С.БАТЖАРГАЛ: Бид Эрдэнэт хотын хэт ирээдүйд чиглэсэн 40 тэрбум төгрөгний томоохон төслийг хэрэгжүүлнэ

Баяр наадмын босгон дээр Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргалыг урьж ярилцлаа. Орон нутагт анх удаа өндөр санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр зорьсон түүний уйгагүй хөдөлмөрийн үр шимээр Эрдэнэтийн хэт ирээдүйд чиглэсэн томоохон ажил хийгдэнэ. Энэ бол та, бидний нүдэнд үл харагдах ч эвдэрч гэмтвэл энэ хотыг, Эрдэнэт үйлдвэрийг гацаах цэвэр ус, дулааны шугам хоолой үер усны асуудал юм. Шугам шинэчлэх ажил хийгдэж, үерийн далан барьснаар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл нэг түвшин ахих нь гарцаагүй. Ингээд түүний эхлүүлсэн төлсийн ажил ямар шалгуур давааг давж, өнөөдрийн “ЗА” гэсэн хариуг хүлээн авсан талаар ярилцсанаа хүргэе.

-Орон нутагт хийгдэж байгаа томоохон ажлуудыг иргэдтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Та ямар ажлууд хүлээж авсан бэ, аймгаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хэрхэн гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Орхон аймгийн Засаг даргын орлогч миний бие Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хариуцлагыг бүрэн үүрч ажилахаар боллоо. Аймгийнхаа ажил амьдрал дунд явж байсан учраас шинэ зүйл гэж хэлэх аргагүй юм. Баяр наадмын тухайд аймгийнхаа хэмжээнд нээлттэй тэмдэглэе гэж шийдсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дотооддоо өвчин тархах эрсдлээс сайн хамгаалсны үр дүнд бид баяр наадмаа тэмдэглэх боломж бүрдэж байна. Баяр наадмын цэргийн жагсаал, хаалтын болон цэцэг өргөх ёслолын ажиллагаа хийгдэхгүй. Харин коронавирсээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мөрдөж байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхэд маш сайн анхаарна. Аймаг, орон нутгийн хэмжээнд ажил хэвийн үргэлжилж байна. Зуны улиралд хийгддэг томоохон ажил нь хөрөнгө оруулалтын ажил байдаг. Энэ онд 220 ажил хийгдэхээс 130 гаруй ажилд гэрээ байгуулж, 50 ажилд дахин тендер зарлаж, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаа хийгдэж байгаа зарлагдаагүй 50 ажил байна.

Бид татварын орлого бүрдүүлэлтээс их айж байлаа. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан байдал хаа сайгүй гарч байна. УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу манай аймаг улсад 29 тэрбум төгрөг тэгшитгэх ёстой. Татварын төлөвлөгөөгөө хуваарилж, оны эхний 6 сарын байдлаар төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Энэ бүхнээс аймгийн ажил боломжийн явж байгаа гэж харж болно.

-Хөрөнгө оруулалт татах процесс хэрхэн явагддаг вэ? Хөшигний ард ямар зүйл болдог, хэрхэн хөөцөлдөж, яаж хөрөнгө татдаг, юу туулдаг нь иргэдэд төдийлөн нээлттэй байдаггүй зүйл. Ажлыг гардаж хийсэн таны хувьд хичнээн хүнтэй уулзаж, ямар туршлага хуримтлуулав?

-Гадны төсөл хөтөлбөрүүд, донор байгууллагуудтай нэлээд холбогдсон. Үр дүн нь ч гайгүй гарлаа. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларыг авахад манайхан 50 хувийг нь буцалтгүй хэлбэрээр хийж чадсан. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ховорхон тохиолдлын нэг болсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлийн дунд 50 хувь нь, Европын холбооноос буцалтгүй тусламж хэлбэрээр 50 хувь нь орж ирж байгаа юм. Иргэд, олон нийтээс 2 удаа санал авч, хамгийн их хүлээлттэй байгаа ажлуудыг гаргасан. Энд үерийн далан, хог хаягдал, камер, хотын хогны асуудал, зам харгуй, дээвэр, газар доорх инженерийн шугам сүлжээний асуудал бүх багаас гарсан тул бидний зайлшгүй анхаарал хандуулах ажил юм байна гэж үзсэн. Аймагт хийгдэж байгаа ажлуудын санхүүжилтийг улсын төсөв, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан, бусад эх үүсвэрээс оруулж ирэх шаардлагатай болдог.

