Д.ГАНЧУЛУУН: Хэтэрхий их хүсэл тэмүүллийг зохицуулах ухаан л чухал...Өөртөө “За боллоо, одоо жаахан амар” гэж хэлж сур

   Монголын бүжгийн спорт дэлхийн тайз эзэгнэх хэмжээнд хүртэл хөгжихөд өөрийн хувь нэмрийг оруулж, бадамлах галд цучил нэмсэн хүн бол Д.Ганчулуун багш. Жил бүрийн хавар цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахмадууд хүртэл цэнгээнт бүжгээр “амьсгалдаг” нь Эрдэнэтийн гэмээр соёл. Энэ соёлыг бий болгож, дэлгэрүүлэн хөгжүүлж, хойч үедээ уламжлуулан үлдээсэн энэ эгэл хэрнээ эгнэгт мэхийн хүндэлмээр эмэгтэйтэй наадмын өмнө уулзаж ярилцсан юм. Эрдэнэтчүүд тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн ажилчид дүүрэн сайхан мэндтэй, үргэлж инээж, цэх шулуун алхаж явдаг Д.Ганчулуун багш маань гэнэт яагаад өвдсөн юм бол, одоо бие лагшин нь ямар байгаа бол гэж үргэлж санаа тавьдаг. Тиймээс түүний сэтгэлийн өнцөг рүү чиглэсэн ярилцлагаа хүргэе.

-Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан, Монгол нутагт минь бороо хур элбэг сайхан зун болж байна. Эгчийгээ эрж олоод ирсэнд баярлалаа,  тэтгэвэртээ суугаад гэрээс гарахгүй шахам болохоор нийгмээсээ жаахан тасарсан гэх үү дээ...

-Та их хөдөлгөөнтэй, бие чангатай хүн шиг харагддаг байсан.  

- Би эхээс мэндлэхдээ л бүжигчин төрсөн. Үргэлж гүйж харайж явдаг болохоор бие организм маань ч хөдөлгөөнтэй байхыг шаарддаг, маш их идэвхитэй амьдарч 60 хүрсэн. Намайг ус гэж үзвэл аав, ээж маань төрөлх мөн чанарт минь түрлэг нэмж зөв голдрилоор урсуулсан гэх үү дээ. 1994 онд ОХУ-д  СУИС-ийг судлаач, чөлөөт цагийн зохион байгуулагч мэргэжлээр төгссөн нь сүүлдээ энэ сайхан үйлдвэрт, хөдөлмөр бүтээл буцалсан гайхалтай хамт олон дунд ажиллах боломж олгосон. Ажлынхаа зэрэгцээ амьдралын жамаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, Монголын бүжгийн спортын холбоотой хамтран ажиллах, Эрдэнэтийн бүжигчидээ олон улсын чанартай тэмцээн уралдаанд оруулах,  уурхайчдынхаа чөлөөт цагийг зөв сайхан өнгөрөөх, хань ижилдээ анхаарал халамж тавих, ах дүү нартаа туслах, эрдмийн ажлаа урагшлуулахын төлөө амрах чөлөөгүй ажилласан.

 -Өвчний шинж тэмдэг анх яаж мэдрэгдсэн, хэзээнээс бие тань өвдөж эхэлсэн бэ?      

Өвчин хүнд хэлж ирдэггүй гэдэг үнэн юм. 2018 оны өвөл нөхөр минь өөд болсон юм. Өөрийгөө сэтгэл гутралд автуулахгүйн тулд аль болох завгүй байлгахыг хичээдэг байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилд зориулж ХАБЭА-н ном бүтээх ажилтай явж байхдаа маш их ядраад байгааг мэдэрсэн ч ажил ихтэй, хоол, нойр дутуу яваад байгаа болохоор л шат өөд хөл, гараа даахгүй болтлоо ядраад байна гэж бодсон. Нэг өдөр америкд байдаг дүү “Эгчээ, та манай хүнийг Улаанбаатар руу авч яваад зүрхний эмчид үзүүлээд өгөөч” гэж гуйдаг юм. Ажлаасаа гурав хоногийн чөлөө аваад хүргэн дүүгээ 3-р эмнэлэгт үзүүлтэл дүү маань зүгээр, би өөрөө зүрхний клапангийн дутагдал гэсэн оноштой гарсан. Эмч нь миний шавь, Дандар эмчийн хүү Эрдэмбилэг байсан юм. Тэгээд “Энэ өвчин эм уугаад эдгэх үү?” гэж асуулаа. “Үгүй ээ, багшаа! Та намайг уучлаарай. Би танд эвгүй юм хэлэхээс аргагүй байна. Энэ өвчин хагалгаанаас өөр заалт байхгүй” гэсэн. “Та 2016 онд ирж үзүүлж байхад зүгээр байсан. Гэтэл одоо ийм болчихсон байна. Биедээ хэтэрхий гамгүй хандаж дээ, багшаа” гэж нэмж хэлснийг санаж байна. Тийм үед эмэгтэй хүн хамгийн түрүүнд үр хүүхдүүдээ боддог юм билээ. Эмнэлгээс гараад дотроо онгойтол уйлсан. Эрдэнэтдээ ирээд Эрдэнэт сувиллын эмч, хойд эмнэлгийн эмч нарт үзүүлсэн, яг ижил хариу хэлсэн. Эхлээд хүн өвчтэй гэдэгтээ итгэж өгдөггүй юм билээ, дараа нь эвлэрч эмчлүүлэх талаар бодож төлөвлөж эхэлдэг. Агаар салхинд гараад эдгэдэг зүрхний өвчин байхад хагалгаа хийлгэхээс нааш эмчлэгдэхгүй өвчин бас байна.

