Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн дарга А.Ундрахтамиртай уулзаж ярилцлаа.

-Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр хүдрийнхээ нөөцийг өсгөх, баталгаажуулах чиглэлээр нэлээн ажил хийсэн. Энэ оны зорилт юу вэ?

     -Эрдэнэт үйлдвэр нь Дэлхийн жишиг, Монголын бахархал үйлдвэрийг бий болгон хөгжүүлэх алсын хараатай. Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад хүдрийн нөөц баялгийг нарийвчлан тогтоох шаардлагатай байдаг. Энэ ажил сүүлийн жилүүдэд маш эрчимтэй явж байгаа. Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэр Олон улсын ЖОРК код буюу стандарт руу хүдрийн нөөцөө хөрвүүлэн тооцож, баталгаажуулах чиглэлээр ажилласан. Өөрөөр хэлбэл манай нөөц баялаг Монголд төдийгүй олон улсын стандартаар баталгаажсан гэж ойлгож болно. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн, хууль, эрх зүйн баталгаа нөхцөл болж өгнө.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүгд үйлд-вэрийн хэтийн төлөв ирээдүй, уурхайн найдвартай тогтвортой ажиллагаанаас бүрэн хамаарч уялддаг. Хэдий хэр хугацаанд ямар үр ашигтай ажиллах нь нөөц баялгаас хамаарах учраас үүнтэй уялдуулж томоохон төслүүдийг явуулдаг. Эдгээр төсөл хөтөлбөр нь нөөц баялгаа эргээд урт хугацаанд ашиглах, өртөг бууруулах, технологи сайжруулах чиглэлтэй холбоотой. Энэ хоёр өөр хоорондоо уялдаатай ажил. Энэ ажлыг манай мэргэжилтнүүд хийж дуусгалаа. Манай үйлдвэрээс гадна Оюутолгой, Багануур, Таван толгой зэрэг томоохон уурхайнууд олон улсын ЖОРК стандартыг мөрддөг. Өнгөрсөн хугацаанд бидний төлөвлөсөн Геологи хайгуулын ажлууд зөвхөн уурхайн нөөцөөс үйлдвэрийн ирээдүй хамаарах ёсгүй гэсэн үндсэн зарчимд тулгуурласан.

       Тиймээс бид томоохон талбайд өргөтгөсөн хайгуул хийж байгаа. Энэ нь ганц үйлдвэрийн ч гэлтгүй хотын ирээдүйн том асуудал. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал юм. Үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд нөөц баялгийг нэмэгдүүлэх төсөл байгаа. Уг төслийн ажлыг баримжаалан хэлэхэд 60 км-ийн радиуст геологийн бүх шатны судалгааг амжилттай хийгээд ерөнхийд нь дуусах шатанд орж байна.

Монголын нийт 20 гаруй аж ахуйн нэгж, 500-аад хүн, гаднын 5-6 орны мэргэшсэн мэргэжилтнүүд зөвлөмж зөвлөгөө өгч хамтран, олон улсын жишгээр геологи хайгуулын ажил хийлээ. Энд багагүй хөрөнгө зарцуулагдсан. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөвтэй холбоотой маш их хүлээлт ирээдүй байгааг бид ажлынхаа үр дүнгээр бахархалтай хэлж чадна.

-Та гадаад мэргэжилт-нүүдтэй хамтран ажилласан талаар дурдлаа. Тэд ямар үнэтэй зөвлөгөө өгч байна вэ?

     -40-50 орд дээр ажилласан гадаадын мэргэжлийн зөвлөхүүд ирж ажиллаж байгаа.  Ордын шийдэж чадахгүй эргэлзээтэй ажилд оновчтой зөвлөгөө өгч ажилладаг. Олон улсын мэргэжилтнүүдийн арга туршлагаар үйл ажиллагаа явуулж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хувьд нэг үзүүлэлт болдог. Нэгдүгээрт, “Эрдэнэтийн-Овоо”-ны орд байршил, дэд бүтцийн асуудлаараа бусдаас давуу талтай. Хоёрдугаарт, хүдрийн тархалт жигд. Тус орд нь гарал үүслийн хувьд хүнд бус энгийн тогтоцтой учраас уулын цул олборлоход хялбар дөхөмтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

-ЖОРК стандарт гэдгээ энгийнээр тайлбарлаж өгөөч. Өмнө нь энэ стандартыг яагаад нэвтрүүлж болоогүй юм бэ? Цаг хугацааны асуудал байсан уу. Ер нь юу нөлөөлдөг байв?  

     -Тэгэхээр, Эрдэнэт үйлдвэр Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан. Иймээс уурхайн нөөц менежментүүдийг Оросууд хийж ирсэн. Үүнтэй холбоотой бид Оросын стандарт дүрэм журмаар явдаг байсан. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын аж ахуйн нэгж болсноор зөвхөн Оросынх бус олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх болсон. Тэгэхээр үүний нэг нь ЖОРК стандарт. Дэлхий дээр цөөхөн хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байдаг. Евро Азид ЖОРК стандарт түлхүү хэрэглэгддэг. Хөрөнгийн зах зээл, олон улсын банк, санхүү болон хөрөнгө оруулагч нарт нээлттэй тайлагнах, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний стандарт. Энгийн ухаанаар ойлгоход бид шилэн данс гэж сүүлийн үед их ярьдаг болсон. Яг үүнтэй ижил нээлттэй орчныг бүрдүүлэх, мэдээллийг нээлттэй тайлагнах асуудал. Өөрөөр хэлбэл нөөц баялгаас эхлээд эцсийн ашиг орлого хүртэл бүгд нээлттэй тайлагнагдах ёстой.

