж өндийсөн эдүгээ идэр залуу хоттойгоо нас чацуу түүнийг “Чандмань”-ы Өсөхөө гэдгээр Эрдэнэтийн бүхий л салбарынхан андахгүй.  Өсөхбаяр, хүний түүхийн алаг эрээн, алдаа онооны ямар замыг туулж хэрхэн амжилтанд хүрсэн хийгээд тэрбээр ямар  үзэл бодолтой явдаг нь надад сонирхолтой байлаа. Таньд ч бас нэгийг бодуулж, хоёрыг санагдуулсан хөөрөлдөөн болсон байх гэж найдаж байна.

             Энэ өдрийн мэнд хүргэе!

Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе

  • Ер нь өөрт тань “Чандмань”-ны гэхээсээ Мишиг гуайн хүргэн Өсөхөө гэдэг нэг том тодотгол давхар явдаг...

-  Өө би энэ тодотоголдоо их сэтгэл дүүрэн явдаг юм. Сайн хүний сайхан охинтой гэр бүл болж, хүний зэрэгтэй л аж төрж явна. Зарим нь намайг Мишигийн хамаг ажлыг хийдэг ч гэж мяалдаг юм, зарим нь дэлгүүр, бөөний төв,  супер маркетаар хөлжсөн баян тарган хүн ч гэдэг юм. Өсөхөө хүн бүхэнд таалагдах ёстой биш шүү дээ.Миний ертөнц элэг жирийн амьдралаас эхлэлтэй.

  •  Санаснаа гүйцэлдүүлж, зорьсноо хэрэгжүүлж өөрийнхөөрөө яваа, Эрдэнэтээр овоглосон идэр залуусын нэг нь Өсөхөө юм шүү гэж олон хүний амнаас бас сонсож байлаа?

- Өө баярлалаа. Намайг мэдэх нь мэдэхгүйгээсээ олон байхаа гэж би боддог шүү. Бизнес хүний үзэх ёстой, туулах ёстой замыг туулаад л явж байна даа.

  •  Бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан, ямар замыг туулсан нь эргээд дурсахад сонин сайхан байх даа?

- Би чинь хүнд яриад байхаар намтартай хүн биш л дээ. Эрдэнэт үйлдвэрт 5 жил, Солонгост жил гаран ажиллаж ирээд л “Чандмань” бөөний төвөө байгуулсанаар бизнесийн гараагаа эхэлсэн дээ.

  •  Солонгост ямар ажил хийж байв даа?

-  Солонгост модны үйлдвэрт шургааг зөөдөг ажил хийж байлаа.

  • Солонгосууд чинь ажил сайн хийдэг хүмүүстээ их сайн гэсэн?

-  Тийм шүү. Итгэлийг олсон хүндээ их сайн ханддаг. Багаасаа хар бор ажил хийж өссөний хэрэг тэнд гарсан шүү.

  • Солонгос захиралтайгаа онгоцны буудал дээр эхнэрээ тосож авч байлаа гэсэн яриа байдаг. Тэгэхээр итгэлтэй ажилчин болж чадсан байна даа?

- Тэгсэн. Сар гаран ажиллаа, эхнэр хүүхэдээ санаад болдоггүй. Эхнэр маань ч сарын дараа ирж, оёдлын үйлдвэрт ажилд орж бид хоёр жил гаруй ажиллаа.

  •  Анх бизнэсийн салбарт орж ирэхэд  эрсдэлтэй аз сорьсон юм тохиолдож байсан биз?

- 2001 он гэхэд банк санхүүгийн салбар жигдрээгүй байжээ. Шинэ жилээр бараагаа хотоос авна.  Нэг гуч машины барааны үнийн дүн гэхэд, 20-25 сая төгрөг болдог. Тэрийг хотруу нэг бол хүнд дайж явуулна нэг бол биеэрээ авч явна. Менежер маань хотод байдаг. Шинэ жилээр өдөрт таван тонн ачаад дуусдаг. Арав араваар нь авъя гэхээр илүү мөнгө байхгүй, хоёр өдрийн орлогоо хамж аваад л явуулдаг байлаа. Нэг удаа  хүн олддоггүй, нэг хамтрагч маань айраг захидаг юм байна. Тэгэхээр нь канесторт айраг хийгээд бөөрөн дээр нь 20 сая төгрөгөө скочдоод тээшинд хийгээд явуулж байсан удаа бий.