-Нэг л өдөр эмч нар надад зүрхний хавхлагын дутагдал гэсэн онош тавьсан юм. Унтаж амрах ёстой цагтаа амраагүй, бие, сэтгэл, оюунаа хэт их хүчилж, дайчилж цагийн хуваарьгүй ажилласнаас болж өвдсөн. Энгийн үгээр тайлбарлахад зүрхнээс шахагдах ёстой цус тунаж үлдсэн, тэр тунасан цус нь амьсгалын замыг хэвийн бус болгосон байсан. Залуучууддаа аливаа ажлыг цаг хугацаатай хийж бай, урьдчилан төлөвлөж сур, юунд ч сэтгэлийн хаттай ханд гэж захимаар санагдсан.

-Онош тодорсоноос хойш хагалгаанд ортол хэр удаан явсан бэ?

- Эмчийнхээ зааврын дагуу зүрхний пульс буулгадаг эмээ уугаад нилээд удаан явсан. Энэ хооронд хагалгаанд орно гэдгээ мэдсээр байсан ч эмчийнхээ өгсөн эмийг уугаад, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилд зориулсан номоо бүтээх гэж өвөл утаан дунд хотод номоо хийж, завсар зайгаар нь сeкторын жилийн тайлан, Эрдэнэт үйлдвэр рүү чиглэсэн ажлаа зохион байгуулж байсан. Мөн энэ үeэр танай Номин тeлeвиз, МБСХолбоотой хамтран Улаанбаатар хотод “Уурхайчидтай бүжигльe” гээд 8 цeх оролцсон  Тeлeвизийн шоу тэмцээний зураг авалт ихтэй томоохон ажлыг амжуулж, Уурхайчиддаа өргөн барьсан.

Манай  мэргэжилтнүүд  биe муу байгааг мэдэхгүй, зарим нь итгэхгүй байх шиг байсан даа, Урлагийнхан бид чинь их нэрэлхүү хүмүүс байдаг. Ядарч байгаагаа хүнд харуулахыг хүсдэггүй, тайзан дээрээ туфль өмсөөд гарахад цээж доргиод байхад ч хамт олондоо хэлэхгүй нууж, гутлаа торондоо хийгээд тайзныхаа ард очиж зогсож  өмсөөд, буцаад өрөөндөө ирэхдээ зөөлөн юм өмсөж ирэх зэрэг биeэ муу байгааг мэдрэх хүртлээ ажилласан. 25 жил ижил дасал болсон ажлаа орхиж гарах, биeэ хэрхэн эмчлүүлэх, үр хүүхдээ яаж орхин явах,  “Эрдэнэтийн бал”  гээд наадмаа 25 жилд нь явуулчмаар байдаг, эдгээр асуудлаа тайван чөлөөтэй шийдэж, 05 сар хүртэл ажилламаар санагдаад, Хүний нөөцийн менежер П.Алтантүлхүүр дээр орж, бүх санаа бодлоо ярьж, яг ийм хүнд үeд хүний нөөцийн С.Юмэнхүү, Н.Цийпилмаа, Х.Ундрахцэцэг нар туслалцаа үзүүлж, eрөнхий захиралд хүсэлт гаргаж, ажиллах хугацааг 2019 оны 05-р сарын 09 ныг хүртэл сунгуулж байсан даа.

  - Та  25 жилийн хугацаанд бүжгийн наадмаа явуулахад бэрхшээл бүрийг хэрхэн даван туулж байсан бэ? 

