Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өрөөндөө камер, өрөөнийхөө гадаа дэлгэц суурилуулснаараа өөрийнхөө үйлдэл бүрийг хянах боломжийг бусдад олгожээ. 


-Таны өрөөний гадна байрлуулсан дэлгэц их сонирхолтой санагдлаа. Хаалганы цаана зогсож байгаа иргэн таны үйлдэл бүрийг хянах боломжийг олгосон байна. Энэ нь танд эвгүй биш үү?

-Иргэдийг дарга хянадаг биш, даргыг иргэд хянадаг. Бидний хүсээд байгаа зүйл бол энэ систем юм. Яагаад гэвэл бид татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа. Хоёрдугаарт бид иргэдийн сайн сайхны төлөө энэ албан тушаал дээр томилогдсон. Тэгэхээр бусдын сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүн ядаж иргэдийн эрхийг дээдлэх хэрэгтэй. Тэр утгаараа иргэд даргыг хянадаг системийг эхлүүлсэн. Олон байгууллага үүнийг дагаж хийгээсэй гэж хүсч байна. Нөгөө талдаа энэ бол маш том хамгаалалт. Ялангуяа хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажилладаг, хяналт шалгалтын бүтэцтэй, улсын байцаагчийн эрхтэй, том том компаниудыг шалгадаг, тодорхой хэмжээгээр хамтын ажиллагаа өрнүүлдэг байгууллага учраас өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалах ёстой. Тэгэхээр энэ бол авлигаас ангид байх нэг том алхам гэж үзэж байгаа.

-ШӨХТГ-ын даргаар томилогдоод богино хугацаанд их ажил амжуулж байх шиг байна. Хийсэн ажил, гаргасан шийдвэрээ танилцуулахгүй юу?

-Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акц эхлүүлээд явж байна. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулиа мөрдөж ажилла гэдэг хяналт шалгалт явагдаж байна. Сургалтын төлбөр дээр уян хатан нөхцөл барь. Сургалтын төлбөрөө заавал 100 хувь авна гэж дайрахаа боль. Засгийн газрын таван сайдын гаргасан шийдвэрийг хэрэгжүүл. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжид нөөцийн савны ариун цэврийг сахих, лаг шавараа цэвэрлэх шаардлага тавьсан. Нөөцийн сав бохирдолтой байгаа учраас автомашины бензин насосыг эвдээд байгаа юм. Үүнийг нь хуурамч бензин, муу бензин худалдаалж байна гэдэг хардлага дагуулаад байдаг. Осолд орсон автомашин буюу улсын дугаар авахаас өмнөх бүх процессыг нийтэд ил болгохын тулд ажиллаж байна. Тухайн машин осолд орсон байна уу, үерт урссан байна уу, цацрагт нэрвэгдсэн байна уу гэдгийг мэддэг нээлттэй системийг бий болгох хэрэгтэй. Үүнийг арлын дугаараар ил болгох ажил хийгээд явж байна. Мөн авто зогсоолын хязгаарлалтыг зайлшгүй хий, явган хүний эрхэд халдаж байна гэдэг байр сууринаас НЗДТГ болон, авто зогсоол эзэмшигч байгууллага руу албан бичиг хүргүүлж байна.

-Одоогоор ямар үр дүнд хүрсэн бэ?

-Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акцийн хүрээнд нэлээн олон дэлгүүр тэр бичгээ авч байгаа. Яагаад гэвэл иргэд тухайн газар дээрээс манай 115 гэсэн дугаар луу залгаад гомдол мэдүүлдэг. Зарагдсан барааг буцаахгүй гэдэг бичгээ аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авна гэдгээ холбогдох газруудад мэдэгдсэн. 

-Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой шүүмжлэл нийгэмд ихээхэн өрнөж байна. Энэ асуудлаар танай байгууллагаас зөвлөмж гаргасан уу?

-Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Боловсрол, шинжлэх ухааны яам руу зөвлөмж явуулсан. Хүүхэд харах үйлчилгээний сургалтад суусан ажилтан хүүхэд харах юм байна. Энэ ажилтныг заавал сэтгэцийн шинжилгээнд хамруулах ёстой. Сэтгэцийн асуудалтай хүн хүүхэд харж байгаад хүчирхийлэл үүсвэл хэн хариуцах вэ, камертай цэцэрлэгийн багш ч хүүхдийг зодсон шүү дээ. Хүүхэд идэж байгаа хоолноосоо хордоод амь насаа алдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тухайн хүүхдийг өдөржин зурагт үзүүлээд суулгачихвал яах вэ. Бааж шээлээ гээд зодвол яах вэ. Тухайн хүүхэд өөрөө эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх. Хүүхдээс хүүхдэд халдварт өвчин тархвал яах вэ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж байгаа ч бид харахаас өөр аргагүй зүйл энэ дээр байна. Тиймээс зөвлөмж болгож явуулсан.

-Дараагийн удаа ямар хяналт шалгалт хийх вэ?