  • Их эрсдэлтэй л юм хийж байж дээ?

- Өө иймэрхүү аз сорьсон зүйл бишгүй тохиолдоно. Өглөө нь авчихлаа шүү л гэж байгаан. \инээв\

  • Худалдаа наймааны хажуугаар бас бус том ажлууд хийнэ биз?

-Худалдааныхаа хажуугаар Бугатад, Мааньт гээд амралтын газар барилаа. Гол горхитой хуучин пионерийн зуслан байсан сайхан газар. За тэгээд л барилгад жаахан дөртэй болсныг хэлэх үү, байсхийгээд л дэлгүүрээ өөрчилж засна. Ганц нэг найман нэрийн дэлгүүр худалдаж авна, засаж янзлаад зарна. Жижиг сажиг үл хөдлөх наймаа руу ч орж үзлээ. Ингээд 2006 онд барилгын салбар луу орьё гэж шийдлээ. Зөвлөж ярилцах хүн маань Шараваа дарга маань л байгаа шүү дээ.  

  • Хадам хөгшин яасан?

- Өө аль 2000 оноос л намайг компаниа байгуулахад л за одоо бие даах боллоо гээд бодсон уу, өөрийн бодол өөртөө зөв гэдгээр л бизнесийн ажлаа орхисон.

  • Тэгсэн байхаа. За Шараваа дарга луу очлоо?

- За ингээд  даргадаа хэллээ. ГОК- руу янз бүрийн бизнесс хийх хэрэгтэй байнаа гэл ээ. Дарга хэлж байна: Шахаа махаа бол олдохгүй ээ,тийм юм байхгүй ээ, чи бизнесс хийж байгаа хүн тийм юм луу ороод ч хэрэггүй. Чи барилгад овоо дөртэй боллоо, хадам хөгшин чинь ч чамд бас дэм тустай, чи ер нь барилга баривал яасийн, манайд 6 машины граж, гэрэл дулааны станцын өргөтгөл гээд хоёрын хоёр ажил байна, энэ хоёрыг хийж болж байна гэлээ. За хийдэг юм болсон чинь барилгын тусгай зөвшөөрөлтэй байх ёстой болдог юм байна. Тэгэнгүүт нь дор нь хөөцөлдөөд тусгай зөвшөөрлийг нь авлаа. Ингээд Эрдэнэт үйлдвэр лүү орохдоо муу ч үгүй хоёрын хоёр ажил аваад орлоо.

  • Шараваа дарга ч их тус дэм болжээ?

- Манай Шаравдорж дарга их тус болсон доо. Сайн хүний тус дэмийг мартаж яахан болох билээ. За би чамд дарга нарын хаалгын яаж тогшихыг зааж өгье өө. Цаашаа чи тогшоод бизнесээ үргэлжлүүлээд явна уу, байна уу өөрөөс чинь шалтгаална. Ямар ч байсан би эхний удаа аргыг зааж өгье гэсэн. Ингээд ГОК-ын дарга нарын хаалгыг олон жил тогшсон доо.Тасралтгүй сайн ажилласан бүх цех, хэсгүүдэд миний гар хүрсэн дээ. Эрдэнэт үйлдвэрт барилга засвар, угсралын ажлуудыг хийсэн, Эрдэнэт хотынхоо бүтээн байгуулалтанд нэмэр болж хэдэн барилга барьсан. Хүмүүс мэднэ дээ. Эрдэнэт бол жижигхэн худлаа ярихын арга байхүй. Бүх юм нүдэн дээр болдог.

     Өөрөө их даруухан дөлгөөн хүн юм. Ер нь спорт хүнийг их сайхан зөв төлөвшүүлдэг юм байна. Монголын жудо бөхийн спортод, та бас л  шийдвэр гаргах хүний нэг болжээ?

    - Бага наснаасаа жудо бөхөөр хичээллэсэн. Гавъяат дасгалжуулагч Раднаабазар, Ш.Бат-Орших, ОУХМ Дэлгэрбаяр, агсан Тэрбиш багш нарынхаа удирдлаган дор жудо бөхөөр барилдаж  өссөн. Гавьяат Д.Нармандах бид нар чинь нэг үеийн бөхчүүд шүү дээ. Дээр нь орос Эрка, Гамбаа, талийгч шар Нямка гээд бид нэг үеийн найзууд л даа.

