“Эрдэнэт ус” ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамц: Халаалт доголдсон дуудлага бүрт дулааны төлбөрөөс хөнгөлөх боломжгүй

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг даяар олон ажил хийгдэж байна. Өнгөрсөн 9-р сарын 15 ны өдрөөс олгож эхэлсэн халаалт дулааны эргэн тойронд иргэдээс санал гомдлууд ихээхэн ирэх болсон энэ нь дулаан ирэх явцад  горим алдагдах байдал байгааг иргэд шүүмжлэж буй. Иргэдийн тав тухтай өвөлжих гол нөхцөл нь орон сууцны дулаан, халаалт байдаг. Энэ сэдвийг хөндөхөөр “Эрдэнэт ус”  ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцтай ярилцлаа.

-Халаалт дулааны горим алдагдах асуудал их гарч байна. Энэ нь Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээний доголдол уу, Зарим орон сууцны хорооллын шугам сүлжээнээс хамаарч байна уу, аль эсвэл Дулааны цахилгаан станцаас ирж байгаа температуртай холбоотой  байна уу. Гол шалтгаан нь юунд байна вэ?

-Энэ жил гадны инженерийн шугам сүлжээн дээр аваар маш их гарлаа. Яг өнөөдрийн байдлаар 2.1 дүгээр байрны гадна халаалт, халуун усны шугам цоорсон, засварын ажил явагдаж байна. Дулааны шугам сүлжээг шинээр солихоор болсон. Өмнө нь аймгийн аваарын зардлаар 2.4 дүгээр байрны гадна шугам сүлжээ тав, зургаан хэсэгт цоорч, засварласан байгаа. Ер нь 1-4 хорооллын хувьд хамгийн анх угсрагдсан гадна инженерийн шугам сүлжээнүүд дээр 9-р сараас хойш аваар их гарлаа. Үндсэндэ халаалтыг хааж, шугам сольж байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн 9 сарын байдлаар нийт 74 орчим шугам сүлжээний саатал гарсан. Өнөөдрийн тоогоор 100 орчим аваар болж байна. Гол шалтгаан нь барилгын норм дүрэмд зааснаас насжилт хэтэрсэн, зарим нь актлагдсан байх жишээтэй. Эрдэнэт хотын хэмжээнд манай байгууллагын эзэмшилд 110 орчим км шугам бий. Үүний 60 орчим хувь нь насжилт өндөртэй, бусдыг шинээр сольсон.

-Сүүлийн үед ашиглалтад орсон хорооллуудад халаалтын доголдол гарч байна. “Төгөл гарден” л гэхэд халаалт нь дотроо, зарим горимоо зохицуулдаг гэж ярьдаг. Мөн Эко хороолол, өнчин цагаан, Цагдаа, шүүхийн байгууллагын ажилчдын орон сууц, Залуус хорооллын дулааны болон цэвэр усны шугам сүлжээнд асуудал их байдаг. Эрсдэлтэй барилгыг хүлээж аваад байна уу?

-Төгөл гарден, иргэдийн хэлдэгээр өнчин  цагаан байр, мөн “Унага” цэцэрлэгийн хувьд дороо узельтэй, өндөрлөг газарт байрладаг учраас даралтын зөрүү бага, температур тогтоосон хэмжээнд гарахгүй байгаа юм. Бид даралтын зөрүүг норм дүрэмд байдгаар нь шийдэж өгөөч гэж Дулааны станцаас хүссэн.

-“Эрдэнэт ус ДТС”-д албан ёсоор ороогүй ямар барилгууд байна вэ?

-“Эрчим хүчний тухай хууль”-д зааснаар Нийтийн орон сууцны барилга барьсан бол барилгаа ашиглалтад өгсний дараа гадна инженерийн шугам сүлжээг заавал хангагч байгууллагын өмчлөлд хүлээлгэн өгөх ёстой гэсэн заалт байдаг. Тэгэхээр гүйцэтгэгч компаниудаас манайд хүлээлгэн өгөх, өгөхгүйн тухай асуудал л байгаа юм. Энэ мэтээр манайд өгөөгүй барилгууд бий. Тухайлбал, АПУ-ийн 51-р байр, 3.6-р байрны урд талын шинэ байр, “Жаргалант өргөө” гээд 53 айлын орон сууц, “Их мандал” төвийн хажуугийн 1.34-р байр гэх мэтээр нэрлэж болохоор байна. Сүүлийн үед дулааны тоолуурт шилжсэнээр зарим аж ахуйн нэгж, байгууллагууд дулааны тоолуураар манай дээр төлбөрөө хийчихээд айл өрхөөс нь м.кв-аар төлбөр бодож авдаг, зөрүү мөнгөн дээр нь ашиг олох тохиолдол мэр сэр гарсан.

-“Эко” хорооллын тухайд хөлдөх аюултай гэж өнгөрсөн онд ярьж байсан. Ид хүйтний үед яах вэ?

