П.ПҮРЭВЛХАГВА: Дөрвөн жилийн ажлаа дүгнээд хэлэхэд,манай төлөөлөгчид бүрэн эрхийн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэх завгүй, ажиллаж бодит үр дүнд хүрсэн

    Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, иргэд, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснээ харуулах хугацаа ойртож байна. “Бид хийсэн” гээд    цээжээ дэлдэхээс илүүтэй баг болж, гар сэтгэл нийлэн ажилласан нь тэдний хувьд томоохон амжилт байсныг хурлын дарга яриандаа онцоллоо. Үнэхээр ч  сэтгэл нийлсэн баг, хамт олноос уулыг нүүлгэж, усыг эргүүлэхээс буцахгүй хүч чадал, зориг тэнхээ гарах нь гарцаагүй юм. Орхон аймгийн иргэдийн дуу хоолойг төрд төлөөлсөн эрхэм төлөөлөгч нар хэрхэн ажиллаж, ямар асуудлыг зөв чиглэлд нь оруулсныг мөн Эрдэнэт хотын статустай болсонтой холбоотой зарим асуултанд хариулт авлаа. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай хийсэн ярилцлагаа хүргэж байна

  

-1994 онд Орхон аймаг статустай болж байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан 26 жилийн дараа Эрдэнэт хот нэршил маань сэргэж байна.

2016 оноос эхлэн парламентын түвшинд яригдсан энэ асуудлын хүрээнд Эрдэнэт хот статусаа авснаар ямар ямар өөрчлөлт хийгдэх вэ?

-Энэ парламентын үед шийдэгдлээ. Өмнө нь үе үеийн парламентад энэ талаар санал оруулдаг байсан ч үндсэн хуулийн өөрчлөлт хийгдээгүй шүү дээ. Эрдэнэт хот байсан, байгаа, байх ч болно. Яг энэ Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор “Хот тосгодын байдлын тухай хууль”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт орсноор хот гэдэг утгаараа явах эрхзүйн орчин бүрдэх юм. Магадгүй, 2021, 2022 онд  Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн биеллээ олох байх. Энэ өөрчлөлтийг даган төрийн үйлчилгээний асуудал, хотын эдийн засгийн бааз суурийн асуудал яригдана. Хот өөрийн гэсэн татвартай байх ёстой. Зарим татвар орон нутагтаа, хотдоо үлдэх байдал үүснэ. Хүмүүсийн ихээхэн сонирхдог нэг зүйл нь эмч, багш нарын асуудал байна.

Хотын зэрэглэлтэй болчихвол багш нарын хөдөөний нэмэгдэл байхгүй болох уу гэдэг. Хөдөөний сумын төвийн багш нарын нэмэгдлээр авах мөнгө нь бодогдохгүй ч, тодорхой өөрчлөлт орох байх. Бүсчлэл өөрлөгдөхгүй. Төлөөллийн бүтцийн хувьд ойлгомжтой. Эрдэнэт хотын, Дархан хотын хурлын төлөөлөл нь өнөөгийн Орхон аймаг, Дархан-Уул аймгийн хурлын зарчмаар шийдэгдэнэ.Шинэ баг үүссэнтэй холбогдуулан 33 багийг төлөөлдөг байсан бол 35 болж өөрчлөлт орохоор байна. 

    -Хот тэлэх асуудал дээр ямар гарцыг та харж байна вэ? Зохицуулалт хийгдэх үү?

-Тойргийн сумдын иргэд төрийн болон бусад төрлийн үйлчилгээгээ манайхаас авч байна. Эдгээр сумдыг нэгтгэх асуудал нь тухайн суманд амьдарч байгаа иргэдийн буюу бүх нийтийн санал асуулгаар шийдэгдэх Үндсэн хуулийн зохицуулалт бий. Жалга довны үзлээр бус, томоохон эдийн засагтай Монгол Улсын 2 дахь том хот, нийгмийн төвлөрсөн төвийн асуудлыг цаашид эмх цэгцтэй шийдэгдээд явна гэж бодож байна. Чухам ямар гарцаар явахыг дээрх хоёр хуулийн өөрчлөлт орсны дараа яригдана. Хотын эзэмшил газрыг хуулийн зохицуулалтаар нэг тийш шийдэх хэрэгтэй болно. Бид олон жил Булган аймагтай дундын суурьшлын бүс байгуулах талаар ярьсан. Ярьж ярьж, “Нутгийн иргэд зөвшөөрсөнгүй” гэсэн хариу авдаг. Өөрийн гэсэн газар нутагтай байж л хотын ерөнхий төлөвлөгөө, цогц бодлого хэрэгжинэ шүү дээ. 

