Б.Баасансүрэн: Ажилдаа сэтгэл гаргаагүй, явцуу эрх ашгаар хандсан цэцэрлэг, сургуулийн удирдлагатай хариуцлага тооцож, шинэчлэл хийнэ

“Баян-Өндөр” сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Таны хувьд үүрэгт ажлаа хүлээн аваад багагүй хугацаа өнгөрлөө. Багийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд төр, иргэний анхан шатны гүүр яаж ажиллах ёстойг сайн мэдэх хүмүүсийн нэг гэж бодож байна. 100 гаруй мянган хүн амтай сумыг удирдахдаа Засаг даргын ажлаа хаанаас эхлэх бодолтой байна вэ?

-Миний бие 2008 оны 07 дугаар сараас багийн зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш 13 дахь жилдээ “Баян-Өндөр” сумын ажилд их, бага хэмжээгээр оролцож ирсэн байна. 2008-2013 онд багийн зохион байгуулагч, 2013-2017 онд багийн Засаг дарга, 2017-2020 онд сумын ИТХ-ын дарга, 2020 оноос сумын Засаг даргаар үе шаттайгаар ажиллаж ирсэн.

Ажлаа хүлээн аваад гүйцэтгэх эхний ажил маань иргэдийн түлээ түлшний үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийг тодорхой болгох явдал байлаа. Мэргэжилтнүүд болон холбогдох сумдуудтай ярилцаад байж байтал цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Ингээд сумдад очиж уулзах боломжгүй болсон ч иргэдийнхээ түлээ түлшний асуудлыг шийдвэрлэхээр олон талт ажил зохион байгуулж байна. Шүүмжлүүлсэн зүйлс ч бий. Хэрэгцээ, нийлүүлэлт хаана байна, тэнд л хүрч ажиллаж байна.

Орхон аймгийн гэр хороолол 18 мянган өрхтэй, эрэлт их байхаас ч аргагүй юм. Нэг жилийн хэрэгцээнд нэг айл өвөлдөө 5-6 мкуб мод, 2 тн хэмжээний нүүрс түлж байна гэсэн судалгаа байна. Энд бас дэвшилттэй зүйлүүд гарсныг хэлэх нь зөв байх. Хил залгаа Булган аймгийн сумдууд түлшний модыг ченжийн гараар дамжуулахгүйгээр дундын суурьшлын бүс буюу хилийн цэс дээр түлээ модыг хямд нийлүүлэх боломжтойг хэд хэдэн удаагийн үйлдлээр харуулсан. Өнгөрсөн 7 хоногт 200 орчим портер модыг Сэлэнгэ сумаас авчирч иргэддээ өгсөн.

-“Баян-Өндөр” сумын Засаг даргаар шинэ хүн тавигдсан гэж иргэд харж байгаа байх. Энэ тал дээр таны бодол?

-Би энэ гал тогоон дотроо л байсан хүн. Асуудлыг нь хамгийн сайн мэдэж байна. Нэг хүндрэлтэй байгаа зүйл нь сумын газрын даамлын орон тооны асуудал байгаа юм. Аймгийн хувьд ихээхэн онцлогтой тул асуудлаа шийдээд явах болно. Юун түрүүнд аймгийн удирдлагуудад саналаа хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 20 орчим мянган иргэний газрын өргөдөл хүлээн авсан байгаа. Эдгээрийг 2020-2024 онд шийдвэрлэхгүй бол цаашид бид дийлэхгүй болж мэднэ. Иргэдийн төрдөө итгэх итгэл ч буурч байна. “2012 онд өргөдөл өгсөн, газраа авч чадахгүй байна, яах вэ” гэж ханддаг. Тиймээс Булган аймагтай зөвшилцөж, дундын суурьшлын бүсийг зоримог хийх ёстой юм байна гэж харсан. Орхон аймгийн зүгээс дэд бүтцийг нь дэмжих юмуу, тухайн орон нутагт хэрэгтэй зүйлд нь хөрөнгө оруулалт хийгээд иргэдийнхээ газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.Бүх зүйлд боломж гарц байдаг шүү дээ.

-Саяхнаас сумын Засаг даргын мэдэлд цэцэрлэг, сургуулийн асуудлыг бүрэн шилжүүллээ. Өмнө нь хуулийн дагуу харьяалж байсан ч 2012 оноос аймгийн Засаг даргын мэдэлд очсон тал бий. Чиг үүргээрээ сум руу шилжиж ирсний давуу талыг хэрхэн харж байна вэ? Сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний асуудалд иргэд шүүмжилтэй ханддаг. Энэ нь нэг цэцэрлэгийн эрхлэгч аавынхаа дүүг манаачаар ээжийнхээ дүүг нягтлангаар ажлуулдаг.

