-Хүүтэй хүн охинтой, охинтой хүн хүүтэй-

Эвлэрэх зай үлдээхгүйгээр муудаж, улмаар гэр бүлээ цуцлуулахад хүрсэн тохиолдлууд нэмэгдсээр байна. Үүний нэг шалтгаан нь хадам ээж, бэрийн хоорондох харилцааны зөрчил байдаг аж.

GoGo.mn өмнө нь гэр бүл салалтын шалтгаан, үр дагаврын асуудлыг хөндсөн “Айл гэр болж тоглох, амьдрал зохиох өөр шүү ЗАЛУУС АА…” ярилцлагыг хүргэж байсан. 

Харин энэ удаа монгол хадам ээж, бэрийн харилцаа, зөрчилдөх шалтгаануудыг судалсан судалгааны үр дүн, сонирхолтой баримтуудыг дэлгэх юм.  Эл сэдвийн хүрээнд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж ярилцлаа. Тэрээр монгол хадам ээж, бэрийн хооронд үл ойлголцол үүсэх, харилцаа хандлагын маргаан бий болох түгээмэл шалтгаанууд болоод хэрхэн үүнийг шийдвэрлэх тухай зөвлөгөөг хүргэсэн юм.

                                                                     МОНГОЛ ХАДАМ ЭЭЖҮҮД БЭРДЭЭ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ

-Монгол хадам ээж, бэрийн харилцаанд зөрчил үүсэх шалтгаан юу байдаг бол. Энэ талаар хийсэн судалгааныхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч? 
-Манай Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим 2003 онд байгуулагдсан. Монгол Улсад анх удаа гэр бүлийн асуудлыг шинжлэх ухаанчаар судлах, гэр бүлтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг шаталсан тогтолцоогоор бэлддэг мэргэжлийн тэнхим болсон юм. Ингээд үйл ажиллагаандаа хоёр зорилгыг чухалчилж дэвшүүлсэн. Нэгдүгээрт Монгол Улсын гэр бүлийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлдэх. Хоёрдугаарт гэр бүлийн асуудлаар шинжлэх ухааны судалгаа хийх буюу гэр бүл нийгмийн асуудлыг судалгааны эргэлтэд оруулах зорилгууд багтана. 

Бид 600 орчим хадам ээж болон бэрүүд дунд асуулга болон ярилцлагын аргаар судалгаа явуулсан

Энэ зорилгуудаа гүйцэлдүүлэхийн тулд монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй ямар асуудлууд байна, түүнийг шинжлэх ухааны ямар арга зүйгээр судлах вэ хэмээн асуудлуудыг тогтоон жагсаасан. Ингээд эл асуудлуудаа бакалавр, магистрын эрдэм шинжилгээний сэдэв болгож батлаад магистрантууд болон тэнхимийн багш нар хамтран судалгаануудыг хийж эхэлсэн. Манай сургуульд гэр бүлийн чиглэлээр хийсэн 100 гаруй нэг сэдэвт судалгааны бүтээлүүд бий. Өөрөөр хэлбэл гэр бүл судлалын сан бий болсон гэсэн үг.  Манай тэнхимийн судалгаанууд 300-1000 хүнийг хамардаг. 

Бид 600 орчим хадам ээж болон бэрүүд дунд асуулга болон ярилцлагын аргаар судалгаа явуулсан. Ингээд хадам ээж, бэрийн хооронд ямар зөрчил үүсдэг, энэ нь залуу гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар асуумж авсан. Мөн зарим нэгэн кэйсүүдэд дүн шинжилгээ хийсэн. 

     -Тус судалгааны үр дүн хэрхэн гарсан бол? Гаднын улс орнуудын хадам, бэрийн харилцаанаас Монголынх ямар байдлаараа өөр байдаг бол?
-Судалгааны үр дүнд хадам ээж, бэрийн харилцаанд гурван сөрөг асуудал гардгийг тогтоосон.  Нэгдүгээрт, Монгол хадам ээжүүд бэрдээ өндөр шаардлага тавьдаг. Мөн хадам ээж, бэрийн өсөж хүмүүжсэн нийгмийн ялгаатай байдлаас үүдээд үнэт зүйлс нь өөр байдаг. Энэ байдлаас болоод үүдэн зөрчил үүсдэг. 