/Их сайхан асуулт байна? -Арга хэмжээгээ явуулахад  олон мянган хүүхэд залуус бужигнаж байсан ч энэ 25 жилд бол наадам маань надад хүндрэл биш байсан юм шүү/...

  -Сонирхуулж хэлэхэд: -“Эрдэнэтийн бал” наадам бол миний амьдралын хүнд хэцүү ямар ч цагт хамт байдаг байлаа.. -Жишээ нь:-2000 онд хавар юмсан ээж минь бурханы оронд буцах үeд энэ наадам яг л тайзнаа явагдаж байлаа.  2011 онд яг бүжгийн наадам өндөрлөөд  дуусч байхад намайг хэлмэгдүүлж, ажлаас маань халж байв. 2012 оны 03 сард шүүхийн шийдвэр миний талд гарч, ажилдаа эргэн ирж байхад хаврын баяр бүжгийн наадам маань яг л намайгаа хүлээж байх шиг цаг хугацаа нь дөхсөн байв. 2019  онд бас л бүжгийн наадмын эргэн тойронд энэхүү бүжгийн наадмаас нэр алдарт хүрсэн  багш нар, “өөр холбоо байгуулах” зэрэг урваж шарвах асуудал  ч гарч байв.Ингээд бодохоор мөн ч олон үйл явдал өрнөж байж дээ.  Хүнд цаг үед  манай соёлын секторын хамт олон маш сайн зохион байгуулсан даа. Бид цөөхүүлээ ч яг атгасан гар шиг байж чадсан. 25 дахь удаагийн наадмын шалгаруулалт Уурхайчин соёлын ордонд 7 хоног явагдаж, мeдаль гардуулах ажиллагааг “Хангарьд” спорт цогцолборт явуулсан. Энэ үeд ордны бүжгийн багш нарыг Завхан аймаг руу аваад явсан байлаа. 700 гаруй бүжигчид оролцсон “Гала” тоглолтын бичлэг найруулгыг цэгцлэх нүсэр ажлыг миний биe өөрөө, арга зүйч, тeхникч нартайгаа хамтран хийж, бүтэн 2 өдөр 2 шөнө цурам хийлгүй  ажиллаж, маргааш нь ажилчидтайгаа заалаа чимэглэж, прогон сургуулилтыг өөрөө хариуцан явуулж, бүх ажил нуруун дээр ирсэн байв. Ажлаа бүр мөсөн хаяад явж байгааг ч хэлэх үү, эмээ ууж, шүдээ зуусаар л явлаа. Шагнал гардуулах гол өдөр гэнэт бие сульдаад өөрийн эрхгүй унасан толгой эргээд хөл дээрээ гишгэж чадахгүй. Гучин  минут гэртээ амрахгүй бол болохоо байсан. Дарга маань залгаад л байлаа, би эмээ уугаад хэсэг хэвтлээ, ашгүй гэрийн гадаа ордны машин намайг хүлээж байсан. Огт өвдөөгүй юм шиг “Хангарьд -Паласт” гүйгээд л ороод очиход үүднээс өгсүүлээд битүү бүжигчид, үзэгчид дүүрсэн, тайзны гэрэл, хүүхэд залуучууд ахмадуудад гардуулах мeдаль, цом, бөмбөлөг шаар гялалзаад, сeкторын хамт олон, тeхник үйлчилгээний ажилчид хамаг бэлтгэлээ хангасан байсан. Би ч гүйгээд орсон, наадмын шагнал гардуулах ажиллагаа ч эхэлж билээ.

-Eр нь тэтгэвэрт гарахаасаа өмнө 2 давхарт соёлын ажлын архиваас бичиг баримт аваад ажлын өрөөндөө оруулах гээд даахгүй, замдаа хэд хэдэн удаа амарч байсан,  Америкад очиход миний доод даралт 85/40- тэй, маш бага байсанд эмч нар гайхаад “Та яаж явж чадаж байнаа” гэж байсан. Тийм болтлоо ажлаа хийгээд явж л байдаг, би бас их тэнэг хүн дээ. Ингэж л онош тодорсноос хойш өөрийн биeэ үл хайрлан наадмаа хийж, ажил амьдралаа зохион байгуулах гэж тэмцсэн дээ. Энийг би эцсээ хүртэл явсан л гэж үздэг...

-Агуу тэвчээр юм даа. Хагалгаагаа Америкад хийлгэхээр төлөвлөсөн үү, эсвэл гэнэтийн шийдвэр байсан уу?

