УИХ-ын чуулганы хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

Уг хуулийн төслийг эцэслэн батлуулахаар төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

11:05 2020/12/17

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ хуулиар орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгч байгаад талархаж байна. Газрын төлбөр, ААН-ийн орлогын албан татварын тодорхой хувь орон нутагтаа үлддэг болж байгаа нь давуу тал юм. 

Харин орон нутагт улс төржилтийг багасгая гэж байгаа бол баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу сум, дүүргийн Засаг дарга нь томилдог байвал зүгээр юм. Ингэвэл орон нутагт улс  төржилтийг багасгах маш том алхам болно. Үүнийг хийж чадсангүй. 

Мөн хорооны Засаг даргын ажлын албанд тодорхой хэмжээний төсөв тавьж өгөх шаардлагатай байна. 20-30 мянган хүн амтай хорооны айл өрхүүд уулаар нэг тарчихсан байдаг. Засаг дарга нар айлуудаараа явъя гэхээр машин байдаггүй. Дээр нь бичиг цаасны зардал их. Тиймээс хорооны Засаг даргын ажлын албыг төсөвтэй болох эрхийг энэ хуулиар олгоод өгчихсөн бол том дэвшил гарах байсан юм. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар: Хорооны асуудал дээр дэвшил гаргасан гэж хэлж болно. 16.4-т баг, хорооны үйл ажиллагааны зардлыг сум, дүүргийн төсөвт тусгайлан тусгана гэж заасан байгаа.  Дээр нь хороог хэсгийн зохион байгуулалттай байхыг баталгаажуулж өгсөн. 

Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилох асуудлыг Үндсэн хуулиар хязгаарласан. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёсыг халсан хэрэг болно гэж үзсэн. Тиймээс бид Үндсэн хуульдаа нийцүүлж, сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргын нэр дэвшүүлэх ажиллагаанд санал өгч болно гэж оруулсан. Одоогийнхтой харьцуулахад нэг алхам урагшилсан. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Орон нутаг төсвөө өөрөө авч явдаг тогтолцоог бий болгож, улсын төсвөөс татаас авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Төсөв нь хэцүү мөртлөө ланд-200 авч унадаг Засаг дарга нар байна. Хууль дээр хариуцлагын зүйл юу ч алга. Аймаг орон нутаг өрөнд орвол ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орон нутаг татаасгүй бие даах асуудал ярьж байгаа нь зөв. Улсын төсвөөс бүгд хараат байна. Зургаан засаг захиргааны нэгж биеэ дааж, бусад нь төсвөөс хараат байгаа. Герман улсад гэхэд гурван муж нь бусдыгаа тэжээдэг. Манай орон нутгийн төсвийн бааз суурь их сул. 

Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар,  ХХОАТ-ыг аймаг нийслэл рүү биш сум дүүрэг рүү өгч байгаа. Ингэснээр энэ орлогыг хураах бизнесийн идэвхжлийг дэмжих зүйл явагдана. Энэ бол анх удаа хийгдэж байгаа төслийн томоохон реформ болж байна. Аймаг нийслэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлнэ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Л.Энх-Амгалан: Бид нар хөрсөн дээрээ бууж амьдрал ойлгох ёстой. 330 сумын 20 хүрэхгүй нь өөрсдийн орлогыг бүрдүүлдэг. 330 суманд төсвөөс татаас өгөхгүй байх асуудлыг УИХ дээр авчирна гэдэг бол эрх мэдлйиг төвлөрүүлж байгаа зүйл болно. 

Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн амин сүнс нь тухайн баг сум, дүүргүүдэд  эдийн засгийн тодорхой эрх мэдэл өгч байгаа. Улсын төсөвтэй хамт малын хөлийн татвар батлагдаж байна. Ингэхээр үндсэндээ 70 орчим тэрбумыг орон нутагт нь өгч байгаа. Төсөв батлагдахаар эдийн засгийн хөшүүргийн бий болгох асуудал бодитойгоор бий болно гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ хуулиар нийслэл, дүүрэг хөгжлийн цоо шинэ бодлоготой болно гэх зүйл харагдахгүй байна. Бид хөгжил, дэвшил авчрахын тулд л хуулийг шинэчилдэг. Гэтэл энэ хоцрогдсон, хуучны хууль болсон. 

Жишээ нь, улс төрийн намууд бид нийслэлд ялалт байгуулбал энэ хүн нийслэлийн Засаг дарга болно, түүний баг нь ийм хүмүүс байна, энэ баг нийслэлийг ингэж хөгжүүлнэ гэдэг бодлоготой байж иргэдээс санал авах ёстой. Харин одоо бол ялсан нам нь хоорондоо ярьж байгаад хот байгууллатын талаар ямар ч ойлголтгүй, дүүргийн хөгжил мэдэхгүй хүмүүсийг Засаг даргаар томилдог. 

Энэ бидний хүсэн хүлээж байсан хууль болж чадсангүй. 

Надад хуулийн 25.1.8-тай холбоотой санал байна. Энд зааснаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг дүүрэг яаж хариуцах юм бэ. Сургууль, цэцэрлэг нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллагууд. Төсвийг нь нийслэл хариуцахгүй бол дүүрэг хариуцах ямар ч боломжгүй. 

Дүүргийн Засаг дарга нь мэдээгүй байж байтал нийслэлээс айлын цонх таглаад барилгын зөвшөөрөл олгочихдог. Нийслэлийн удирдлагууд хэзээ ч дүүргийн иргэдийн өмнө очиж уулздаггүй. Гэтэл хуулийн 25.1.1-д “Дүүрэг нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаа хариуцна гэж байна. Энэ бол үлгэр. Тиймээс удирдлага хуваагдмал заалтуудаа тодорхой болгох хэрэгтэй. 

10:19 2020/12/17

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Суманд улс төржихгүй байдлыг бий болгох заалт байхгүй байна. Үүн дээр тодорхой хариулт өгөөч. Хамгийн чухал зүйл бол сумдыг нэгтгэх асуудал байна. Хүчээр нэгтгэх биш коридор, кластр, хот байгуулалтаар нэгтгэж болно. Бүгд Улаанбаатар хотдоо шавсан. 330 сумын 50 хувь нь 2,000 хүрэхгүй хүн амтай. Ямар ч эдийн засгийн боломж байхгүй. Ганцхан төсөв л хардаг.

Хуульчид энэ хуулийн дээр Үндсэн хууль л байна гэж ярьсан. Тэгвэл яагаад ард түмнээсээ хуулийн төсөл дээр санал асуулга авахгүй байгаа юм бэ? Говь-Алтай аймагт уулын орой дээр хүмүүс 00 барьж байна. Хүний эрхийн асуудал яах юм бэ? Ард түмнээсээ асууж байж хамтдаа шийдье" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Таны яриад байгааг УИХ дахь олонхийн бүлэг хийж байгаа. Улс төрийн намын шинэчлэл хийх том ажил байгаа. Эхний алхам болгож суманд намын бүлэг байгуулахгүй. Нэгжийг томруулах нэгтгэх процедур анх удаа хуульд суусан.

Нэгжийг нэгтгэх ажлыг Засгийн газар шийднэ. Түүнчлэн нэгжийг өөрчлөх зарчимд өмнө нь иргэдэд үйлчилж байсныг дордуулахгүй гэж заасан. Засгийн газар тусгай тооцоог хийгээд УИХ шийднэ" гэв. 

09:45 2020/12/17

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