Д.Мөнхбат: “Найрамдал” талбайг өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болгож өөрчлөх юмсан гэж мөрөөддөг

Гэрлэн чимэглэл, ногоон гацуур, будрах цасан, мөнгө саа гээд шинэ жилийг тодотгох зүйл олон. Таны сэтгэлд юу тодорч байгаа нь бас л сонин. Хөл хорионы дэглэмтэй шинэ жилийн эдгээр өдрүүдэд олны танил эрхмүүдийг сайтынхаа “Хайраар гоёсон шинэ жил” цувралын хойморт зочноор урьлаа. Энэ удаад Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбаттай шинэ жилийн тухай хөнгөн яриа өрнүүлснээ хүргэж байна.

-Шинэ жилийн баяраар бүхий л зүйл гэрэл гэгээтэй юм шиг шинэлэг мэдрэмж төрүүлдэг. Таны амьдралдаа авч байсан шинэ жилийн нандин бэлэг юу вэ?

-Хүүхэд байхдаа өвлийн өвгөний бэлгийг хүсэн хүлээдэг байлаа. Нийгэм солигдохоос өмнө буюу 1980-аад оны бэлэг л дээ. Маш гоё бэлэг байдаг байсан.

Чихэр жимсийг багаар амталж өссөн тэр үеийн бэлэг л хамгийн нандин дурсамж болон үлджээ. Яагаад ч юм, өвлийн өвгөний бэлэг их тансаг үнэртдэг байж билээ.

-Хэддүгээр анги хүртлээ бэлэг авсан бэ?

-Жил бүр авсан. Гайгүй сурдаг байсан бололтой. /инээв/

-Шинэ жилийн баяраар хүүхдүүд ямар нэг амьтан болж, үсэглэлийн баяраар үсэг болдог байсан шүү дээ. Таны хувьд?

-Цагаан толгойн баяраар К үсэг болж, “Октябрь” шүлэг уншиж байлаа. Бас “Улаан малгайт” үлгэрийн чонын дүрд тоглож байснаа санаж байна.

-Та гэр бүлийн харилцаандаа юуг эрхэмлэдэг вэ?

-Хүний гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл. Миний хувьд гэр бүлийн харилцааг итгэл гэж ойлгодог. Энэ амьдралдаа сайн аав, сайн хань, сайн хүү, сайн дүү, сайн ах байхыг эрхэмлэж явна.

-Танай гэр бүлд шинэ жилээр уламжлал болсон зүйл юу байдаг вэ?

-Манайхан он солигдох торгон агшинд бүгд гэртээ байхыг боддог. Бас он солигдох мөчид хийж байсан үйл нь дараа ондоо үргэлжилнэ гэдэг утгаараа ном унших юмуу ямар нэг эерэг үйл хийхийг хичээж, ач холбогдол өгдөг.

Монголчууд шинийн нэгэнд гэртээ байх ёстой гэж ярьдаг шүү дээ. Хамтдаа байж, халуун дулаан яриа өрнүүлэн, амттай хоол бэлтгэж, ирж байгаа оноо угтах сайхан.

-Шинэ он гарахад та хэн нэгэн хүн рүү залгадаг уу, аль эсвэл танд дуудлага их ирдэг үү?

-Миний утас руу ихэвчлэн дуудлага ирдэг.

-Хэн нэгэнд бэлэг өгч баярлуулах юмуу талархал илэрхийлэх зэргээр хүмүүс баярын уур амьсгалыг бусадтай хуваалцах нь бий. Таны хувьд?

-Шинэ жилийн баяраар гэр бүлтэйгээ сайхан баярлах юмсан л гэж боддог. Гацуурын дор бэлэг тавьдаг уламжлал хүүхэд насанд байгаагүй болоод ч тэр үү, би тийм зүйлд муу. Харин санаанаас гардаггүй нэг зүйл бий.

Эхнэр маань нэг жил бага охиноо эмчлүүлэхээр Солонгос руу явж, би том охинтойгоо гэртээ үлдсэн үе л дээ. Охин маань өвлийн өвгөнд захиа бичсэн байсан. Тэр захиан дээрх хүслийг нь биелүүлж өгье гэж бодоод бэлгийг нь бэлдэж, өвлийн өвгөнөөр гэртээ хүргүүлсэн юм. Охин маань ч бөөн баяр болоод өнгөрсөн. Хэдэн жилийн дараа “Аав аа, би тэр хүнийг чинь таньсан. Энхсайхан ах байсан” гэж билээ. /инээв/

-2021 онд хувь хүний хөгжлийн чиглэлээр болоод бусад чиглэлээр өөртөө ямар зорилго тавьж байна вэ?

-Юун түрүүнд эрүүл мэнддээ анхаарна гэсэн бодол байна. Төр түмнийхээ төлөө ажиллаж байгаа учраас эрүүл байх нь миний үүрэг юм. Мөн аймаг орон нутгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд анхаарах, ирэх 4 жилд ямар хот төлөвлөлттэй явах, цаашлаад ямар түвшинд хүрэх, нийгэм эдийн засгийн байдал ямар байх, төсөв нь хэр байх, ямар бодит хөрөнгө оруулалтын ажил хийгдэх вэ гэдгийг асар их төлөвлөсөн, тэрхүү төлөвлөгөөний дагуу ажилласан жил байх болов уу.

Хүн насан туршдаа суралцдаг гэдэг дээ. Хувь хүнийхээ тухайд сурахыг эрхэм болгоно. Юун түрүүнд монгол бичигт шамдан суралцана гэсэн бодолтой байна. Мөн Эрдэнэтийн түүхийг нэлээд сайн судалж мэдье гэж төлөвлөсөн. Бид харьцангуй залуу хүмүүс. Тиймээс хотынхоо түүхийг үнэн бодитоор нь авч явах, цаашлаад үр хойчдоо бодит түүх үлдээх ёстой учраас түүхээ илүү сайн мэдэх хэрэгтэй гэж бодсон.

