Танилц: Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр хуульд заасны дагуу өнөөдрөөс олон нийтэд ил болж байна

УИХ-ын 2020 оны сонгууль  зургадугаар сарын 24-нд товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвсэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрөө өнөөдрөөс хуульд заасан хугацааны дагуу олон нийтэд хүргэх юм. 

Үндэсний аудитын газар хүргүүлсэн намуудын мөрийн хөтөлбөртөө тусгасан онцлох заалтуудаас сонирхуулъя.

МОНГОЛ АРДЫН НАМ
 


МАН мөрийн хөтөлбөртөө "Алсын хараа-2050"-н эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх гэнэ. Тодруулбал, банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагджээ. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор гэнэ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн орлого нэмэгдүүлэх мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт багтжээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаажээ. 

АРДЧИЛСАН НАМ
 


Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө  тусгасан гэдгээ дуулгаад байна. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна. Тэд мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгаж байна.

 “ШИНЭ ЭВСЭЛ” 
 


Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүллээ. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.

“ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа юм. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл  байгааг ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг тооцож гаргажээ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоож, хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.