Хоёрдугаарт, Монгол ээжүүд хүүхэд нь гэр бүл зохиож, тусдаа айл болсон ч анхаарал халамжаа тавьж, асуудлыг нь урдуур нь орж шийдэх гэж оролдсоор байдаг. Хүү нь насанд хүрээд айлын нөхөр болж бие даан амьдарч байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Яг л жаахан хүүхэд шиг бодож загнадаг.

Хүүхдүүд маань л хоорондоо зохицож, бие биеэ хүлээн зөвшөөрч байвал болно гэдэг ойлголтоор бус өөртөө нийцүүлэн өөрийн өнцгөөсөө хараад байдаг. Үүнээс шалтгаалан мөн зөрчил үүсэх нь бий

Гуравдугаарт, Монгол ээжүүдийн сэтгэлгээнд хүргэн, бэрээрээ маш их хүндлүүлэх ёстой хэмээх тогтсон ойлголт байгаа нь ажиглагдсан. Гэтэл цаг үеэ дагаад одоогийн залуусын үзэл, хандлага өөрчлөгдсөн. Өмнө нь бэр нь өглөө босоод өрхийг нь татаад, цайг нь чанаж өгдөг байсан бол энэ уламжлал өөр болсон. Харин хадам ээжүүд ердийнхөөс илүү хүндлэл, халамжийг хүссээр л байдаг.

Хүүхдүүд маань л хоорондоо зохицож, бие биенийгээ хүлээн зөвшөөрч байвал болно гэдэг ойлголтоор бус өөртөө нийцүүлэн өөрийн өнцгөөсөө хараад байдаг. Үүнээс шалтгаалан мөн зөрчил үүсэх нь бий. 

-Зөрчил үүсэх, харилцаанд сэв суулгах олон шалтгаан байдаг юм байна. Тэгвэл эдгээрийг сэтгэлзүйн үүднээс нь тайлбарлавал?


-Сэтгэлзүйн талаас нь авч үзвэл нэг эрэгтэйн төлөөх хоёр эмэгтэйн тэмцэл явагдаж буй юм. Ээжийгээ хайрлаж үргэлж халамжилдаг байсан хүү ээжээсээ илүү өөр эмэгтэйг хайрлаад эхлэхээр ээжид хүнд цохилт болдог. Ингээд хүүгээ харамладаг, сэтгэлзүй нь хямардаг. Хүү нь эхнэртэй болсныхоо дараа ээждээ тавих анхаарлаа сулруулж эхэлдэг. Үүнийг ээжүүд жам ёсны зүйл гэж ойлгохгүйгээр шууд бэртэйгээ холбож боддог. Хүү маань надаас хөндийрөөд байна. Үүнд бэр буруутай хэмээн ойлгодог түгээмэл ойлголт байгаа нь судалгаагаар харагдаж байсан. 

-Тэгвэл гаднын орнуудын хадам, бэрийн харилцаанаас Монголынх ямар онцлог, эерэг талтай бол?
 

-Монгол хадам, бэрийн харилцаанд дахин давтагдахгүй эерэг зүйл бий. Гаднын орнуудын бэрүүдтэй харьцуулахад монгол бэрүүд хадам ээжийгээ маш их хүндэлдэг. Айлд бэр болж очсон монгол бэрийн хадам аав, ээжийгээ ачилдаг үнэт чанар бол дэлхийд ховор юм. 

Монголчууд маань хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж үздэг. Энэ сайхан уламжлал бидний ураг төрлийн харилцаанд байсаар ирсэн. Түүнчлэн бэрийн цай ууж, ач, зээгээ үзнэ гэдэг бол монгол ээж, аавын хувьд хамгийн том хувь заяа, хүндлэл юм. 

Монгол хадам ээж, бэрийн харилцаа дэлхийн аль ч улсад байхгүй үнэт зүйлтэй харилцаа гэж онцлох нь зүйтэй. Гэсэн хэдий ч судлаад үзэхэд дутагдалтай тал ч мөн нэлээд байна. Хадам ээж, бэрийн харилцаанд сэв суулгах олон шалтгаан байдгийг судалгааны үр дүнгээс харж болно. Гэхдээ энэ нь бүх хадам, бэрийн дунд эдгээр зөрчил үүсдэг гэсэн үг биш юм. Төрсөн ээж, охин шиг сайхан харилцаатай хадам, бэрүүд бий. 