-Эндээс дүүдээ “Танд ажил чинь чухал уу, амь нас чинь хэрэгтэй  юу...” гэж загнуулаад явсан ш дээ. Дүү маань хүчээр билет авч өгөөд, хөөгөөд явуулаагүй бол юу ч хийгээд явж мэдэх хүн л дээ, би. Америк явахаасаа өмнө хагалгаанд орчихоод хүрээд ирвэл яадаг бол гэж Медипас эмнэлгийн С.Дандар эмчээс асууж хүртэл үзэж байлаа. Нэг өглөө том охин “Ээжээ, та яг одоо тэтгэвэртээ шууд гар” гэж хэлсэн, би яг энэ үед том охин бас дүү нарынхаа үгэнд орсондоо одоо ч баярладаг.  Америкад очиход охин, хүргэн маань гэр бүлээрээ тосч авсан, эмнэлэгт үзүүлэхэд маш амаргүй байсан, визний хугацаа дуусчих гээд өвчний хувьд ч цаг бол алт байсан. Өдөр ирэх тусам бие хүндрээд, 06-08 сард ид халж, хүүхдүүд өдөр ч шөнө ч сэнс тавьж өгч, амьсгалахад бэрх байсан...

 -Америкийн эмнэлгийн үзлэг шинжилгээ асар өндөр үнэлгээтэй гэж сонссон...

Америкийн эмнэлгийн үзлэг, шинжилгээ их нарийн, өртөг өндөр, техникийн хүчин чадал сайн. Би үхлийн ирмэг дээр ирсэн эрүүл мэндтэй яваагаа хүлээн зөвшөөрч чадахгүй л байсан. Эмнэлэгт очихын өмнө амьсгаа давчдаад унтаж чадахгүй, яаралтай тусламж руу хүргүүлсэн. Яаралтай тусламжийн үйлчилгээ бол үнэхээр дээд цэгтээ хүртэл хөгжсөн юм билээ. Тэргэн дээр түрж гүйлдээд л шууд анкет бөглөөд, даралт пульс үзэж хэмжээд, эмчилгээ шууд эхэлсэн. Хэсэг хугацааны дараа дурангийн шинжилгээнүүд хийгдэж, 1 цаг 30 минутын дараа бүх шинжилгээнүүд дууссан. 2 цагийн дараа 6 давхарт гаргаад, тусгай өрөөнд эмчилгээ эхэлсэн. Эхний яаралтай тусламжаар очиход эмнэлэгт 2 хоносон, уушгинд ус хуримтлагдсан байсан юм билээ. Даралт, халуун үздэг сувилагч, биеийн жин пульс үздэг сувилагч, эм тариа хийх сувилагч, хоол зүйч, эм зүйч гээд бүгд тус тусдаа ажил үүргээ гүйцэтгэдэг.  Америк үнэхээр хүмүүнлэгийн орон. Би гаднаас ирсэн жуулчин учир бүх зардлаа өөрөө гаргах шаардлага тулгарсан. Ингээд л эмнэлгийн бүрэн хяналтад орсон, хэзээ хагалгаанд орох нь тодорхойгүй 30 гаруй удаагийн шинжилгээ өгсөн, шинжилгээний өртөг хамгийн бага нь 80 доллар, дээд тал нь 350 доллар, зарим компьютерийн үзлэг шинжилгээ нь 1200-3500 долларт хүрч байсан. Ерөнхий хагалгааны зардал 105.000 доллар, сэхээн амьдруулах, нойрсуулах зардал 10 000 доллар, биологийн хавхлагын зардал 9 799 доллар гээд бусад олон зардлууд гарсан, одоо ч зарим зардлууд ар араасаа ирсээр л байгаа.  Би Монголдоо ирсний дараа хяналтанд орж, зарим эмээ тун хэмжээгээр нь интернетээс эрээд ч олоогүй, сүүлдээ дүү нар, хүүхдүүдтэйгээ холбоо тогтоож, уух эм бэлдмэлээ  Чикагогоос онгоцоор авч, хэрэглэж байгаа даа., тэнд хатуу таблетки эмийг ч тухайн өвчтөнд тусад нь зориулж хийдэгт л байгаа юм…

Хагалгаанд орохоор харь газрыг зорьж байгаа танд зардал мэдээж  хүнд даваа байсан байх...

