Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр бий. Бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах гэсэн. Харин өнөөдрийг хүртэл бид зөвхөн ил харагдаж байгаа, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байгаа буюу бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд анхаарал хандуулж ирлээ.

Тэгвэл үүний цаана хүүхдийг нэг удаа зодсоноос ч илүү насан туршид нь хор хохирол учруулдаг сэтгэл санааны болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл га­зар авсаар байгааг хараад шүүмжлээд суух биш засах залруулах сануулах цаг үе ирээд байна. Бяцхан зүрхэндээ амьдрал тээн ирсэн тэр жаахан үрсээ цаг бусаар бид алдсаар байх уу?Үл хайхрах хүчирхийлэл дунд шийтгэсээр байх уу? Хоромхон зуурын сонор сэрэмжээ алдсаны улмаас алтан амийг нь авч одсоор байх уу?

Хүүхэд бол таны өмч биш. Та хүүхдээ төрүүлсэн л бол түүнд тодорхой эрхүүд үүсэж байдаг байна.

Харамсалтай нь эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүйгээс “Би хүүхдээ яахыгаа өөрөө мэднэ” гэсэн өнцгөөс ханддаг. Хүүхдийг багаас нь шим тэжээлгүй хоол идүүлж, тэжээлийн дутагдалд оруулах, улиралд нь таараагүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас, телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх нь түүний эрүүл мэнд, амьдралын хэмнэлд насан туршид нь хор хохирол учруулж байгаа үл хайхрах хүчирхийллийн түгээмэл хэлбэр гэж үздэг. Хараа хяналтаа сулруулж хүүхдийг гэмтэх бэртэх эрсдэлд оруулсан бол энэ үл хайхрах хүчирхийлэлийн хэлбэр гэж үздэг байна.

Улмаар яриаг нь сонсохгүй байх, харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, үнсэхгүй байх гэх мэтээр сэтгэл санааны хүчирхийллийг үйлддэг. Түүнчлэн хараа хяналтаа сулруулсны улмаас компьютер тоглоомонд донтох, түлэгдэх, цонхоор унах, авто осолд өртөх ноцтой хэлбэрт шилждэг. 6 настай эгчээр нь 2 настай  дүүг нь харуулдаг гэтэл дүүгээ харах чадамж тэр хүүхдэд байхгүй учир алдаа гаргах эрсдэл маш өндөр гэтэл үүнийг эцэг эхчүүд бид ингэж л хүн болсон гэж үздэг. Ихэнх хүүхэд осолд өртсөн өндрөөс унасан хоол тэжээлийн дутагдалд орсон явдал эцэг эх асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болдог,Тэр тусмаа эцэг эхчүүдийн хэнэггүй зан үл хайхрах байдлыг ийнхүү бий болгож байгаа үндсэн шалтгаан юм. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу манай улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн эрхийн улсын байцаагч 36 хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь мөрдөн байцаагчтай адил статусаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хэргүүд дээр ажиллаж байна. Гэхдээ арай хөнгөн хэлбэр буюу Зөрчлийн тухай хуулийн хэмжээнд гэсэн үг. Тэгэхээр үл хайхрах төрлийн хүчирхийллийн талаар энэ хүмүүст мэдээлэл өгч болно.

Өөрөөр хэлбэл, таны хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд тань гараа түлсэн бол Хүүхдийн эрхийн улсын байцаагч танд хариуцлага тооцох эрхтэй. Гэхдээ тэдний хувьд нэн тэргүүнд торгоно гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлд ажиллах ёстой. Тэр ч утгаараа тэд байнгын зөвлөх туслах үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийлэл дотор хамгийн эмзэг хүчирхийлэл бол сэтгэл зүйн хүчирхийлэл юм. Сургуулийн орчинд хүүхдийн сэтгэл зүйн хүчирхийлэл маш их явагддаг.Учир нь багш нар сурагчдаа сэтгэл зүйн дарамт гутралд оруулдаг тухай хүүхдүүд ил далд хэлдэг ч тэдний үгийг хүлээж авддаггүй. Ингэснээр далд хэлбэрийн сэтгэл зүйн дарамт учруулч дүнгээр боож хэлэх үгийг нь боомилдог энэ нь  сургуулийн орчинд  байнга үйлдэгдэж  байна. Таслан зогсоох арга бол хуулийн зохицуулалт юм.Тэгвэл энэ асуудлаас гадна олон төрлийн үл хайхрах хүчирхийлэлд хандсан чиглэсэн хариуцлага шийтгэл уг нь байдаг.

Тухайлбал хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй бол 50 мянга, зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол 100 мянга,  хуулийн этгээдийг нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг 10 мянга,  сургуулийн захиргааг 100 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч нь анхаарал тавиагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг хүнийг 200 мянга, хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг хүнийг 300 мянга, Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 300 мянган төгрөгөөр торгоно гэж зүйлчилж өгчээ. Харин үүнээс хүнд төрлийн хэргүүд нь Эрүүгийн хуулиар шийдэгдээд явна гэсэн үг.

Дээрх хариуцлага тооцох заалтуудыг харахад бидний хэн нь ч өнөөдөр хүүхдээ үл хайхарсныхаа төлөө хуулиар шийтгүүлэх боломжтой юм. Гэвч өнөөдөр торгууль ярихаас илүү хүүхдийн эрхийг бүх төвшинд хамгаалж, тэднийг чин сэтгэлээсээ хайрлан, хамгаалах, ойлгох, ийм нөхцөлд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх хандлага хамгийн чухал зүйл юм. Үл хайхрах хүчирхийллийн улмаас таны хүүхэд амь насаа алдах эрүүл мэндээрээ сэтгэл зүйгээрээ хохирч үлдэхээс та л бяцхан үрээ аварч үлдэх ёстой.Тиймээс нийтээрээ нийгмээрээ хүүхдийн үл хайхрах хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо өргөж тэмцэх нь чухал билээ.

Erdenetlife,mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