АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль айсуй...

Хоёр удаагийн сонгуульд АН хуугаараа ялагдав. Улс төрийн томоохон намын хувьд найман жил төрийн бүх шатанд бодлого, чиглэлээ тусгуулж чадахгүй, нэр төдий амьгүй албат мэт явах дэндүү харамсалтай цаг хугацаа. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хууль тогтоох байгууллагад арай чүү бүлэг байгуулах чадамжтай суудал авсан АН ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нэлээд хүч хаяж оролцохоор төлөвлөж байна.

Гэвч сонгуульд намаа удирдаж оролцох даргаа сонгохоос эхлээд АН-д ирэх аравдугаар сараас өмнө шийдэх түмэн ажил бий. Энэ бэрхшээлээ нэг талд шийдэж, дотооддоо учраа ололцохгүйгээр орон нутгийн сонгуульд одоогийн байгаа шигээ оролцвол тэд өнгөрсөн дөрвөн жил шиг бүх шатанд ялагдал хүлээнэ.
Иймийн учир АН орон нутгийн сонгуулиас өмнө намын даргын сунгаагаа явуулж, эв нэгдлээ хангахгүй бол өнгөрсөн УИХ-ын сонгууль шиг гишүүдээ гомдоож, бие дааж нэрээ дэвшүүлэхэд хүргэвэл МАН-д ашигтай байдал үүснэ. 
Энэ мэт асуудлаа тооцоолж, АН орон нутгийн сонгуульд бэлтгэх, бүх шатанд намын гишүүдээ сайн ажиллуулах шаардлага байна. Харин МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн амжилтаа бататгахын тулд кампанит ажлаа зөв удирдахгүй бол шинэ УИХ, Засгийн газраас хүлээж байсан иргэдийн итгэл буурч буйг сануулах ёстой. 

У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргаж буй зарим шийдвэр, томилгоо иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, өнөө л поп амлалт, хоосон яриа, цэцэрхэл байх нь гэх ойлголт бүрдэж эхэлж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, валютын ханш өсөж буй энэ цаг үед хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд монголчууд өвөлдөө бэлтгэж, ингэхдээ алхам тутамдаа үнийн өсөлттэй нүүр тулж байгаа нь иргэдийн итгэл аажмаар бөхөхөд нөлөөлж байх. Дээрээс нь дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн нөлөөгөөр эдийн засаг агшиж, төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болж, хувийн хэвшил болоод иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний эргэлт буурсан нь эрх баригч нам руу буруугаа чихэх хангалттай үндэслэл болж байна. Угаас эдийн засаг муу байхад эрх баригч нам бурууддаг жишгээр асуудал өрнөж эхэлжээ. 
Ийм цаг үед орон нутгийн сонгуулиа бид хийх гэж байна. Таны, миний амьдардаг хороо, дүүрэг, аймаг, сумын удирдлагуудыг сонгох сонгууль учраас УИХ-ынхнаас илүү өргөн цар хүрээтэй. Энэ утгаараа өргөн утга, агуулгатай, хийх ажил нь тодорхой байдаг ч манайд хууль тогтоох байгууллагын гишүүд нь тойрогтоо ажиллах нэрийдлээр нутгийн өөрөө удирдах байгууллагынхны ажлыг хийгээд байдаг. Нэг ёсондоо, УИХ, орон нутгийн хийх ажлын чиг үүрэг, баримжаа холилдсон учраас манайд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй, иргэд нь үүргээ ухамсарлахгүй өнгөрөх гээд байх нь бий. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар иргэд идэвхтэй оролцож, амьдарч байгаа орчноо сайжруулах, аймаг, дүүргийнхээ төсвийг бодитойгоор тусгуулах, нэмэгдүүлэх үүднээс хайхрамжгүй хандаж боломгүй байна. 
Эрх баригч намынхан ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд хэдийн бэлтгэж эхэлжээ. Тэд намын анхан, дунд шатны ажилтнуудаа одоо байгаагаас арай өндрөөр цалинжуулж, багаа бүрдүүлж эхэлсэн байна. Харин АН-ын хувьд энэ ажилд тун хойрго хандаж буй. Удахгүй болох намынхаа Их хурлаар шинэ даргаа сонгохоор төлөвлөж байгаа ч сунгаанд өрсөлдөгчид нь “Шонхор” фракцтайгаа эв зүйгээ ололцож чадахгүй яваа. Ямартай ч өчигдөр тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрнэ гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа юм. 
УИХ-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэ хуулиар орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн албан хаагчид энэ сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл зарим аймагт нэр дэвших сонирхолтой төрийн албан хаагчдын ажлыг өгүүлэхгүй, “Чи ажлаа хий. Чамаас өөр энэ албан тушаалд ажиллах хүн алга” гэх яриа гарсан байна. Энэ мэт бэрхшээл, шахалт эрх баригч намынхнаас зарим аймагт гарсан учир “Хуулийн байгууллагад хандана” хэмээж байж, ажлаа өгсөн горилогч ч байгаа аж.

Орон нутгийн сонгуулиар л сонсож болох энэ мэт хөгтэй гэхдээ санаа зовмоор үйл явц хөдөөд өрнөж байна. 
Өмнө нь орон нутгийн сонгуультай холбоотой гомдол маргааныг шийдвэрлэхгүй удах, шийдвэрлэсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байсан. Тэгвэл энэ асуудлыг шинэ хуулиар цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг тусгаж өгчээ. 
Бас нэг асуудал нь өмнөх жилүүдэд аймаг, сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа мөртлөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэмжээний амлалт өгч, иргэдийг хуурч, мэхэлж гарч ирдэг тохиолдол бишгүй гарч байсан. Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудал аль ч шатны сонгуулийн үед гардаг. Тухайлбал, тухайн тойрогт байгаа сонгуульд санал өгөх насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан түүх бий. Нэг зэрэг 2000, 3000 “царцаа” нүүх тохиолдол ч өмнөх сонгуулиудын үеэр гарч байв. Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай шинэ хуулиар шилжилт хөдөлгөөнийг цэгцлэхээр тусгажээ. Ингэхдээ зөвхөн албан томилолт болон эрүүл мэндийн шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийх байдлаар шийдэхээр зохицуулсан байна.

Үүгээр энэ сарын 16-нд орон даяар шилжилт хөдөлгөөн бүрэн зогсох юм. 
Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг намаас нэр дэвшүүлэх хэлбэрийг хэвээр хадгалж, нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудитын хяналт хийх аж. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог ЦЕГ, УБЕГ, ОБЕГ зэрэг төрийн байгууллагын зардлыг сонгуулийн төсөвт нэмж тусгадаг байсан бол шинэ хуулиар эдгээр байгууллага өөрсдийн төсөвтөө сонгуулийн үйл ажиллагаанд оролцох зардлаа тусгахаар өөрчилжээ. 
Хуульд энэ мэт голлох өөрчлөлт орсон ч орон нутагт улстөржилт, талцал намчирхал хэрээс хэтэрсэн хэвээр л байна. Нөхцөл байдал нүдний өмнө ил байгаа учир улс төрийн намын төлөвшлийн тухай яриад ч нэмэргүй биз. Гэхдээ энэ төлөвшлийн цаана миний, таны эрх зөрчигдсөөр байгаад л асуудлын учир байгаа юм. 

Эх сурвалж: www.npost.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.