Би хол орныг зорихоосоо өмнө Эрдэнэт үйлдвэрээс тусламж хүсч, ТӨҮГ-ын нийгмийн асуудал хариуцсан захирал Р.Дэлгэрбаяр даргатай уулзсан боловч тухайн үед  сан бүрдээгүй  захирал надад хандивын аяны албан тоот боловсруулж өгсөн. Ингээд соёлын секторын арга зүйч Б.Хишигжаргал, Э.Бүжидмаа, Ч.Дашдэмбэрэл, Г.Цэнд-Аюуш, В.Магсаржав, Д.Сарантунгалаг нар минь бүх цехийн хүний нөөцийн менежерүүдэд хүсэлтийг маань хүргэж өгсөн. Яг энэ хүнд хэцүү үед тэтгэврээс үлдсэн хэдэн төгрөг, Эрдэнэт үйлдвэрийн халуун сэтгэлт уурхайчдаас өгсөн хандив үзлэг оношлогоонд  их хэрэг тус болсон. Үүнд: -Eрөнхий захиргааны нябо бүртгэлийн хэлтэс, Үйлдвэр тeхникийн хэлтэс, Төслийн мeнeжмeнтийн хэлтэс, Засвар угсралтын цех, Чанар хяналтын хэлтэс, Гeологи хайгуулын анги, Баяжуулах үйлдвэр, Үйлчилгээ аж ахуй, Уурхайчин соёлын ордон, Тeхнологийн сургууль, ХМТАЦ, ажилчдаас:-нягтлан Д.Нямхүү, арга зүйч С.Должинсүрэн, М.Сүхбаатар, Д.Шинэцэцэг, Уурхайчин соёлын ордны ахмадууд,  ОА-ийн ЗДТГ-ын эрүүл мэндийн хэлтэс, ах дүүсээс бүрдсэн 4000 000 төгрөг, Эрдэнэт сувиллын цогцолбороос эмчилгээнд зориулж гаргасан 3 000 000 төгрөг бүрдсэн.  Эдгээр цех хэлтсийн ажилчид, ах дүүстээ дахин баярлаж явдагаа  илэрхийлье

-Та ханиа алдаад удаагүй байхдаа өвдсөнөө мэдсэн. Ганцаардал маш их мэдэрсэн байх даа...?

-Хүн хожуу ухаардаг юм байна. Хүн ханиа дэргэд минь мөнх байж л байх юм шиг бодож явдаг юм билээ. Би ерөөсөө ажлын төлөө хэтэрхий их цагаа зардаг, ар гэрээ хайхардаггүй хүн гэдгээ их хожуу ухаарсан даа.  Хань минь намайг тийм ч томилолт, ийм ч ажил гээд явахад цай хоолыг минь бэлдээд л сууж байдагсан. Шинжлэх ухааны том ажлын ард гарах гээд гэртээ ч бараг байдаггүй, байсан ч ордны ажил гэж шөнө хагаслан явах үед хань минь мах шуузлаад, хувцсыг минь бэлдээд, гэртээ ч харьдаггүй, ордны жижүүрийн дэргэдээс цүнхээ аваад вагонд суудаг байлаа. Ханиа алдсаны дараа гэртээ байж сууж чадахгүй, гараад ажлаар өөрийгөө сатааруулна.

-Хагалгаа хийгдэхээр болсон мэдээг сонссон тэр өдрийн мэдрэмж...

Зуны улирал л юм болохоор эмч нар амраад явсан сураг гарсан, зарим эмч нарын баг өөр эмнэлгээс бүрдэж хагалгаа явагдахаар товлогдож байсан юм байна лээ. Цаг товлоогүй үед үзүүлэх боломж ч гардаггүй тийм хэцүү сахилга баттай орон доо. Дүү Д.Ганчимэг, том охин Г.Батчулуун, хүргэн хүү Г.Батзаяа  гурав л намайг ээлжлэн авч явж үзүүлж байлаа. Нэг өдөр дүү бид 2 явж, оффисын хэмжээнд намайг хагалгаанд орох хүртэл эмчилсэн Мэри.Д эмчтэй удтал ярилцсан.Би англи хэл байх биш дээ, дүү маань л яриад байсан , виз нь дууслаа гэх шиг болсон, цааш эмчилгээг зогсоож болохгүй гээд л ярьсан. Тэгээд дараагийн үзлэгийн товыг 08-р сарын 22 нд товлосон. Тэгтэл 08-р сарын 03 нд том охин руу оффисоос шууд яриад хагалгааг наашлуулсанг мэдэгдсэн, охин бид 2 эхэлж сонсоод баярын нулимстай бас их айдастай угтсан,  2019 оны 08 –р сарын 05 нд эмнэлэгтээ  очоод, 08-р сарын 08 нд хагалгаандаа орсон доо.

-Хагалгаа маш олон цаг үргэлжилсэн нь ямар учиртай вэ?