     Бүгд л жудогоор амжилт гаргасан бөхчүүд. Би бол 10-р анги төгсөөд ГОК-д ажилд ороод амьдралын мөр хөөгөөд явчихсан. Үйлдвэрт байхдаа л улсын аваргаар ороод медаль аваад байсан хүн шүү дээ. Улсын аваргад улсын шигжээ багийнхан л медаль авна уу гэхээс ГОК-ийн цахилгаанчин авна гэдэг хэцүү. Жудо бөх намайг өөрийгөө дайчлах чадвар суулгасан, зөв хүмүүжил олгосон.

     - Энэ бөхөд би өртэй хүн. Тийм учраас ажил бизнес маань ургаштай яваа биз. Гавьяат тамирчин Бат-Орших багш маань надад итгэл хүлээлгэж 2002 онд Орхон аймгийн жудо бөхийн холбооны нарийн бичигийн даргын ажилаа өгч байлаа. 2004 оноос  жудо бөхийн холбооны дэд тэргүүн болоод, аймгийн тэргүүний ажлаа өнгөрсөн жил, гавьяат тамирчин Д.Нармандахдаа өгсөн. 2007 оноос Монголын жудо бөхийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 

  •      Улс төр лүү орох ямар шалтгаан байв. Хэн нэгний нөлөө байв уу?

     - Нас 40 гарчихлаа, манайх ч гурван банди нэг охинтой боллоо. Ажил бизнес ч хэвийн сайхан боллоо. Бизнес хийж байгаа хүний хувьд, Эрдэнэт хотын уугуул иргэний хувьд, эх оронч  хүний хувьд, хар бор амьдралаар өссөн хүний хувьд, “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас “гэдэг үгээр улс төр сонирхсон.

  • Нээрээ л, биеэ засчихлаа, гэрээ засчихлаа, одоо төрөө засалцахад яагаад би болохгүй гэж гэсэн бодлоор ...?

- Үнэхээр тэгж бодсон. 2013 оноос хойш улс төрийн бодол толгойд орж ирдэг болсон. Миний үеийн манайд ажиллаж байсан, миний “цэрэг“ байсан, надтай ижил түвшний хүмүүс байна, дээр нь огт улс төрийн ажил хийж үзээгүй зөвхөн шоу зугаа цэнгэл хөөгөөд явж байсан. Бүгд биш шүү дээ, миний үеийн болон надаас дүү, надаас ах ч  залуус улс төр лүү ороод л зарим нэг нь, дарга түшмэл болоод л яваад байна.

Энэ бишээ өнөөдөр миний 10 жил ажиллаад арай гэж авч унаж байгаа машиныг, тэд хоёрхон жил болоод л авч унаж эхэлж байна. Нүдэн дээр илт харагдаж байна. Урьд нь бизнесээ л бодож, улс төр яахав гэж бодож  байсан бол хартай сэртэй болж байна. Санаа сууж эргэн тойрноо харж эхэлж байна. Тэр хүмүүсийн идэж уух нь буруу гэхдээ тэд амьдрал үзээгүй, улсад ажиллаж үзээгүй нэг хүн цалинжуулж үзээгүй, хэн нэгэн улс төрч гээд байгаа хүнийг дагаж гүйж байгаад ажилд ороод болчихдог бол энэ  чинь юу болох юм бэ. Энэ чинь өөрөөсөө илүү мэргэжил боловсролтой, өөрөөсөө илүү ажил төрөлтэй хүмүүсийнхээ өрмийг хамаж идээд байвал юу болох юм бэ? гэсэн байр суурь толгойд орж ирсэн учраас улс төрийг сонирхсон.

  • Ер нь ардчилсан намыг дэмжиж ирсэн байх шүү?

- Угаасаа ардчилсан үзлийг дэмждэг байсан. Бүх шатны сонгуульд  чадах чинээгээрээ туслаад  л ажиглаад л явсан. Ер нь 40 гараад ирэхээр үзэл бодол өөр болдог юм байна. Юм үзэж нүд тайллаа энэ хооронд олон ч орноор явж үзлээ, олон ажил бизнесс рүү орлоо, хүүхдүүд ч том боллоо.

