Д.ЦОЛМОН: Хэзээ барих нь чухал бус, хэзээ нэгэн цагт баригдах учраас "ЭРДЭНЭТ" хот сургууль цэцэрлэгийн газрыг заавал нөөцөлж авах ёстой

Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 5 жилийн хугацаатай баталдаг. Газрын харилцааны алба ямар чиг үүрэгтэй ажилладаг, энэ онд ямар ажлууд төлөвлөсөн талаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмонтой ярилцлаа.

-Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 5 жил тутам шинэчлэдэг буюу бодлого төлөвлөдөг. Энэ онд ямар асуудал нь шинэчлэгдэхээр яригдаж байна вэ?

-Манайх хуулийн дагуу хоёр бодлогын хэрэгжилтийг хангаж явдаг. Энэ нь нэгд, Орхон аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө, хоёрт, Хангайн бүсийн тулгар төв Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөө юм.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2005 онд батлагдаж, 2020 онд хугацаа нь дууссан тул бид 2021 онд шинэ төлөвлөгөө гаргахаар аймгийн төсөвт тусгасан. Үүнийг Орхон аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлаар батладаг бодлогын баримт бичиг гэж үздэг. Харин хотын Ерөнхий төлөвлөгөөг “Хот байгуулалтын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Засгийн газар баталдаг бодлогын баримт бичиг юм.

“Бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоо батална” гэсний дагуу 2005 онд батлагдсан байсан. 2020 он хүртэл хэрэгжсэн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт харьцангуй сайн гарсан гэж бид үзэж байна. 2020 оноос хойшхи хөгжлийн төлөвлөгөөг хийж өгөөч гэсэн саналаа бид сүүлийн 4 жилийн хугацаанд жил бүр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Уг төлөвлөгөөний зардал улсын төсөвт суугдах ёстой.

Чиглэлийн дагуу БХБЯ-наас дэмжигдээд явдаг ч Сангийн яаман дээрээс хасагдаад байна. манай аймагт аль болох хугацаа алдахгүй төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байгаа тул саналаа хүргүүлсээр байгаа. 

-Орхон аймагт төлөвлөлтийн дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр ИТХ-аар батлуулчихсан орон сууцны хэд хэдэн хороолол бий.

Орон сууц нь баригдахгүй байгаа хорооллууд ч байна. Орхон аймгийг яг хэдэн хороололтой байхаар батласан байдаг вэ?

-Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны 11, 7А, 7, 2А, 1А хороолол багтсан. Гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж бий. Үүнд Яргуйт, Даваат, Уртын гол багийн төлөвлөгөө ордог.

Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, Жаргалант сумын төвийн хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гээд байна. Эдгээр төлөвлөгөө нь дэд бүс буюу хорооллын хэмжээний хүчин чадлыг тооцож байгаа юм.

-Дуудлага худалдааны тухайд? Энэ онд ямар газрууд дээр дуудлага худалдаа явагдах уу?

-Газрын тухай хуулийн дагуу аймаг, сумын ИТХ-аар батласан тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулдаг. Дээр дурьдсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан байршлуудаасаа шугам сүлжээ, техникийн хангамж сайтай хэсгүүдийг сонгон авч дуудлага худалдааг зохион байгуулдаг.

Орон сууцны хорооллуудын тухайд барилгажилт эхлэх боломжгүй байгаа нь 1А хороолол байна. Тус хороололд одоогоор инженерийн шугам сүлжээний хангамж хийгдээгүй. 2А хорооллын тухайд 2019 онд инженерийн шугам сүлжээ хийгдсэн.

Гэхдээ зарим хүчин зүйлсээс хамааран төлөвлөлтийн шийдлийг өөрчлүүлэх шаардлага гарсан. Ямартаа ч зураг төсвөө батлуулаад, 2 байгууллага нь ажил эрхлэх зөвшөөрлөө авсан.

-Газрын алба 2020 онд ямар онцлог ажил амжуулав?

-Шугам сүлжээ тавигдсан хорооллуудын нийгмийн дэд бүтэц, барилга байгууламжийн газрыг төрд буцаан авах асуудлыг өнгөрсөн онд хийсэн. Хорооллуудын зөвшөөрлийг олгохдоо 10, 20 га-гаар нь тэр чигээр нь өгчихсөн явдал бий.