-Хагалгаанд орох өглөө сэтгэл тавгүйрхсэн, хагалгааны бэлтгэл гээд шөнө 03.00 цагаас хойш унтуулсангүй, эмч сувилагч нар маань байнга л үзлэг хийгээд хагалгаанд бэлтгээд байлаа... Хэрэв хагалгаа амжилтгүй болвол яана аа, хүний газар эхийнхээ төлөө ингэж гүйж яваа том охин минь яах бол, эгчийгээ гэсэн дүү нар минь, 5 хүүхэд гээд л элдвийг бодоод тайвширч чадахгүй, тайван унтахгүй байна? гээд сахиж байсан дүүдээ загнуулж ч байв. Яагаад гэвэл ихэр охин Г.Булган ах эгч нартайгаа ээжийгээ үдэж гаргаж өгсөн, Г.Минжин Тайландад тэмцээнд оролцохоор явсан тул уулзаж амжаагүй. Гэсэн ч тайван бус байгаагаа үр хүүхдүүддээ мэдрүүлэхгүйг хичээсэн дээ. Яг хагалгаанд орохоос 2 өдрийн өмнө ухаан балартаж, сахиж байсан дүү, эмч докторуудаа сандраасан, эмчилгээ таараагүй юу? эсвэл намайг сорьсон юм болов уу гэж боддог. Тэгээд л айх сандрах зүйл бүрэн арилж, эмч докторууддаа бүрэн итгэсэн дээ. Хагалгаа бүтэн наркозтойгоо 12 цаг үргэлжилсэн байсан, аливаа зүйлийг урьдаас таахын аргагүй,  хагалгаа дуусч байхад нэг судас, ховдол оёх болж, миний том охиноос эмч зөвшөөрөл авч, хагалгаа цааш үргэлжилсэн гэсэн.

-Надад 74 настай, Грейко Жон гэдэг эрэгтэй хүн хагалгаа хийсэн. Нүдээ нээгээд амаа хөдөлгөх гэтэл дуу маань гарахгүй байсанг, том охин минь баруун гар талд, 2 дүү зүүн гар талд минь зогсоод гарыг маань атгаад байсанг одоо ч санадаг. “Хагалгаа амжилттай боллоо” гэсэн сайхан мэдээ сонсох тэр мөч үнэхээр гайхалтай, хагалгаа хийгээд дууссан өглөө маш эрт Грейко  эмч  орж ирж, гарыг минь барьж, маш сайн байна гээд баярласан. Эмч хүн өвчтөнийхөө төлөө тэгж их санаа нь зовж явдаг аугаа сэтгэлтэй хүмүүс шүү. Би эмнэлэгт 10 гаруй хоносон, тэгээд эмнэлгээс гарахдаа эмч нартаа яаж баярласнаа илэрхийлж чадахгүй их бодсон. Тэгээд том охин Г.Батчулуундаа том хэмжээтэй цэцэг бэлтгэж ирэхийг хүссэн. Охин хүргэн 2 маань их удаж удаж маш том баглаа цэцэг бэлтгэж ирээд эмч сувилагч нартаа ширээн дээр нь тавихад сэтгэл жаахан амарсан. Хүнд хагалгааны дараа наркоз дөнгөж гараад толгойгоо дааж ядаж байхад нэг хүнд даваа тулгарсан. Уушиг, зүрх хоёр нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж ажилладаг учраас амьсгалж, хурдан хөл дээрээ босохгүй л бол уушиг эрсдэлд орох байсан тул шууд босоод алх гэдэг хүнд даалгавар өгсөн. Одоо ингэхээс өөр арга байхгүй учраас том охин “ээж минь шүд зуугаад гүрийнэ шүү”гэсэн. Би ч тэвчээр гаргасан даа. Эмнэлэгт байсан хүмүүс үнэндээ бүгд гайхсан гэсэн. Монголчууд агуу тэвчээртэй хүмүүс юм гэж биширсэнийг сүүлд сонсоход сайхан байсан. Миний охин тэнд байсан бүх эмч нарт талархал илэрхийлсэн. Би эх орондоо хагалгаанд ороогүй ч гэсэн Монголд хэдэн хүүхдүүд минь нойргүй, Америкт эмнэлгийн нэгэн хэсэгт том охины найз нар, төрсөн дүү нарын найзууд, худ нар, бас төрсөн дүү нарын хүүхдүүд гээд 20 шахам хүмүүс хагалгааг амжилттай болоосой гээд зүрх нь түгшин суусан байдагт баярладаг.

 -Энэ хагалгаа таны  өвчнийг 100 хувь анагааж чадсан уу? 