Ер нь авдрынхаа түлхүүрийг хэн дуртайд нь өгдөг зөв юм уу буруу юм уу гэсэн бодол толгойд их бодогдсон. Махаа зулгааж олсон хэдэн авдар гурилаа хаа хамаагүй хүнд өгчихдөг нөгөөдөх нь дор нь зуураад гаргаад хаячихдаг, ингээд яваад байж болох уу үгүй юу гэсэн бодол орж ирдэг юм байна. Ингээд улс төр лүү орох шийдвэр гаргаад мэдээж ардчилсан нам руу орсон. Нуух юм байхгүй бүлэг фракцууд  байдаг.

Дээр нь ардчилсан холбоо буюу миний багаасаа хүндэлж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч маань МоАХ-ны дарга байсан. Мэдээж ороход Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд надад нөлөөлсөн. Жудо бөхийн холбоонд олон жил явчихсан, олон улс тив дэлхийн тэмцээнд хамт явж хажууд нь суугаад үздэг, хааяа тэмцээн уралдаанд явахад нь цуг явдаг энэ хүний удирдлаган дор, 2015 онд аймгийн МоАХ-ны  дарга болоод, 2016 онд МоАХ-ын дарга болсон.

  • “Сраз маёор” гэдэг шиг 2016 оны сонгуульд их хуралд нэр дэвшинэ гээд үзсэн. Том амбиц шүү?

- \Инээлдэв\ Улс төр бол Үндэсний амбиц гэж би боддог. Өөрөөр бодох учиргүй. Үндэсний эрх ашгийн төлөө тэр хүн улс төрд орж, их хуралд сууж байгаа биз дээ Үгүй юм уу...

  • Тиймээ санал нэг байна. Тэгээд аймгийн ардчилсан намын хорооноос, үндэсний зөвлөлийн гишүүн болно гэдэг амаргүй биз?

-   \Инээв\ Ширүүхэн дайрчихъя гээд 2016 онд их хуралд дэвшинэ гэж үзээд явчихлаа. Манай аймгийн намын хороо 93 гишүүнтэй эндээс эхний шатанд гарсан хүн үндэсний зөвлөх хороо руу явдаг юм. 

Ингээд их хуралд нэр дэвшихээ ойр дотныхондоо дуулгасан чинь гайхсан, цочирдсон. Намын нөхөд маань, Ардчилсан холбоонд хэн гэдэг нөхөр, хаанаас гараад ирэв, тооноор ороод ирлээ гэсэн яриа гарсан.

  • Мэдээж тэгж таарна?

- За тэгээд хүн бүхэнд учирласан асар их цаг зав гаргасан. Тэгж байж арай гэж МоАХ-даа зөвшөөрөгдсөн. Ингээд жижигхэн зөвшөөрөл аваад намынхаа өрсөлдөөнд орсон доо. Нам дотроо хоёр хоёроороо өрсөлдөөд 91 хүний санал хураалт болоод 46\45 гээд нэг хүний саналаар ялагчихваа. Энэ бол миний улс төрийн томоохон сорилт байсан.

  • Тэр цагаас хойш танай намд нэлээд өөрчлөлт боллоо. Өөрийн байр суурь хэвээрээ юу?

 - Тэр цаг мөчөөс хойш нийгмийн сайн сайхны төлөө,Эрдэнэт хотынхоо төлөө, ирээдүйн Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн үзэл бодлоо, үйл хэргээр хэрэгжүүлэх чин зорилготой байна.

  •  Аймгийн Ардчилсан нам-даа орон зай хэвээрээ биз?

- Яг  одоо бол би “улс төрч” хүний дүрээр орон зай минь энэ намд явж байна.

  • “Хамтдаа хөгжье, хамтдаа хөгжүүлье” л гээд байх болж. Ингэхэд Эрдэнэт хотын хөгжил хэний гарт байнаа?

- Эрдэнэт хотын хөгжил бидний гарт байна.

  • Та дандаа Эрдэнэт хот гэж ярихын?

