Д.Үүрийнтуяа: Хүн өөрийнхөө хувь заяаг бүтээдэг гэдэгт би итгэдэг

  Эрдэнэт бол уурхайн хот. Ингэж хэлэхээр уул уурхай нэн түрүүнд нүдэнд харагдах ч, мэдлэг чадварт суурилсан хүн төвтэй, бүтээн байгуулалт ид өрнөсөн идэр залуу Эрдэнэт хот сэтгэлд тодорно. Чухамдаа эрдэнээр сүлэлдсэн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр өнө мөнхөд салшгүй холбоотой. Тиймдээ ч он солигдох торгон мөчийн зааг дээр Эрдэнэт хотын хувь заяаг өлгийдөн яваа Эрдэнэт үйлдвэрийнхээ нэгэн удирдлагыг “Хайраар гоёсон шинэ жил”-ийн тэргүүн хойморт урин заллаа. Энэ хүн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяа.

Тэрээр бүсгүй хүнийхээ торгон мэдрэмж, хурц ухаан, нямбай зангаар Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлын санхүүгийн бүхий л асуудлыг шийдвэрлэж яваа. Сэтгэл, зүтгэлээ шингээн хөдөлмөрлөсөн ажлынх нь үр шимээр Эрдэнэт үйлдвэр түүхэн 42 жилийн хугацаандаа анх удаа нэг их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, уул уурхайн компаниудад үлгэрлэлээ. Энэ сайн жишиг Эрдэнэтээс эхэлж, салбарын хэмжээнд өргөжинө гэдэгт итгэлтэй байна.


heart-Өчигдрөөс өнөөдрийг хүртэл өөрийгөө юунд дайчилсан бэ, Улиран одож буй 2020 он танд ямар онцгой зүйл бэлэглэв?

- 2020 онд надад олон сайхан зүйлийг өгсөн. Хүн бүр л амьдралынхаа туршид цаг үргэлж хөгжиж, өсөж дэвжихийг зорьдог болов уу. Өчигдрөөс өнөөдрийг хүртэл гэхээр хүүхэд ахуйгаас өдийг хүртэл эцэг эхээс өгсөн гэр бүлийн суурь хүмүүжил болоод өөрийн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө хүрээнд хүн шиг хүн байхын төлөө хичээж ирсэн. Мөн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, сурч мэдэхийн төлөө хичээн зүтгэсээр өнөөдрийн өөрийгөө бүтээсэн байх гэж бодож байна.

  2020 оны хувьд эерэг, сөрөг талтай, цаг хугацааны хувьд маш завгүй он цагийг үдэж байна. Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад коронавирусын цар тахал нүүрлэсэн амаргүй цаг үе байна.  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бид  үйлдвэрийнхээ үйл ажиллагааг амжилттай сайн байлгахын төлөө шаргуу ажилласан, үр дүнд хүрсэн, түүхэн дээд амжилтуудыг бүтээсэн он байсан. Хувь хүнийхээ хувьд сурч боловсрох тал дээрээ анхаарч, олон жилийн судалгааны ажил хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнг гаргаж, бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэргээ хамгаалсан. Энэ бол 2020 оны надад өгсөн том бэлэг байлаа.

-Хүн хувь заяаныхаа эзэн гэдэг шүү дээ. 2021 онд өөртөө ямар зорилго тавьж байгаа бол?

-Монголчууд бид “Эзэн хичээвэл, заяа түшинэ” гэж ярьдаг. Бурханаас өгөгдсөн хүний зурсан зураг гэж байлгүй яахав. Гэхдээ дийлэнх нь тухайн хүний хөдөлмөрөөс хамаарч, хүн өөрийнхөө хувь заяаг бүтээдэг гэдэгт би итгэдэг.

Хичээж зөв явбал заяа түших байхаа. 2021 онд олон зорилт бий. Нийгэмд идэвхитэй байр суурьтай байхыг эрмэлздэг хүнийхээ хувьд, нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэрийн өмнө хариуцлагатай алба хашиж байгаагийн хувьд өөрийгөө хөгжүүлж, цэнэглэж байхад анхаардаг.

Энэ чиглэлээр төлөвлөсөн бодсон ажлууд бий. (инээв)

Ажил төрлийн хувьд зорьж, төлөвлөсөн олон ажлууд бий. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Үндсэн чиглэлийнхээ хүрээнд 2020 онд олон том төсөл, хөтөлбөрийг эхлүүлж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Ирэх жилүүдэд энэ ажлуудынхаа үр дүнг гаргаж, үр өгөөжийг тооцох ёстой.

Мөн 2021 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд төсвийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн жил  болж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр шимийг ард түмэндээ хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр санхүүжилтийг бүрэн хариуцаж шийдвэрлэхээр болсон. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд төр засгаас өгч байгаа өндөр итгэл, том хариуцлага гэж ойлгож байгаа.

Энэ том ажлуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахын төлөө бид шаргуу ажиллах болно.