ТАНАЙ БЭР ТАНТАЙ ГЭРЛЭЭГҮЙ, ТАНЫ ХҮҮТЭЙ ГЭРЛЭСЭН...

-Манайд хоносон бүсгүй ороо хэрхэн засаж, аягаа яаж угааснаас шалтгаалж би бэрээ болгохоо шийднэ гэх гурван хүүтэй ээжийн жиргээ цахим орчныг талцуулж байсан.  Бэрээ сонгохдоо энэ мэт шалгуур тавих нь хэр зөв ойлголт вэ?
-Гэр бүл судлаач хүний хувьд хэлэхэд ийм үзэл баримтлал огт байх ёсгүй. Хадам ээж ийм хандлага гаргаж болохгүй. Мэдээж үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэггүй ээж, аав байхгүй. Муу, муухай амьдаръя гэж боддог хүүхдүүд ч байхгүй. Гэхдээ хадам ээжүүд дараах гурван зүйлийг ойлгох хэрэгтэй. 

Нэгдүгээрт, Танай бэр тантай гэрлээгүй, таны хүүтэй гэрлэсэн. Тиймээс та бэрээ өөртөө нийцүүлэх гэж оролдох шаардлагагүй. 

Хоёрдугаарт, Нийгэм цаг үе өөрчлөгдсөн. Одоогийн залуусын үзэл хандлага, үнэт зүйл, соёл, боловсрол, амьдралын хэв маяг нь хүртэл өөр болсон. 

Гуравдугаарт, Аль болох эхнээсээ хүүхдүүдийнхээ амьдралд хэт их оролцох хэрэггүй. Хүүхдүүдээ тусдаа амьдрах, алдаа оноогоо өөрсдөө даах чадварт сургах нь зүйтэй. Мэдээж ээж, аавууд хүүхдүүддээ зөвлөж, туслах үе гарна. Гэхдээ “Ийм хоол хийлээ, гэрээ цэвэрлэсэнгүй, дэмий юманд мөнгө үрлээ” зэргээр өдөр тутмын ахуй амьдралд нь байнга оролцож болохгүй. Ерөнхийд нь холын зорилгынх нь төлөө амьдралыг нь алсаас чиглүүлэх үүрэг бий. 

Нийгэм цаг үе өөрчлөгдсөн. Одоогийн залуусын үзэл хандлага, үнэт зүйл, соёл, боловсрол, амьдралын хэв маяг нь хүртэл өөр болсон.

-Та гэр бүл судлалаар мэргэшиж, олон судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай. Тэр ч утгаараа гэр бүлийн харилцаанд тулгардаг хамгийн түгээмэл бөгөөд сэтгэл эмзэглэм зүйлийг олж харж, анзаарч байсан болов уу?


-Манай сургуульд Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв 2006 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл бид маш олон төрлийн хүмүүс, өөр өөр кэйсүүдтэй нүүр тулсаар ирсэн. Судлаачийн хувьд бөө, үзмэрч, мэргэлдэг гэх хүмүүс гэр бүлийн амьдралд нөлөөлөхүйц үнэн худал нь үл мэдэгдэх зүйлсээр хүмүүсийг төөрөгдүүлдэгт эмзэглэж явдаг.

Үзмэрчид очсон нэгэн эмэгтэйд “Танай хадам ээж галын хайч бариад гал руугаа чиний нэрийг хэлэн товшиж, хараагаад сууж байдаг юм байна. Танай нөхөр ч бас ээжтэйгээ нийлээд чам руу чиглэсэн муу зүйлүүд хийдэг” хэмээн хэлжээ. Ингээд өнөөх эмэгтэй үзмэрчийн үгэнд итгээд нөхрөөсөө салахаар шийдсэн тухайгаа ярьж бидэнд хандаж байсан. Бодит байдал дээр хүмүүс ихэнхдээ мэргэжлийн хүний үгнээс илүү, үзмэрч, бөөгийн үгэнд итгэх нь элбэг байдаг. Итгэл үнэмшлээсээ болоод хүний үгээр буруу шийдвэр гаргах нь сүүлдээ харамсаад барахгүй алдаанд хүргэж болзошгүй юм. 

-Гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар танилцуулбал. Манай улсад хэр хөгжиж байгаа бол? 

-Гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний онолыг 1970-аад оноос эхлэн боловсруулж эхэлсэн байдаг. Одоо дэлхийн ихэнх улсад мэргэжлийн үйлчилгээ болон хөгжсөөр байна. Манай улсад шүүхийн өмнөх гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ болон аймаг дүүргүүдэд Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвүүд байгуулагдсаар байна. Монголд энэ төрлийн үйлчилгээ эхлэл шатандаа хөгжиж буй учир хүмүүс тогтмол хандаж үйлчилгээ авах дадал хараахан бий болоогүй байна. Залуус маань мэргэлдэг хүнд бус илүү мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Хадмуудтайгаа арга, эвээ олохгүй байдлаасаа болоод салах шийдвэрт хүрэх гэж буй залуу хосуудад юу гэж зөвлөх вэ?
-Маш олон залуу хосууд “Бид хоёр амьдрал дээр зохицоод болдог юм. Гэтэл хадмууд амьдралд оролцоод хэцүү байна. Тэгээд салахаар шийдсэн” хэмээх нь бий. Гэр бүл салалтын шалтгааны судалгааг авч үзэхэд хадмуудын оролцоо маш өндөр гарч ирдэг. Хадмуудтайгаа харилцаа тааруу байлаа гээд салах шийдвэрт хүрэх гэж буй бол дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай.

Та насан туршдаа хадамтайгаа хамт амьдрахгүй. Үнэхээр хадмаасаа болоод харилцаа чинь хэцүү байгаа бол амьдрах байршлаа солиод үз. Шинэ газар, шинэ амьдралыг эхлүүлээд үз. Хүмүүс харилцааны асуудалтай тойрогтоо л насаараа үлдэх юм шиг санадаг. Тэр тойргоос гарах арга нь салах гэж үздэг. Энэ нь маш буруу юм.

Зөрчил үүсэх нь хэвийн үзэгдэл. Тиймээс аль аль талдаа ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зөрчил үүсгээд байгаа зүйлд ач холбогдол бүү өг. Ихэнх залуус өөрийнхөө аав, ээжээс хүсдэг зүйлээ хадмуудаасаа хүсдэг. “Манай ээж надад ингэж хандаж, халамжилдаг байхад танай ээж тэгэхгүй байна” гэж гомдолдог. Таны ээж бол таны ээж. Таны хадам ээж бол таны ээж биш таны хадам ээж. Тиймээс өөрийнхөө ээжээс хүсдэг зүйлээ хэзээ ч бүү хүлээ. Энэ бол бодит үнэн. Зөрчил үүсэх нь хэвийн үзэгдэл. Тиймээс аль аль талдаа ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

-Тэгвэл бэртэйгээ тааруу харилцаатай байгаа хадам ээжүүдэд зориулж юу гэж зөвлөх вэ?
-Хүний амьдрал богинохон. Бэрдээ хатуурхаж, өндөр шаардлага тавьж байж гомдоосон байж магадгүй. Өтлөх үедээ та бэрийнхээ гарыг харах үе ирэхийг үгүйсгэхгүй. Судалгаанаас үзэхэд залуу хадам ээжүүд бэртэйгээ зөрчилдөх нь түгээмэл байдаг. Юм ээлжтэй шүү дээ. Өнөөдөр таныг хараад айгаад бүлтгэнэж байсан бэрээсээ өтөлсөн хойноо цай, шөл хүлээн суух ч юм билүү. Мөн хадам ээжүүд өөрсдөө айлд бэр орж, хадмын босго алхаж байсан үеэ эргэж нэг бодож үзэх хэрэгтэй.

Залуу хүн эхнээсээ бүгдийг төгс сурсан байна гэж байхгүй. Тэд алдаж, онож, таньж байж илүү сайжирдаг. Тэгэхээр танайд бэр болж буй бүсгүй айлын эхнэр болж үзээгүй. Хүүхэд сургуульд ороод А үсгээ заалгах гэж буйтай адил. Амьдралын их сургуулийн босгыг дөнгөж алхаж орж ирж буй юм. Иймээс бэрээ зэмлэж буруутгахаас илүү зөвлөн туслах хэрэгтэй. 

Эх сурвалж: gogo.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