- Эрдэнэт хот байгуулагдаж байхад би цүнхээ үүрсэн “бацкан” сургуульд орж байлаа. Энэ хотод төрсөн нь 40 хүрч , өссөн иргэд нь 40 гарчихлаа. Урьд Эрдэнэт хотын уугуул иргэд гэж байдагагүй байсан бол одоо миний үеийн болон дүү нар уугуул иргэн болоод 40 гарчихсан идэр залуус ороод ирж байна. Эрдэнэт маань илгээлтийн эзэд буюу орон нутгаас шилжин ирсэн хүмүүсийн хот биш болсон. Өнөөгийн Эрдэнэт уугуул иргэдийн хот болж хувирч байна.

  • Тиймээ. Та нар л энэ хотоо авч явах цаг иржээ. Ингэхэд таныг ГОК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирлаар очих юм гэсэн яриа байсан. Яагаад очсонгүй?

-  Яагаад гэвэл Ерөнхийлөгч өөрийн хүнээ тавьчихлаа гэнэ ш дээ. Эрдэнэт үйлдвэрийг идэх гэж тавих гээд байна гэсэн цуу ярианууд их явсан учраас больсон. Энэ нийгмийн асуудал эрхэлсэн захирал больё гэсэн ч би идэх гэж болье гээгүй байхгүй юу. Энэ бол миний нүдэндээ хараад энэ үйлдвэрт ажиллаж байсан хүний хувьд, бизнес хийж явахдаа бүх цех хэсгүүдэд гар хүрч явсны хувьд, надад юу нь болж байна, юу нь болохгүй байгаа нь харагддаг юм.

  • Юу харагддаг гэж...?

- Үйлдвэрийн ажилчдыг зөвхөн цалин, орон сууцаар төсөөлөөд байдаг, үүнээс өөр том асуудлууд байна.

  • Аймгийг хөгжүүлэхэд таньд юу харагдаж байна?

-  Энд юу харагдаж байна гэхээр... Эрдэнэт ЖДҮ хөгжих асар боломжтой хот.  Тэгэхээр  ЖДҮ-ийн зээлийг өгөх хэрэгтэй. Одоо юу байна, Аж үйлдвэрийн парк гээд миний мэдэхийн худалч хүнд 20 жилийн өмнө байгуулагдсан юмдаг. Баатарчулуун гуай байсан. Одоо Энхбаяр аваад явж байна. Энэ парк-т ганцхан үйлдвэр ажиллаж байгаа. Тэр нь түүхий  резиний үйлдвэр. 

  • Электрод үйлдвэрлээд байгаа юм биш үү?

- Аа тэр худлаа но-той, үйлдвэрт ганцхан нийлүүлж байгаа нь энэ түүхий резиний үйлдвэр. Нэг маскны үйлдвэр, за молибдений уут байна. Энийг өөрсдөө хийдэггүй урьдаас авдаг. Ингээд ГОК зогсоо л бол хот зогсчихно.

Бизнес олон жил эрхэлж яваа хүний хуьд хэлэхэд, манай Эрдэнэтийн бизнесүүдийн орлого нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалингаар хэмжигдэж байна. Эрдэнэтэд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэгтэй байна. Одоо ганцхан Хивсний үйлдвэр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ГОК-оос хараат бусаар явж байгаа. Бусад нь бүгд ГОК-ын хараат вар, ресторонаас эхлээд гурил, талхны үйлдвэр худалдааны бүх үйлчилгээ ГОК-ын цалингаар л явдаг. ГОК-ын 6000 ажилчдын цалин л энэ аймагт эргэлддэг.

  • Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр байхгүй бол юу болох билээ гэж бодох хэрэг гарч байна?  

- Ерөөсөө тэгж л бодох хэрэгтэй. Тиймээс үүнээс өөр урьдаас түүхий эдээ авчирдагсан уу, өөрсдөө үйлдвэрлэдэгсэн үү, газар дороос ухаад гаргадагсан уу, гаргасан хойноо зах зээлээ хот болон аймагт борлуулж чадсан тохиолдолд бид хөгжих юм ярина. Гэтэл одоо тийм юм байхгүй зөвхөн үйлдвэрийн ажилчдын цалин дээр л тулгуурласан үйлчилгээ явагдаад байна. Эрдэнэт үйлдвэрт шахаа нэртэй хэдэн тоног төхөөрөмж хэдэн хүн нийлүүлж байна.