-Эрүүл ахуй, аюулгүй байдал ялангуяа хүнсний аюулгүй байдалд хяналт тавина. Тухайн бараа хэзээ үйлдвэрлэгдсэн, хэзээ савласан, ямар горимд хадгалах, орц, тайлбар нь байх ёстой. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй акцийн хүрээнд энэ асуудлыг давхар шалгана.

-Сургалтын төлбөрөө 100 хувь авна гэж дайрахаа боль гэдэг шаардлагыг их дээд сургуулиудад хүргүүлсэн гэлээ. Гэтэл АШУҮИС төлбөрөө 100 хувь авна гэдэг шаардлагаа цуцлаагүй байсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ гомдлыг манай 115 дугаар өгөх боломжтой. Өнөөдөр Шадар сайд Я.Содбаатараас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд албан тоот хүргүүлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл хамтарсан таван сайдын тушаалыг биелүүлэхгүй байгаа сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулж байгаа. Таны хэлж байгаа шиг гомдол ирэх юм бол тухайн сургуулийн удирдлага таван сайдын тушаалыг биелүүлж ажилла гэдэг талаас нь ярина.

-Төр хувийн бизнест гар дүрэх нь эрсдэлтэй гэж эдийн засагчид хэлдэг. Гэтэл төрийн байгууллага нь зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэх мэт акц явуулаад байгаа нь хэр оновчтой вэ?

-Бид хувийн бизнес рүү ороогүй шүү дээ. Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй тухай заалт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хязгаарлагдмал. Энэ хуулиа хэрэгжүүлж ажилла гэж байгаа юм. Тухайлбал та аавдаа зориулаад улаан өнгөтэй цамц аваад очтол аав тань улаан өнгөтэй цамц өмсөхгүй цэнхэр өнгөтэй цамц авчих гэлээ. Ийм үед тухайн дэлгүүр өөр өнгийн цамцаар яагаад сольж болохгүй гэж. Дэлгүүрүүд НӨАТ-тай холбоотойгоор буцаалт хийхгүй гэж худал хэлж иргэдийг төөрөгдүүлэхээ болих ёстой. НӨАТ-ын буцаалт тухайн сар дотроо хийгдэж байгаа. Иймд иргэдийг битгий төөрөгдүүл. Хоёрдугаарт, НӨАТ-ын тайлан явчихсан гэдэг шалтгаанаар буцаахгүй гэдэг. Наймдугаар сарын НӨАТ-ыг есдүгээр сарын 10-нд явуулдаг. Тэгэхээр НӨАТ-ын тайлангаа явуулаагүй байгаа хэрнээ явуулчихсан гэж худлаа хэлдэг байж болохгүй.

Мэдээж хэрэглэсэн барааг яагаад ч буцаахгүй. Өмсөөд эдэлсэн хувцсыг буцаах ямар ч боломжгүй. Тухайн хаяг шошго аваагүй, анхны шинж чанараас дордуулаагүй байх, баталгаажсан уутыг задлах, эсвэл анхнаасаа төөрөгдүүлэх шинж чанартай худалдаалсан барааг буцааж болно. Энэ тал дээр дэлгүүрүүд өөрсдөө стандартаа тогтоох ёстой. Манайх ийм, ийм нөхцөлд зарагдсан барааг буцаахгүй гэдэг стандарт байх ёстой. Харин осолд орсон авто машиныг сэлбэг нэрээр оруулж ирээд засч янзлаад иргэнд зарчихсан байвал бол өөр. Энэ тохиолдолд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авч байгаа шиг биш. Автомашин авснаас 14 хоногийн дараа доголдол гараад үзүүлэхэд таны машин осолд ороод дундуураа гагнуулсан байна гэвэл анхны худалдсан байгууллагадаа хандаад буцааж болдог эрхийг нь бид нээж өгөх гээд байгаа юм.

Үүний тулд улсын хилээр орж ирж байгаа автомашин улсын дугаар авахаас өмнө буюу гааль дээр яг ямар машин орж ирсэн бэ гэдэг тэмдэглэгээг олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа юм. Энэ нь ил болсноор тухайн арлын дугаараар анх ямар хүний гар дамжсан, ямар засвар үйлчилгээ хийсэн бэ гэдэг түүх нь байх ёстой. Ингэснээр машин авах гэж байгаа иргэн тухайн машины арлын дугаарыг ашиглан бүх мэдээллийг нь мэддэг болох юм. Улсын хилээр орж ирэхдээ сэлбэгээр орж ирсэн үү, авто машинаар орж ирсэн үү гэдэг мэдээлэл ил болох ёстой. Ямар ч худалдан авагч сэлбэгээр орж ирсэн эсвэл цацрагтай машин авахыг хүсэхгүй. Энэ мэдээллийг ил болгохоор “open data” систем дээр ажиллаж байгаа.

-Танай байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол торгуулийн арга хэмжээ тооцох уу?