-Улс орон эдийн засгийн хувьд хүндхэн үеийг туулж байна. Эрдэнэт үйлдвэр энэ үед маш том шийдвэр гаргасан. Өрх бүрт баярт мэдээ түгээсэн энэ шийдвэрийг гаргахад таны оролцоо багагүй байсан болов уу?

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2019, 2020 он түүхэн дээд амжилтуудыг тогтоосон онцлог жилүүд байлаа. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Эрдэнэт үйлдвэр 2020 онд улс, орон нутгийн төсөвт оруулдаг орлогоо түүхэндээ анх удаа нэг их наяд төгрөгийг давууллаа. 2019 оноос хойш Эрдэнэт үйлдвэр гадаад, дотоодын банк, санхүүгийн аль нэг байгууллагад нэг ч төгрөг, нэг ч ам.долларын өр төлбөргүй ажиллаж байна. Бүх зээл төлбөрөө барагдуулсан. Бид 2019 онд амжилттай ажиллаж, 2020 онд түүнийгээ бататгахын зэрэгцээ өр төлбөргүй, бэлэн мөнгөний эрсдэл гачигдалгүй ажиллаж байна. Үндсэндээ манай хамт олон Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бэлтгэл сууриа базаасан байсан.  

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үйлдвэр хөрөнгө, санхүүгийн гачигдалгүй байх ёстой, өр зээлгүй бэлэн байх ёстой гэдэг дээр бодлогоо тодорхойлж, санхүү эдийн засгийн бодлогоо үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулсан. Үндсэндээ үүсч болох нөхцөл байдлыг даван туулахад бид бэлэн байсан. Энэ бүхний үр дүн бол Монгол Улсын төр засаг газрын хэвлийн баялгийнхаа үр шимийг ард түмэндээ хүртээх боломжийг олгоход Эрдэнэт үйлдвэр бэлэн байсан гэж ойлгож болно. Бидний хувьд түүхэндээ байгаагүй үүрэг хариуцлагыг улс орон, ард иргэдийнхээ өмнө хүлээж байна. Үүнийг бид давж гарах ёстой, давж гарна гэдэгтээ ч итгэлтэй байна. Дүгнээд хэлэхэд энэ бүхэн нь Эрдэнэт үйлдвэрийн  хамт олон эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг эрхэмлэж, өндөр зохион байгуулалттайгаар баг болон нэгдэж ажилласны үр дүн гэж харж байна.  

-Гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Шинэ жил бол хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр гэж боддог. Ялангуяа залуучуудын хувьд хамгийн гоё баяр нь шинэ жил байх. Манай гэр бүлийн хувьд ч ялгаагүй. Манайх ам бүл 5-уулаа. Шинэ жилээр аль болох гэртээ баярлахыг боддог. Нөхөр бид хоёрын хувьд олуулаа өссөн болохоор гэнэтийн бэлэг, сюрприз багатай өссөн гэх үү дээ. Одоо бол гэр бүлээрээ баяраа тэмдэглэж, найз нөхөдтэйгээ баяраа хуваалцдаг. Энэ жил их цомхон тэмдэглэнэ байх.

Сүүлийн жилүүдэд 5-уулаа 3, 3-н хүслээ цаасан дээр бичээд сугалаа явуулдаг болсон. Хамгийн бага нь 5 нэрээс нэгийг нь сугалж, сугалагдсан азтан маань 3 хүслийнхээ нэгийг биелүүлэх боломжтой. Хүүхдүүд юу хүсч мөрөөдөж байгааг мэдэхийн зэрэгцээ гацуурт өлгөсөн оймсондоо хийгээд хадгалдаг уламжлал тогтсон. Энэ жилийн хувьд манайх сугалаагаа хийчихсэн. Манай бага өөрийнхөө нэрийг сугалсан. /инээв/

-Эрдэнэтийн шинэ жилийн онцлог таны бодлоор...

-Бусад аймаг, хотуудтай харьцуулахад Эрдэнэтийн шинэ жил их өвөрмөц санагддаг. Баярын уур амьсгал их эрт ордог. Эрдэнэтийн сүлд мод хамгийн гоё. Энэ жил бүр гоё болсон байна лээ.

Эрдэнэтэд ирснээс хойш манай гэр бүл мөсөн хотхон дээр очиж зургаа авахуулдаг уламжлалтай болсон.

-Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид баяраа хүсэн хүлээдэг. Учир нь Ерөнхий захирлын шинэ жил дээр байрны эзэн тодордог шүү дээ. Уурхайчидаас гадна  Эрдэнэтчүүд энэ ёслолын ажиллагааг сэтгэл догдлон үздэг. Энэ жилийн тухайд ...

-Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, хариуцлагатай байх ёстой. Дэлхий нийтэд тархсан энэ аюултай өвчнийг хариуцлага, хариуцлага, бас дахин хариуцлагаар давах учиртай.