Боломжоороо нийлүүлж шахаад л хэдэн айл тэр мөнгөөр амьдарч байна. Тэр мөнгө орж ирээд л Эрдэнэт- үйлдвэрийн худалдан авалт руу ордог. Ганц Эрдэнэт ч биш Монгол улс хөгжихийн тулд ЖДҮ-ийг хөгжүүлэх ёстой. Ингэж хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд бодлогоор, уул уурхайтай аймагруу уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх тийм үйлдвэрүүдээ олноор нь байгуулах хэрэгтэй. Жижигхэн ч гэсэн тийшээ жаахан юм нийлүүлэх хэрэгтэй. Одоо Орхон аймгийн иргэдэд уулын буян л үйлчилж байна.

  • Ер нь бизнес хийж байгаа хүн, одоо би болсон доо гээд ханах гэгч юм байдаггүй бололтой.?  

-  Би чинь бас залуу хүн шүү дээ. Эрт нийгмийн харилцаанд ороод эрт бизнес хийчихлээр бизнесийн хувьд хөгшинд орчихдог юм байна. Зүрх халирдаг болдог юм байна. Би худалдаа, барилгын бизнесээ зогсоосон.  Миний гэр бүлд хангалттай. Ер нь шунаад яахын бэ. Зөв сэтгээд, зөв бодоод явахаар аяндаа ажил бүтээд ирдэг юм билээ. Одоо сайхан л амьдарч байна. Мэдээж хүн бүхэнд санхүүгийн янз бүрийн асуудал байна. Гэхдээ л би бизнесийн ажлаа зогсоогоод, улс төрд орьё гэсэн шийдвэрээ гаргачихсан. Буцах зам байхгүй.

  •  Бид сайхан танилцлаа, ярилцлагаа хэдэн “блиц” асуултаар чимээд өндөрлөх уу?

- За тэгье. Одоо хот гарах гээд байна л даа.

  • Бид ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?

- Эрт босож, орой унтаж, өөрөө хөдөлмөрлөж байж өөрөө баялагаа бүтээдэг ийм л нийгмийг бид бүх нийтээрээ сонгосон. Энд боловсролгүй байна уу, үгүй юу хамаагүй. Сохор, доголон хамаагүй, удам судар хамаагүй та өөрөө л ажил. Ийм л нийгэм шүү дээ.

  • Ер нь энэ нийгмийн тогтолцооны  юу нь таны дургүйг их хүргээд байна?

- Хуулийн завхрал байна. Эрх мэдэлтэй нь үлдээд, энгийн ард болохоор ялаа эдлээд явдаг ийм нэг хуулийн тогтолцоотой орон болчихоод байна .Одоо бидний үеийн залуучууд үүний эсрэг одоо л явж өөрчлөхгүй юм бол дахиж хэзээ ч боломжгүй хожимдоно.

  • Орос хүн буун дор, Монгол хүн ташууран дор гэдэг дээ. Бидэнд ер нь чанга гар хэрэгтэй юм биш үү?

- Одоогийн парламентийн засаглалтай байх нь зөв гээд байгаа хүмүүс болгоомжилоод байна.  Болгоомжлох учир нь юунд байна гэхээр одоогийн  76 чинь буруу бүхнийг хийгээд байгаа юм чинь, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бүр балрана гээд эмээгээд байна. Эмээх нь зөв, гэхдээ цөөхөн хүнтэй монголд зөв эх оронч хүн байхад аваад явчихна. Эх орноо гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч байхад л, манай ард түмэн чинь ухаантай, мэдрэмжтэй.

Дээр тэнгэрээс заяатай зөн билгэнд захирагддаг улсууд тул, яваандаа гарцаагүй юман дээр  зөв сонголтоо хийгээд явчихна. Одоохондоо ойрын хэдэн жилдээ парламентийн засаглалтай, хуулийн дээд зэргийн хэрэгжилттэй, төр маань зөв зүйтэй шударга ажилчихвал тэгээд л болчихно.

  • Манай хүүхэд залуучууд цаг үеэ дагадаг ч юмуу. Хэт хэрсүү догь хэрнээ, ялих шалихгүй юманд сэтгэл ханаж, биеэ хуурсан, нойрмог залхуу шинжтэй болчихжээ гэвэл та санал нийлэх үү?

