С.Даваадорж: Орхон аймаг төсвөө 10 гаруй тэрбум төгрөгөөр баталсан тул "АВТОВОКЗАЛД" нийт төсвийн 30 хувийг зарцуулна гэдэг хүндрэлтэй байсан

   Орхон аймгийн 2021 оны төсөв батлагдаад удаагүй энэ үед иргэдэд хүлээлт үүсгээд байсан автовокзалын асуудлаар албаны хүнээс тодорхой тайлбар авлаа. Ирэх онд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болоод автовокзалын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болж байгаа талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн үүрэг гүйцэтгэгч С.Даваадоржоос тодрууллаа.

-Орхон  аймаг өмнөх онтой харьцуулахад 2021 оны хөрөнгө оруулалтын төслүүд дээр хир бүсээ чангалсан бэ? Хөрөнгө оруулалтын танагдсан төсвүүд дотор  автовокзал багтсан уу? ЗТХЯ-аас санхүүжилт хийгдэх үү?

-Автовокзал бол манай аймгийн хувьд нэн тэргүүний шийдвэрлэх асуудлын нэг яах аргагүй мөн. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Автотээврийн төвөөс Орхон аймгийн автовокзалгүй аймгуудын нэгээр тодорхойлсон. Яамнаас нэг зураг баталж, түүнийгээ  аймгуудад барьж байсан бол өнгөрсөн онд манай аймаг дээр зураг төсөв хийгдсэн. Автотээврийн үндэсний төв бол улсын үйлдвэрийн газар. Тиймээс зорчигч тээврийн урсгал зай, тасалбарын орлого бүрдүүлэлтийг хангаж, нийт олсон орлогоосоо зарлага гаргаж Орхон аймагт автовокзал барихаар шийдвэрлэсэн гэж ойлгож байсан. “Орхон аймагт автовокзал барихаар боллоо” гэж ойлгоод төлөвлөгөөндөө тусгасан, яамнаас эцсийн шийдвэр хүлээсэн. Гэтэл Говь-Алтай аймаг руу төсвийг шилжүүлсэн явдал боллоо.

Дээр хэлсэнчилэн, нэг ижил загварын зургаар автовокзал барихад 3.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Орхон аймаг орон нутгийн төсвөө 10 гаруй тэрбум төгрөгөөр баталсан. Ингээд бодохоор ганцхан зүйлд нийт төсвийнхөө 30 хувийг зарцуулна гэдэг хүндрэлтэй асуудал болоод байгаа юм. Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө болон Орхон аймгийн 5 жилийн үндсэн чиглэлүүдийн бодлогын баримт бичигт автовокзалтай болно гэж тусгагдсан. Манай талаас автовокзал барих байршил, газраа сонгож, зургаа гаргасан. Шаардлагатай 3.3 тэрбум төгрөгийг хаанаас босгох боломж байна, тэр бүхнийг ирэх 3 жилд хөөцөлдөнө.

-Байршил нь хаана байхыг иргэд их сонирхож байна?

-Аймгийн Дулааны цахилгаан станцын наана Автотээврийн төв бий. Өмнөх талбайг нь хашаажуулсан тэр хэсгийг сонгосон. Автотээврийн асуудал 2012 оноос хойш мөрийн хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх гэж үзсэн. Бүр хувийн хэвшилтэй хамтран хэрэгүүлье гээд 7-р хороололд газар олгосон байдаг. Тухайн газрын хугацаа дууссан тул байршлыг шинэчлэн тогтоосон.

-Одоогийн автовокзал байрлаж байгаа талбайг хот төлөвлөлтөөр юунд ашиглахаар заасан байдаг вэ?

-Хотын ерөнхий төлөвлөгөөнд уг автовокзал нь Барилгачдын талбай нэртэй, барилгачдын түүхийг харуулсан галарей, усан оргилууртай гэсэн зохион байгуулалттай байдаг.

-Орхон  аймгаас Булган аймаг болон тус аймгийн бусад аймаг руу нийтийн тээврээр үйлчилдэг үндсэн зогсоол нь Дөмөг худалдааны төв болоод байгаа.

Мөн том оврын ачааны автомашины зогсоол гэж манайд бий. Энд тэнд байршилтай, стандарт бус зогсоолуудыг автовокзалтай болсноор нэг дор төвлөрүүлж чадах уу?

-Автовокзал нь нийтийн буюу зорчигч тээврийн үйлчилгээнд зориулагдсан байдаг. Зорчигчид амрах, хооллох гэх мэт тав тухыг стандартаараа хангах ёстой. Энэ утгаараа Булган, Хөвсгөл, Архангай аймаг руу зорчигч тээвэр хийж байгаа хот хоорондын бүх автомашин нэгдэж орно.

-Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд маань энэ асуудлыг идэвхитэй хөөцөлдөж болоогүй юу?