Төсвөөс гадна бусад ажлаа бид хэрхэн шийдэх вэ гэж судалсан. Улмаар 2017 онд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч гэсэн зөвлөгөөн зохион байгуулсан. Түүний дараа Европын сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хотын Хог хаягдлын төслийг сонирхож байгааг мэдсэн. Тус банктай холбогдон, ямар төслүүд байгаа талаар мэдээлэл авч, манай аймаг сонирхож байгаа гэдгээ хэлсэн. Тус банкны төслүүд зөвхөн Улаанбаатар хотод хэрэгждэг байсан тул удирдлагууддаа хэлж уламжлая гэсэн хариу өгсөн. Ингээд 2018 оны хавар цөөн тооны аймгуудаар очно, танайхаар очих уу гэж асуусан. Манай аймагт ирэхэд нь 2 санал тавьсан. Нэгд, Шанд, Эрдэнэ баг руу төвийн дулаан холбоё, Хоёрт, үерийн даланг шийдвэрлэе гэсэн санал гаргаж, төсвөө танилцуулсан. Тэд ч судалж үзээд хариу хэлнэ гээд буцсан. Иргэдийн аюулгүй байдалтай холбоотой, айл өрх бүрт очих энэ төслүүдийг дэмжье гэсэн хариу тухайн жилийнхээ намар ирсэн. Процесс нь удаан байсан ч шийдвэрлэгдсэн. Гэхдээ 30 хувийг нь буцалтгүй, 70 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэйгээр шийдье, танайх санхүүгийн чадамжтай гэдгээ батал гэсэн. Энэ хариуг аваад дахин Москвагийн төлөөлөгчтэй холбогдож, Эрдэнэтийн хэт ирээдүйд, хүн амд өндөр ач холбогдолтой эдгээр төслийг аймаг 70 хувийг дангаараа төлнө гэвэл хүндрэлтэй, 50:50 болгоё гэсэн саналаа хэлсэн. Дахин уулзаж ярилцсанаас хойш бидний хүлээсэн баярт мэдээ ирсэн. Сангийн яам, УИХ-ын гишүүд рүү удаа дараа хандсаар банктайгаа эргэн холбогдох гэж бас л удсан. Энэ хооронд Засгийн газар солигдож, У.Хүрэлсүх сайдын ахалсан Засгийн газар бүрдсэн. Үүний дараа банкныхан дуудаж уулзаад, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч санхүүжилтийг түр зогсоодог журамтай, эргээд ажилдаа оръё гэдгээ хэлсэн.

-Урт хугацааны, дамжлага ихтэй ажил болсныг таны ярианаас ойлгож байна. Иргэд үүнийг төдийлөн мэдэхгүй байх. Тэгээд хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай 300 сая еврогийн гэрээ үзэглэж, хэд хэдэн төслийн хамт манайх ч дэмжигдсэн. Ингээд 40-өөд тэрбум төгрөгөө аль болох хүртээмжтэй, шаардлагатай ажилдаа зарцуулах боломж бүрдсэн гэх үү дээ. Олон Улсын ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарласан. Гэтэл Засгийн газар дээр манай төсөл хасагдсан мэдээ ирж, дахин хөөцөлдөх хэрэгтэй болсон. Үндсэндээ энэ төслийг 3 жил гаруйн  уйгагүй хөөцөлдсөний үр дүн гэж ойлгож болно. Ингээд банк болон манай аймгаас тал бүрт бичиг хүргүүлж, шийдвэрийг хүлээсэн. Гэтэл Сангийн яамнаас очсон төслийн жагсаалтаас дахиад л манайх хасагдсан. Ингэж байтал Эрдэнэ, Даваат, Шанд баг руу шугам татах ажил маань хасагдчихсан. Манай тойргоос сонгогдсон зарим УИХ-ын гишүүд мөн маш их дэмжиж тусалсан. Дээр нь хамгийн ихээр дэмжиж  увайгүй зорилго тавьж намайг хурцалсан хүн бол Д.Батлут дарга шүү.

-Яагаад тэр вэ?

-Манай аймаг дулаан дамжуулах компанигүй, дулаан дамжуулах шугамууд нь Дулааны цахилгаан станцынхаа өмчлөлд байдаг тул банкны зүгээс нүүрсээр ажилладаг байгууллагыг дэмжихгүй гэсэн шалтгаан хэлсэн. Бид нэгэнт шийдэгдсэн мөнгөө алдахгүйн тулд 3 орчим сая ам.долларыг газар доорх инженерийн шугам сүлжээгээ сольж сайжруулахад зарцуулъя гэсэн хүсэлтээ тавьсан. Төслөө “Гамшигт тэсвэртэй хот” гэж нэрлэсэн тул хүн амынхаа аюулгүй байдалтай шууд холбогдсон ажлууд байх ёстой байсан. Сүүлийн хүсэлт маань дэмжигдсэн. Захирлуудынх нь хурал болохтой зэрэгцэж дэлхий нийтэд цар тахал гарсан тул хурлыг хойшлуулахаас аргагүй болж, хэдийд сүүлийн байдлаар манайд мэдээлэл ирэх нь тодорхойгүй байсан. Гэвч бид хугацаа алдаж, ажлаа хойшлуулахгүйн тулд нэгэнт дэмжигдсэн энэ ажлаа урагшлуулахаар Үнэлгээний хороогоо байгуулсан. Улмаар тус банкны ТУЗ-ийн хурлаар дэмжигдэж, Засгийн газарт яригдсан. Миний бие хуралдаанд биечлэн оролцож, хурлаар асуудал шийдэгдсэн. Маш нарийн ажлууд хийгддэг тул хаа хаанаа зөвлөх үйлчилгээ авсан. Энэ ажил маань бодит ажил болох бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ.

-Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэнд тэмдэглэхүйц их хэмжээний санхүүжилт болж байгаа гэж дуулсан. Иргэдэд ойлгомжтой байх үүднээс та мөнгөн дүнг нь монгол төгрөгөөр хэд болохыг хэлж өгөхгүй юу?

-Мөнгөн дүнгээр 40-өөд тэрбум төгрөг болох болов уу. Бид Орхон аймгийн 40 гаруй жилийн түүхэнд хийгдэх хамгийн их мөнгөн дүнтэй төслийг хэрэгжүүлэх гэж байна. Манай аймагт өмнө нь 9 сая еврогийн зөвлөхийн төсөл, МОN-2301 төсөл болон Хог хаягдлыг сайжруулах 9 сая еврогийн Польшийн төсөл шийдэгдсэн байдаг.

-Эрдэнэт хотын жирийн иргэнд үр дүн нь хэрхэн мэдэгдэх вэ?

-Орхон аймаг анх удаа 2017 онд эрсдлийн үнэлгээ хийхэд цэвэр усны шугам хэзээ ч цоорч магадгүй эрсдэлтэй байгааг судалгаагаар гаргасан. Аймгаас жил бүр 2 тэрбум төгрөгийн алдангийг Эрдэнэт үйлдвэрт төлж байна. 23 км шугам солигдох тул усны алдагдлаа бууруулахад томоохон түлхэц болно гэж итгэж байна. Аймгийн хувьд усны алдагдлаасаа  мөнгө хэмнэж чадвал өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах боломжтой болох юм. нөгөө талаас, Эрдэнэт хот нянгийн бохирдолтой гэж гарсан. Энэ нь нүхэн жорлонгоос үүдэлтэй бөгөөд нянгийн бохирдол нь хаврын шар усны үерээр зөөгдөж городод орж ирж байгааг тогтоосон. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлөх чухал асуудлын нэг энэ байлаа. Хамгийн чухал нь эрдэнэт хүний амь нас шүү дээ.Бид өнгөрсөн жилүүдэд үер усны аюулаас болж найман  хүн амь насаа алдсан маш харамсалтай үйл явдал болсон. Үерийн далантай болсноор Их залуу, Яргуйт баг гээд ерөнхийдөө  амьдрах орчин сайжирна.

-Их ажлын ард гараад урт амьсгаа авч чадав уу?

-Бид энэ урт хугацааны шийдвэрийн явцад зүгээр суусангүй, хэд хэдэн санхүүжилт татаж чадсан нь ололт байлаа. НҮБ-тай гэрээ байгуулж, залуучуудаа чадавхижуулах хөрөнгө татсан. НҮБ-аас хөрсний бохирдлын эсрэг төсөл бичиж, хандивлагчдыг татахад чадах зйүлээ хийгээд байна. Хөгжлийн банкны төслийн шугамаар агаарын бохирдлыг бууруулах ажил хийгдэнэ. Үүнд Азийн 7 хот, тэр дунда Монголоос манай Эрдэнэт хот хамрагдаж байгаа. 2021 оноос хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр агаар бохирдуулж байгаа зүйлсээ анхаарч, шийдвэрлэх боломж бүрдэх юм. мөн GIZ хөтөлбөрийн дагуу жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Сэргээн босголт хөгжлийн банкны шийдвэр Эрдэнэтчүүдийг баярлуулсан сайхан мэдээ болсон гэдэгт итгэлтэй байна.

-Эрдэнэт хот боллоо. 2020 онд дагавар хуулиудад өөрчлөлт орж амжих болов уу?

-Нэгжийн тухай хууль боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнтэй уулзаж, манай аймгаас санал хүсэлтээ хэлсэн.  Хот болохтой зэрэгцэн Эрдэнэтчүүдийн хүсдэг 2 л асуудал бий. Нэгд, газар нутаг, Хоёрт, эдийн засгийн чадавхи. Энэ хоёр асуудлыг одоогоор хуулийн төсөлд заасан тодорхой зүйл алга. УИХ-ын анхны хэлэлцүүлгээр хэрхэхийг хэлж мэдэхгүй байгаа ч манай аймгаас сонгогдсон гишүүд иргэдийнхээ хүсэлтийг уламжилж ажиллана гэж байх. Ямартаа ч Нэгжийн тухай хууль УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхний хэсэгт орж байх шиг байна. Процесс нь хурдан биш ч шийдэгдэх байх. Гадна дотныхон манайхыг хот гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эрхзүйн хувьд боломжтой болсон энэ асуудлын хүрээнд бид өөрсдөө хотын иргэд болох ёстой.

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Мундаг юмаа асуултууд ч бас сонирхолтой байлаа

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.