Г.ГАНБААТАР: Энэ бол ханиад биш монгол хүний удамшил генд сөрөг нөлөө авчрах вий гэдгээс сэргийлж төр засаг ийм арга хэмжээ авч байгааг иргэд ойлгоосой

   Коронавирусын халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр Орхон аймгийн хэмжээнд олон талт ажлыг зохион байгуулсаар байна. Иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс энэ удаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатартай цөөн хором ярилцлаа.

-Орхон аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш Онцгой байдлын алба хаагчид тасралтгүй ажиллалаа. Ачаалал их байгаа байх. Орхон аймаг бусад аймаг, хотуудтай хил залгаа оршдог, хүн ам ихтэй томоохон хотын хувьд цар тахлыг дотооддоо хумихад гол барьж ажилласан  бодлого юу байв.

-Бидний хамгийн гол барьж байгаа зүйл нь хөдөлгөөн. Хөдөлгөөн замбараагүй байвал халдвар тээгчийг хянах боломжгүй юм. Халдвар тээгчийг хянахын тулд хөдөлгөөнийг хорьж, орон зайн хязгаарлалтын хүрээнд тандалт хийх зорилготой ажиллалаа. Аймаг, орон нутгийнхаа хэмжээнд Засаг даргын захирамжийг хэрэгжүүлсэн. Нэг талаар хүмүүсийн ахуй амьжиргаанд нөлөөлж байгаа учраас хохиролтой тал бий. Цаашид үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань үүргээ өндөр ухамсарлаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Тухайлбал, таксины жолооч тусгаарлалтын пилонк хийгээд, түүнийгээ арчиж цэвэрлээд явж болж байна. Ийм үйлчилгээ загвар болоод гараад ирвэл үйлчлүүлж байгаа иргэнд хүртэл таатай шүү дээ. Энэ мэт зүйлийг санаж бодож хийх ёстой. Таксины жолооч нар хэзээ биднийг явуулах юм бэ гэж асуухын оронд, “Ийм аюулгүй байдлыг би хангачихлаа” гээд хандаж болно. Лангуу түрээслэгчид л гэхэд, бид ажилламаар байна гэж шаардаад суух бус “Ажлын байран дээрээ иргэд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг ингэж хангалаа. Одоо ажлаа хиймээр байна” гэж хаа хаанаа үүргээ биелүүлдэг бол болох юм.

Хоёрдугаарт, иргэд хөл хорионы үед өөрөө өөрийгөө маш сайн хамгаалах үүрэгтэй. Эмнэлэг рүү эргэлт хийж байгаа хүн л гэхэд өдөрт 2000 гаруй хүн байгаа судалгаа гарсан. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвийн үед 400 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг бол одоо 200 гаруй хүнтэй л байна. Гэтэл 2000 гаруй хүн эргэлт хийгээд байгаа нь утгагүй зүйл л дээ.

-Эмч нар болон тархвар судлаачдын хэлж байгаагаар коронаврусын халдвар нь хүний биед сөрөг нөлөөтэй талаар ярьж байна. Гэтэл иргэд “Монгол Улс эдгээгээд байна, нас баралт бүртгэгдээгүй, энэ бол зүгээр ханиад учраас хөл хорио тогтоох нь зохимжгүй, иргэдээ ядуурал руу түлхэж байна” гэсэн байдлаар хандаж байна. Халдвар гарснаас хойш олон судлаач, эмч нартай хамтран ажиллаж байгаа хүний хувьд тодорхой ойлголт өгөхгүй юу?

-Зөв асуулт байна. Сүүлийн үед гадаадад ханиад туссан хүмүүс “Зүгээр нэг ханиагаад өнгөрчихлөө. Монгол Улсын Засгийн газар сүржигнэж байна” гэх мэтээр яриа гаргаад байгаа юм. Тэр ханиад туссан хүмүүс өөрсдөө 3 асуудлыг тээж байна. Нэгдүгээрт, дахин бусдад тархаах эсэх нь тогтоогдоогүй байна. Хоёрдугаарт, ханиадыг тусчихвал вирус нь насан туршид нь хадгалагдаж, тухайн хүн вирус тээгч болж байна. Гуравдугаарт, Удамшил буюу Монгол хүний дархлаанд үлдэж байна. Нийт хүн амаа өвчний голомт болгоод, удамшил гендээ сөрөг нөлөө авчрах вий гэдгээс сэргийлж төр засаг ийм арга хэмжээ авч байгааг ойлгох хэрэгтэй. Эрүүл саруул хүн амтай улс болохын төлөө бид тэмцэж байна. Хөнгөн хуумгай хүмүүсийн үйлдлийг хараад байхад, хуучнаар бол төрийн эсрэг ажиллагаа явуулж байна л гэж хэлмээр санагддаг. “Би тусвал яах ёстой вэ” гэдгээ иргэд маань хараахан ухаарч ойлгохгүй л байна. Хэрэв вирусын халдвар авбал тухайн хүн вирус тээгч болно, дахин тусах эсэх нь одоогоор батлагдаагүй байна, мөн насжилт багасах сөрөг талтай. Ер нь авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээг саармагжуулсан мэдээлэл цацах нь төрийн ажил эрхэлж байгаа хүмүүст төвөгтэй байдаг л даа.

-Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн болон хүчний байгууллагууд 24 цагаар ажиллаж байна.

Иргэдийн хувьд бусад аймаг, хотуудаас ирэх олон шалтгаан байгаа байх. Гэхдээ хулгайн замаар яваад байгаа нь эрүүл мэндээ төдийлөн ойшоохгүй байна уу даа гэсэн бодол төрүүлдэг. Яг энэ үйл явдлаас үүдэн иргэдэд хандаж юу хэлэх бол?