-Улсын төсөв өмнөх ондоо батлагддаг. Автотээврийн үндэсний төв нь орлогоосоо шууд хамааралтай газар. Бизнес төлөвлөгөөгөө үндэслэдэг тул тэд жилдээ нэг автовокзал барина гэж төсөвлөсөн байсан. Удирдлагын түвшинд уулзалт хийгээд Орхон аймагт барина гэж байсан ч шийдвэр нь өөрчлөгдлөө. Санал тавих, хөөцөлдөх асуудлаа бид шийдэж байгаа ч улсын төсөв, Сангийн яам гээд УИХ-ын гишүүдийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй болдог үе бий. Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд Д.Батлут гишүүн нөхцөл байдлыг илүүтэй мэдэж байгаа.Шинэ гишүүд маань мэдээлэл авсан. Ирэх онд бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна.

-Хувийн хэвшлийн зарим нэг орон сууцны хороолол дунд төр өөрийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барина гэсэн гэрээний заалт байдаг. Цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг 2021 оны төсөвт хэрхэн тусгасан бэ? “Их хаадын цуваа” хэзээ цэцэрлэгтэй болж, хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт бодит ажил болох вэ?

-Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан “Их хаадын цуваа”-гийн анхны гэрээнд 280 хүүхдийн цэцэрлэг барина гэж заасан байдаг. Гэхдээ тус компанийн үндсэн гэрээнд өөрчлөлт орсон. Цэцэрлэгийн зураг төсөв нь бэлэн, хотын газар зохион байгуулалтад тусгагдсан. “Их хаадын цуваа”-гаас өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийг барих боломжтой юу гэдэг асуудал тухайн үед яригдахад тэд зөвхөн барилгажилтаа хийнэ гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ингээд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2018, 2019 оны улсын төсөвт оруулахаар бид  БСШУСЯ-нд хандаж байсан. Евро-Эко хорооллын одоогийн мөрдөгдөж байгаа гэрээнд цэцэрлэг барина гэсэн заалт байхгүй. Гэрээг дүгнэх заалтын дагуу комисс ажиллаж байна. гэрээг дүгнээд, нэмэлт заалт оруулах асуудлыг ярилцаж байгаа.

-Таны хэлснээр цэцэрлэгийн барилгыг 2018, 2019 онд улсын төсөвт оруулахаар хандсан гэлээ. Ирэх оны улсын төсөвт мөн ороогүй гэж ойлгож болох уу?

-2019 онд 20 төсөл, 2020 онд 65 төсөл арга хэмжээ Орхон аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж оруулсан. Эдгээр төсөлд их засвар, барилга, зам гээд улсын төсвөөр хийгдэх ажлууд багтсан. Улсын төсвийн нөөцөд тааруулан, яам тус бүр хийгдэх ажлынхаа жагсаалтыг гарган, тодорхой шалгуураар эрэмбэлдэг. Тэгэхээр уг жагсаалтаар хасагдаад байгаа юм. Бидний санал оруулсан бүхэн батлагдана гэж байхгүй тул одоогоор төсөвт тусгагдаагүй л байна. 2019 онд 150 хүүхдийн 4 цэцэрлэг баригдаж эхэлсэн. Бүгд ашиглалтад орвол цэцэрлэгийн хүрэлцээ сайжирч, хүүхдийн тоо боломжийн болно гэж харж байна. Гэхдээ бодлогын чанараар нь авч үзээд 280 хүүхдийн цэцэрлэг барих ажлаа хэрэгжүүлнэ.

-Түрээсийн орон сууцны тоолуур яваад эхэлчихсэн. Орхон аймаг 5 жилийн хугацаанд Хөгжлийн банкинд өрийг төлөх ёстой. Түрээсийн орон сууцанд орон нутгийн төсвөөс хэчнээн төгрөг зарцуулахаар тавьсан бэ?

-Түрээсийн орон сууцны төлбөрийг төсөвт тавьж өгөөгүй. 2021 оны төсөвт аль болох хүндрэл учруулахгүй байх үүднээс тодорхой хэсэг болох 90 гаруй байрыг нь худалдаж, түүнээс олсон орлогоосоо төлөлтийг хийнэ гэж шийдвэрлэсэн.

2022 онд санд хуримтлагдсан мөнгөөрөө төлөлт хийнэ.

-Цэцэрлэгт хүрээлэнд хэдэн төгрөг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд 700 сая төгрөг батлагдсан. Өнгөрсөн намрын тухайд тоглоом суурилуулах суурийн ажлууд хийгдэж эхэлсэн байгаа. Энэ онд хашаанд хөрөнгө оруулалт төсөвлөсөн. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Ёстой хэлэх ч үг алга

Эрка

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Yostoi heleh ch ug alga

Эрка

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.