Үүнийг хөрөнгө оруулагч, ард түмэн хянаж байна гэсэн үг. Тухайлбал, сүүлийн үед хүдрээ сорчлон, хурдан ашиглаж дуусгах нь  гэсэн ташаа мэдээлэл, ойлголт мэргэжлийн бус хүмүүсийн дунд явдаг. Тэгэхээр бүх зүйл нээлттэй болохоор ийм андуу ташаа мэдээлэл авахгүй, тийм боломж байхгүйг ойлгож, сайн засаглал үүснэ гэдэг үүднээс бид олон улсын стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлээд явж байна. ЖОРК бол бидний нэрийн хуудас.

Энгийн ойлголтоор бид хувийн эзэмшлийн байртай байлаа гэж бодъё. Тэгвэл байрны ордер буюу эзэмшлийн эрхийн бичиг бүх зүйлд баталгаа болдог. Түүнээс бидний байрны тавилгыг хүмүүс сонирхдоггүй. Түүн лүгээ адил бидний эрхийн бичиг нь хүлээн зөвшөөрөгдсөн нөөц баялаг юм. Уг стандартаар хийсэн тайлангаар бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай харьцаж болно. Томоохон хөрөнгө оруулалт хийх баталгаа болж өгнө. Тэгэхээр энэ нь санхүүгийн болон нээлттэй засаглалын томоохон үр ашигтай ажил.

     -Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ өссөн. Иймээс богино хугацаанд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд уурхайн нөөц дуусна гэсэн хардалт хүмүүсийн дунд явдаг. Мэргэжлийн хүний хувьд бодит байдал дээр ямар тайлбар өгөх вэ?

     -Тэгэхээр бид Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл бүх ажил төлөвлөгөөний дагуу явж буй эсэхийг хянаж байдаг. Хоёрдугаарт, ТЭЗҮ болон Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх чиглэл хөтөлбөрийн дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр бид төлөвлөгөөний дагуу ямар нэг зөрчилгүй ажиллаж байгаа. Энд уурхайн мэргэжлийн хүмүүсийн ёс зүйн асуудал байна. Хоёрдугаарт, бид уурхайгаа олон жил ашиглах бодлого барьдаг. Тиймээс хүдрийн нөөцөөсөө сорчилж ашиглах юм уу богино хугацаанд хүдрээ олборлох зорилго агуулдаггүй. Цэвэр мэргэжлийн түвшинд ажилладаг. Бүх зүйл Техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоогдсон байдаг. Үйлдвэр-лэлийн хүчин чадал нэмэгдсэнээр овоолгод хаягдах байсан бага агуулгатай хүдрийг ч боловсруулах бодлого барина. Үүнтэй холбоотойгоор бид захын агуулга, өөрийн өртгөө бууруулснаар уурхайн ажиллах хугацааг уртасгаж, нөөцийн ашиглалтын хугацаа буурахгүй байх арга хэмжээ авах шаардлагатай.

-Ойр хавийн жижиг ордуудыг ашигласнаар Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртсах уу?

     -Бидний төсөөллөөр одоо илрээд байгаа ордуудын нөөц “Эрдэнэтийн-Овоо”-ныхоос хэд дахин бага. Зайн хувьд алслагдсан. Тэнд жижиг зохицсон уурхайнууд бариад ажиллавал эргээд Эрдэнэт үйлдвэрийн нэгж ажиллах хугацаа уртасна, ажиллах хүч нэмэгдэнэ. Тухайлбал, 30-40 км-ийн зайд байрлах Шандын ордод  жижиг үйлдвэр бариад ажиллавал багагүй хугацаанд ашиглах тооцоо гарч байгаа. Энд хайгуулын ажил дуусаагүй л байна. Оюут, Зөөхийн гол гэх мэт хэд хэдэн ордын илрэлүүд бий. Цаашид “Эрдэнэтийн-Овоо”-ноос дутахааргүй ордыг илрүүлж түүн дээрээ анхаарч ажиллах нь бидний хэтийн зорилго.

