“АЧИТ ИХТ” Компанийн улсын төсөвт оруулсан татвар, хураамж ба баялгийн үр шим ...

Одоогоос таван жилийн өмнө нар салхинд хийсч, ногоон ус шүүрч орчин тойрноо бохирдуулж байсан хүдрийн овоолго дээр өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр мэргэжилтэй монгол залуус нь мэдлэг ур чадвараа гайхуулан ажиллаж, хүнд үйлдвэрийн салбарыг түүчээлж яваа хамт олон бол “Ачит Ихт” компанийнхан. “Ачит Ихт” компани Монгол Улсын хууль журмын дагуу хэрхэн яаж үйлдвэрээ босгосон, Эрдэнэт үйлдвэртэй хэр хугацаанд хэлэлцээр хийж гэрээ байгуулан ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь толилуулсан.

“Ачит Ихт” компани өнөөдөр Монгол Улсад хувь нэмрээ оруулаад зогсохгүй 99.999 цэвэршилттэй катодын зэс боловсруулж Лондонгийн металын биржид Монгол Улсаас анх удаа элсэн орж, зэсийн олон улсын зах зээлийг тодорхойлоход гар бие оролцож явна. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг компанийн хувьд өөрийн улс орондоо хууль журмыг чанд мөрдөх, нэн ялангуяа татвар хураамжтай холбоотой хууль журмыг ягштал биелүүлэх ёстой бизнесийн зарчим байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд сонирхсон компаниа судлахдаа өөрийн улсдаа татвараа хэр хэмжээтэй, хэрхэн төлдөг вэ гэдгийг л харчихдаг. Үүнээс л тухайн компанийн чансаа харагдана. Тийм ч учраас олон улсад өрсөлдөж байгаа компани дотооддоо татвар, хураамжийн зөрчил гаргах нь өөрийгөө хорлохтой адил гэдгийг захын бизнесмэн, эдийн засагчид хэлнэ дээ. Гэтэл сүүлийн үед “Ачит Ихт” компанийг татварын зөрчил гаргасан, Үндэсний аудитын газраас акт тавьсан, дээр нь Эрдэнэт үйлдвэртэй хууль бусаар гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Үндэсний аудитын газар Эрдэнэт үйлдвэрт 2017 онд давтан аудит хийжээ. Эрдэнэт хэмээх үйлдвэр өөрөө Монгол Улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг хамгийн том байгууллага. Хамтран ажилладаг байгууллагууд ч олон арав гэсэн үг. Тэр дундаас Үндэсний аудитын газар “Ачит Ихт” компанийг онцлон Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээнээс эхлээд үйл ажиллагаа, татвар, Эрдэнэт үйлдвэрт гэрээний дагуу төлдөг төлбөр зэрэг бараг бүхий л зүйлсийг хууль зөрчсөн гэж үзээд акт тавьжээ.

Монгол Улсын төсвийн орлогын талаас илүү хувийг татварын орлого бүрдүүлдэг. Тэр дундаа аж ахуйн нэгжийн татвар төсвийн орлогын гол эх үүсвэр болдог билээ. Энэ үүднээс харвал “Ачит Ихт” компани 2014 онд үйлдвэрээ байгуулан ашиглалтад оруулснаас хойш 199 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсынхаа төсөвт төвлөрүүлж чаджээ. Эрдэнэт үйлдвэрт гэхэд 13 тэрбум төгрөгийг балансын бус хүдрийг нь ашигласныхаа төлбөрт төлсөн байна. Таван жилийн түүхтэй залуу компанийн хувьд энэ бол өндөр амжилт. Төр засаг ч энэ амжилтыг үнэлж, “Ачит Ихт” компанийг 2019 онд ААНОАТ төлөлтөөрөө Монгол Улсын шилдэг 10 компанийн нэгээр шалгаруулсан байдаг. Татварын байгууллага нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын манаач болохын хувьд татварыг улс орны төсөвт төвлөрүүлж, татварын зөрчлийг илрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл татварын зөрчилтэй байгууллагыг Монгол Улс даяар “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгаруулна гэж үү.