-Хөлдөх эрсдэлтэй хэвээр байна. Ноднин дэлгүүр, авто засвар гээд баруун урд хэсгийн 5-6 айл бараг хөлдсөн. Асуудал нь юунд байна вэ гэхээр, Эко хорооллын инженерийн шугам сүлжээний гадна төлөвлөлтийн зураг байдаггүй. Инженерүүдийн ярьж байгаагаар, тухайн үед улсын комисс хүлээн авахад төлөвлөлтийн зураг байсан гэсэн. Хороолол дотор баригдах барилга нь 10*10 хэмжээтэй, 3000 м.куб багтаамжтай 100 ширхэг нэг давхар амины хаус барина гэж тооцоолсон. Өнөөдөр ачаалал нь 2-3 дахин өссөн тул шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй байгаа гэж ойлгож болно.

-Одоо горимын алдагдалтай байр бий юу?

-Аваарын байдалтай, асуудалтай газар харьцангуй гайгүй.

-Засаг даргын шуурхай дээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Эрдэнэт ус ДТС” дулаан, халаалтаа өгч чадахгүй байгаа бол иргэдийг шулахаа боль гэж хэлсэн. Алдагдалтай байхад төлбөрөө бүтэн төлж байна гэсэн яриа гаргасан. Зохицуулалт байдаг уу?

-Халаалт өгөөгүй гэсэн дуудлага 9 дүгээр сарын 15-наас хойш нэлээд гардаг. Аж ахуйн нэгжтэй хамт халаалт очдог айлууд ч байдаг. Шугам сүлжээтэй холбоотой халаалтыг нь түр саатуулж, олгодог тохиолдол бас бий. Барилгын норм ба дүрэм дээр биднийг тасалгааны температурыг 18 градусаас дээш өгсөн бол халаалтаа бүрэн өгсөн гэж үздэг. Халаалтын төлбөртэй холбоотой өргөдөл гомдол их ирдэг. Өргөдлийн дагуу тухайн айлын өрөөний температурыг хэмжилт хийж үзэхэд градус нь 20-аас дээш хэмтэй байх жишээтэй. Ийм тохиолдолд төлбөрийг хасах, хөнгөлөх боломжгүй.

-Танайд дуудлага өгөөд ирдэггүй гэх тохиолдол их байна. Боловсон хүчин дутмаг байдаг юмуу. Нэг засварчин хэдэн айлд үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Бүх засварчиндаа хуваарилалт хийдэг. Эрдэнэт хотын байруудыг хариуцуулж өгөөд халаалтыг бүрэн хариуцна шүү гэж тодорхой хэлдэг. Ингэж хуваахад нэг засварчинд 5-6 байр оногддог. Өөрөөр хэлбэл, нэг засварчин дунджаар 200 орчим айлын халаалтыг хариуцан ажилладаг. Диспетчерийн албанд 8 засварчин хотын хэмжээнд ажилладаг. Гэхдээ зөвхөн халаалт гэхгүйгээр бохироос бусад сантехникийн үйлчилгээг үзүүлдэг гэж ойлгож болно. Халаалт, халуун, хүйтэн ус хариуцсан 8 засварчин маань 7 хоногт 700-аад дуудлагыг барагдуулж, хүрч үйлчилж байна. Ер нь ачаалал ихтэй ажилладаг.

-Боловсон хүчнээ нэмэх боломжгүй юу?

-Хүний тоо нэмэх гэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй. Нийтийн аж ахуй гэж явдаг. Тарифтай холбоотой асуудлыг манайх өөрөө шийдэхгүй, Зохицуулах хорооноос шийддэг учир алдагдал ихтэй ажилладаг. Жишээлбэл, гэр хорооллын айлуудад хүрч байгаа цэвэр усны инженерийн шугам сүлжээний өөрийнх нь зардал нэг литр тутамд 10 орчим төгрөг, батлагдсан зардал нь 3 төгрөг гэхээр үндсэндээ 7 төгрөгийн алдагдалтай яваад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

tegeed halaaltaa gvitsed oligtoihon ogohgvi bj yun olon gomdol toochdiin be orh bvr yunii tuld mongo tolj bga bilee ay tuhtai amidrah gej l mongo ogch bgaashde getel gertee daaraad bj bn gdeg teneg asuudal shaltag tochih erh ta nar bhgvi ra nar hiih estoi ajilaa l hiij bga hvn bvr hodolmorkoj mongo oldog teriigee tanai baiguulgad ay tuhtai amidrah gej ogdog getel tiim iim gsen shaltag tochood suuj bdag irged bas shaltag toochood mongo ogohgvi bwal ta nart ymar bhuu olon jil jil bvr l iim asuudal vvsdeg ygad ene bdalaa zasaj saijruulah tuhai bodoj hiihgvi olog bolson heden vgee heleed suuj bdag bnaa tanaih shig tsag tuhaidaa tolboroo awaad ywdag baiguulga iim bj bolohgvi bizde

emi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.