Жил бүр хөрөнгө зардаг явган замын хавтанд стандарт гэж байна уу?

Орхон аймаг 120 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 98 хувь нь Баян-Өндөр суманд амьдарч байна. Тус сумын хүн амын нягтаршлаас улбаалж  авто зам,  явган хүний замыг өргөсгөх,  нэмэгдүүлэх, засварлах ажлыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийдэг. Өнгөрсөн  жил таван байршилд 1230 м явган хүний замыг сэргээн засварласан.Энэ жилийн тухайд мөн адил явган хүний зам засах шинэчлэх ажилд  өнгөрсөн жилийн ажлыг үргэлжүүлэх шинээр хийхэд чамлахааргүй хөрөнгө оруулалт зарцуулж буй. Орхон аймаг 2018 оны байдлаар 70370 м.кв талбай бүхий явган хүний замтай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнийг 2016 онтой харьцуулахад есөн хувиар өссөн дүн мэдээ. Үүнээс гэр хороололд  11.511 м.кв талбайд явган хүний зам байгуулсан.  Мөн 6.2 км урттай  эрүүл мэндийн болон аяллын зам мөн  аймгийн хөрөнгө оруулалтаар Говил багт 17.5 сая төгрөгөөр 200 м явган хүний зам, 14м –ийн урттай гүүрэн гарц, Орон нутгийн хөгжлийн сангийн 48 сая төгрөгөөр нийтийн эзэмшлийн замыг зассанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхэд зориулж долоон байршилд 1435 м.кв зам, нэг гүүрэн гарц байгуулсан юм. 

Өнгөрсөн жил  хотын 19 байршилд 5370 м замыг засах зураг төсөв гарсан байдаг.  Гэвч төсөв мөнгөндөө тохируулж өнгөрсөн 2019 онд  1000 гаруй метр замыг зассан. Ингэхдээ нэгдсэн нэг зураг төсвөөр барьсан байна.Тодруулбал, явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн гэвч стандарт хангасан хавтан байж чадаж байгаа юу гэдэг дээр эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн асуулт байдаг. Хавтан өөрөө ямар стандартыг хангаж байна бэ?Жил бүр явган хүний зам засахад хөрөнгө гаргаж байгаа ч өнөөх зам нь нэг жил хүрэхгүй насжилттай нэг удаагийн хүчтэй бороонд нурчихдаг эвдэрчихдэг эргээд засч шинэчлэхэд хөрөнгө гарч буйд иргэд бухимдалтай явдаг.Жил бүр засаад сайжруулаад байгаа ч чанар нь нэг л бишээ гэж хэлмээр...Явган хүний зам, талбай чанаргүй, хэврэг байгаа нь газар шорооны ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй шууд холбоотой мэт боловч захиалагч ч буруутай. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын аль аль нь хариуцлагатай, сэтгэлтэй байж гэмээнэ төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулна. Гэвч өнөөдөр  манай аймагт төдийгүй улсад аливаа ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, аж ахуйн нэгж шалгарлаа л бол хоёр талын харилцаа дуусдаг, хяналт тавьсан нэрээр чанаргүй ажлыг хүлээгээд авчихдаг гэмтэй. 

Ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгасны дагуу 45 хоног хэдий ч явган зам тавьж буй зарим компаниуд ердөө  арав гаруйхан хоногийн дотор маналзуулж орхиодог. Ингэхдээ хуучин хавтанг нь хуулалгүй, дээр нь 3-4 хуруу хэрийн элс дэвсээд, шинийгээ зүйв. Уг нь стандарт ёсоор бол хавтан шинээр суурилуулахдаа хуучныг нь заавал хуулаад, нойтон элсийг цементтэй багсарч дэвсдэг гэнэ. Ингэхээр суурь шавар бетон болж, борооны усанд урсахгүй, хавтанг сайн барьцалдуулдаг аж. Өөрөөр хэлбэл, хавтангаа газарт ингэж бэхэлдэг гэсэн үг. Түүнчлэн газрын цэвдэг, цас, мөсний түрэлтээс үүдээд зарим хавтан дээшээ овойж, хуулран, түүнд нь иргэд бүдрэх, тээглэх, улмаар бусад нь элэгдэх эрсдэлтэй учраас нэгэн жигд, нягт байршуулдаг гэнэ. Хавтан хэдий шигүү, жигд байна, тэр хэрээр усанд автах, хуулрах магадлал багасдаг гэж мэргэжлийн хүн тайлбарласан гэвч энэ дүрэм журмыг тендерт ялсан чадвар муутай боловсон хүчинтэй компани 100% хийж чадах уу?Энд стандартын дагуу чанга хатуу хяналт шалгалт хууль дүрэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.Орхон аймагт хяналтын чиг үүргийг хариуцдаг байгууллагууд өөрсдөө мэргэжлийн чадамжтай боловсон хүчнээр хангагдаж чаддаг уу? гэсэн асуулт ч бас бий.Хийгдэж байгаа ажлуудын тоо өндөр энэ онд гэхэд л 225 орчим ажил хийгдэхээр төлөвлөгдсөн гэтэл хяналтын инженер нь хаана ч хүрэлцдэггүй байх жишээний...

Явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хэрхэн барьж, тохижуулах ёстойг үлгэрчилсэн стандарт, журам уг нь манай улсад бий. Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага, Бетонд орох жижиг чулуун материалын органик нэгдлийг тодорхойлох арга, Зам, гүүрийн барилгын ажилд хэрэглэх хайрга, чулууны ширхэглэлийн бүрэлдэхүүн гээд эрх зүй, хяналтын баримт бичгийг дурдвал олон. Тэр ч байтугай хөдөлгөөний эрчим бага, ихтэй хэсэгт замын байгууламж ямар байх ёстой, нийтийн гудамж, явган хүний замын хавтангийн шахалт, чанар, хүйтэнд тэсвэртэй байдлыг хүртэл стандартчилжээ. Гэвч эдгээртэй танилцах эрх жирийн иргэдэд хаалттай. Стандарт, хэмжил зүйн газарт багадаа 13-30 орчим мянган төгрөг төлж байж л энэ олон журам, стандартын зөвхөн нэгтэй нь л танилцах эрх үүсдэг юм байна.   Зам, барилгын ажил чанаргүй болоход энэ тогтолцоо ч бас  нөлөөтэй юм шиг Уг нь та  бидний халааснаас гардаг татварын мөнгөөр хийж буй жижиг гэлтгүй ажилд иргэд хяналт тавих нь зүйн хэрэг. Харин үүний тулд стандарт, журмын талаар ойлголттой байвал илүү үр дүнтэй санагдана. 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.