Орхон аймаг, Эрдэнэт хотын нүүр царай болсон бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалайг зочноор урьж ярилцлаа.

Орхон аймгийн   ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг түүний хувьд энэхүү хариуцлагатай албанд томилогдон ажиллаад 3 жил болж байна.

  

-Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд 2020 онд Засаг даргын тамгын газраас захиалсан хичнээн хөрөнгө оруулалтын ажил байна вэ? Мөн өнгөрсөн оны царцаагдсан ажлууд юу байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Энэ онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 227 ажил бий. Оны өмнө бүх ажлын зураг гарсан. Төлөвлөгөөний дагуу тендерүүд зарлагдаад явж байна. Ажилд гацсан, саатсан зүйл алга.

Өнгөрсөн сарын дундуур газар гэсэж, барилгын ажил эхлүүлэх боломж бүрдэж байна. Энэ дагуу компаниуд материалын татан авалтаа хийж,  дээвэр, үерийн суваг, тоглоомын талбай, сайжруулсан шороон замын ажлууд үндсэндээ эхэллээ.

2019 оны хувьд он дамжсан 26 ажил байгаагаас дийлэнх нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд багтсан.

Тендер зарласан ч гүйцэтгэгч шалгараагүйн улмаас дахин зарласаар хугацаа алдсан ажлууд гэж ойлгож болно.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас тендерийн дагуу гүйцэтгэгч нь шалгарч, тодорхой ажлууд хийсэн ч ондоо амжаагүй. Он дамжсан бүх ажил эхэлсэн.  

-Тендерийн дагуу гүйцэтгэгч компани шалгарч, ажлаа хийсэн ч улсын комисст хүлээлгэн өгөх үед “чанарын шаардлага хангаагүй” гэсэн асуудал сөхөгддөг.

Улсын комисст ажиллаж байгаа ажилтнуудын ур чадварыг сайжруулах, мэргэжлийн байх талаас нь ямар өөрчлөлт хийж байна вэ?

-Манай албаны тухайд 2017 оноос хойш “Захиалагчийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г баталж, тэр дагуу ажлаа гүйцэтгэж байна. Үүнд, гүйцэтгэгч компанийг чадавхижуулах тухай асуудал ч багтсан.

Захиалагчийн хяналтыг хэрхэн хийх, ажлын явцад актаа яаж бүрдүүлэх, аюулгүй ажиллагаа талаас нь зэргээр тал бүрийн сургалт зохион байгуулдаг. Энэ нь зөвхөн комисс ажиллах үеэр материалаа бүрдүүлэх бус явц дундаа материал бүрдүүлэлт хийх бломжийг компаниудад олгодгоороо давуу талтай. Нөгөө талаар гүйцэтгэгч компаниудын хүний нөөцийн асуудал яах аргагүй эмзэг сэдвийн нэг мөн.

Тухайн компанид өнгөрсөн онд ажиллаж байсан талбайн инженер, даамал нь өөрчлөгдчихнө, шинэ орсон ажилтан нь ажлаа сайн мэдэхгүй зэрэг асуудал гарна.

Зарим талбайн даамал туршлага талаасаа сул байгаа нь ч харагддаг. Энэ бүхэнд шалгахаасаа илүүтэй зөвлөгөө өгөх талаас нь ажилласаар ирсэн. Манай байгууллагын хувьд дангаараа хяналт тавихгүй, Барилга хөгжлийн төвтэй 50, 50 хувийн эрхийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Барилга хөгжлийн төвөөс мэргэжлийн инженерүүд ирж хяналтаа тавина. Бид харилцан туршлага солилцож, гүйцэтгэгч компанид зөвлөгөө болон үүрэг даалгавар өгөх ажлуудаа хийдэг.

Манай аймгийн Улсын комисс бусад аймгийн комисстой харьцуулахад мэргэжлийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

-Эрдэнэт хотын Ерөнхий архитектороор ажилладаг таны хувьд ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Манай аймгийн “Тулгуур хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2005-2020” гэж бий. Миний хувьд энэ төлөвлөгөөг мөрдөж ажилладаг. Хаана, ямар байгууламж төлөвлөх вэ гэдгээ уг төлөвлөгөөнд нийцүүдэг байх ёстой. Гэхдээ 2005 онд батлагдсан аймгийн ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй зүйл гарч байгаа учраас шинэчлэх шаардлагатай гэж үзсэн.