-Эдийн засгийн чадамжийн хувьд өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэж харж байна уу?

-Хотын статустай болсноор Жаргалант сум “хороо” болно байх. Бусдаар бол биеэ даасан аймгийнхаа хэмжээнд л явна. Харин “Хот тосгодын байдлын тухай хууль”-ийн шинэчлэлээр хотын зарим татварын зүйл анги орон нутгийн төсөвт нэмэгдэж орох байх. Төсөв санхүүгийн хувьд дордох үндэс байхгүй. Санхүүгийн бүтэц хэвээр үргэлжилнэ.

-Эдийн засгийн хямралыг Эрдэнэт хотын иргэд харьцангуй хөнгөн даваад гарах болов уу гэж харж байна. Магадгүй энэ нь Эрдэнэт үйлдвэр цомхотгол хийхгүйгээр ажилчдынхаа цалинг тогтмол хэмжээнд барьж байгаа нь нөлөөлж байж болох юм. Эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдал үүсэхэд бид бүсээ чангалах ёстой юу, ер нь ямар байдлаар хямралыг даван туулах ёстой гэж эдийн засагч хүнийхээ хувьд харж байна вэ?

-Байхгүй зүйлийг тэг, ингэ гэх хэцүү. Үйлчилгээний салбарынхан цагийн хязгаарлалтаас үүдэн санхүүгийн хувьд хүнд байгаа ч ерөнхий төсөв, бусад томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа хэвийн гэж харагдаж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд цагийн хязгаарлалтаас үүдсэн хүндрэлтэй нөхцөл байдал гарч байгаа нь үнэн. Бидэнд бүсээ чангалах бодлого байх ёстой. Монголчууд бид дэндүү тансаг амьдралтай тул хэрэглээгээ хязгаарлах нь зөв л дөө. Дэлхий нийт болоод бүс нутгийн шинж чанартай эдийн засгийн хямрал нь хил нээгдэхэд өргөс авсан мэт арилдаг зүйл биш. Тиймээс нэг жил орчмын хугацаанд бизнесийн чиглэлээ өөрчлөх юмуу дасан зохицох л хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм. Манай аймгийн төсөв санхүү хямралыг харьцангуй хөнгөн давж байна. 

Мэдээж үүнд Эрдэнэт үйлдвэр төдийгүй бусад аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа нөлөөлж байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой 7-8 чиглэлийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь тодорхой түвшинд эдийн засаг гайгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн болов уу.

-Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа ирэх 10 дугаар сарын 20-нд дуусгавар болохоор байна. Сүүлийн дөрвөн жилд хурлаас гаргасан бодлого, шийдвэрийн гол зангилааг Та хэрхэн үнэлж, дүгнэх вэ?

-Энэ дөрвөн жилд бүхэлдээ иргэд рүү чиглэсэн 18 дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлснээрээ ихээхэн онцлогтой. Нийгэмд чиглэсэн гэдэг утгаараа маш үр өгөөжтэй ажлууд болсон. Хөтөлбөр бүрийг задалж яривал их олон сэдэв задарна. Эрдэнэт бол хот. Тиймээс хотын ирээдүйн хөгжилтэй холбоотой хамгийн гол асуудлыг нэг болох хог хаягдлын менежметийн асуудлыг боловсронгуй болгох бйасан. Төсөл бодитоор хэрэгжиж эхэлсэн. Мөн хотын үерийн далангийн асуудал байна. Эрдэнэт ДЦС-ын трубингенераторын өргөтгөлийн ажил ирэх жил бодит биеллээ оллоо. Энэ бүхэн олон жил яригдсан ч шийдэл муутай байсан. Хот хөгжих, хүн амьдрах маш таатай нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

Дөрвөн жилийн ажлаа дүгнээд хэлэхэд, манай төлөөлөгч нар маш эв нэгдэлтэй баг болж ажилласан. Төлөөлөгч нарын хувьд энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэх завгүй, ажлаа шийдвэрлэсэн он жилүүд байлаа. Оногдсон ажлаа сайн хийж, ажилдаа дадсан дөрвөн жил гэж хэлж болно.

-Энэ бүрэн эрхийн хугацаанд гаргасан түүхэн шийдвэр юу байв

-Хурлын төдийгүй аймгийнхаа, цаашлаад 21 аймгийн түүхэнд анх удаа 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн 100 хувийн хөрөнгөөр цэцэрлэг байгуулсан. Мөн Жаргалант сумын дэд бүтцийг шийдвэрлэхэд зориулан технологийн уур гаргах уурын зуух баригдаж, ашиглалтад өгөх хугацаа ойртож байна. Энэ бол хот тэлж хөгжихөд зайлшгүй шаардлагатай. Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачлагаар орон нутгийн өмчит Шинжлэх ухаан, технологийн парк байгуулан, импорт орлох хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ашгийнхаа үлдсэн хөрөнгөөс өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа нь зөв гольдролоо олсон ажил гэж хардаг. Мэдээж хамрах хүрээ нь бага ч гэлээ өргөжинө. Аливааг ярих бус эхлэлийг нь тавьж, хийгээд явна гэдэг асар том зүйл.

-Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнг удахгүй ашиглалтад өгөх гэж байна. Тухайн газар дээр яригддаг нэг зүйл нь барилга байгууламж барих боломжгүй, Орхон аймгийн усны нөөц байхаас гадна намаг ихтэй газар гэдэг. Энэ ажил дээр 11 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хөрөнгө оруулалт  нүдээ олсон ажил биш гэж сөрөг хүчин үзэж байгаа. Хурал төсвийг баталсан энэ тал дээр

-Орхон аймагт 0-18 насны хүүхэд 30 гаруй мянга, 35-аас доош насны залуучуудын тоо нийт хүн амын 65 хувийг бүрдүүлж банай. Хүн амрах хүрээлэн зайлшгүй байх ёстой.  Бүрэн эрхийн дөрвөн жилд гарсан нэг дэвшил бол нийгмийн хариуцлагын хүрээнд хот, үйлдвэр нэгдэн ажилласан явдал байлаа. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад талархал илэрхийлэх нь зөв байх. Цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулсан тухайн газар нь хотын цэвэр усны нөөц газар юм.

Тиймээс ямар нэг барилга байгууламж барихгүй, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөгдсөн газар. Аливаа зүйлийг харлуулж, улс төржихөөс илүүтэй гэр бүл, хүүхэд залуучууддаа зориулсан хөрөнгө оруулалт талаас нь хараасай гэж бодож байна.

-“Хөх монгол цогцолбор”-ын тухайд 2012-2016 онд хийгдсэн чамлахааргүй хөрөнгө оруулалт орсон бүтээн байгуулалтын нэг. Ашиглалтыг менежметийн өөрчлөлтөөр сайжруулах шаардлагатай гэж ярьсан ч үр дүн нэг л харагдсангүй

-Орон нутгийн хөрөнгөөр хийгдсэн энэ ажлыг авч явах нь бидний үүрэг. Бүтээн байгуулалтаа хамгаалаад явж байна. Жил бүр бизнес төлөвлөгөө өгч, аль болох биеэ даан ажиллах талаас нь чиглүүлдэг.

Нийгэмд чиглэсэн энэ төрлийн объектыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөлгүйгээр, менежментийн зөв зохицуулалтаар явах нь зөв гэж харж байгаа ч зөв тооцоололтой санал хараахан орж ирэхгүй байна. Хийснээ шүүмжлэхгүйгээр, харин ч олны хүртээл болгохыг чухалчилна.

-Саяхан Автотээврийн үндэсний төв дээр хөрөнгө нь шийдэгдсэн байсан авто вокзал барих  3,9 тэрбум төгрөг гэнэт Говь-Алтай аймаг руу шилжчихсэн. Энд лобби явагдсан гэж хардаж байна.

-Улсын төсвийн нэгэн адил боловч автовокзалын санхүүжилт нь замын татвар хураамжаасаа хийгддэг ажил. Таны хэлдэгээр лобби орсон нь үнэн байх. Ингэлээ гээд бид асуудлыг орхилгүйгээр өөр арга зам хайх ёстой байх. Газраа шийдээд өгвөл барилгыг нь барьж өгье гэж санал тавьсан хувийн хэвшлийн компани ч бий.

Манай хотод автовокзал зайлшгүй байх ёстой гэж харж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэнэ. Ирэх он гэхэд эцсийн байдлаар асуудал яригдана.

-Хүүхдийн парк гэж эвдэрсэн тоглоомтой газраа хувийн байгууллагын өмчид байлгаад байгааг юу гэж ойлгох вэ?

-2015 онд Орхон аймгийн нисэх буудлыг иргэнд шилжүүлсэн байсан. Түүний нэг адил төрийн өмчийн хорооноос хүүхдийн паркийг хувийн өмчид шилжүүлчихсэн, аймаг орон нутагт мэдэгдэхгүйгээр шүү дээ. Хувийн өмчид халдах нь хуулийн зохицуулалттай тул бид хамаагүй дайрч болохгүй л дээ. Нэгэнт шийдэгдсэн асуудлыг яах ч аргагүй тул шинэ газар цэцэрлэгт хүрээлэн барьж, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг иргэд маань зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна.

 

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.