- Одоогийн хүүхдүүдийн буруу биш байхаа.  Тэдэнд зүг чигийг нь заадаг луужин алга байна. Аль тааралдсанаа барьж авч оролдож явна.  Жишээ нь манай хүүхдүүд над шиг замыг туулж чадах уу, чадахгүй. Сайн сурвал цагийн ажил олгодог хүн болно, дунд сурвал хэвийн ажилтан болно, муу сурвал цагийн ажил хийдэг хүн болно. Одоо ийм л нийгэм.

  • Ингэхэд дэлхийн хөгжиж байгаа орнууд ихэнх нь холимог байдалд оржээ. Тухайлбал 70 хувь нь капитализм, 40 нь социализм гэдэг ч юмуу. Манайх тэгэхэд хаагуур нь яваад байна

- Миний бодлоор зохистой хольц нь чухал байх. Одоо Куба, Хойд Солонгос хоёр социализмаараа явж байна. Монголд болохоор дөрөв дөрвөн жилийн хугацаатай ямар нэгэн капитализм яваад байх шиг.

  • Жишээ нь?

- Казино капитализм, Нагаржуна маягийн капитализм, төрийн коропрацлага капитализм, одоо бол популист капитализм яваад байх шиг. Тухайн үеийн гарч ирсэн эрх баригч нам, намын  толгойлогчийн бодлого, үнэлэмжээр яваад байна.

  • Сайн төрийн үнэлэмж юу вэ?

- Хүн байгаа учраас төр байгаа юм. Хүн өвдөж, зовбол, эрх нь хөндөгвөл сайн төр лүүгээ очдог тийм төр байх хэрэгтэй байна.

  • За бид сайхан танилцаж богино хугацаанд чамгүй ярилцлаа. Цаг зав гаргасанд баярлалаа.

- Намайг өдий зэрэгтэй явахад минь дэмжсэн, тусалсан, зөвлөж хамтарсан, миний төлөө санаа тавьсан эрхэм сайхан хүмүүс та нартаа, найз нөхөддөө, журмын нөхөддөө, Очир-Ваань Хайрхан нутгийн хүргэн болсон надад, дээд тэнгэр ивээлээ хайрлажээ гэж залбирч явдаг шүү. Амьдралд өмөг түшиг болсон та нартаа маш их талархаж явдаг шүү гэдгээ дахин дахин хэлье.  

  •   ЗУРВАС:      Эр хүний нэр нөлөө, эрх дархийнхаа хэрээр доторч ба бүдгэрч олны дунд үзэгдэнэ. Эрх нөлөө нь оюун санааны , бие бялдрын зан чанарын, эдийн засгийн, нийгмийн гэгчлэн янз бүр байх боловч эр хүний үзэгдэхүйн тусгал нь гадагшаа чиглэгддэг байна. Таньд болон таны төлөө тэрбээр юу хийж чадах вэ гэдгээс түүний үзэгдэхүй шалтгаална. Тиймээ эр хүний дүрийг үзэгчид бүтээнэ гэсэн үг. Эр хүн юу ирээдүйд амлаж буй нь чухал. Энэ утгаар харах юм бол Д.Өсөхбаяр ирээдүйд  хаашаа яаж өсөж өндийж буй нь олны нүдэн дээр тэгэхдээ бүр өсөлтийн динамикаар явжээ. Ийм хүнээс бадрангуй романтик аяс харагдана. Эрчүүдийн рейтинг бусдаас гэсэн үг байдаг. Эр хүнээс хүлээх нь түүний ирээдүй, өөрөөр хэлбэл тэр хүн таньд, бусдад, улс орондоо, дэлхий дахинд юу амлаж байгаа юм гэдэг нь сонин. Ер нь чи ардаа юутай хүн бэ гэж монголчууд асуух заншилтай. Тэгвэл Өсөхбаярт Орхон аймгийнхаа хөгжлийн төлөө, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө, зүтгэх чин зорилго, чин зорилгот зориг эрмэлзэл байна. Тиймээ. Эрдэнэтчүүд өөрийн энэ хүндээ итгэл хүлээлгэх цаг үе нь иржээ.  

 

Ярилцсан:  Таны амьдрал сонин: О.Эрдэнэжаргал

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг бас нэг бөх хүн пм биздээ хаха

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.