Еркебулан Байыт Ұлы: “Би юу ч биш байна” гэж өөртөө дүгнэлт хийгээд сүүлийн 3 жил суралцсаар явна

  Цаг завгүй амьдралын хэмнэл дунд хүн бүр л эрүүл зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг эрмэлзэж байна. Өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхэнд үлгэрлэж, өөрийн сурсан мэдсэнээ сошиал орчинд харамгүй түгээж яваа нэгэн  залуутай уулзаж ярилцлаа. Тэр бол Еркебулан юм. Уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг түүнийг хобби сонирхол нь фитнесс рүү хөтөлжээ. Тэрээр нүүр номын хуудаснаа саяхнаас “Фитнес влог” пэйж хуудас хөтөлж эхэлсэн бөгөөд дагагчдынхаа тоог чамгүй өсгөөд амжжээ.

Бусдын амьдралыг чимх чимхээр хөглөж, бусдын амжилтаар өөрийгөө хөглөгдөж яваа түүний дуу хоолойг үе тэнгийн залуус болоод Эрдэнэсийн хотынхондоо хүргэхийг зорьлоо. Аливаа спортод “дурласан” л бол цуцашгүй хичээллэх арга ухааныг түүнээс суралцмаар санагдсан. Ингээд цөөн хором ярилцсан ярилцлагаа уншигч танд хүргэе.

-“Фитнес влог”-оор Эрдэнэтчүүдийг байлдан дагуулж байгаа залуу хэн болохыг олон хүн сонирож байгаа байх. Фитнест хөл тавьсан анхны дурсамжаас тань ярилцлагаа эхэлвэл ямар вэ?

-Би арван жилийн сурагч байхдаа их туранхай хүүхэд байсан. Тэр үеэс өөрийгөө өөрчилье гэж шийдээд бүтэн нэг жил гэртээ суниалтаар хичээллэсэн. Харин дараа нь гарсан үр дүнгээ хараад өөрөөрөө үнэхээр их бахархсан. Хүүхэд байх үеийн тэр мэдрэмж л намайг фитнес рүү хөтөлсөн гэж боддог. Ганцаараа, ямар ч чиглүүлэх багшгүйгээр нэг жил дасгал хийчихээд фитнес клубт явахад гуравхан сарын дотор намайг өөрчилсөн гэж болно. Ингээд зорилгоо тодорхойлж, хичээллэж эхэлсэн дээ.

-Эрдэнэт хот нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, иргэдийнхээ хандлагыг өөрчлөхөд харьцангуй боломжтой хот гэж боддог. Гэхдээ хүн амын ердөө 10 хүрэхгүй хувь нь фитнесээр хичээллэдэг гэхээр чамламаар “Удахгүй нэг фитнест явна”даа гэсэн хүсэл тээсэн  хүмүүсийн хандлагыг хэрхэн зорилго болгож өөрчлөх бэ?

-Миний бодлоор хүмүүс зорилгоо арай л сул тодорхойлоод байх шиг санагддаг. Тиймээс ч заал руу хүрэх зам нь холдоод, “Би ажлынхаа хажуугаар ядрах болов уу”, “Намайг фитнест явахаар хүмүүс юу гэх бол”, “Би очоод дасгал хийж чадах болов уу, үгүй болов уу”, “Биеэ жоохон өөрчилчихдөг юм билүү” гэх зэргээр зорилго нь их жижиг. Ийм тохиолдолд багахан саадтай тулгараад л няцаж эхэлдэг.

           Нөгөө талаас манай Эрдэнэтэд байгаа багш дасгалжуулагч, мэргэжлийн зэрэгтэй тамирчид маань хүмүүсийг заал руу хөтөлж авчрах ажлыг хийхгүй байгаа юм болов уу. Фитнесс клубууд бол “Хүмүүс ирээсэй” гээд үүдээ дэлгээд байж байх газар ерөөсөө биш, харин ч зурагтаа үзээд сууж байгаа хүмүүсийг зааланд орж иртэл нь ажил хийх хэрэгтэй. Зорилго нь зөв байх ёстой. Ер нь хүмүүсийг чийрэгжүүлж, эрүүлжүүлдэг буянтай ажил л гэж би хэлнэ. Би сүүлийн үед ном их уншдаг болсон. Гадны нэртэй компаниуд хэрхэн алдрын тавцанд гарсныг уншихад зөв мөрөөдлөөс эхэлдэг юм байна гэдгийг сайн ойлгосон. “Энэ нийгмийн нэг ч гэсэн асуудлыг шийдчих юмсан” гэсэн гоё бөгөөд зөв мөрөөдөл байж, хэрэглэгчдийн асуудлыг шийдэж чадсанаар компани өөрөө амжилттай ажиллаж байна.

Миний харж байгаагаар манайд ашгийг нь бодож эхлүүлсэн бизнес, эсвэл мөрөөдлөө биелүүлээд явж байгаа хүмүүсийн хооронд маш том ялгаа харагддаг. Зөвхөн мөнгө хараад л байвал юу ч урагшлахгүй. Энэ фитнес клубуудэд ч хамаатай асуудал.