Энэ дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэ багуудад хийх тал дээр анхаарч ажиллалаа. Ингэснээр бид ерөнхий төлөвлөгөөнөөс гадна хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулаад явах боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар Баянцагаан багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарчихвал аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулахад хангалттай мэдээлэлтэй болно гэж харж байна.

Мөн ерөнхий төлөвлөгөөг дахин батлуулахад яаман дээр тодохой санхүүжилтийг суулгаж өгөх шаардлагатай болдог. Энэ ажлыг 2018 оноос эхэлж хөөцөөлдсөн. Нааштай шийдэгдэж байгаа.

Бусад аймаг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хараахан хийж чаддаггүй. Манай аймаг багууддаа хийчихсэн учраас нэгтгэж гаргах, улмаар ерөнхий төлөвлөгөөгөө гаргахад боломж бий.

            Манай аймаг 1996 оноос хойш 96 гудамжинд, 2013 онд 2-3 гудамжинд нэршил олгосон байдаг. Түүнээс хойш гудамж, талбайд нэршил олгох ажил хийгдээгүй. Энэ ажлыг сэргээх ажлууд хийгдэж байна.

Нэрлэсэн гудамжаа харилцаанд хэрэглэх нь олон талын ач холбогдолтй. Орхон аймгийг Эрдэнэт хот болгох бэлтгэл ажлын хүрээнд энэ нэршлийн асуудал ч багтсан. Иргэдээс санал авч, 12 гудамжны нэршлийг хийх тал дээр аймгийн Засаг даргад санал оруулсан. Цаашид хийх 17 гудамжны нэршлийн ажил бий. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан хуралдах боломжгүй байгаа тул видео хурал зохион байгуулах, иргэдээс цахим санал асуулга авах зэргээр ажлаа зохион байгуулахаар төлөвлөж байна. эдгээр гудамж нэрлэгдсэнээр гэр хороолол, город, Баянцагааны хэсэг бүгд нэршилтэй болно.

рдэнэт хот болоход иргэдийн иргэний үнэмлэх өөрчлөгдөж, хаяг байршлыг тусгаж өгөхөд шинэ нэрээр явах боломж бүрдэх юм. Наад зах нь гадаадаас илгээмж ирэхэд манай аймгийг стандартын бус хаягтай гэж үздэг.

Энэ бүхэнд өөрчлөлт орно.

-Залуучуудын ордон хэдийд улсын комисс хүлээн авах шатандаа очих вэ?

-Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт, “Танил” техникийн захын хажууд баригдаж байгаа Залуучуудын ордны барилгын ажил дуусах шатандаа орсон.

Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ ажлын гүйцэтгэгчээр “Эрин гүрэн” ХХК ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард 40 хувийн гүйцэтгэлтэй зогссон энэ ажил өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьд хүрсэн.

-Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын гүйцэтгэлийн тухайд?

-Цэцэрлэгт хүрээлэнд бүх гүйцэтгэгч компани ажлаа эхэлсэн. Баруун талын хэсгээ энэ он дуусгахаар төлөвлөсөн.

Галзуу хулгана, алсыг харагч байрлуулах зүүн талын хэсгийн ажилд тендер зарлаж байгаа ч хараахан гүйцэтгэгч шалгараагүй. Цахилгааны ажлууд, зам, жижиг байгууламжууд явцын дагуу хийгдэж байна.

Мод бут сөөг тарих компанитай гэрээгээ хийсэн. Удахгүй энэ ажил эхэлнэ.

Төсвийг буцаан татаж байгаа талаар яриа гарсан. Манай аймгийн хувьд ямар байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын ажлуудаа явуулна, боломжтой зардлыг хасч танана гэж шийдвэрлэсэн. Одоогоор санхүүжилтээс болж манай аймгийн хэмжээнд гацаанд орсон ажил байхгүй. 

 

Т.Атарбаяр

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 3

  • Шинэ мэдээ