Н.Баясгалан: Цар тахалтай холбоотой ченжүүдийг торгоод байгаа ч энгийн үед арга хэмжээ авах хуулийн хүчин чадал дутмаг байна

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар орон нутагт анхны салбараа нээсэн нь Орхон аймаг юм. Өнгөрсөн 10 дугаар сард ШӨХТГ-ын Орхон аймаг дахь улсын байцаагчаар Н.Баясгаланг итгэмжилснээр, иргэдийн эрх ашгийг хамгаалах салбар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цар тахлын улмаас улс даяар хатуу хөл хорио тогтоож, улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд ШӨХТГ-ын салбар ч завгүй ажилласаар байна. Байгуулагдаад удаагүй ч иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр чамгүй ажил амжуулжээ. ШӨХТГ-ын Орхон аймаг дахь улсын байцаагч Н.Баясгалантай нэг сэдвээр ярилцлаа.

-Таныг ажлаа аваад удаагүй байтал цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон. Ер нь шударга өрсөлдөөний зарчим манай аймагт аль салбаруудад сул байгаа болон иргэд юуг хүсэж байгаа талаар дүгнэлт хийсэн үү?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын хэмжээнд 37 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан. Өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагаар дамжуулан орон нутагт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан. Улмаар “Орон нутагт байцаагч ажиллуулна” гэсэн хуулийн заалтыг ханган Орхон аймагт миний бие байцаагчаар томилогдсон. Ажлаа хүлээн аваад 2 сар орчим хугацааг үдэж байна.

Цаашид 3 зүйлд анхаарах шаардлагатай гэж үзсэн. Нэгдүгээрт, “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль” хэлэлцүүлгийн шатандаа яваа. Үүнд, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн үүрэг, иргэний гаргаж байгаа гомдол шаардлага хангадаг байх зэрэг заалтыг хуулинд нэмэлтээр оруулах шаардлагатай санагдсан. Нөгөө талдаа хуулийн заалт зөрчсөн иргэнийг 500 000-аас 2 сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгох тухай заасан байдаг. Аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торголоо гэхэд тухайн газартаа хүнд цохилт болохоос илүүтэй зардлаа яаж нөхөх вэ гэдэг дараагийн асуудал үүсээд байна.

Манай аймгийн хувьд хүндрэлтэй 2 асуудал бий. “Хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэсэн заалтын дагуу ажиглагдсан дутагдалтай зүйл нь махны болон модны ченжүүдэд авсан арга хэмжээ байна. Цар тахалтай холбоотой 2-20 сая төгрөгөөр ченжүүдийг торгоод байгаагаас биш энгийн үед арга хэмжээ авах хуулийн хүчин чадал дутмаг байгаа санагдсан. Үнэндээ төр засгаас ченжүүдийг дийлэхгүй байна. Махны холбоо Засгийн газарт үнийн санал өгч, түүнд үндэслэн махны үнэ зах зээлийн хуулиараа явж байгаа гэдэг ч өнөөдөр махны үнийг худалдан борлуулагч нь тогтоож байна шүү дээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага нь үнийг тогтоох эрхгүй, зөвхөн хяналт тавих үүрэгтэй.

Ингэхээр хяналт тавих систем нь анхнаасаа эх сурвалж нь тодорхой бус болчихож байна. Тухайлбал, нэг малчин шүдлэн үхрийг 800 мянган төгрөгөөр зарлаа гэж бодоход худалдан авсан хэрэглэгч 800 мянган төгрөгөөр авсан гэдгээ нотлох боломжгүй, баримтгүй, эцэстээ хэрэглэгчийн гар дээр мах үнэтэй ирж байна гэсэн яриа болдог. “Үнэтэй худалдан авсан” гэсэн гомдлыг нь хөөгөөд явахаар малчин буруутай болох жишээтэй. Энэ бүхэн дээр төрийн зохицуулалт их дутмаг байна гэж ойлгогдсон. Гарал үүслийн бичиг гэхэд тухайн малын юмуу модны эх сурвалж нь тодорхой байдаг ч үнэ нь байхгүй. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар судлах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.

-Иргэдээс хамгийн их ирж байгаа хүсэлт юу байна вэ?

-Мах, түлээ, бараа бүтээгдэхүүний үнийн асуудал л байна. Бид 10 дугаар сард модны зах дээр ажилласан. Түлээний үнэ өндөр байгаа талаар цар тахал дотоодод гарахаас өмнө санал тавьсан. Модны нийлүүлэлт, үнэ ченжүүдийн гарт байгааг хараад бид яаж ажиллах стратегиа бодож олсон. Гэтэл цар тахал гараад бүр хүндэрчихлээ. Одоогоор Орхон аймгийн түлээний модны үнийг тогтоож, атгаж байгаа 4 хүнийг хянаж байна. Гэтэл тэд “Бид нэг ч мод зарахгүй, больчихъё” гэсэн хариу өгч байх жишээтэй. Миний хувьд торгууль ноогдууллаа гэхэд торгох хууль зүйн үндэслэл нь нотлогдох хэмжээнд байхгүй байна. Бид Орхон аймгийн Цагдаагийн газарт хууль бус худалдааны асуудал дээр хамтран ажилах тухай хүсэлт тавьж үзсэн. Гэтэл Цагдаагийн газар 50 сая төгрөгөөс дээш татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр шалгах боломжтой гэсэн хариу өгсөн.

