Дулааны цахилгаан станцын инженер, Бүтээмжийн чиглүүлэгч, Г.Гантуяатай бүтээмжийн чиглэлээр хийж буй ажлынх нь  талаар ярилцлаа.

-Та бүтээмжийн чиглүүлэгчээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2018 оны 6-р сараас ажиллаж байна. 

-2019 онд танайхан бүтээмжийн чиглэлд  хэр амжилттай ажиллав?

-Ер нь, манай бүтээмжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. 2018 онд сайн саналын системд ердөө 36-хан санал гаргаж байсан бол  өнгөрсөн онд 300 санал гаргасан. Өнгөрсөн оны эхний улиралд 59 ажилтан 86 санал гаргасан бол энэ оны эхний улиралд 59 ажилтан 186 санал гаргаж, саналын тоо 100-аар нэмэгдсэн. Манайхан одоо л саналыг нь үнэлж, цалингаас гадна орлого олох эх үүсвэр бий болгож буйг  ойлгож эхэлж байна. Энэ эх үүсвэрээр дараагийнхаа ажлыг  санхүүжүүлэх  боломжтойг мэдэрч байна. Хэсгийн дарга нар ч идэвхжиж  өөрсдийн санг бий болгож,  энэ  ажил урагштай  явна. 

-Өнгөрсөн онд 100 манлайлагчийн жагсаалтад танай цехээс хүн багтсан уу?

-2016-2018 онд энэ жагсаалтад нэг л хүн орсон бол 2019 онд хоёр хүн багтсан. Яг үнэндээ ийм шалгаруулалт болдгийг би ч мэддэггүй байсан. Өнгөрсөн жил үйлдвэрийн Топ 200 манлайлагчид долоо, Топ 100-д хоёр хүн багтсан. Тэгвэл энэ оны эхний улиралд Топ 200 –д  ИТА,  ажилчин тус бүр найм, нийт 16 хүн орсон байна. Турбин хими ус бэлтгэх хэсгийн дарга Ч.Баярмагнай Топ 100-ийн  эхний гуравт жагсжээ. 

-2019 онд танайхнаас гаргасан өндөр ач холбогдолтой сайн саналыг дурдвал?

-Манай Ерөнхий инженер дотоод хэрэгцээний схем өөрчлөх санал гаргасан. Бид эрчим хүчний системд ажиллаж байгаа. Эрчим хүчний систем доголдонгуут манайх дагаад доголддог байсныг схемээ өөрчилснөөр систем зогссон ч станц өөрийгөө авч үлдээд, үйлдвэрээ дулаан цахилгаанаар хангах найдвартай ажиллагаа сайжирсан. Ийм том санал гарган, төсөл хэрэгжүүлж, схемээ залгасан.  Тэгэхлээр манайхан дарга, удирдлага, ажилчин гэлтгүй бүгд идэвхтэй сайн ажиллаж байгаа.

-Энэ  онд ямар  зорилт дэвшүүлэв, хэрэгжилт ямаршуу явна?

-Өнгөрсөн жил сайн саналын систем дээр голчлон анхаарсан. Энэ жил бүтээмж чанарын дугуйлангаа идэвхжүүлэн, ажилчдадаа заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Хэдийгээр олноороо бөөгнөрөхгүй ч гэсэн энэ ажил маань үргэлжилж байна. Манай программч инженер гар утасны аппликейшн хийсэн. Үүгээр заавар зөвлөгөө, цахим хичээл оруулж байгаа.

Одоо  нийт ажиллагчдын 50 хувь нь санал гаргаж, бүтээмжийн ажилд идэвхтэй  оролцож байгаа. Энэ хувийг өсгөнө. Саналын хэрэгжилт 10 хувь байгааг 20 хувь руу дөхүүлнэ гэсэн зорилготой. 

-Танайхны бүтээмжийн ажил эрс сайжирсан юм байна. Та ажлынхаа арга туршлагаас хуваалцаач?

-Санал санаачилга гаргахын ач холбогдлыг тайлбарлан таниулж, сайн саналын системд  нээлттэй оролцох боломжоор ханган чиглүүлээд,  заавар зөвлөгөө өгдөг.  Эндээс хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Би бүх хүний саналыг  хэвлээд диспетчер, ээлжийн дарга нарт өгдөг. Энэхүү нээлттэй  саналаас  мэргэжил ур чадварын хувьд хэрэгжүүлэх боломжтой хэн нэг нь  авч, ажил хэрэг болгосноор  санал хэрэгжүүлэлтийн урамшуулал авна. Хэсэг бүр дээр төлөвлөгөө гарган, энэ чиглэлд хийсэн ажлыг нээлттэй харуулахаар, тааруухан нэг нь манайх станцаа доош нь татаад байна гээд идэвхжих жишээтэй. 

-Та өөрөө санаачилга гаргадаг уу?

-Үгүй. Ёс зүйн хувьд би өөрийн нэр дээр санал гаргах нь тохиромжтой биш. Харин хүмүүст заавар, зөвлөгөө өгч, идэвх санаачилгыг нь өрнүүлж  явах ёстой гэж үзсэн. 

 

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