40 жилийн хугацаанд хэн ямар бүтээн байгуулалт хийв, юуг өөрчлөв, өмнө нь ямар байсан гэх зэргээр судалж эхэлнэ. Эрдэнэтийн тухай өгүүлсэн хуучны номнуудыг цуглуулж эхэлсэн. Асар ховор ном ч бий. Ирэх жил Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Залуучуудын байгууллагад ажиллаж явсан хүний хувьд өөртөө хөрөнгө оруулалт хийж, хуучны номнуудаа уншиж судална.

-Таны бодлоор Эрдэнэтийн шинэ жил юугаараа онцгой вэ?

-Би Булганы уугуул. Хүүхэд байхдаа Эрдэнэтэд ирдэг байлаа. Тэр үед тэс өөр газар ирсэн юм шиг санагддаг байж билээ. Бусад аймгаас ялгаатай нь Эрдэнэтийнхэн шинэ жилээ илүү орос маягтай тэмдэглэдэг байх. Сүлд модоо засаад, баярын уур амьсгал ч эрт ордог. Надад энэ жил хамгийн эхэнд ирсэн баярын мэндчилгээ л гэхэд, Дархан-Уул аймагт байршилтай ОХУ-ын Консулын газрын мэндчилгээ байлаа.

Миний бодлоор, Эрдэнэтийн шинж жилийг тодотгох зүйл нь сүлд мод. Гадаа талбайдаа оныг угтаж байлаа. “Найрамдал” талбайгаа өвлийн улиралд мөсөн гулгуурын талбайтай болгох юмсан гэж мөрөөддөг.

-Шинэ жилээр авсан ямар шагнал санаанд тод үлдсэн бол?

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаан дахь “Шилдэг төлөөлөгч” гэдэг шагнал авсан. Энэ шагналдаа их хайртай.

-Баярын ширээ чимэглэхэд хэр оролцдог вэ?

-Зав гарвал баярын хоол унд бэлтгэх ажилд оролцохыг хичээдэг. Эмээтэйгээ өссөн болохоор гал тогооны ажилдаа сайн шүү /инээв/. Өөрөө загасаа бариад шарчихна. Энэ бүхнийг хийх чинь аз жаргал шүү дээ.

-2020 он таныг яаж баярлуулав, ямар бэлэг өгсөн бэ?

-2020 он нэг талаараа надад асар том хариуцлага өгсөн. Улс төртэй холбогдсон хүний хувьд улс төрийн сонгуульд оролцож, 4 дэх удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.

Үүнээс улбаалан аймгийн ИТХ-ын дарга гэдэг асар эрхэм нэр хүндтэй хэрнээ өндөр хариуцлагатай албан тушаалыг 2020 он надад хувь заяагаар өгч байна. Энэ бол хүссэн хүн бүрийн хүртдэг албан тушаал биш юм. Миний хувьд өндөр албан тушаал гэж харахаас илүүтэй олон түмний итгэлийг зүтгэлээр хариулах албан ажил гэж хүлээн авсан.

-Сэтгэлд гуниг үлдээсэн зүйл нь юу байв?

-Коронавирусын цар тахал л гэж хэлнэ дээ. Зөвхөн манай аймаг гэлтгүй улс даяар анх удаа ийм байдалтай тулгарлаа. Зүйрлэвэл, дайны үеийн бэлэн байдал гэж хэлж болох байх.

Үндсэндээ 2020 он ахмад настанд хацраа өгөөд үнсүүлэх ч юмуу тохойг нь түшээд мэндлэх, Эрдэнэтчүүдийн хүсэн хүлээдэг олон үйл ажиллагааг зохин байгуулах боломжийг олгосонгүй.

-Хүн бүр гэр гэртээ шинэ жилээ угтана. Манай Эрдэнэт хотын хойморт залсан гацуур мод ч гэр гэртээ сайхан баярлах утга агуулгыг билэгдэн анивчсаар байна.

Энэ баярын өдрүүдэд Эрдэнэтчүүддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Манай Эрдэнэт хот зууны манлай бүтээн байгуулалт. Нүүдэлчин соёл иргэншлээс хотын соёл руу шилжсэн сонгодог жишээ. Тиймээс 20-р зуунд бий болсон хот маань хөгжин цэцэглээсэй. Иргэдийн оролцоо өндөр, айл өрх бүр аз жаргалтай, хүн бүрийн ажил амжилт бүтээлтэй, хүүхэд бүр инээж байгаасай. Ахмадууд маань нуруу нь тэнийж, эдийн засгийн байдал сайжирч, Монгол Улс өвчин зовлонгүй, эрүүл энх байгаасай.

Монголчууд “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ, Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж ярьдаг. Энэ үгийг өмнө нь зүгээр нэг хэлдэг байсан бол үнэ цэнийг нь одоо л ухаарч байна. Учир нь, дор бүрнээ хариуцлагатай, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэйг мэдрүүлсэн цаг үе байна.

Хүүхдүүд чин сэтгэлээсээ баяр баясгалантай байгаасай гэж хүсэж байна. Та бүхэн минь гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал үүсгэж шинэ жилээ сайхан угтаарай. Ирэх 2021 он ахмад буурлуудаа тэтгэсэн, салбар салбарын баялаг бүтээгчид маань амжилт бүтээл нь оргилсон сайн жил байгаасай.  

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

bas l unshihad huurhun yumaa

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.