-Манай байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн арга хэмжээ авна. Тусгай зөвшөөрөлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл асуудлыг ярьж болно. Гэхдээ энэ цар тахлын үед бид аж ахуй нэгжүүдийг дэмжих ёстой. Тэр талаасаа аж ахуй нэгжүүдийг дэмжээд байхад битгий давраад байгаач ээ гэдэг асуудлыг яриад байгаа юм.

-ШӨХТГ-ын явж ирсэн замналыг харахад эхлээд шаардлага тавьдаг биелүүлэхгүй байвал торгодог, гэтэл тухайн байгууллага нь шүүхэд өгдөг. Ийм тохиолдол байнга давтагддаг байсан. Та энэ саад бэрхшээлийг хэрхэн даван туулах гэж байна вэ?

-Манайх дээр одоо явж байгаа систем нь яг таны хэлж байгаачлан улсын хяналтын байцаагч нь очиж шалгадаг. Зөрчил илэрвэл торгодог. Тухайн байгууллага нь зөвшөөрөхгүй бол шүүхэд ханддаг. Шүүх дээр заргалддаг, тухайн торгуулиа хамгаалдаг хүн нь улсын байцаагч өөрөө юм. Нэг хүн гурван ажил хийдэг, ганцаараа явдаг. Энэ бол авлигын нэг хэлбэр юм. Тухайлбал, 100 сая төгрөгөөр торгуулсан компани торгуулиа төлөх үү байцаагчтайгаа ярих уу гэдэг нь эргэлзээтэй. Нөгөө талдаа бид авилгаас ангид байхын тулд системийг нь хийж өгөх ёстой. Тэгвэл одоо хууль эрх зүйн газрыг бид шинээр байгуулж байгаа. Мөн иргэдийн зөвлөл байгуулна. Манай асуудал шүүх дээр очсон тохиолдолд улсын байцаагч дээр нь хууль эрх зүйн газрын ажилтан буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөллийг байлцуулна. Иргэдийн зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

-Иргэдийн зөвлөлд орохыг хүссэн иргэн саналаараа орж болох уу?

-Иргэдийн зөвлөлийн гишүүдийг Үндэсний статистикийн газраас түүврийн аргаар шалгаруулна. Яагаад гэвэл бид өөрсдөө сонгон шалгаруулалт хийчихвэл Иргэдийн зөвлөл манайхаас хамааралтай болчихно. Тэгэхээр Үндэсний статистик дээр иргэдийн мэдээлэл байгаа учраас бидэнд сонгож өгөх юм. Тухайн иргэн шүүх хуралд орох эрхээр манай байгууллага хангаад өгчихнө. 4.5 тэрбумын торгуулийн асуудал ямар процессоор явж байгааг Иргэдийн зөвлөл хянаад мэдээллэнэ гэсэн үг. Энэ нь авилгаас ангид байх нэг арга юм.

-Танай байгууллагад гомдол гаргах хүсэлтэй иргэн хэрхэн хандах вэ?

-Манай 115 гэдэг дугаарт ирж байгаа иргэдийн гомдлыг индексжүүлж байгаа. Энэ долоо хоногоос эхлээд фэйсбүүкээр гомдол аваад эхэлчих байх. Өөрөөр хэлбэл манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэсэн хаягийг Tag хийхэд гомдол хүлээн авах Дата баазад бүртгэгдэнэ. Ирэх долоо хоногт твиттер ажиллаж эхлэх байх. Ингэснээр мэдээллийн нэгдсэн бааз үүсч байгаа гэсэн үг. Иргэдээс ирж байгаа гомдлоос гадна бидний хийх ёстой зүйл бол хэрэглэгчийн аятай тухтай амьдрахад юу саад болж байна вэ гэдгийг мэргэжлийн төвшинд харах ёстой. Тэр утгаараа Засгийн газрын тохируулагч агентлагаар ажилладаг. Бид заавал иргэдээс асуугаад гомдол ирэхээр нь ажилладаг байж болохгүй.

-Өмнө нь та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудалд холбогдсон. Хэрэв зээл авсан нь үнэн бол зээлээ төлсөн үү?

-Би ЖДҮ аваагүй. ЖДҮ аваагүй учраас надад ЖДҮ төлөх шаардлага байхгүй. АТГ-т 2019 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл шалгуулсан. Бүх дансанд үзлэг шалгалт хийгдсэн. Зээл аваагүй. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын ажлаа өгсөн шалтгаан нь төрийн албанд 10 жил ажиллаагүй гэдэг шалтгаанаар ажлаа өгсөн. Би төрийн албанд гурван жил ажилласан. Би арваннэгдүгээр сарын эхээр ажлаа өгсөн. Тэр үед ажлаа өгсөн бүх хүнийг ЖДҮ-ийн зээлтэй холбож байсан. Шаардлагатай гэвэл бичиг материалыг нь үзэж болно.

-Төрийн албанд гурван жил ажилласан гэдэг нь одоогийн энэ албан тушаалд ажиллах шаардлагыг хангаж байна гэсэн үг үү?

-ШӨХТГ-ын даргаар гурван жил ажилласан хүн томилогддог.

 Эх сурвалж: Zindaa.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