"1-р сарын 13" Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна

Одоогоос 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ. 1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байв.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Монголын нийт ард түмний өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд ардчилсан Монгол Улс хэмээн нэрийдэх болов. Тиймээс шинэ Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.

Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнгө төрх, цаашдын ирээдүй тодорхойлогдож байна

Манай аймгийн хувьд тухайн үед 5 тойргоос 5 депутат гаргаж явуулж байсан юм. Үүнд Монгол улсын ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж, тухайн үедээ манай аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга байсан Д.Тогооч, мөн хурандаа Д.Ренцэннацаг, зохиолч Н.Барамсай, Д.Ганболд гэсэн хүмүүс Эрдэнэт хотоосоо сонгогдон очиж байсан гэдэг. Одоогоор Орхон аймагт амьдарч буй бүртгэлтэй 5 депутат байгаа бөгөөд тэдэнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удаж буй. Ирэх жил шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохионо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.