-Андрей эмч эмнэлгээс гарах өдөр уулзаж, танд сэтгэл зүй маш чухал нөлөөтэй, зүрх өөрөө эмзэг эрхтэн учраас “Би зүрхний маш хүнд хагалгаанд орсон хүн шүү” гэж өөртөө байнга сануулж байгаарай гэж надад захисан. Эдгэрлээ гэж үзэж болохгүй, системийн өөрчлөлтүүд их гарна гэсэн. Тухайлбал, гэнэт хазгай гишгэх, толгой эргэх, хөлний улнаас юм өргөөд ч байгаа юм шиг зэрэг өөрчлөлтүүд илэрнэ, хэт их хөөрч, гомдож, хэт баярлаж болохгүй, тогтмол урсгалтай гол шиг л байхыг шаарддаг ч би өөрөө бас төрөлхийн тийм хүн биш тул их зөрчилдөх гээд байдаг.  Том охин хүргэнийхээ гар дээр хагалгаанаас гараад 1 сар шахам хагас нойртой байж, хүндрэлийг даван туулж байсан. Дараа нь төрсөн 2 дүү нар яг төрүүлсэн ээж шиг минь  ээлжлэн харсан даа. Хагалгаа хийсэн эмч Грейкогийн захиснаар: “чи өөрийгөө л сайн чагнаж мэдрэхгүй бол чамайг чиний өмнөөс хэн ч чагнаж мэдрэхгүй шүү, зүрх тийм л эрхтэн” гэсэн үгийг л их санаж, бодож өдөр тутамдаа мөрдөхийг хичээж явна даа. Надад хийсэн “биологийн хавхлаг”-ыг манай монголд хийгээгүй байгаа гэж хяналтын эмч маань ярьсан. 2 гараараа хүн юм хийхгүй байна гэж байхгүй тул эхний 2 жил аль болохоор хүнд юм өргөх, түлхэх, чангаах, цочих, яарах, сандрахаас л аль болох болгоомжилж явах ёстой доо. Мэдээж би хагалгаандаа орохдоо л 100 хувь  итгэл дүүрэн байсан, хагалгааг удирдсан Грейко Жон болон америк докторууддаа, Шастины 3-р эмнэлгийн ангиографийн эмч, шавь Д.Эрдэмбилэг, хяналтын эмч Л.Аръяасүрэндээ нартаа баярлаж явдаг.

-Хагалгааны өртөг 185 мянган доллар болсон гэж сонссон. 

 -Миний хагалгаа 185 мянган доллар болсон. Хүмүүс надаас их асуудаг юм. Хагалгааны зардлаа яасан бэ, үйлдвэр өгсөн үү, зээлсэн үү гээд. Өвчний өмнө өвдөг сөгдөхгүй, “би америк орондоо өгөх ёстой зардлаа төлж дуусна” гэсэн бодолтой яваа. Эрдэнэтийн Капитрон банкны З.Оюунчимэг захиралтай хамт олон, ХХБ-ны хамт олонд, хүнд үед тусалж байгаад их баярлаж явдаг даа.  Ийм үед хайртай үр хүүхдүүддээ ч, бэр, хүргэн, ач, зээ, эгч, дүү, хамт олон, найз нөхөд гээд хамгийн их түшиг тулгуур болсон хүмүүстээ талархах ёстой. Би тааралдсан хүмүүстээ  “Ганаа нь ямар ч байсан эх орондоо эсэн мэнд ирсэн, үр хүүхдүүдтэйгээ, төрсөн нутагтаа сайхан байна, энэ л надад жаргал байна” гэж хэлэх дуртай.

-Та энэ бүхний эцэст юу тунгааж, өөртөө юуг хатуу хэлсэн бэ?

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан, зорилго тэмүүлэлтэй явалгүй яахав дээ? Гэхдээ аливаа зүйлийг заримы нь хойш тавьж, бага дээр нь эрүүл мэндээ бодож явах нь зүйтэйг залуустаа хэлэх байна даа.

 Хүн аливаа бүхнийг  сэтгэлийн хаттай байж туулж гардаг  гэдэг таньд энэ бүхний ард гарахад сэтгэлийн сайхан бэлэг барьсан хүмүүс олон байсан байх ...