Тийм учраас Эрдэнэт үйлдвэр холбогдох бүх шийдвэрийг хэрэгжүүлж, олон хүн цугласан үйл ажиллагаа зохион байгуулахгүй.  Харин оны онцлох 10 үйл явдал, шилдэг ажилтнуудаа уламжлалын дагуу тодруулах арга хэмжээгээ цахимаар хийнэ. Тэр тусмаа энэ хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрт маш том ачаа үүрч байгаа, хариуцлагатай, ажилттай сайн ажилласан оны шилдгүүдээ шагнан урамшуулна.

-Он солигдсоны дараах эхний мэндчилгээг та хамгийн түрүүнд  хэнд хүргэдэг вэ?

-Он солиогдох мөчид аав, ээжтэйгээ л ярьдаг даа.

-Та бага байхдаа багт наадмын ямар амьтан болж байв, 1 дүгээр ангидаа ямар үсэг болж байсан бэ?

-Туулай л их  болдог байсан даа /инээв/. Тэр үед шинэ жилийн баяр их гоё болдог байж. Одоогийнх шиг гое хувцас баг байгаагүй, ээж маань  цагаан даавуугаар хувцас хийж өгнө, түүнийгээ өмсөөд ихэнхдээ л туулай болдог байлаа.

10 жил онц сурсан, жил бүр онц сурлагатны мандаринтай бэлэг авдаг байлаа. Цагаан толгойн баяраар “А” үсэг болж байлаа.

-Шинэ он солигдох мөчийг  санамсаргүй байдлаар өнгөрөөсөн үе байдаг уу?

-Нөхөртэйгээ оюутны байранд хамт амьдардаг байлаа. Үерхэж эхлээд анхны шинэ жилээ хамтдаа гаргана гээд буузаа жигнэж, салатаа хийчихээд сууж байсан юм. Тэгээд хоёулаа он гарахыг хүлээгээд хэвтэж байсан чинь нам унтчихсан. Он гарсны дараа сэрсэн. Ямар ч байсан хамтдаа он гаргалаа гээд л сэрсэн дээ. /инээв/

-Та 2020 онд хэнийг хамгийн нандин баярлуулсан бэ?

-Олон жилийнхээ хөдөлмөрийг гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцъя, тэдэндээ талархал илэрхийлье гэж бодоод хамтдаа номын баяраа тэмдэглэсэн. Тэр үед олон хүнд чин сэтгэлийн үгсээ хэлж амжсан.

Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл 2020 онд олон ажил хийхээр төлөвлөсөн ч бүгдийг хийх боломж байсангүй. Гэхдээ тодорхой ажлуудыг хийсэн. Нийтлэг үйлчилгээний ажилчдын баяраар Эрдэнэт үйлдвэрийнхээ өрх толгойлсон нэг эмэгтэйд таван ханатай, бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн. Тэр эмэгтэй маш их баярласан. Эрдэнэт үйлдвэрийн нүүр царай орсон гарсан бүхэнд өөдтэй өнгөтэй харагдах ажлыг хийдэг   Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олны 80  орчим хувь нь бүсгүйчүүд байдаг. Тэдгээр бүсгүйчүүдийнхээ дундаас нэг бүсгүйг баярлуулсан нь энэ юм даа.

-Бид багаасаа л шинэ жилийг өвлийн өвгөнтэй хамтатгаж ойлгосоор ирсэн. Таны дэргэд өвгөн аав ирээд “Нэг хүслээ хэлээч” гэвэл яг одоо юуг хүсэх вэ?

-Ковидгүй л болмоор байна даа. Вакцинжуулалт амжилттай болж,  олон гэр бүл элэг бүтэн байгаасай. Энэ оны хувьд хүн бүр л үүнийг хүсэх байх даа.

-Шинэ жилийн мэндчилгээгээр энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе.heart

-Сонирхолтой ярилцлагадаа урьсанд баярлалаа. 2020 он Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон бидний хувьд төдийгүй улс орны хувьд нийгэм, эдийн засгийн хүндхэн цаг үе тохиосон,  олон сорилттой нүүр тулсан жил байлаа. Энэ амаргүй цаг үеийг Эрдэнэтчүүд маань хамтдаа эрсдэл багатай даван туулахын төлөө хүн бүр л хичээж байна. Амаргүй цаг үед төлөвлөсөн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, амжилттай сайн ажиллаж байгаа эрхэм уурхайчиддаа, нийт Эрдэнэтчүүддээ 2021 ондоо ажил амьдрал нь тэгш дүүрэн байхын ерөөл өргөж, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.  

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

ЭРДЭНЭТ үилдвэр мааны ажил албандаа ёстой час хиисэн ЭЗ с хариуцсан захиралтай болсон доо туйлын баяртай явдаг шүү Таныд болон Та нар гэр бүлд шинэ оны мэнд хүргэж .Ахмад уурхаичиддаа хоёргүй сэтгэлээр хандаж дэмжиж тусалж яваа танд талархаж явдаг шүү Ахмад уурхайчид чины танд ажлын амжилт хүсыe

Ахмад уурхаичин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

2021 онд урд урьдынхаасаа илүү аз жаргалтай амжилттай байгаараа.

Оёдлын цех

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.