Тэр дунд нь сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт нь орчихсон байсан тул манай байгууллага газар эзэмшигчидтэй нэлээд урт хугацааны турш хувилбар санал ярьснаар нөхөн олговор өгөхгүйгээр тухайн төлөвлөгөөнд заасан газрыг хэмжээгээр нь тооцож өөрчлөлт хийсэн. Ингээд сургууль, цэцэрлэгийнхээ газрыг Аймгийн засаг даргын захирамжийн дагуу Боловсрол Соёл урлагийн газарт эзэмшүүлсэн.

-Ингэж урт хугацааны тохиролцоо хийсний үр дүнг тодорхойлбол?

-Ер нь хот бүх асуудлаа урьдчилан төлөвлөж явах ёстой цогц систем. Тиймээс хэзээ барих нь чухал бус, хэзээ нэгэн цагт баригдах учраас хот сургууль цэцэрлэгийн газрыг заавал нөөцөлж авах ёстой.

Санхүүжилт нь тусгагдаагүй ч нэлээд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн газар нөөцөд бий. Тухайлбал, 1А хороололд 1 сургууль, 2А хороололд 2 цэцэрлэг, 1 сургууль, 7-р хороололд 2 цэцэрлэг, 1 сургууль, 7А хороолол болон Эко хороололд тус бүр 1 цэцэрлэгийн газрыг авсан. Төрийн хариуцах ёстой хамгийн том ажлын нэг учраас 3 жил гаруй хугацаанд тухайн газар эзэмшигчтэй ярилцаж энэ ажлыг амжилттай хийсэн. Ирээдүйд Эрдэнэт хотод шинээр баригдах хорооллууд сургууль, цэцэрлэг байхгүй гэдэг асуудал яригдахгүй байх.

-Иргэдийн хувьд газрын маргаан, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг их тавьдаг. Тодорхой ажлууд шийдэгддэг байх. Маргаантай газрууд юу байна вэ?

-Энэ их чухал сэдэв. Говил багт байсан хуучин худалдааны төвийн туурийг өмнө нь иргэнд эзэмшүүлсэн байсан. Хуулийн дагуу холбогдох шаардлага, баримтуудыг өгснөөр тухайн газар эзэмшлийг хүчингүй болгож, энэ жилийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын жагсаалтад оруулаад батласан. Бид түүнийг булах бус нөхцөлийг нь заагаад дуудлага худалдаа хийж, эзэмшүлье гэдэг журмаар дуудлага худалдааны бэлтгэл хангах ажилдаа орсон.

   Газар чөлөөлөлтийн тухай ярихад төлөвлөлт нь суурь мэдээлэл болох ёстой. Тиймээс хотын төлөвлөлт алдаатай байвал газар чөлөөлөх ажил их л хийгдэнэ гэсэн үг.

Сүүлийн 4 жилд манай аймагт зам, барилга зэрэг дэд бүтцийн олон ажил хийгдсэн ч газар чөлөөлөхтэй холбоотой аймгийн болон улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ нь хийгдэх ажлуудаа урьдчилан зөв төлөвлөсөнтэй холбоотой гэж ойлгож болно. Тухай орон зайд нь төлөвлөлтөө уялдуулаад хийсэн. Манай аймагт хийгдэж байгаа төлөвлөлтүүд харьцангуй хэрэгжилт сайтай байгаа нь эндээс харагдах байх.  

-Дөмөг захын хажуугийн улаан тоосгон байшингийн газар яаж шийдэгдсэн бэ?Ер нь энд тэнд олон жил болсон ашиглагдахгүй балгас барилгууд цөөрч чадсан уу?

-Эзэмшлийн хувьд маргаантай энэ байшингийн тухайд өөрийн эзэмшлийн газрыг илүү том хэмжээтэй бариад, нэг буланг нь “Энэ миний газар” гээд хүнд өгчихсөн залилан маягийн асуудал.

Гэтэл тухайн газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” төсөлд хамрагдаж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн төв байгуулахаар төлөвлөсөн газар байсан.

Иргэнд тухайн нөхцөл байдлыг танилцуулсан. Барилгаас бусад газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг тул манайх бүртгэл өөрчлөх боломжгүй.

Харин барилгыг буулгах уу, уялдуулаад явах уу гэдэг нь газар эзэмшигчийн асуудал болж байгаа юм.

-Орхон аймгийн ГХБХБГ-ын хамгийн өндөр ачаалалтай ажил нь юу байдаг чирэгдэл учрууллаа гэж иргэд шүүмжлэж байгаа харагддаг.

