Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Төв болон дэд штабуудыг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах штабын нарийн бичиг, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийтэй уулзаж, ажлын үр дүнгийн талаар тодрууллаа. 

-Танай штаб ямар зорилтууд дэвшүүлэн ажиллав?

     -Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан, үйлдвэрлэлийн бүтцийн бүх нэгжийг хамарсан, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах штаб байгуулагдаж, 2020 оны дөрөвдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Манай штаб үндсэн дөрвөн зорилтыг үйл ажиллагаандаа чиглэл болгон хэрэгжүүлж ирлээ. Нэгдүгээрт, зардал хэмнэх, өртөг бууруулах. Энэ чиглэлээр үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийг хамруулсан техник зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө тусад нь боловсруулсан. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралыг даван туулах, зэсийн үнийн уналттай холбоотой борлуулалтын орлого өсгөх, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, үндсэн тоног төхөөрөмжүүдийн сул зогсолтыг аль болох багасгах, төлөвлөгөөт урьдчилсан засварын цагийг хэмнэх, үндсэн тоног төхөөрөмжийн цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Дөрөвдүгээрт, хэдийгээр нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч үйлдвэрлэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өргөтгөл шинэчлэл болон бүтээн  байгуулалтын ажлыг цаг алдалгүй, зогсоохгүй хэрэгжүүлэх гэсэн үндсэн дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллалаа.

-Эдгээр зорилт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрхэн биелсэн бэ?

    -Өнгөрсөн хугацаанд бид өмнөө тавьсан бүх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн. Манай штабынхан зургаан сарын байдлаар тооцоо хийж үзсэн. Техник зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 21,6 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо. Цехүүд 13,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн. Түүнээс гадна оны эхний 10-р сарын байдлаар төлөвлөгөөнөөс илүү 380 мянган тонн хүдэр боловсруулсан. Металл авалтыг өсгөсөн. Зэсийн металл авалтыг 87.60, молибдены металл авалтыг 52.57 хувьд хүргэн ажиллаж чадсанаар өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнөөс илүү 10607 тонн зэсийн баяжмал, 941 тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна. Штабын үйл ажиллагаа он дуустал үргэлжилнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард  гаргасан төлөвлөгөө дээр нэмээд он дуустал дахиад 1600 тонн зэсийн баяжмал илүү үйлдвэрлэх зорилго дэвшүүлсэн нь амжилттай биелж явна.

-Танай штабын төлөвлөгөөнд өргөтгөл шинэчлэл болон бүтээн байгуулалтын нэлээд ажил багтсан. Эдгээр ажлын явц ямар байна? 

     -Баяжуулах үйлдвэрийн шинэчлэлийн хоёр ажил бий. Өөрөө нунтаглах хэсэгт 6 сая тонны хүчин чадалтай дөрөвдүгээр шугам барьж байгуулах. Энэ ажлын газар шорооны болон тээрмийн суурийн цутгалтын ажил дууссан. Хам баяжуулалтын 5 саяын хүчин чадалтай тавдугаар секцийг жилийн 12 сая тонны хүчин чадалтай болгон өргөтгөн шинэчлэх ажил төлөвлөсний дагуу хэвийн явагдаж байгаа. ЗМЗ-ын Цутгуурын цехийн шинэчлэл бүрэн дууссан. Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хойш Цутгуурын цех шинэ технологиор ажиллаж, өнөөдрийн байдлаар цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Цэвэр усны гуравдугаар шугамыг шинээр барьж байгуулах ажил Эрчим хүчний хэлтсийн шууд хяналт дор төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Ил уурхай дээр хоёр ажил төлөвлөсөн. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барьж байгуулах, нөгөө нь мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл. Энэ ажлууд ямар нэгэн байдлаар цагийн хоцрогдолгүй явж байна. 

-Баярлалаа.           

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