 -Бие биедээ талархаж байх шиг сайхан юм хаа байна. Энэ үгийг хүн өөр дээрээ ирэхэд илүү ихнээр мэдэрдэг. Миний хагалгааны дараахь биeийн байдлыг судалж, өвчний маань талаар үнэн зөв мэдээллийг хүргэсэн. Монголын бүжгийн спортын холбооны А.Мөнгөнхуяг тэргүүнтэй хамт олон, ОА-ийн БСУГ-ын дарга асан, багын анд Ц.Ариунаа, Мүүн хамтлагийн удирдагч О.Саранхүү, МБСХ-ны клубын удирдагч багш, дасгалжуулагчид, Оч, Улаансарнай хамтлагийн багш дасгалжуулагч нар, шавь А.Болормаа, Б.Номингэрэл, О.Даваасүрэн, Т.Мөнхтуяа, Номин ТҮ-ийн захирал Х.Хишигбаатар, Эмаль шүдний эмнэлгийн захирал Оюунцэцэг, их эмч Тунгалаг, их эмч Л.Эрдэнэсувд, дүүгийн найз Я.Тунгалаг, 15 р сургуулийн багш Тунгалагтамир, үйлдвэрийн ахмад Т.Баасансүрэн, хөрш н.Баяртын гэр бүл, Н.Батсүх, багш Д.Заграа, нябо Д.Нансалмаа, Батцэцэг /Яам/, Мерси Миссион сүмийн тэргүүн Солонгоо, худ Д.Ганбат, Н.Урантуяа,  Чикагод ажиллаж байгаа охины найз нөхөд, Чикагод сурч буй шавь Ш.Дөлгөөн, Д.Дашням, Эрдэнэтийн ихрүүд Т.Золжаргал, Т.Зулжаргал, Хамба Ч.Эрдэнэчулуун, Мөнхбаяр, Капитрон банкны захирал З.Оюунчимэг,  Уурхайчин соёлын ордны Ш.Өлзийхишиг эрхлэгчтэй соёлын секторын хамт олон, инженер Л.Оюунбилэг, үйлчлэгч Д.Цэрэндолгор, О.Нансалмаа, БОЭТ-ийн сувилагч Д.Баянцэцэг, эх баригч Ц.Туяа,шавь, эгч А.Бямбаа, төрсөн дүү Д.Ганчимэг, Д.Ганбаяр, ах Д.Гансүх, Д.Ичинхорлоо, төрсөн дүү нар Д.Отгон, Л.Энхтуяа, Д.Гантөгс, Д.Ганбат, Г.Энхжаргал, ханийн том эгч, дүү Д.Сувдаа, Д.Батбаатар, Д.Чимгээ, хүргэн Эрдэнэбат, Г.Чингэрэл, Г.Чинтуяа, Г.Наранцацрал, Г.Бүжин, Г.Ганбаатар  бүх ах дүүстээ бүгдэд нь баярлаж байна. Амьдрал үнэнээрээ сайхан гэдэг:   

 Миний хамгийн том ахын хань А.Бямбаа /бэр, 7 хүүхэдтэй/, тэрээр өөрөө Солонгост хагалгаанд орсон ч гэсэн, дараа нь тэндээ ажил олж хийж, дүү наддаа 1000 доллар явуулж билээ. Би хагалгаанаас гараад удаагүй байсан, эгчдээ баярлаж, нулимсаа барьж чадахгүй байсан. Заавал талархаж мэхийх ёстой хүмүүсээ дурдлаа заавал оруулж өгөөрэй.

    Эрдэнэтийн бүжгийн спортод Д.Ганчулуун гэдэг хүний үлдээсэн мөр ариун, бас гэгээлэг байсныг гэрчилж, 20 гаруй жил зүтгэсэн урлаг, соёлын нүсэр ажлын зэрэгцээ олон жил зүтгэж, сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэргээ хамгаалж,  хүүхэд залуучууд, Уурхайчдын төлөө зүтгэсэн  сайхан сэтгэл нь түүнийг энэ том хагалгаанаас  амьд авч үлдсэн болов уу гэж бодлоо.  Тэрээр  юм бичихэд нь гар хуруу нь эвлэхгүй хэцүү байгаа ч төрөлхийн зүгээр суудаггүй зандаа хөтлөгдөж, ширээн дээрээ ном сэтгүүл тавьчихсан, “эгч нь орж чадахгүй халгаад харж сууна”  гэж ярихад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ–ын захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан  захирал Р.Дэлгэрбаяр нартай өөрийн биеэр уулзаж, энэхүү амьдралаа танилцуулж, дэмжлэг туслалцаа хүссэнээ ч хүүрнэж суулаа. Д.Ганчулуун  чин сэтгэлээсээ тусалж, сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүст баярлалаа.

Эрдэнэт уулын минь буян, Эрдэнэт үйлдвэрийн минь хишиг олон мянган айл өрхөд жаргал авчирдаг гэдэгт үргэлж итгэдэг.

Т. АТАРБАЯР

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Denduu saihan urlagin tuluu yavsn hundee iim humus hovor shuu

eej

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Unheer mundag tevcheertei hun yum aaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Unheer mundag hodolmorch tevcheertei hun yum aa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
6
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%