-Ажлууд улирлын чанартай гэж хэлж болно. Урин дулааны улирал эхлэхэд хуулийн дагуу газар шинээр эзэмшүүлэх ажил эхлэнэ. Шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших иргэдийн ачаалал ихэсдэг. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор аймгийн ГХБХБГ-ын бүтэц орон тоог жил бүр батлахад “Бүтэц орон тоог нэмж өгөөч” гэсэн саналаа явуулдаг. Нэг жишээ татахад, Булган аймаг аймгийн төвдөө манайх шиг бүтэцтэй хэрнээ сум бүрт газрын даамал ажтлладаг гээд бодохоор албан ёснй 40-өөд орон тоотой. Гэтэл манай аймаг 2 сумтай, тус бүр 1,1 газрын даамалтай. Тиймээс Баян-Өндөр сумын газрын даамал 100 мянган хүнд ганцаараа үйлчлэхээс аргагүй болоод байна.

Энэ нь хувь хүний ур чадвар ямар байхаас үл хамааран хийж амжих боломж нь хязгаарлагдмал гэсэн үг л дээ. Үүнээс үүдэн иргэдэд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээ нь зарим тохиолдолд хугацаандаа хүрэхгүй байх нь бий. “Нэг сумын даамалд ногдох квот гаргаж, манай орон тоог нэмээч” гэдэг саналаа жил бүр өгдөг ч “Сум бол сум” гээд бусад сумдтай ижил баталчихдаг. Энэ нөхцөл байдал дээр Баян-Өндөр сумын удирдлагууд боломжоороо хамтран ажиллаж, гэрээгээр бүртгэлийн 2 ажилтан авч ажиллуулж байна. Ингэж 3 хүн байгаа ч санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна. Ямартаа ч өмнөх ачаалал арай дээр болсон. Баян-Өндөр сумын газрын даамлын орон тоог нэмэгдүүлэх асуудлыг цаашид ярьсаар байх болно.

  Дараагийн нэг ачаалалтай ажил нь намрын хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн үүсдэг барьцааны асуудал байдаг. Зээлийн хурлаар орно гээд иргэд цаг хугацагаа тулгаж ирэх нь түгээмэл. Нягтлах, шалгах, бүртгэх гэсэн процесс явагдах ёстой байтал иргэд өөрсдийн хэрэгцээ шаардлагыг урьтал болгоод байгаа нь ажиглагддаг. Ажил тарах үед орж ирээд “Банк орох гээд байна, гялс бүртгээд өг” гэх мэтээр хандана. “Та 1, 2 хоногийн дараа бүртгэл батагаажихаар ирээд ав” гэхээр “Төрийн байгууллага хүнд сурталтай” гэдэг нэртэй болчихдог. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч энэ мэт асуудлаас үүдэн нэр хүнд унах тал бий. 70353511 дээр ирсэн нийт санал хүсэлтээс манай байгууллагатай холбоотой ирсэн гомдол нь дээрх хоёр улиралд багтдаг. Иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь чухал.  

-Орхон аймгийн хэмжээнд 2021 онд ямар газруудад орон сууц баригдахаар төлөвлөгдөж байна бэ? Худалдааны төвүүд хэд хэдээр ашиглалтанд орж байгаа нэмж баригдах уу?

-Төлөвлөлтийн барилгууд нэлээд бий. 2А хороолол эхний барилгаа, 7-р хороолол хэд хэдэн барилга барьж эхэлнэ. 7-р хороололд “Сансар” худалдааны төвийн барилга нэлээд өндөр гүйцэтгэлтэй яваа. Энэ зундаа багтаад ашиглалтад орох байх. 2А хороололд “Оргил” худалдааны төв ашиглалтад орно. И-март худалдааны төвийн тухайд өнөөдрийн байдлаар манайд газар эзэмшиж авсан зүйл байхгүй. Зураг төслөө аваад ирвэл бид холбогдох журмаа танилцуулж, хамтраад явах боломжтой. Тун удахгүй “Орхон молл”гээд томоохон цогцолбор  барилгажилт ашиглалтанд орох гэж байна. Сүүлийн жилүүдэд энэ мэт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар овоо хэдэнд барилга баригдаж байна.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хотын гол амин судас болсон инженерийн шугам сүлжээг шинэчлэх, нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах ажил сүүлийн жилүүдэд аймагт маш амжилттай хийгдсэн. Өнөөдөр хүний нүдэнд харагдахгүй байгаа ч ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Хотыг хот хэвээр нь байлгахад маш ая холбогдолтой ажил гэж үзэж болно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.