Энгийнээр тайлбарлах гээд үзье. Нэг ченж өдөрт 2 хово машин түлээг 7 сая төгрөгөөр худалдан борлуулж байна. 7 хоногт 3 удаа борлуулалт хийдэг гэж тооцвол сардаа 80 сая төгрөг ямар ч татваргүй эргэлтэд орж байгаа юм. Үүнд аймгийн Татварын газар яагаад хяналт тавьдаггүй, эдийн засгийн цагдаа шалгахгүй байна вэ. Мод бол төрийн өмч. Төрийн өмчийг тусгай зөвшөөрлөөр авчихаад дамлаж байгаа асуудал нь гэмт хэрэг. Цагдаа, манайх аль аль нь үүнд арга хэмжээ авах боломжтой гэж харж байна. Мах, түлээ модны гарал үүслийн гэрчилгээнд үнийн мэдээлэл байх зайлшгүй шаардлагатай. Мэдээж мод бол байна, зарах болон авах хүмүүс нь ч тодорхой. Зах зээлийн хуулиараа явах ёстой. Гол нь Баян-Өндөр сум гэрээн дээрээ үйл ажиллагааны зохион байгуулалтыг нарийн тусгаж өгөх, хэвийн байдалд байлгах, хяналт тавих нь чухал. Хөл хорионоос үүдэн махны хомсдол үүсэхэд ченжүүд чингэлгээ цоожлоод 3 хоног явцгаасан.

Махны үнэ нэмэгдэхийг хүлээж байгаа нь тэр. Эрдмийт компани хүртэл 500 төгрөгөөр махны үнээ нэмчихлээ. Ямар үндэслэлээр нэмж байгааг нь асуухад хэлэхгүй, махаа зарахгүй байна. Үнээ нэмж зарвал бид хяналт шалгалт оруулна. Аймгийн Онцгой комисст очиж байгаа мэдээллээр 90 гаруй хоногийн махны нөөцтэй гэж зарлаад байгаа боловч махаа зарахгүй байгаа Эрдмийт компанийн нөөцийг хэлээд байна. Бодит байдал бас л өөр байгаа шүү дээ. Энэ бүхнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байх.

-Орхон аймгийг хөрш зэргэлдээх Дархан-Уул аймагтай түлхүү харьцуулдаг.  Эрдэнэтийн тухайд бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, цалин буувал үнэ нь өсдөг, өртөг өндөртэй хот гэж үздэг . Шударга өрсөлдөөний зарчмаар явбал үүнд ямар зохицуулалт хийх боломжтой вэ? Мөн үнийг өөрсдөө тогтоодог түрээслэгч нарын тухайд хүссэн үедээ үнийг өөрчилдөг. Хуулийн ямар ч зохицуулалт байдаггүй энэ асуудлыг яах бэ?

-Энэ асуудлаар өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр ШӨХТГ-т бид хүсэлт тавьж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийнхаа хэмжээнд шалгалт явуулж, тандалт судалгаа хийж үзсэн. Улмаар “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг” гэсэн асуудлыг Статистикийн хэлтэстэй хамтран, удаан хугацааны судалгаагаар үр дүнг гаргаж ирэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг удаагийн тандалт, судалгаагаар үүнийг гаргаж ирэх боломжгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнийн савлалт хаа сайгүй явагдаж байгаа үед шууд тооцоолох, дүгнэлт хийх боломжгүй гэдгийг харсан. Ер нь бол ажлын хэсгийнхэн “Нэмэгдэж байгаа” гэдэг дүгнэлтийг хийсэн.

      Түрээслэгчийн тухайд үүсдэг асуудлуудыг Худалдаа аж үйлдвэрийн танхим шууд хариуцан ажиллана. Тус байгууллага нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг. Түрээслэгчдийн гомдлыг хэрхэн шийдэх талаар бид МҮХАҮТ-ын Орхон аймаг дахь салбарын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан. Гэрээндээ үнийн талаар тодорхой заасан байдаг ч өөр асуудлууд багтдаггүй юм байна.

Тухайлбал, ковид-19-той холбоотой юмуу галын гамшиг ослын үед эрсдлээ хэрхэн тооцож, яах тухай тодорхой заалт алга. Зөвхөн мөнгө харсан энэ гэрээ нь учир дутагдалтай байгаа юм. Энэ асуудлаар МҮХАҮТ-д санал тавьсан. Тэд Улсын Онцгой комисстой ярилцсан. Нөхцөл байдалтай холбоотой асуудлаар дагалдах журмууд гарч түрээслэгч нарт очно, тухайн журмын хүрээнд түрээсээ бууруулах, хямдруулах арга хэмжээ авна байх. Гэхдээ энэ нь бүх түрээслэгч нарт хамаатай асуудал биш юм. Зарим түрээслэгч хүргэлтээр явж байна. Лангуун дээр суудаг жижиг түрээслэгч нарын тухайд асуудлыг шийдвэрлэнэ. Ямартаа ч ойрын үед Орхон аймаг байдаг томоохон худалдаачидтай цахим хурал хийе гэсэн шийдэлд хүрсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ymnii vne arai heterlee дэлгүүрүүдээр ороод хардаг болоосой

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%