2020 оны УИХ-ын сонгуулийн зардал өмнөх сонгуулиас нэг дахин нэмэгджээ

Нэр дэвшигчид  сонгуулийн хуулийн хүрээнд сурталчилгааны ажлаа тойргийн хүрээнд зохих хэмжээнд буюу өрх, сонгогч бүрт хүрч зохион байгуулахад наад зах нь 200 сая төгрөг зарцуулах хэрэгтэй болж байна. Тэдний  хувьд зардлын 50 хувь нь хэвлэл, мэдээлэлд, үлдсэн 50 хувь нь зохион байгуулалт, тээвэр, холбоонд зарцуулагдах төлөвтэй байна. Томсгосон мажоритар тойргийн хувьд нэг нам, эвслээс нэр дэвшигчид дээрх зардлын санхүүжилтээ хуваалцах боломж бий. Иймээс Үндэсний Аудитын Газрын тогтоосон зардлын дээд хязгаар бол сонгуулийн зардлыг нилээд тэлсэн байдалтай, өрсөлдөөний тэгш боломжийг бүрдүүлэхэд хангалтгүй байна.

Бодит амьдрал дээр сонгуулийн сурталчилгаа, нөлөөллийн ажил хуулийн дээрх хязгаараас давах нь элбэг. Зарим “мөнгөтэй” гэгдэх нэр дэвшигчид сонгуулийн менежер, зөвлөх нарын хөлс, ухуулагч нарын урамшуулал, тээврийн хэрэгсэл, бусад зардал, нийгмийн сүлжээ ба хэвлэл мэдээллийн зардалд маш их мөнгө зарцуулдаг. Улмаар, зарим нэр дэвшигчид ухуулагч нараар дамжуулан шууд ба шууд бусаар санал худалдан авахад нэмж мөнгө зарцуулдаг. Хэрэв зардлын дээд хэмжээг тогтоож байгаа бол зардлын төрлүүдийг зааглах, тус бүрээр нь хяналт мониторинг хийх боломжтой байхуйц болгох нь үр дүнтэй юм. 

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ӨСЧ БУЙ ШАЛТГААН

Нэр дэвшигч Х-ын хувьд зардлын 50 орчим хувь нь хэвлэл мэдээлэлд зарцуулагдаж байгааг дээр харсан. Энэ байдал нам, эвслүүдийн хувьд ч ижил байх магадлалтай. Нам, нэр дэвшигчдийн зардлын тайланд хэвлэл мэдээлэлд зарцуулсан зардлаа ялгаж оруулдаггүй учраас бодит тоо байдаггүй.

Харин Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд дэлхийд 73 дугаарт “эрх чөлөөгүй” гэх ангилалд эрэмбэлэгдэж, нийт 500 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын 74 гаруй хувь14 нь улс  төрийн хамааралтай байгаа нь бодит дүн юм. Олон улсын сонгуулийн ажиглагчдын тайланд 2016, 2017 оны сонгуулиудад хэвлэл мэдээллийн байгууллагууд бие даасан зуучийн үүргээ гүйцэтгэгээгүй, эрх баригч нам, улс төрчдөд ихэнхдээ үйлчилдэг гэж дүгнэсэн15  байна. Сонгуулийн үеэр энэ хэвлэл мэдээллийн их орон зай нь бүхэлдээ улс төр, сонгуулийн нөлөөллийн суваг болж хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, их цаг ашиглаж чадсан нь олон нийтэд мэдээллээ хүргэх тэгш бус нөхцөлийг бий болгодог. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд сонгуулийн үе нь ашиг олох том боломжийг нээдэг.  

Судлаачдын ажиглалтаар Монгол Улсад сонгуулийн зардал 2000 оноос эхлэн огцом өсөж эхэлсэн нэг шалтгаан бол бизнесийн салбарынхан улс  төрийн намыг санхүүжүүлж, өөрсдөө намаас нэр дэвшиж өрсөлдөх нь ихэссэн явдал юм. Улс төрийн намууд сонгуулийн зардлаа бүрэн хариуцах, дээр нь төв болон орон нутгийн намыг санхүүжүүлэх, “тойрог услах” чадалтай нэр дэвшигчийг татах сонирхол ихэссэн. Улмаар, 2004 оноос улс төрийн намууд сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор “гэрээт ухуулагч” нэрээр хүмүүсийг хөлсөлж ажиллуулах, сонгогчдын саналыг худалдан авах ажил ихэссэн. 

Сонгогчдынхувьдсайн хууль, бодлого тодорхойлогч биш сонгогдсон тойрогтоо хувийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай улстөрчийг хүсэх хандлага давамгайлдаг. Нэр дэвшигчид нь ийм дүр зураг, эрэлтэд нийцүүлж өөрсдийн санхүүгийн чадвараа ил болон далдаар илэрхийлэх хэрэг гардаг. Эрх баригч намаас нэр дэвшигчдийн хувьд ихэнх нь төсвөөс тойрогтоо хуваарилсан хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвөөр хийсэн ажлуудыг өөртөө наах байдлаар өөрийгөө сурталчилдаг. Бусад нэр дэвшигчдийн хувьд хэрэв томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч биш бол сонгогчдын ийм хандлагад нийцэхэд бэрхшээлтэй.

Сүүлийн 10 орчим жилд цахим нөлөөлөл, сурталчилгааны үүрэг маш их болсон. Нам, нэр дэвшигчид сонгуулийн ба сонгуулийн бус үед цахим орон зайг ашиглан сонгогчдод нөлөөлөх зорилготой мэргэжлийн багууд ажиллуулах болсон. Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны хэлбэр агуулга сошиал талдаа түлхүү явагдаж байгаа ч энэ нь мөнгөний урсгалын гадна талд очиж байгаа нь туйлын харамсалтай.

Монгол Улсад 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намын зарцуулах зардлын таазыг 5.9 тэрбум төгрөг, нэр дэвшигчдийг тойргоос хамаарч 360-760 сая төгрөг байхаар тогтоосон7. Зардлын дээд хэмжээ өссөн нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.7-д8 сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцжээ.

2016 оны адилаар нам, нэр дэвшигчид зардлын таазанд тулгаж тайлагнана гэж тооцвол зөвхөн МАН, АН-ын сонгуулийн зардал нийтдээ 84.7 тэрбум төгрөг болно. Бусад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийнхийг нэмбэл наад зах нь 100 тэрбум орчим төгрөг болно. 

  Эх сурвалж:  Нийтэлсэн: Улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Д.Бямбажав

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.