-Амьдралын хэв маягийг өөрчлөх 3 аргын нэгд дуртай ажил, хоёрт сонирхдог спорт, гуравт зөв хооллолт ордог болсон байна. Сүүлийн үед зөв хооллолт дасгал хөдөлгөөнийг орлох  сүлжээний бизнес буюу нэмэлт бүтээгдэхүүн  тэр дундаа тураах бүтээгдэхүүн санал болгож, олон нийтийг төөрөгдүүлэх боллоо. Энэ бүхэн монгол хүний хэв маягт зохицох уу? Та хувьдаа юу гэж боддог бэ?

-Би Казахстанд сургууль төгссөн. Манайхан хэн нэгний хэлснээр явах ёсгүй л гэж би боддог. Хоолны тал дээр л гэхэд зөвхөн эмч зөвлөж, багш хичээлээ зааж, цагдаа хуули ярих ёсгүй юм. Манай Монголд л ийм байх ёстой мэтээр ойлгодог.

Гэтэл энгийн иргэд дасгал, хоололт, сэтгэлзүй зэрэг ерөнхий мэдлэгийг эзэмшсэн байх учиртай. Оросууд яг ийм. Ажил дээрээ хоолоо авч ирэхдээ л өдрийн авах уургийн хэмжээгээ мэдэж байх жишээтэй.

Сэтгэлзүйн тал дээрээ ч хөрөнгө оруулалт хийгээд л явж байдаг.

  Хүний тархи залхуу, аль болох тайван орчинд өөрийгөө байлгахыг эрмэлздэг тул эндээс л аливаа бизнесийн маркетинг гарч ирээд байгаа юм. Үнэндээ “Дээшээ харж хэвтэж байгаад л 2 кг турчих юмсан” гэсэн хүний далд сэтгэлзүй дээр дөрөөлөн бараа, бүтээгдэхүүнээ зарж байна. Энэ бүхэн хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг гэх үү дээ. Олон талтай ч хүмүүс хувьд хувьдаа зөв, буруугийн ойлголттой байх хэрэгтэй.   

-Хэн нэгнээс үлгэр авч даган дуурайх өнгө аяс түгээмэл байдаг даа. Фитнест аль нь давамгайлдаг вэ?

-Хүмүүсээс нийтлэг асуудаг асуултуудад, эрүүл хүнсийг нэрлээд явуулаач, аль дасгалыг хийвэл хамгийн хурдан гоё болох вэ гэдэг. Дасгалын үр дүн, хоололт гэдэг зүйл тодорхой хугацаанд тууштай үргэлжилж байж үр дүн нь гардаг зүйл. Тэр хэмжээний үр дүнг гаргах гэж хүн залхуурлаа давж, өдрийн авах уургийнхаа хэмжээг мэдсэнээр хоололтондоо анхаарч, өдөр идэх хоолоо бэлтгээд авч явах жишээтэй. Хүмүүс хэт амархан зүйлийг хүсэж, тэр хүслээр нь болохгүй бол шантрах гээд байдаг талтай.

-Таны хувьд өнөөдөр багшаар ажиллаж байна. Тэгэхээр мэргэжлийн багш гэдэг ухагдахууны талаар ойлголт өгөхгүй юу? Багшилж байгаад тамирчин болоод явчихдаг нэгэн байхад, сонирхож хичээллэж байснаа  багш болчихдог хүмүүс олон гарч ирсэн. Нөгөө талдаа энийг мэргэжлийн бус гэж харах шүүмжлэх хүмүүс ч бий.

-Би энэ спортоор 10 жил хичээллэсэн. Өнгөрсөн хугацаанд бусдад туршлагаасаа хуваалцаж яваад л багш болсон. Тэгэхээр сургууль төгссөн нь мэргэжлийнх, төгсөөгүй нь мэргэжлийн бус гэж шууд ойлгох нь өрөөсгөл юм болов уу. Хүнтэй ажиллана гэдэг амаргүй ажил байдаг. Би хувийн дасгалжуулагч хийж эхэлснээс хойш харахад 50 хувь нь үр дүндээ хүрсэн, 50 хувь нь дасгал хичээлээ таслаад явчихдаг. Эндээс би, “Надаар үйлчлүүлсэн хүмүүс 100 хувь үр дүнд хүрээсэй, би л болохгүй байгаа юм байна” гэж өөртөө дүгнэлт хийсэн. Ингээд би өөртөө уран илтгэгч, ятгагч, нөлөөлөгч, хоол зүйч, сэтгэлзүйч байх ёстой гэсэн олон шаардлага тавьж байлаа. “Би ийм байж л хүмүүсийг мөрөөдөлд нь хүргэнэ”, гэтэл “Би юу ч биш байна” гэж өөртөө дүгнэлт хийгээд сүүлийн 3 жил суралцаж явна. Анх орж байгаа хүнийг хэрхэн угтах, дасгалаа яаж тууштай заах вэ зэргийг тодорхой ойлгож, өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлж байна. Хүнийг бүх талаас нь дасгалжуулж чаддаг хүнийг л би хувьдаа “Мэргэжлийн багш” гэж хэлнэ.