Гэтэл Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар ганц “Ачит Ихт” компанийг хууль зөрчигч мэтээр тодруулан цоллож байгаа нь хачирхалтай. Уг нь энэхүү давтан аудит нь 2014 онд Эрдэнэт үйлдвэрт хийсэн аудитын гүйцэтгэлийг хянах чиг үүрэг, зорилготой байсан. Гэвч тус үйлдвэртэй Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож, урт хугацааны гэрээ байгуулан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж байгаа “Ачит Ихт” компанид л фокуслагдсан гэмээр харагдаж байгаа юм. За яахав, төрийн байгууллагын чиг үүргийг заахын хэрэг юун.

Тэгвэл Үндэсний аудитын газрын уг давтан аудитын чиг үүрэг, зорилго хуульд нийцсэн эсэхийг Улсын Дээд шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-нд хянан хэлэлцсэн шийдвэрийг уншигч танд хүргэх гэж байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх дээрх асуудлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

“...Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцааны хүрээнд аудитын байгууллага нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын харилцаа нь шалгагч, шалгуулагчийн хооронд үүсэхээс бус шалгуулагч бус этгээдэд хамааралгүй болно. ... Нэхэмжлэгч “Ачит Ихт” ХХК нь гуравдагч этгээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмнө түүнтэй байгуулсан иргэний гэрээний үндсэн дээр л хүдрийн овоолго ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болохоос бус маргаан бүхий актаар шууд үүрэг хүлээхгүй. ...Аудитын акт хууль ёсны эсэх, хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь иргэний журмаар эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой.”  гэсэн байна.

 

Товчхондоо Үндэсний аудитын газар нь Эрдэнэт үйлдвэр, “Ачит Ихт” компани хоёрын хооронд байгуулсан гэрээнд акт тавих, гэрээний үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд оролцох эрхтэй субьект биш гэдгийг, тус газрыг эрх, үүргээ хэтрүүлснийг дээд шатны шүүхийн байгууллага албан ёсоор тогтоолоо. Ингэснээр Үндэсний аудитын газар нь нэг ёсондоо “Ачит Ихт” компанийн нэр төрд халдсан үйлдэл болж харагдаж байна.

Улсдаа 200 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, Монгол Улсын шилдэг татвар төлөгч компани жижиг сажиг зүйл дээр татвараас зугтааж, төлбөр төлөхөөс зайлсхийхийн хэрэг юун. Үндэсний аудитын газрын эрх үүргээ хэтрүүлэн ажилласан шалгалт, актын талаар ийнхүү тайлбарлахын ялдамд “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан гидрометаллургийн аргаар цэвэр катодын зэс боловсруулан олон улсын зах зээл дээр гаргаж Монгол Улсад, монгол хүнд ямар үр шим хүртээж байгаа тухай товчхон эшлэх нь зүйтэй биз ээ.

Уул уурхайн компаниудын хувьд татвар хураамжаас гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалттай. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн олон зуун компани ажиллаж байгаагаас энэ төлбөрт тэрбумаар нь төлдөг компани тун цөөн. Эрдэнэт үйлдвэрийн балансаас хассан байсан овоолгыг дахин балансад бүртгүүлж, хүдрийн овоолгыг хууль журмын дагуу эргэлтэд оруулж байгаа “Ачит Ихт” ХХК АМНАТ-д гэхэд 15 тэрбум төгрөгийг тушаажээ.

Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хайгуул, олборлолт явуулсан зарим аж ахуйн нэгж байгаль орчноо нөхөн сэргээдэггүй гашуун жишээ Монголоор нэг бий. Харин “Ачит Ихт”-ийнхний хувьд байгаль орчны нөхөн сэргээлт бол чухал асуудалд тооцогддог байна. Хүдрийн овоолгыг боловсруулж эхэлсэн үеэс өнөөг хүртэл зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлтэд гурван тэрбум төгрөг зарцуулсан дүн мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны статистик мэдээллээс харж болох аж.

Тус компанийн өнгөрсөн оны татвар хураамжийн тайлан мэдээг харахад дотоодын худалдан авалтын дүн бас л даацтай харагдана. Өнгөрсөн хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Монгол Улсад хийжээ. Улсын төсөвт шууд ороогүй ч дам нөлөөллөөр Монгол Улсын хувийн аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн том дэмжлэг яахын аргагүй мөн. Тэр дундаа Орхон аймагт 1.5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдааг хийж, эрдэнэтчүүдийг дэмжжээ.