-Манай сум статистик тоон үзүүлэлтээрээ 104 мянган хүн амтай, 30 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг, сургууль эрхзүйн хувьд Баян-Өндөр суманд харьяалж ажиллана. Ажлаа авсны дараа бүх цэцэрлэг, сургуулийн удирдлагатай уулзаж, ярилцсан. Боловсон хүчний бодлогыг ч авч хэлэлцсэн. Өмнөх алдаа дутагдлаа аймаг, сумын түвшинд засаж залруулна. Иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш хүртэх ёстой. Тэр дундаа ирээдүй болсон хүүхэд багачууд маань гэгээлэг сайхан орчинд, бусдыг гэсэн сэтгэлтэй өсөж хүмүүжих ёстой гэдэг байр суурийг баримтална.Иргэдээс гомдол саналууд их ирдэг юм билээ. Таны хэлсэнчлэн аавынхаа дүүг манаачаар эгчийнхээ хүүхдийг багшаар авчихдаг. Энэ асуудлыг цэгцэлж нягтлах болно.Үнэхээр шаардлагад нийцээд багш болсон байж болно шүү дээ гэвч эрхлэгчийн зүгээс оролцсон байвал энэ хууль зөрчсөн үйлдэл болно. Аливаа зүйлд хуулийн дагуу ажиллах зарчмийг би манай баг баримтлана.

-Бүтцийн хувьд ямар хяналт шалгалт явагдах вэ, аав ээжийнхээ ах дүүг авч ирээд ажлуулсан тохиолдолд хариуцлага...

-Хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нь хагас болон бүтэн жилээр гаргаж, гэрээ байгуулсан. Гэрээгээ дүгнэнэ. Тавигдсан шаардлагыг хангаж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ. Аливаа ажилд сэтгэл чухал шүү дээ. Ажилдаа сэтгэл гаргаагүй, явцуу эрх ашгаар хандсан цэцэрлэг, сургуулийн удирдлагатай хариуцлага тооцож, шинэчлэл хийнэ. Сургууль, цэцэрлэг хэн нэгний өмч биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Баян-Өндөр сум ногооны хүлэмж барьж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зуслангийн газар олгосон асуудал өмнөх Засаг даргын үед байсан. Иргэдээс шүүмжлэл дагуулсан энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ, манай аймагт зуслангийн газар олгох байршил байгаа юм уу?

-Төрийн албан хаагчид адилхан л хүмүүс, адилхан л Монгол Улсын иргэн. Нийгмийн баталгааг нь хангах ёстой. Бид төрийн албыг ингэх ёстой, тэгэх ёстой гэж их шаарддаг учраас тэд олон зүйлээс хойш суудаг. Хийж хэрэгжүүлж байсан ажлууд зөв зүйтэй байсан. Гагцхүү хууль дүрэм журмын тал дээр ямар байхыг судлаад явж байна. Одоогоор 240 орчим алба хаагч суманд харьяалдаг. Бид сар шинийн баярын өмнө 120 орчим хэсгийн ахлагч дундаасаа олон жил ажилласан, дадлага туршлагатай, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн, төрийн албаны төлөө ажиллаж байгаа 2 хүндээ дэм болгож гэр олгохоор бодож байна. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх энэ ажлыг Баян-Өндөр сумын нөөц бололцоогоор шийдвэрлэнэ. Нэгэндээ дэм өгөх, төрдөө итгэх итгэл өгөх болов уу гэж бодож байна. Мөн Жаргалант сумтай ярилцаж байгаад энэ онд хэсгийн ахлагч нартаа хашааны газар олгох асуудлыг шийдвэрлэнэ.Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Улаанбаатарт болсон шиг хүнсний хангамжийг өөртөө авсан тохиолдол манай аймагт байхгүй.

Хэсгийн ахлагч нар маань энэ тал дээр маш хариуцлагатай ажиллаж, давхар давхар хяналттайгаар, яг л эмзэг бүлгийнхэнд хүргэж байгааг батлан хэлмээр байна.

-Ирэх 4 жилд таны ажилдаа баримтлах гол зарчим юу байх бол?

-Шударга л байхыг эрмэлзэнэ. Газар олголт, иргэнд очих түр зөвшөөлийг шударгаар олгож, иргэнд очих төрийн үйлчилгээг ч тэгш хүртээмжтэй байлгана. Иргэн хүн орж ирээд сэтгэл ханамж 100 хувь болоод л гарах ёстой. Ажил нь бүтээгүй ч ингэвэл ингэдэг юм байна гэсэн ойлголтыг авах ёстой. Ажилтан, албан хаагчиддаа хэлж байгаа гнц зүйл бол харилцаа хандлага дээрээ анхаараач гэж л хэлж байгаа. Мөн үйлчилгээ хүргэх төрийн албан хаагчидаа боловсон, чадварлаг байх ёстой гэсэн шаардлагагыг тавина. Баг дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтан, багийн зохион байгуулагч, Засаг даргад ч энэ л шаардлагаа тавина.

-2021 оны Баян-өндөр сумын  хөрөнгө оруулалтын гол төлөвлөгөөний тухайд?

- Орон нутгийн хөгжлийн сан дээр 780 орчим сая төгрөг зарцуулна. Хүний хөгжилд чиглэсэн, төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх чиглэлээр, мөн ковидтой холбоотой асуудал дээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Багууд дээрх хөрөнгө оруулалт, Иргэний танхимын тохижилтын асуудалд анхаарна. 2022-2023 оны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаас нь хөөцөлдөнө. Хэрэгцээ их, хөрөнгө нь бага байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

(*)-ажилын амжилт хүсье.Иргэддээ зориулсан олон олон зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байна баярлалаа.Хийсэн зүйл нь эхнээсээ бодьтой харагдаж байгаад иргэн хүний хувьд талархаж байна

О.Цэнд-Аюуш

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.