Газар нь Төрийнх, барилга нь хувийнх байж болох юм уу

Орхон аймгийн босоо удирдлагатай Төрийн байгууллагууд орон нутгаас газар аваад, яамнаасаа мөнгө гаргуулж орон сууц барих шинэ төрлийн “бизнес” эхлүүлжээ.
Тухайлбал, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрынхан Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт барилгын шав тавьсан. Нэгдүгээр давхарт нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Сэлэнгэ голын сав газрын захиргааныхан байрлах гэнэ. Дээд давхрууддаа өрхийн зориулалтаар барьж, дээрх гурван байгууллагын төрийн албан хаагчдаас оруулах гэнэ.

Мөн зургаадугаар микрийн 10 дугаар байрны өмнөх бетонон хашаатай худгийн газар дээр “Эрдэнэт Ус” ОНӨҮГ, Мэргэжлийн хяналтын газрынхан бууриа хатгаж өргөө цагаан байшингаа барихаар болсон.

Нэг үгээр хэлбэл Төрийн байгууллага ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрээр барилга бариулах “уралдаан”-д шамдан оржээ гэж ойлгогдохоор байна. Өнөөдөр цар тахлын нөхцөлд Төрийн албан хаагчид гэрээсээ ажиллаж цалин, урамшууллаа бүтэн авч байгаа.

Төрийн байгууллагынхан бусадтай адил орлогогүй болно гэж санаа зовохгүй. Энэ бол төрд ажиллагсадын давуу тал юм. Дээр нь овсгоотой дарга нар газар олж аваад барилга бариулж, ажилчдаа тодорхой нөхцлөөр оруулахаар зүтгэцгээж байна. Төрийнхөн энэ мэтээр давуу эрх эдэлж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг гэдгээр түрий барьдаг байж болох уу.

Цагаанчулуутад баригдаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын газар нь Төрийн эзэмшлийнх. Харин орон сууцыг нь хувийн хэвшил барьж байгаа учраас хувийнх гэж ойлгож болох нь.

Үүнийг Төр, хувийн хэвшлийн ямар түншлэл гэх вэ.

Орон нутгийн удирдлагууд Төрийн үйлчилгээний нэгдсэн байр барьж төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх тал дээр зарчмын байр суурьтай байгаа. Саяхан аймгийн Засаг дарга Төрийн захиргааны нэгдсэн байр барих болсноо дуулгасан. Тиймээс босоо удирдлагатай байгууллагын дарга нар байшин барина гэж яам, тамгын газраар гүйлдэхээ болих хэрэгтэй гэж сануулсан. Төрийн үйлчилгээг иргэнд хүргэх үндсэн ажлаа мартан барилга барих ажилд ханцуй шамлаад эхэлбэл Төрийн мөн чанар үүрэг, хариуцлага алдагдана. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын захиалгаар баригдаж буй эл барилгын хашааны эргэн тойронд энэхүү барилгын талаар мэдээлсэн самбар алга. Захиалагч нь хэн, гүйцэтгэгч нь ямар байгууллага болох, хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй, хэзээ ашиглалтад орох талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй биш байна.

Эх сурвалж: www. erdenetnews.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.