-Дэлхий нийтэд төдийгүй нийгэмд шинээр бий болж байгаа үзэгдэл гэж хэлж болно. Дэлхийн томоохон гүрнүүд энэ өвчлөлийн дараа хэрхэн ажиллах вэ, дэлхийн хүн амыг яаж вирусгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар ярьж эхэллээ. Монгол хүн ч гэсэн энэ өвчлөлийн дараа аж амьдралаа яаж авч явах вэ, бид ямар байх ёстой вэ гэдгээ ойлгож, ухамсарт нь санаж сэдэх анхаарах зүйл үлдээсэй гэж хүсэж байна.

Ажил хийж яваа хүний хувьд хүмүүсийн зарим үйлдлийг үгээр хэлэхэд хэцүү санагдсан. Төрийн албан хаагч руу давшилж, муу муухай үг чулуудаж, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бусад нь яах нь хамаагүй мэтээр загнаж байна. Энэ бол монголчууд бодох л асуудлын нэг. Төр засаг Монгол Улсын тусгаар тогтнолыг иргэн бүрийн үүрэг мөн гэдэг. Гэтэл цаг дээрээ төр засгаас явуулж байгаа бодлогыг дэмжихгүй, хар амиа бодож асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Хандлагаа өөрчилж, аливаад хүлээцтэй хандах нь зөв болов уу. Иргэн хүнийхээ хувьд үүнийг хэлж байгаа юм шүү. Тухайн хүн өөрийгөө өвчин тээгч гэдгээ мэдэхгүй ийш тийш яваад байгаа нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэхгүй байгаагийн л илрэл. Асуудалд орчих вий гэсэндээ л бид сэргийлэн ажиллаж байна.

-Хичнээн төрийн албан хаагч ажиллаж байна вэ?

-Бид 1400-1500 албан хаагчтай, эдгээрээс БОЭТ-ийнхөн 500 орчим, Онцгой байдлын газрын 200 гаруй, Цагдаагийн газрын 400 гаруй албан хаагч бүхий л чадлаараа ажиллаж байна. Мөн аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Сумын ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын газар, Байгаль орчны газрыг дурьдах нь зөв байх. Өнөөдрийн байдлаар яг постон дээр эргүүл хийж байгаа нь 200 гаруй албан хаагч бий.

-Улаанбаатар хотод гацсан иргэдээ 12 дугаар сарын 7-ноос татан авахдаа ямар тээврийн хэрэгсэл ашиглах урдчилсан төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид эхний удаад аймгийнхаа www.erdenet.mn сайтаар дамжуулан бүртгэл хийж судалгаагаа авч, нөхцөл байдлаа Улсын онцгой комисст мэдэгдэн, харилцан ажиллагаагаа мэдэгдэж байсан. Улсын хэмжээнд болон дүүргүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж бүртгэгдсэнтэй холбогдуулан зорчих иргэдийн хөдөлгөөний бүртгэлийг www.119.mn сайтад нэг болгосон. Энэ бол маш зөв зүйл. Бүртгэлтэй холбогдуулан унаагүй иргэд хэд байгааг гаргаж байна. Бидний төлөвлөсөн 50 гаруй тээврийн хэрэгсэл, нэгдсэн бүртгэлд орсон иргэдийн тоог харьцуулж байна. Унаа машины хүрэлцээ байхгүй бол иргэдээ галт тэргээр нэг удаа татаж хөдөлгөөнөө багасгавал ямар байдаг юм бол гэж тооцож байна. Улсын онцгой комиссоос агаарын тээвэр болон галт тэрэгний хөдөлгөөнийг хаасан хэдий ч шийдэлд хүрэхийн тулд бүртгэл судалгааг нарийвчлан авч байгаа юм. Аль аль талдаа хүнд байгаа нь ойлгомжтой. Маш зөв шийдэж, асуудалд хандахгүй бол Улаанбаатараас гарч байгаа нь ч тэр, эндээс явах хүмүүс ч тэр эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд шинжилгээнд хамруулах оношлуурыг маш сайн нөөцлөх ёстой болж байна.  

-Бүх нийтийн хатуу хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна гэхээр иргэд маань бүх зүйл нээлттэй болчих юм шиг бодож байна.  Та нэг ойлголт өгөхгүй юу?

-Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаа нь бүх зүйлийг сулруулж байгаа гэсэн ойлголт биш юм. Үндсэндээ өндөржүүлсэн бэлэн байлын хүрээнд хуулийн 17 зүйл, заалтыг хэрэгжүүлнэ. Энэ нь бүх иргэд, хүүхэд багачууд, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана гэсэн үг. Иргэд амьдралынхаа хэвийн горимд орохдоо өндөржүүлсэн нөхцөл байдалтайгаар асуудалд хандах тухай юм. Хуулийн зүйл, заалт хэрэгждэгээрээ хэрэгжинэ.

Хуульд заасны дагуу нэгдүгээрт, ард иргэдэд аюулын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Хоёрдугаарт нийгэм, эдийн засаг, стратегийн ач холбогдолтой байгууллагуудыг тусгай горимд оруулах, төрийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчилэн буюу бүр мөсөн зогсооно. Энэ мэт Засгийн газрын тогтоолд заасан 17 чиглэлээр үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохицуулна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ айлгах тактик бол төсөв шаах мөнгө ашиглах арга.

Etman

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.