Бид Эрдэнэт үйлдвэрийн урт хугацаанд ажиллах хүчин чадлыг тооцчихсон байгаа. Цаашид хүчин чадлаа нэмж, хүдрийн нөөцөө бүрэн ашиглах тал дээр бодлого явуулж ажиллана. Хүдрийн агуулга буурч байгаатай холбоотойгоор хүчин чадлаа нэмэгдүүлж байж ашиг орлого, мөнгөн урсгалын түвшнийг хэвээр нь хадгална. Энд нэгдүгээрт, үйлдвэрийн өөрийн өртөг, хоёрдугаарт, бүтээгдэхүүний зах зээлийн ханш,  техник технологийн нөхцөл байдал маш чухал. Энэ бүгдээс үйлдвэр ямар  хугацаанд тогтвортой ажиллах вэ гэдэг нь хамаардаг. Магадгүй зэсийн үнэ хоёр дахин унасан, өөрийн өртөг эрс өссөн нөхцөлд мэдээж бид урт хугацаанд ажиллаж чадахгүй. Тэгэхээр үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал, зэсийн ханш, бүтээгдэхүүний өөрийн өртгөөс бүх зүйл хамааралтай. Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уурхайн нөөц төдий чинээ хурдан дуусах мэтээр хүмүүс ойлгодог. Хүчин чадал өсөхөөр дагаад дундаж агуулга буурдаг. Өөрөөр хэлбэл захын агуулга буурахаар хүдрийн ашиглалт нэмэгдэнэ. Гадаад овоолгын нэг хэсэг баяжуулалт руу орно гэсэн үг. Тэгэхээр ажиллах хугацаа хэвээр хадгалагдана. Сүүлийн жилүүдэд хүдрийн агуулга буурч байгаа. Одоогийн түвшинд хүчин чадлаа хадгалах юм бол бидний ашиг орлого эргээд буурна. Тэгэхээр хүчин чадлаа өсгөж байж дахиад дундаж агуулгаа балансалж барих ёстой.

-Газар хөдлөлттэй холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

      -Газар хөдлөлттэй холбоотой бидний хариуцдаг хоёр байгууламж байна. Нэгдүгээрт, Уурхай нэлээд гүнзгийрсэн. Үүний тогтвортой байдлыг газар хөдлөлтийн үед хангах нь маш чухал. Хоёрдугаарт, хаягдлын сангийн хамгаалалтын далан байна. Ойролцоогоор 100-аад метрийн өндөртэй далан баригдсан болохоор задрах, хагарах аюултай. Энэ бүхэнд манай хэлтэс хяналт тавьж ажилладаг. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамжууд ихсэж байна. Энд мэргэжлийн хүмүүс хэмжилт хийж байна. Одоогоор өөрчлөлт гарсан юм алга. Ер нь өөрчлөлт байхгүй гээд эрсдэл гарч болзошгүй болохоор судалгааны ажлууд тогтмол хийгдээд явж байна.

Тухайлбал, хаягдлын ажлын далан дээр хаана ямар газар илүү нурах, ан цав үүсэх эрсдэлтэй газрыг тогтоосон. Энэ газар судалгаанууд хийгдээд цаашид газар хөдлөлтийн давтамж ихсэх юм бол бид тухайн  хэсгүүдэд хаалт хамгаалалтын арга хэмжээ авч ажиллана. Далангийн нурах, цаана нь байгаа ус, шавар энэ тэрийг хамгаалах далан барих ажлыг эхний ээлжинд төлөвлөсөн. Нөөц нэмэгдэж буй болохоор уурхайн хана тэлэх ёстой. Мөн уурхай гүнзгийрэх тусам огцом болно. Тэгэхээр эрсдэлтэй хэсгүүдийг тогтоосон байгаа. Үүн дээр бэхэлгээ, хамгаалалт, ажиглалт хийж хяналт тавьж ажиллана. Эрдэнэтийн бүх нэгжийн үйл ажиллагааны уялдаа, хүн, хүч, техник технологи, зохион байгуулалт нийлж нэгэн хөдөлгөгч том хүч болж байгаа.

-2021 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

      -Уул геологийн нөхцөл хүндрэх хэрээр ажиллах техникийн зай талбай багасна. Иймээс урсгал тээврийн технологи нэвтрүүлэх, хосолмол арга ашиглах гэх мэт  үйлдвэрлэлийн технологийн судалгааны ажил хийгдээд явж байгаа. ЖОРК стандартыг нэвтрүүлсэнтэй холбоотой бид шинэчилсэн тооцооллууд хийж байна. Тэгэхээр Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн дагуу манай Эрдэнэт үйлдвэрийн нөөц яг хэд болсныг одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, харьяа яамнаас гаргасан журмын дагуу тайлагнана. Дараа нь ТЭЗҮ дахин хийгдэнэ.

Ингэснээр энэ хүчин чадлаар хэчнээн тонн хүдэр олборлох, хэдэн жил ажиллах нөөцтэйг бодитоор тогтооно. Энэ ажлыг 2021 онд бид хийнэ. Мөн 2017-2020 оны ажлын үр дүнгээр гарсан тухайн ордын илрэлүүдэд шаардлагатай өрөмдлөгүүдийг хийнэ. Геологи хайгуулын судалгааны эцсийн шат руу орох ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд Оросын төрийн компанитай хамтран ажилласан. Росгеологи компанийн мэргэжилтнүүд ирж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ажлын суурь судалгааны ажил дууссан. Цаашид өрөмдөх, ордын байршил болон нөөцийг тогтоож дүгнэлт гаргах ажил хийгдэнэ. Манай геологичид 2021 онд ажлын их өндөр амжилт гаргаж, сайхан мэдээтэй жил байх болов уу.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