Хөгжил дагуулсан “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалт үргэлжилсээр..

      Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын яам, агентлагийн төлөөлөгчид  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, сүүлийн үед хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, техник, технологийн  шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид өнгөрсөн онд буюу “Хөрөнгө оруулалтын жил”-д бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлж амжилттай ажиллан түүхэн олон дээд амжилтын эзэд болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цохон тэмдэглэсэн юм. Тэрээр “Уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, 37,2 сая тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт байлаа. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 961,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан”-ыг онцлов. 

ТОМ ТӨСЛҮҮД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ

     Энэ үеэр, Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх том төслүүдийн нээлтийн ёслол болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал боловсруулах металлург-химийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Том төслүүдийг хэрэгжүүлснээр, “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулан иж бүрнээр ашиглах юм. Мөн техник, технологийн шинэчлэлт хийснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хувиар бууруулж, үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилж, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Шинээр 800 гаруй ажлын байр бий болж, боловсон хүчнийг орон нутгаас хангах ажээ. Түүнээс гадна Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ олширч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаж, төмөрлөгийн болон машин үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөл бүрдэх юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник, технологио шинэчилж, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд зориулсан бол энэ жил 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар том төслүүдээ хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. 

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИ МОНГОЛД...

     Дараа нь Шадар сайд, дэлхийн шилдэг технологийг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл, шинэчлэлийн нээлтийн ёслолд оролцов. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 11-р сарын нэгэнд Цутгуурын цехийн үйлдвэрлэлээ зогсоож, хагас жилийн хугацаанд Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг Германы FAT компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн юм. Энэ хугацаанд дэлхий нийтээр коронавирус тархаж, Хятад, Герман улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож хүндрэл учирсан хэдий ч түншүүдтэйгээ онлайнаар харилцаж, техник, технологийн шинэчлэлийн ажлаа зогсоолгүй үргэлжлүүлснээр төлөвлөсөн хугацаандаа шинэ шугамаа өөрсдийн хүчээр залгалаа. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, ухаанаар бахархаж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэр дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хэрэгцээт цутгамал бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 25-30 хувиар өсөж, өөрийн өртөг тонн тутамд 120 гаруй ам.доллараар буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.