“Ачит Ихт”-д бараа бүтээгдэхүүнээ ханган нийлүүлдэг 806 иргэн, аж ахуйн нэгж байна. Компани 220 гаруй ажилтантай. Нэг ажилтны дундаж цалин бага биш. Татвар хураамж, дотоодын худалдан авалт, ажлын байр, ажилтны цалин хангамж гээд Монгол Улсын төсөв, цаашлаад монгол хүн бүрт хүрч байгаа өгөөж энэ биш гэж үү. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компани бол эсрэгээрээ. Бүхий л орлого, ашиг нь гадаад руу урсдагийг монголчууд бид мэднэ. Судалгааны “Англоамерикан” компанийн хөдөлмөр эрхлэлтийн дам нөлөөллийн судалгаагаар “Ачит Ихт” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн шууд нөлөөлөл 40000, шууд бус нөлөөллөөр 80000 гаруй хүний ахуй амьдралд хувь нэмэр оруулж байна гэж үзжээ. Үнэхээр тэмдэглүүштэй, бахархууштай явдал гэвэл энэ.

 “Ачит Ихт” компанийн түүхий эд болсон хүдрийн овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн өмч гэж явдаг. Тэр үүднээс Эрдэнэт үйлдвэртэй хуулийн хүрээнд зөвшилцөлд хүрч, роялти хуваах гэрээ байгуулснаар Эрдэнэт үйлдвэр өнөөдөр ашиглалтгүй, технологид нь таарахгүй балансаас хассан хоёрдугаар овоолгоосоо 13 тэрбум төгрөгийн ашиг олоод байна. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолгыг зөвхөн ашигласныхаа төлбөрт ийм хэмжээний төлбөрийг төлөөд байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийнхэн нэг сумаар хоёр туулай бууддаг гэсэн үг. Энгийнээр хэлбэл зүгээр сууж байгаад 13 тэрбумыг авч байна, мөн цас борооны улмаас хортой ус байн байн шүүрч сандаргадаг байсныг тэд мартсан.

Маргашгүй нэг зүйл өнөөдөр тодорхой байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолгыг эргэлтэд оруулаагүй бол ийм хэмжээний татвар хураамж, орлого, ажлын байр бий болох битгий хэл Эрдэнэтийн хүн, малыг хордуулсан ногоон ус урссаар л байх байв. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч, тогтвортой байгаа энэ үед үндэсний хөрөнгө оруулалттай компаниа төр дэмжээд, хамтраад ажиллавал Ковид19 цар тахлын улмаас үүсч буй эдийн зэсгийн хямралыг даван туулахад том хувь нэмэр болно доо.

Энэ ташрамд, нэг зүйл онцолж хэлэхэд энэхүү балансын бус хоёрдугаар овоолгыг ашиглах үйлдвэр барих оролдлого хэдэнтээ өрнөж байсан гэдэг. Бүр долоо, найман удаагийн оролдого хийгээд бүтэлгүйтсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Эцэст нь Эрдэнэт үйлдвэр эрсдэлд орохоос хаширласан гэдэг. Энэ нь ч “Ачит Ихт” ХХК Эрдэнэт үйлдвэр хоёрын зөвшилцлөөс тод харагддаг билээ. Бүхэл бүтэн хоёр улсын хамтарсан том үйлдвэр барих гээд зүрхшээсэн төслийг эрсдэлтэй хэдий ч гадаад, дотоодоос 60 сая ам.доллар зээлж хөрөнгө оруулалт босгож чаджээ. БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг тухайн үед удирдаж, Эрдэнэтийн овооны орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын дүн, нөөцийн тооцоо тайланд гарын үсэг зурж байсан Ерөнхий сайд асан Д.Содном “Бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасч байсан. Тэр үед исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглах технологи байгаагүй”  гээд харин одоо барууны өндөр технологийг нэвтрүүлж, балансын бус овоолгыг ашиглах болсныг сайшаадаг.

Монгол Улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа “Ачит Ихт” компанийн татвар хураамжийн тайлангаас цөөн хэдэн тоо дурдахад ийм байна. Дээр энэ компанийн нийгмийн хариуцлагын төслүүдийг бичвэл зай талбай хэтэрнэ. Тиймээс үүнийг түр хойшлуулъя.

С.НОМИН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.