“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын 2020 оны өвөл цагийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж, секц дугуйлангууд хичээллэж эхэллээ. Энэ жилийн үйл ажиллагааны  онцлог, заал танхимын хэсэгчилсэн засварын явцын талаар Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээс тодрууллаа.

 -Энэ жил хичээллэх секц дугуйлангуудын онцлогийн талаар ярина уу?

-Улсын Онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн Төв штабын шийдвэрээр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах шийдвэр гарсаны дагуу манай цогцолбор өнөөдөр нээлтээ хийж байна.  Дэлхий нийтэд тархсан  “Ковид-19” цар тахал бүрэн намжаагүй, гадаад орнуудад нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Улсын Онцгой байдлын комиссоос секц дугуйлан, уралдаан тэмцээнийг хэрхэн зохион байгуулах тухай дүрэм журам гаргасан. Энэ журмын дагуу тодорхой зай барих, нэг удаагийн секц дугуйлан, тэмцээн уралдаанд оролцох хүний тоог тогтоож, үйл ажиллагаагаа явуулна. Цар тахлаас шалтгаалан олон сараар ажиллаагүй болохоор манай үйлдвэрийн ажилчид, Орхон аймгийн иргэд ихээхэн хүлээлттэй, хичээллэгчдийн тоо өсөх төлөвтэй байна. Нөгөө талд Онцгой комиссын шийдвэрийн дагуу аль болох цөөн хүнтэй ажиллах ёстой.  Гэлээ ч  бид энэ бүхнийг зохицуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

-Усан санг Итали технологиор засварлах ажил ямар шатанд явна? Хэзээ ашиглалтад орох вэ?

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу гуравдугаар давхрын спорт тоглоомын заал, Усан санд орчин үеийн техник технологийг шингээсэн их засварын ажил  хийхээр төлөвлөсөн. Энэ ажил хуулийн дагуу тендер зарлагдан явсаар өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компаниуд шалгарсан. Их засвар 10-р сарын нэгнээс эхэлнэ. Нэлээн хугацаа шаардсан томоохон ажил байгаа. Усан санг энэ чиглэлийн технологиороо дэлхийд дээгүүрт ордог Итали улсын тоног төхөөрөмж,  хийцээр засварлана. Гуравдугаар давхрын заал олон улсын стандартад нийцсэн царс модон шалтай болох юм.  Засварыг аль болох богино хугацаанд  хийж,  12-р сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай ярилцаж байна. Засварын ажил  үндсэн үйл ажиллагаатай давхцаж байгаа учраас хичээллэгчдэд жаахан хүндрэлтэй байх юм. Гэхдээ засварласны дараа хичээллэгчдийн сэтгэл ханамж өндөр,  үйлчлүүлэгчдийн хүрээ өргөжиж, манай үйлчилгээний чанарт ахиц гарна.

-2020 он Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд уламжлал болгон зохиогддог бага олимпын жил.   Олимпыг хэзээ зохион байгуулах вэ?

-Энэ онд Спорт цогцолбороос нэлээн томоохон ажлууд төлөвлөсөн. Гэвч онцгой нөхцөл байдлын улмаас цуцалсан. Бага олимпыг ондоо багтааж  хийе  гэсэн ч цаг агаар хүйтэрч, хугацаа давчуу байгаа тул ирэх 6-р сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

-Манайхаас зохион байгуулдаг, Улсын чанартай тэмцээн уралдааны тухайд...?

-Манай Спорт цогцолбороос шигшээ багийн таван төрөлд Улсын хэмжээний нэг нэг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. МУГТ Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн, Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн, “Хангарьдын цом” туялзуур сэлэм, байт харвааны олон хотын тэмцээн, “Хангарьд” спорт клубийн анхны дасгалжуулагч, ОУХМ С.Баттулгын нэрэмжит боксын тэмцээнүүд зохиодог. Энэ жил жүдо, чөлөөт, боксын тэмцээн болно. Эдгээр нь тухайн төрлөөрөө  Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тэмцээн. Энэ тэмцээний оролцогч, залуусаас  тив дэлхийн олон аварга төрөн гарсан.

Я.Энхтуяа

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