-Нэг ч гэсэн хүнийг гоё болгохсон гэж фитнесийн багш нар хичээж байна. Саяханаас манай хот өглөөний дасгалтай боллоо. Олон нийтийг биеийн тамирт уриалж, нийтээрээ дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд юу тулгамдаж байна бэ?

-Гадаадын иргэд маш гоё нэгддэг бол манайд хараахан тийм биш. Магадгүй, “Би” гэдэг ойлголт нь давамгайлдаг байх. Хажууд нь байгаа хэн нэгэн шинэ зүйл сэтгэхэд “Энэ хийчихлээ” гэж хараад байж болохгүй. Манай хотод 10 фитнес клуб ажиллаж байна. Тэгэхээр бүгд хамтран, иргэдийг 10 талаас нь төрөл бүрийн спорт руу татаад байвал болохгүй гэх газаргүй юм. Би нэг зуун мянган хүнийг зөв хэв маяг, дадалтай болгохоор ажиллаж байна. Хүн нөлөөлөгч болсноор олон зүйл өөрчлөгддөг. Тэгж байж л спортлог, эрүүл хэв маяг руу татан оруулах боломжтой.

-Фитнес клубт явахад төлбөр, орчин, багш  гурав хамгийн чухал гэж үздэг болов уу?

-Би өөрийн гадаад үзэмжид шаардагдах уураг, витамин зэргээс хэзээ ч мөнгө харамлаж байгаагүй. Тэгэхээр энэ миний зорилго, мөрөөдөлтэй хамааралтай учраас би худалдан авахдаа хэзээ ч эргэлзэхгүйгээр авч байгаа хэрэг л дээ. Бид эрүүл мэнддээ анхаарах л ёстой. Би фитнесийг өртөг өндөртэй спорт гэж хэлэхгүй. Хүн эрүүл байх хэрэгтэйгээ ойлгочихвол түүнд хийж байгаа хөрөнгө оруулалт хамгийн зөв бөгөөд чухал байх ёстой.

-Таны гэр бүлийнхэн хэрхэн дэмждэг вэ, магадгүй тойрон хүрээлж байгаа хүмүүсийн эерэг нөлөөлөл  фитнест явахад  чухал байдаг байх?

-Би сэтгэлзүйн талаас нь харж байна л даа. Хүмүүс хоорондоо ярилцаж байж л стрессээ тайлдгийг сэтгэлзүйчид хэлнэ. Би нэг удаа эрч хүчийг хаанаас авах талаар асууж байсан. Хариулт нь маш энгийн байсан. Миний гаднаас хайж байсан саарашгүй эрч хүч гэдгийг гэр бүл л өгдөг юм байна. Амралтын өдрөөр эхнэртээ кофег зөөж өгчихөөд фитнестээ явахад гэр бүлийн харилцаа хүртэл маш өөр болдгийг би биеэрээ мэдэрсэн. Караокед дуу дуулах, пабд суугаад стрессээ тайлчихаад гэртээ харилаа гэхэд нөгөө л уур амьсгал угтана. Тиймээс гэр бүлийн харилцааг маш их чухалчлах ёстой юм болов уу. Ажлаасаа гэртээ ирээд фитнестээ явлаа гээд хувцасаа аваад гарвал үлдэж байгаа хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлдэг байх нь чухал. Миний гэр бүл хамгийн том туслагч бас дэмжигч байж чаддаг нь гайхалтай. Гэр бүлээрээ фитнесээр хичээллэж эрүүл амьдралын хэв маягтай болчихвол  та аз жаргалтай сэтгэл тэнүүн амьдрах болно гэж итгэлтэй хэлж чадна аа.

-Багш, дасгалжуулагчийн хувьд манай уншигчдад нэг сэтгэл сэргээсэн гоё зөвлөгөө өгөөч?

-Зуны улиралд зугаалга байлгүй яахав. Гэхдээ ингэж явахдаа ч бусад зорилгоо орхигдуулж болохгүйг л санах хэрэгтэй. Би энэ зун ангийнхантайгаа зугаалж явахдаа влогоо хийж, англи хэлээ давтаж, хөгжилдөөд явж болоод л байсан. Тэгэхээр уншигчдадаа хандаж хэлэхэд бүх зүйлийн блансыг барьж, зогсолтгүй хөгжихийг л эрмэлзээрэй. Өдрөөс өдөрт урагшлах ганц л зам бий. Нэг жишээ дурьдахад, жилд маш сайн ном уншдаг хүмүүс 100 ширхэг, дундаж уншигчид 60 гаруй, бага нь 24 ном уншдаг юм байна. Тиймээс номоо ч унш, өнөө цагийн хэрэгцээ болсон англи хэлээ ч тасралтгүй судалж суралцаарай. Ерөөсөө өөртөө зарчим бий болгож эрүүл чийрэг  урт удаан сэтгэл өөдрөг амьдрая гэвэл ямар нэгэн спортоор хичээллэж эрч хүчийг мэдрэх нь чухал шүү гэж хэлмээр байна.

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

mundag zaluu yumdaa

aaaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.